Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00154

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бат-Өлзийгийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201722000310 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Их мэргэд Бат-Өлзийгийн Эрдэнэбат, 1981 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЛ81112111 дугаартай,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-9-18 тоотод иргэн Д.Дашхорлоог зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-9-18 тоотод иргэн Д.Дашхорлоог хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эрдэнэбатын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Дашхорлоогоос 3 адуу авчирч өгнө гэсэн яасан гэхэд зав болохгүй байна. Адуу туранхай байна, чи яасан сүртэй юм бэ гэхээр нь барьж аваад нүүрэн тус газар нь нэг цохьсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Дашхорлоо хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Би Эрдэнэбатаас 3 тооны шүдлэн адуу өгнө гээд 550.000 төгрөг авсан юм. Эрдэнэбат надаас адуугаа хурдан өг гэж удаа дараа нэхэж байсан. Яахаар худлаа яриад адуу авчирч өгдөггүй юм бэ гээд надтай хэрүүл хийгээд намайг барьж аваад толгой нүүррүү хэд хэдэн удаа цохьсон...Надад одоо санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 367 тоот дүгнэлтэд:

1. Д.Дашхорлоогийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Д.Дашхорлоогийн биед зүүн хацарт зулгарсан шарх, баруун шуу, гуя, зүүн баруун шилбэнд цус хуралт, хоёр хавирганы цууралт бүхий гэмтэл учирсан байна. 

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Хохирогч Д.Дашхорлоо нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 24 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Дашхорлоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000310 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Их мэргэд Бат-Өлзийгийн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР