| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/324 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/324
2025 01 28 2025/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Л.Мөнхтамир,
Улсын яллагч Д.Аззаяа,
Хохирогч О.Т,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2306 05934 2171 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дээр О.Ттай “зогсоолын төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу хагассайн өдөр болгон ууланд найзуудтайгаа гарч алхдаг. Тэгээд харих замдаа дэлгүүр орсон. Маш их юм авсан тул машиндаа ганцаараа бүгдийг нь хийж байхад тэр хүн хараад байж байсан байх. Намайг зогсоолоос гарах гэтэл гаргахгүй байсан. Жолоочийн эсрэг талын цонх нүдээд байхаар нь арын цонхоо нээтэл намайг харааж орилсон. Хараагаад орилоод байхаар нь би өөрийнхөө талын цонхыг онгойлгоод асуутал намайг төлбөрөө төл гэхээр нь би *** дэлгүүрээр үйлчлүүлсэн гэхэд талоноо өг гэсэн. Тэгээд би машины арын суудал дээр байх цүнхнээсээ талоноо ухаж гаргаад өгтөл шууд базаад намайг муухай хараагаад, миний нүүр лүү талоныг хүчтэй шидсэн. Би маш их гайхсан *** дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч гэтэл энэ хүн *** дэлгүүрт хамааралгүй гадна талын түрээслэгч хүний ажилтан юм байна лээ. Өөрийнх нь шаардсаны дагуу л би талоныг үзүүлсэн. Энэ хүн яагаад намайг хараагаад, муухайгаар хэлээд, миний нүүр лүү үг дуугүй талон шидэхээр нь би гайхаад өөрт нь хандаж Зөрчлийн тухай хуульд хүнийг доромжлох хуультай гээд хууль ярьж байтал тэр үйл явдал хэдхэн секундийн дотор болсон, минут бараг хүрээгүй. Миний долоовор хурууг хойш нь хүчээр татаад ёоёо гээд орилох хооронд нөгөө гараараа үснээс зулгаахад нь би хөдөлгөөнгүй болчихсон тэгээд би хүмүүсээ туслаарай гэхэд ойролцоо байсан 1 хар хувцастай эрэгтэй инээгээд хараад зогсож байсан. Би тэгээд хүмүүсээ намайг авраарай энэ хүнээс салгаад өгөөрэй гээд орилж байхад дэлгүүрийн буланд явж байсан 1 эмэгтэй 2 эрэгтэй гүйж ирээд салгасан. Тэгээд салгатал миний хуруу бүүр унжчихсан, үс гэзэг бут бутаараа уначихсан байсан. Би цагдаа дуудаад өгөөч гээд дуудуулсан. Хэдхэн секундын дотор болсон асуудал. Хамгийн их гомдолтой зүйл нь би зүгээр дэлгүүрээр үйлчлүүлээд явж байгаад энэ хүчирхийлэгчийн гарт өртчихсөндөө л маш их гомдолтой байна. Миний гар одоо хүртэл бүтэн атгаж чадахгүй далий эдгэчихсэн. Зургийг нь дахиад авхуулсан, одоо хүртэл янгинаж өвддөг. Энэ хэргээс хойш би дахиж ууланд гарч чадахгүй болсон. Өвдөг янгинаад өвдөөд алхаж чадахгүй байсан. Би энэ хүний царайг нь бодохоор айдастай, тэр хавиар явахаар муу муухай сэтгэгдэл нүдэнд харагдаж байгаа учраас надад хүнд тусдаг. Энэ хэргээс хойш миний амьдрал хэцүүдсэн. Бүтэн жилийн хугацаанд ажил хийж чадаагүй. Гарынхаа гипсийг авах гэж 6-7 сар явсан. Үнэндээ гар байхгүй болчихоор хүн юу ч хийж чадахаа больдог юм байна лээ. Энэ хүнээс болоод миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж байсан. Ажил хийх боломжгүй байсан тул сүүлдээ би найз нөхөд, ах дүү нараасаа мөнгө гуйж эхэлсэн. Энэ мөнгөөр юу хийж байсан бэ гэхээр өдрийнхөө хоолыг залгуулаад эм тариа тасралтгүй авч байсан. Хурдан эдгэчих юм бол би хурдан ажил төрлөө хийгээд эхэлнэ гэж бодож байсан. Надад туслах ямар ч хүн байхгүй. Одоо ч энэ хүний хор уршиг арилаагүй. Хүйтрэхээр энэ гар маш их өвддөг, бүтэн атгагддаггүй. Толгой байнга таллаж өвдддөг, хөл жоохон удаан алхахаар өвддөг болсон. Би энэ хүнд ямар ч хараал хэлээгүй, шорон гэдэг үг миний амнаас ч гарахгүй. Би энэ хүнд Зөрчлийн тухай хуульд хүн доромжлох, зодох хуультай гээд тайлбарлаад байж байгаад зодуулчихсан. Маш их гомдолтой байна. Надад гэмтэл учруулсан хор уршиг нь миний амьдралд нөлөөлсөөр байна. Би залуу хүн биш, өдрөөс өдөрт хөгширч байна. Хөдөлмөрийн чадвараа би тэр үед алдчихлаа л гэж бодсон. Маш их сэтгэлээр унаад жил гаран хэцүү байсан болохоор үс цайсан. Маш их гомдолтой байна...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 66, 67-68 дахь тал/,
Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/,
Гэрч Ш.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14609 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-75 дахь тал/,
Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Баас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/ авсан нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоос шууд заасны дараа буюу гэмт хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дээр О.Ттай “зогсоолын төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи д***т, зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны хугарал, баруун гуяны цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн зогсоолын гарах хэсэг дээр хохирогч О.Ттай маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас О.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар 813.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах, мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хохирогч өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож гаргуулах эрхтэй байна. Хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн буюу 3.960.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх тул хохирогч О.Т нь тухайн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 175.000 төгрөгийн тусламж эмчилгээ үйлчилгээ авсан байх тул буруутай этгээд болох Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх гэсэн саналтай байна. Мөн хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Хохирогч О.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Уучлаарай. Би урьд нь ял эдэлж байгаагүй, шүүх танхимд орж ирж байгаагүй. Үнэхээр сүрдэж байна, бас харамсаж байна. Намайг өршөөгөөч, бас намайг хохирогч яах гэж тэгж хэлсэн юм бэ. Сэтгэл хүний хэлсэн үгийг маш хурдан хүлээгээд авчихдаг юм байна. Монголын шоронг дуусгасан эмэгтэй гэж хэлсэн үг нь намайг үнэхээр шоконд оруулсан. Би зөрүүлээд адилхан явсан бол хохирол амсах л байсан байх гэхдээ би тэгье гэж огт бодоогүй. Намайг хамгийн доод хэмжээгээр шийтгэж өгөөч бас намайг уучлаарай гэж хэлмээр байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан 14609 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Уг дүгнэлтэд заагдсан гэмтлийг хохирогч эмэгтэйг надад хандаж Монголын бүх шоронг дуусгасан балиар авгайг яах гэж энд ажиллуулж байгаа юм гэж элдэв муухай үгээр хэлж доромжлоход нь цочирдсон байсан болохоор ямар байдлаар яаж гэмтэл учруулсан болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дэх тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “**/” хотхоны баруун талд байрлах *** худалдааны төвөөр ганцаараа үйлчлүүлээд гарч ирээд гадна зогсоол дээрээс өөрийн *** улсын дугаартай хар өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад гарах хэсгээр гарах гэтэл хаалт нь онгойхгүй байсан. Үл таних эмэгтэй хүн гарах хаалганы дэргэдэх пүтикнээс гарч ирээд машины баруун талын толийг цохиод байсан тул би цонхоо онгойлгоогүй. Тэгтэл тойрч ирээд зүүн талын цонхыг онгойлгоход үйлчлүүлсэн талоноо үзүүл гээд над руу дайраад байхаар нь би “Чи яагаад над руу дайраад байгаа юм бэ?” гэж хэлчихээд үйлчлүүлсэн тухай талоноо үзүүлэхэд миний өгсөн талоныг базаад над руу шидээд дараа нь нулимахаар нь би машинаасаа буугаад тэр эмэгтэй руу нулимсан чинь хүрч ирээд миний нуруу руу хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд түлхсэн чинь намайг үсдээд миний зүүн гарын долоовор хурууг хугалсан. Бид хоёрыг барьцалдсан байхад хажууд нь байсан хар өнгийн харуулын хувцастай эрэгтэй хүн бид хоёрын дундуур ороод салгах гэж оролдож байхад нэмж хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн ирээд бид хоёрыг салгасан. Миний хурууг хугалдаг харуул эмэгтэй намайг эргүү мал, авгай минь зайл гээд намайг хэл амаар доромжлоод байсан. ...Миний зүүн гарын долоовор хуруу хугарсан, баруун талын хөл тэр чигтээ хөндүүртэй байна, бас миний үснээс зулгаасан. ...Би уг асуудлаас үүдэн гэмтлийн эмнэлэгт аравч гөлтгөнөн боолт хийлгэж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт боолт хийлгэж байсан ба өөрөө эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Миний хувьд эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир улсын эмнэлэгт үзүүлэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 66, 67-68 дахь тал/,
Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зогсоолын ажилтан Б гэж дуудаг эгч зогсоолоор гарах гэж байсан тээврийн хэрэгслийн одоо дугаар болон өнгийг санахгүй байгаа машины жолооч эмэгтэйтэй зууралдаж ноцолдсон байдалтай байхыг хараад явж очиход тухайн ойролцоо ажилладаг нэрийг мэдэхгүй залууг салгаж байхад нь хамт салгаж холдуулсан. Миний хувьд тэр хүмүүсийн ойролцоо байгаагүй цаанаас нь харж очиж салгасан болохоор юунаас болж ямар байдалтай маргалдсан болохыг мэдэхгүй..., …Бид хоёрыг салгаж болиулахад машины жолооч эмэгтэй Б эгчийг гарыг эвгүй болгочихлоо шоронд хатаана гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/,
Гэрч Ш.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*** худалдааны төвийн зогсоолоос гарч байсан тээврийн хэрэгслийн эмэгтэй жолооч зогсоолын хяналтын ажилтан Б гэж дууддаг эгчтэй үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн баримтаар гарах гэж маргалдаж байгаад машиныхаа хойд талаар тойрч хяналтын пүүтэгний хажууд зогсож байсан түүн дээр очиж маргалдаж харилцан түлхэлцэхэд зогсоолын ажилтны нүдний шил унахад өөдөөс нь орилж харилцан зууралдаж үсдэлцэж ноцолдоход нь боль гэж хэлээд явж очиход жолооч эмэгтэй хуруу хугарчихлаа гэж орилж байсан ба зогсоолын эгч цааш пүүтэг рүүгээ явж орж хаалтаа нээгээд нөгөө жолооч эмэгтэйг яв гэхэд явахгүй би цагдаа дуудна гэж цагдаагийн байгууллагад хандах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14609 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Тын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Тын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.Тын биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14609 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 37-39 дэх тал/ гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүндэвтэр хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Тын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч О.Тын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1025 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” /хх-ийн 73-75 дахь тал/-ээр хоёрдугаар зэрэг тогтоосон байна.
Хохирогч О.Тын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэргийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч О.Тд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Тодруулбал 660.000 × 8 = 5.280.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Тд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч О.Т нь шүүхийн шатанд баримтаар 811.320 төгрөг /хх-ийн 116-120 дахь тал/ нэхэмжилсэн болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хохирогч О.Т нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 175.000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан /хх-ийн 87 дахь тал/ байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд хохирогч О.Тд 2.000.000 төгрөгийн хохирол, төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 175.000 төгрөгийн, хохирогч О.Тд 4.091.320 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч О.Т нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр төргөх ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогч О.Т нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Шүүгдэгчийн үйлдлийн улмаас насан туршид маань миний бие эрхтэн болоод сэтгэл зүйд гэмтэл бэртэл учирсан. Энэ байдлыг тайлбарлахад маш хэцүү байна. Хэдэн сарын хугацаанд гипстэй тарчилж, зовж, унтаж хэвтэж ч чадахгүй, идэж ууж ч болохгүй, гарч орж ч болохгүй, ажил хийж ч болохгүй цаашлаад хоёр охиндоо ял тулгасан гэхэд болно. Амьдрал маань үнэхээр хэцүү болсон. Улсын яллагчаас гаргаж буй торгуулийн ялын санал хөнгөн байна гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хохирогчийн буруутай үйлдлээс болон санамсар болгоомжгүйгээс энэ асуудал болсон. Иймд намайг уучлаарай гэж хэлмээр байна. Хохирогч намайг ажлаа хийж байхад хаалт онгойход дуугүй гараад явсан бол энэ хэрэг болохгүй байсан. Би үнэхээр гэмшиж байна. Би нурууныхаа зургийг авхуулаад баримтжуулж аваагүйдээ гэмшээд зогсож байна. Тухайн үед ажлаа хийгээд зүгээр байж байхад хохирогч намайг “Монголын шоронг дуусгасан авгай” гэж хэлэхээр нь би шоконд орсон. Шоконд орсон, анхаарал болгоомжгүйгээсээ болоод гарыг нь гэмтээсэн. Би шүүх хуралд оролцоод л хохирогчийг харж байна. Үүнээс өмнө харж байгаагүй. Хохирогчийг жаахан охин шиг санаад байсан. Би өмгөөлөгч аваад төлбөрийг нь төлчихсөн байсан боловч өмгөөлөгч маань шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Би хоёр цагийн дасгал хөдөлгөөн хийж байж одоо зогсож чадаж байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 4.266.320 төгрөгийг гаргуулж, үүнээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 175.000 төгрөгийг, хохирогч Б.Бт 4.091.320 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ