Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0758

 

 

  

    2022           10           12                                        128/ШШ2022/0758

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Во***ийн О*** /РД:***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т***ийн Б*** /РД:***/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М***

Гуравдагч этгээд: “К***” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.З*** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** биечлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*** /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.О**** нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч В.О***нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, Консулын ****дүгээр гудамжны *** б тоот хаягт байрлах, нэгж талбарын 186*** дугаар бүхий 470 м.кв талбайг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилдөг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжаар “К***” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсныг эс зөвшөөрч өмчлөлийн газарт нь тулган хашаа барьж, орц гарцыг хаасан гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан.

3. Улмаар хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13/650 дугаар албан бичгээр хариуг өгснийг эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   4. Нэхэмжлэгч В.О*** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие В.О*** нь Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, Консулын *** дүгээр гудамж, *** тоот хаягт 470 м.кв бүхий нэгж талбарын 186*** дугаартай газрыг өмчлөн авсан. 2019 оноос хойш "К***" ХХК миний өмчлөлийн газарт тулган хашаа барьж, орц гарцыг тагласан. Бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Газрын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг төрийн захиргааны байгууллагад хандсаар ирсэн боловч өргөдөл гомдлыг цохолтоор нөгөөд шилжүүлэхээс өөр үр дагавар бүхий хариуг өгөхгүй өдийг хүрсэн.

Улмаар өөрийн өмчлөлийн газартаа нэвтрэх боломжгүй болж, бидний

явганаар болон тээврийн хэрэгслээр газартаа орох гарах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаагаад зогсохгүй эмнэлгийн түргэн тусламжийн машин, галын машин зэрэг төрийн үйлчилгээ чөлөөтэй хүрэх боломжгүй болоод байна. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад газрын орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, цаашилбал Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, хамгийн сүүлийн хариуг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 13/650 дугаартай албан бичгээр өгсөн.

Тус албан бичигт нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан хашааны хэмжээ нь 8049 м.кв талбайгаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" A/1195 дугаар захирамжаар баталгаажсан болохыг дурдсан байна.

Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хүсэж, орц гарц хаасан асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад 4 удаа, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2 удаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2 удаа тус тус хандаад байгаа боловч төрийн захиргааны байгууллагууд нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй өргөдөл гомдлыг хугацаанд нь хаасан бүртгэл хөтлөхөөс хэтрээгүй учраас ийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заасан бөгөөд "К**** ХХК-д газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжаас улбаалан өөрийн өмчлөлийн газрыг мэдэлдээ байлгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, ашиглах, захиран зарцуулах боломжгүй байна.

Түүнчлэн дээрх захиргааны акт нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө" гэж заасныг зөрчсөн байх бөгөөд миний болон эргэн тойрны өмчлөх эрхтэй айлуудын эмнэлгийн тусламж авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гамшгийн үед хамгаалуулах эрхийг бодитоор хязгаарласан үйл ажиллагаа болсон.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нар өөрчлөх тухай" A/1195 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Нэгэнт бусдын орц гарцыг хааж байгааг хариуцагч тал маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэж байсан ба үүнийг зориуд зөрчиж гаргасан. Мөн нэхэмжлэгчийн урд талаар орц гарц гаргах боломжгүй, бусдын өмчлөлийн газар гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгчийн газрын 4 талд нь бусдын өмчлөлийн газар байдаг учраас нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх 2003 онд үүссэнээс хойш 20 жилийн хугацаанд газар өмчлөх эрх хэрэгжүүлж чадаагүй. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх сэргэх юм. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болсны дараа актаа хэрхэн гаргах нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Хавтаст хэргээс харахад анх 2015 оны А/990 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн гэж харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь он цаг, дарааллын хувьд илүү өмчлөх эрх эдэлж оролцох ёстой. Иймээс маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “... “К***” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8056 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ В.О***ын орц, гарцыг хаасан гэж тайлбарлаж байгаа боловч орц, гарц хаасан гэх үндэслэлээр хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээг цуцлах нь хуульд нийцэхгүй ба уг хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж буй үйлдэл юм.

Иймд "К***" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд уг хуулийн этгээдэд газар ашиглуулсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А-1195 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “К***" ХХК нь В.О***ын өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд Газрын албанд удаа дараа холбогдох тайлбарыг өгч байсан болно. В.О***ын эзэмшлийн газар нь “Аман хуур 2” хотхоны газартай хил залгаа байрлах боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн газар луу машин техник чөлөөтэй орох, гарах боломжтой юм. Гэвч орц, гарц хаасан гэдэг үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч В.О***аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэн, үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. Нийслэлийн Засаг даргын 2019 он А/1195 дугаар захирамжийн "К***" ХХК-д холбогдох хэсэг нь миний өмчлөлийн газрын орц, гарцыг хаах нөхцлийг бүрдүүлсэн,

                 2. Миний болон эргэн тойрны өмчлөх эрхтэй айлуудын эмнэлгийн тусламж авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хязгаарласан,

                 3. өөрийн өмчлөлийн газрын мэдэлдээ байлгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч В.О*** нь нэгж талбарын 186*** дугаар бүхий Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, Консулын *** дүгээр гудамжны *** Б тоот 470 м.кв газрыг өмчилдөг бөгөөд бодит байдал дээр тухайн газарт оршин суудаггүй, маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан ойр орчмын газар өмчлөх эрх бүхий этгээдүүдээс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 00060732 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр,

            Гуравдагч этгээд "К***" ХХК нь:

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Хөтөлбөр батлах тухай” 303 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан дагуу Нийслэлийн Засаг даргаас 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” 192 дугаар захирамжийг гаргаж, “... гэр хорооллын иргэдэд өмчлөгдсөн газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх загвар төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах ажлын хэсгийг” байгуулж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын... дүгнэлтийг хянан үзээд .... "К***" ХХК, “Б***” ХХК-д орон сууц барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Халдвартын эмнэлгийн урд талд байршуулан тус тус 1.87 га, 1.65 га” газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу гуравдагч этгээд "К***" ХХК нь тухайн байршил дахь газар эзэмших болон өмчлөх эрх бүхий нэр бүхий этгээдүүдтэй өөрийн болон компанийн ажилтан А.Э***ийн нэрээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах замаар барилгажих талбайн газрыг чөлөөлж, 2009 оны 09/81, 09/182 болон 2011 оны 11/411, 11/420, 11/412 дугаар албан бичгүүдээр Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан “газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулах”, “газар эзэмших эрхийн хугацаа сунгах” хүсэлтийг тус тус гаргаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Засгийн газрын 2008 оны 303 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 192 дугаар болон 255 дугаар захирамж, Нийслэлийн Прокурорын газрын 2009 оны 213 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 1/1526 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

Хариуцагч Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжаар гуравдагч этгээд "К***" ХХК-ийн ашиглаж байсан 1.87 га талбай бүхий газрын Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар 2 хуваан 8115 м.кв талбай бүхий газрын "К***" ХХК-д орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг баталгаажуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон, хугацааг 5 жилээр сунган өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжаар газрын хэмжээг 8144 м.кв болгон нэмэгдүүлж, хугацааг 5 жилээр сунгасан. Улмаар маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1195 дугаар захирамжаар газрын хэмжээг 8056 м.кв болгон багасган хугацааг 5 жилээр сунгасан болох нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын захирамжууд, тэдгээрийн хувийн хэргээр,

Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн газрын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 1/1526 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 10/3574 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь бодит байдал дээр давхцалгүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээрх хашаа нь бодит байдал дээр  хойшоо буюу гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газарлуу болон уршаа буюу “Т***” хотхоны оршин суугчдийн автомашины зогсоол байдлаар ашиглаж буй газарлуу  тус тус харсан хаалгатай бөгөөд хойд талын хаалга нь гуравдагч этгээдийн 2017 онд ашиглалтад оруулсан “А*** 2” хотхоны хашаатай тулсан байдалтай, гуравдагч этгээдийн зүгээс тухайн маргаан бүхий газар дээр барилгын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж дууссан бөгөөд тухайн газрыг “А*** 2” хотхоны СӨХ-ны мэдэлд шилжүүлэхтэй холбоотой холбогдох баримтыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1040 дүгээр захирамжаар “Б***” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,  106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-т “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон”, 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.7-т “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1195 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

              Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1195 дугаар захирамжийн гуравдагч этгээд "К***" ХХК-д холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжаар ашиглах эрх олгосон  8144 м.кв газрын хэмжээг багасан 8056 м.кв болгосон агуулгатай,

              гуравдагч этгээд нь тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилгын үйл ажиллагаа явуулж дуусган, 220 айлын  орон сууцыг 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байхад өөрийн өмчлөлийн газартаа бодитоор оршин суудаггүй,  газрын дахин төлөвлөлтөд орсон, газрын ямар нэгэн давхцалгүй газрын өмчлөгч этгээд болох нэхэмжлэгч В.О***аас “орц, гарц хаасан”,  “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.О***аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид

урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА