Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/02366

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02366

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалжтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М холбогдох,

 

28,929,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ......... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЖХХК, төлөөлөгч Т.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ::::::дугаартай зээлийн гэрээгээр “Ж” ХХК Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хас банкнаас 50,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд энэхүү гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн Э.М оролцож, барьцаа хөрөнгө дутсан учир өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалуулсан. Энэхүү зээлсэн 50,000,000 төгрөгөөс хамтран үүрэг гүйцэтгэгч Э.М 18,000,000 төгрөгийг авч үлдэх 32,000,000 төгрөгийг Ж ХХК тус тус авч, зээлийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон юм. Гэвч Э.М нэг ч сарын төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлөөд түүнээс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй зээлийн гэрээ болон харилцан тохиролцсон хэлэлцээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Энэ хугацааны төлбөрийг манай компани дангаар төлж зарим тохиолдолд төлж чадахгүй алданги тооцуулж явсаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хасбанкны Тосонцэнгэл тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр .........дугаартай зээлийн гэрээгээр авсан 50,000,000 төгрөгийн зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүрэн төлж, барагдуулсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Зээлийг бүрэн төлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь Хасбанкны Тосонцэнгэл тооцооны төвийн Тодорхойлолт, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байгаа.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар “Ж” ХХКЭ.М нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1400009969 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нар бөгөөд Э.М нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний нөхцөлөөр авсан 18,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй юм. Иргэний хуулийн 242 зүйлийн 242.12-т зааснаар “хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрт нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд манай компанийн зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Мийн зээлж авсан 18,000,000 төгрөгийг хүүгийн хамт Хасбанкинд төлж, зээлийг бүрэн барагдуулж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 242 зүйлийн 242.12-т зааснаар иргэн Э.Мөөс манай компани шаардах эрхтэй байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ........дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Мөөс 18,000,000 төгрөг, зээлийн хүү болох 10,929,600 төгрөг, нийт 28,929,600 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-нд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “Ж” ХХК нь ээлжийн жолоочоор ажиллаач гэснээр ажиллаж эхлэн, тус компанийн захирал Ч.Бтай танилцсан. Тухайн үед би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлаж өөрийн өмчлөлийн хашаа байшингаа худалдах гээд зар тавьсан байсныг Ч.Б мэдсэн юм. Тэгээд Ч.Б захирал найзынхаа ажилладаг Хас банкны Тосонцэнгэл салбараас зээл авах гэхээр үл хөдлөх хөрөнгийн барьцаа нэхээд байгаа болохоор надаас хашаа, байшингаа барьцаанд тавиулаач гэж гуйсан. Би тухайн үед хашаа, байшингаа 25,000,000 төгрөгөөр худалдах гэж байсан ч “Ж” ХХК-ийн захирал Ч.Б нь “би чиний хашаа, байшинг заруулахыг чинь болиулж байгаа болохоор чиний хашаа, байшингаа худалдах гэж байгаа мөнгийг чинь банкнаас авах зээлээс гаргаад өгье, харин банкны зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг манай “Ж” ХХК хариуцаад төлчихнө, компанийн хувьд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй юм чинь ашиг их олно, одоо оны сүүлч болчихлоор хүмүүс өрөө нэхээд байна, би зээлээ ямар ч асуудалгүй төлчихнө” гэж надад хэлж байсан. Банкнаас 50,000,000 төгрөгийн зээлийг олгосны дараа Ч.Б захирал 32,000,000 төгрөгийг өр төлбөртөө өгч, Э.Мт надад 18,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Ч.Б зээлээ төлөх гэсэн чинь мөнгө дутаад байна гээд тухайн үед надад байсан 864,000 төгрөгийг авч зээлийн дансруугаа төлж, 2 сард нь зээлийн төлбөрөө төлөх гэсэн 315,000 төгрөг дутлаа гэхээр нь би Ч.Бын хувийн дансруу 315,000 төгрөгийг шилжүүлсэн. Би найзынхаа ээлжийн жолоочоор 3 cap орчим ажиллаад ямар ч ажлын хөлс авч чадаагүй болохоор жолоочоор ажиллахаа больсон.

Харин 4 сард захирал Ч.Б мөн л “ашиг, орлого байхгүй байна, зээлийн төлбөрт хүнээс хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч" гээд олон удаа гуйгаад байхаар нь би дүүгийнхээ найзаас 2 сая төгрөгийг 3 сарын хугацаатай авч, уг мөнгийг зээлэнд төлсөн. Үүнээс хойш хувь хүнээс зээлж авсан тухайн зээлийг хүүтэй нь хамт эргэж төлөхийг “Ж” ХХК-ийн Ч.Б захиралд хэлж шаардахад “одоохондоо боломжгүй байна” гээд буцааж төлөхгүй байсан. Харин мөнгө зээлсэн хүн маань надаас мөнгөө нэхээд байхаар нь би зээл, зээлийн хүүний хамт нийт 3,000,000 төгрөгийг “Ж” ХХК-ийн захирал Ч.Бын өмнөөс төлж барагдуулсан.

Харин энэ зээлийг төлөхөөс өмнө захирал Ч.Б нь Завхан ороод банкны хүмүүстэй уулзаад ирэх хэрэгтэй байна, хэдэн төгрөг өгөөч, замын зардал дутаад байна гэх мэтээр надаас баримтгүйгээр бага багаар нэлээдгүй мөнгө авсан.

Ийнхүү “Ж” ХХК-ийн захирал Ч.Бын надаас зээлийн төлбөрт нийт 3,179,000 төгрөг, хувь хүнээс надаар авахуулсан зээлийн хүүнд 1,000,000 төгрөг, бусад байдлаар надаас цувуулан авсан 1,000,000 төгрөгийн хамт нийт 18,000,000 төгрөгөөсөө 5,179,000 төгрөгийг надаас авсан болно. “Ж” ХХК-ийн захирал Ч.Б нь анх 18,000,000 төгрөгийг надад өгөхдөө банкны хүү гэх мэт бусад зардлыг өөрөө хариуцан төлнө гэдгээ хэлж байсан бөгөөд сүүлд олон удаа уулзахдаа ч үүнийгээ баталгаажуулж хэлж байсан болно. “Ж" ХХК-ийн надаас нэхэмжилсэн 28,929,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анх тохиролцсоны дагуу 18,000,000 төгрөгөөс 5,179,000 төгрөгийг хасаж тооцоход нийт 12,821,000 төгрөгийг миний зүгээс төлөх ёстой болох байх. Анхны тохиролцооны дагуу хашаа, байшингаа зарсны дараа л 12,821,000 төгрөгийг төлнө. Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 16,108,600 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч Э.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,929,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлээс 12,821,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгээс татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч Э.М нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хасбанк ХХК-тай ........ тоот Зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлсэн, мөн өдөр ..... тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ. Тус зээлийн гэрээнд нэхэмжлэгч Ж ХХК зээлдэгчээр, хариуцагч Э.М хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.

 

Хэргийн оролцогчид 50,000,000 төгрөгийн зээлээс 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, 18,000,000 төгрөгийг хариуцагч авсан талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 50,000,000 төгрөгийн зээлийг Ж ХХК бүхэлд нь төлж дуусгасан талаар тайлбарлаж, хариуцагч Э.М нь 50,000,000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч учраас нийт зээлийн 36 хувьд ногдох хэмжээний зээлийг, хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагчийн төлсөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, хариуцагчаас 16,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүүг 7,788,706 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 5,140,894 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 23,788,706.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч 18,000,000 төгрөгийн зээлийг Хасбанк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүүгийн нөхцөлөөр хүүг төлөх ёстой гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргаж, зээл авсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс зээлийг төлж дууссан 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 7,788,706 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан дүгнэж үзэхэд хариуцагч Э.М Хасбанк ХХК-тай байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч байх боловч зээлийг Ж ХХК бүрэн төлсөн, тус зээлийн мөнгөнөөс 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид зээлдүүлсэн зэрэг нь зохигчийн Хасбанк ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг хариуцагч 18,000,000 төгрөгийн дүнгээр хувь тэнцүүлэн хүлээх үүргийг нотлохгүй, тус 18,000,000 төгрөгийн үүрэг нь зохигчийн хувьд бие даасан гэрээний агуулгыг илэрхийлэх тул хариуцагч зээлийн хүүг төлөх үүрэггүй.

 

Харин нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э.Мд зээлдүүлсэн 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй байх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зохигч зээлийн мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу 18,000,000 төгрөгийн зээлд хүү тооцсон гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчаас хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас хүүгийн төлбөрт 7,788,706 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан гэж, хариуцагч 5,179,000 төгөргийг нэхэмжлэгчид төлсөн гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч Э.М нь нийт 3,179,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж ХХК-д төлсөн нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 14,821,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,179,000 төгрөгийн үндсэн зээл, 7,778,706 төгрөгийн хүүгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Э.Мийн хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мөөс 14,821,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,108,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Мөөс 232,055 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ