| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/335 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/335
2025 01 30 2025/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Анхбаяр,
Шүүгдэгч Б.Ц,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг,
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.С, Б.О, Б.М нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Цад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2832 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, С.С,
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, *** оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.О,
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, *** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.М,
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух,
Урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн *** дугаартай, Б.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С, Б.О, Б.Ц, Б.М нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр нь сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ын газарт бэлэн 200.000 төгрөг, Galaxy 57 загварын гар утас, хяналтын камерын DVD хардыг хүч хэрэглэж, хууль бусаар, илээр авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Ц нь мөн цаг хугацаанд *** иргэн N-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч N-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 48-49 дэх тал/,
Хохирогч Л.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 54 дэх тал/,
Гэрч Л.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 57 дахь тал/,
Гэрч K-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 60-61 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12642 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-72 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-23-1948 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-84 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3884 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 93-100 дахь тал/,
Шүүгдэгч Б.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 190 дэх тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1408 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 194-199 дэх тал/,
Сэжигтэн Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 156-158 дахь тал/,
Сэжигтэн Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 151-153 дахь тал/,
Сэжигтэн С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 147-149 дэх тал/,
Яллагдагч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 188-189 дэх тал/
Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 176, 179 дэх тал/,
Яллагдагч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 145, 180 дахь тал/,
Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 169 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ц, Б.О, С.С, Б.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.С, Б.О, Б.Ц, Б.М нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр нь сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ын газарт бэлэн 200.000 төгрөг, Galaxy 57 загварын гар утас, хяналтын камерын DVD хардыг хүч хэрэглэж, хууль бусаар, илээр авч 508.700 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь мөн цаг хугацаанд *** иргэн N-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч С.С, Б.О, Б.Ц, Б.М нарт холбогдох эрүүгийн 2306 00000 2832 дугаартай хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч С.С, Б.О, Б.Ц, Б.М нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр нь сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ын газарт бэлэн 200.000 төгрөг, Galaxy 57 загварын гар утас, хяналтын камерын DVD хардыг хүч хэрэглэж, хууль бусаар, илээр авч 508.700 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ц нь мөн цаг хугацаанд *** иргэн N-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нар нь “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Сэжигтэн Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз Б.Оын гэрт нь архи уугаад байж байсан юм. Тэгээд би гэрт нь ороод тухайн миний үл таних хоёр залуу буюу С.С, Б.М нартай танилцаад хамт архи уугаад сууж байтал Б.М гэх залуу миний таньдаг * *ын газарт шөнийн цагаар хоёр * хүн л ажилладаг юм, хэдүүлээ очоод жоохон зодоод мөнгийг нь авъя гэсэн утгатай юм ярихаар нь надад энэ ярьсан зүйл нь болохоор юм шиг санагдсан, мөн найз С.С, Б.О хоёр мөн энэ асуудлыг зөвшөөрөөд бид дөрөв тэр өдрийнхөө 20 цагийн үед Б.Оын үйлдвэр комбинатад байдаг гэрээс хамт гараад 19-ийн үйлчилгээний төв орчмоос такси барьж суугаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн орчимд тухайн таксинаас буусан газарт Б.Мын яриад байсан * *ын газар байсан юм, бид 4 ярьснаараа тус * авто *ын газрын урд хэсгийн арын хаалгаар нь орох төлөвлөгөөг Б.М эхэлж санаачлаад арын хаалгыг бид гуравт онгойлгож өгөөд наад *ууд чинь хоёулхнаа байдаг юм, шууд ороод айлгаж сүрдүүлээд мөнгийг нь авчих, мөнгө нь бэлэн байдаг юм гэж хэлээд бид гурвыг дотогш хэлж оруулсан юм. Тэгээд Б.О, С.С бид гурав *ын газар луу ороход авто * дотор нь 2 эрэгтэй * хүн машинаа янзлаад байж байхаар нь би нэг *ыг барьж авахад нөгөө нэг нэг * нь зугтаачихаар нь С.С араас нь хөөж байхад Б.О гаргахгүй гэж хаалга хааж байсан. Б.Оыг хаалга хаагаад дуусахад нь тухайн * залууг бид гурав айлгаж сүрдүүлэн, би хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь болон биеийн ил хэсэгт нь цохиж зодож байгаад, тухайн *аас 30 орчим мянган төгрөг, гар утас зэргийг нь аваад гарах гэж байхдаа хяналтын камерын бичлэг хадгалах программыг нь аваад гарсан юм, угаасаа анх *ын газар луу орох үед Б.М хяналтын камерынх нь бичлэг хадгалах төхөөрөмжийг нь салгаж аваарай гэж хэлж байсан юм. Тэгээд бид гурав тухайн газраас гараад ертөнцийн зүгээр урагшаа яваад жуковын автобусны буудал орчим руу явж байхад Б.М нэг мухар газраас гарч ирсэн юм. Миний мэдэхээр энэ үйл явдал нь 30 орчим минутын хугацаанд болж өнгөрсөн байх гэж бодож байна. Тухайн хар хайрцгийг Б.Мд өгсөн, харин цааш нь Б.Мыг яасныг нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр шөнөдөө ах нь хар хайрцгийг нь устгачихсан гэж хэлж байсан юм. Бид 4 уг үйл явдлыг дуусгаад үйлдвэр комбинатад байх Б.Оын оршин суудаг гэрт очсон юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-158 дахь тал/,
Сэжигтэн Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20 цагийн үед *од байрлах гэртээ ах Б.М, найз Б.Ц, С.С нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж сууж байгаад ах Б.М ахынх нь таньдаг * * байгаа тийшээ очвол тэнд байгаа *ууд бэлэн мөнгөтэй очиж мөнгийг нь авъя гэж хэлэхээр нь тэгье тэгье гэж бүгдээрээ санаа нийлээд гэрээс гараад төв зам дээр очоод такси бариад бүгдээрээ Б.М ахын таньдаг * * луу явсан. Таксины жолоочид Б.М ах зам заагаад явсан. Явж байх замдаа нүүрээ далдлах зүйл авсан уу, маск зүүж ороорой гэж хэлсэн. Тэгээд тухайн газар очоод таксинаас буугаад Б.М ах бид гурвыг дагуулаад тухайн * *ын газрын арын хашаагаар ороод бид гуравт хяналтын камерын хардыг салгаж аваарай, дотор хоёр * байгаа, гудсан доогуур нь мөнгө байж магадгүй шалгаарай гэж хэлээд *ын арын хаалгыг тогшиж өгөөд өөрөө холдоод хашаанаас гараад яваад өгсөн. Тэгээд найз С.С, Б.Ц бид гурав орохдоо хар өнгийн маскаа зүүгээд ороход хоёр * цаашаа цаад хаалга руугаа гүйхэд нь Б.Ц нэг *ыг нь барьж аваад, С.С бид хоёр төв зам дагуух хаалгыг нь хаах гэж байх зуур нэг * нь гараад зугтаахаар нь хаалгаа хаачхаад С.С орж ирсэн арын хаалгаар гарж араас нь гүйгээд яваад өгсөн. Б.Ц барьж авсан *аа нүүр хэсэг буюу шанаанд нь хэд хэдэн удаа цохиж байх үед би цагдаа дуудаж магадгүй гэж бодоод тухайн *ын халаасанд байсан гар утсыг нь гар утсаа өг гэж хэлээд авсан. Тэгээд би тухайн *ын зааланд нь энэ тэнд мөнгө байж магадгүй гэж хайгаад олоогүй. Дараа нь Б.Ц нөгөө *аа бариад хяналтын камерын өрөө рүү дагуулж орохоор нь дагаж ороод гудсан доогуур хайж байх хооронд Б.Ц хяналтын камерын хардыг салгаж авсан. Би тэгээд өрөөнүүдээр нь мөнгө хайгаад байж байтал төв зам дагуух том хаалгыг хүн онгойлгохоор нь Б.Ц бид хоёр орж ирсэн хаалгаараа гарч байхад С.С өөдөөс орж ирэхээр нь дагуулаад цаашаа зугтаад байрны гол руу орсон. Тэгээд би гурав явж байгаад би Б.М ах руу залгаж дуудаад байрны голд уулзахад Б.М ах Б.Цаас хяналтын камерынхаа хардыг өгчих гэж хэлээд авсан. Тэгээд бид хэд доошоо такси барих гээд яваад төв зам руу гараад такси бариад Хан-Уул дүүргийн 2-р хороо Арьс ширийн 19-р байрны 21 тоотод байрлах манай гэр лүү дөрвүүлээ цуг харьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-153 дахь тал/,
Сэжигтэн С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дэлгүүр яваад архи авч ирээд Б.О Б.М бид гурав хувааж уусан. Орой 19 цагийн үед намайг унтах гээд хэвтэж байхад Б.Оын найз Б.Ц гэх намхан залуу орж ирсэн. Би унтаж байхад генерал Б.М намайг сэрээгээд “Бос ахын дүү, нэг ажил байна. Хувцсаа өмс. Таньдаг 2 *тай уулзах ажил байна” гэж хэлсэн. Тэгээд бид 4 гараад 19-ийн үйлчилгээний төвөөс такси барих гээд зогсож байхад цэнхэр өнгийн Prius 30 маркийн машин зогссон. Тухайн таксины ард талд би Б.О, Б.М бид гурав суусан. Урд нь Б.Ц суусан, Б.М таксины жолоочид хандаж “Их засаг руу явъя” гэж хэлсэн. Бид нар Монгол цэргийн музейн үүд хэсэгт такситай очиж зогсоод буухад 20 цаг 40 минут орчим болж байсан, бид 4 машинаас буухад Б.М түрүүлээд * *ын хашаа руу ороод * *ын арын том хаалгыг нүдчихээд хашаанаас гараад явсны дараа нэг * хүн хаалгыг дотроос нь онгойлгохоор нь Б.О, Б.Ц бид гурав *ын газар луу орох үед нэг * эрэгтэй хүн *ын газрын хойд талд буюу орж ирсэн талын эсрэг талд байрлах хаалгыг очиж онгойлгосон юм, тэр үед Б.О бид хоёр хаалгыг нь хамжиж хаасан энэ үед Б.Ц нэг *ыг зодож байсан. Яагаад зодож байсныг мэдэхгүй байна, тэр үед дотор байсан нэг * хаалгаар гараад гүйхээр нь би араас нь гаргахгүй гэж гараад гүйж гараад хөөгөөд гэр хорооллын дундуур гүйгээд явчихсан. Намайг * эрэгтэй хүний араас гүйж байхад Б.М над руу өөрийнхөө утаснаас залгаад “Ахын дүү жуковын хойд талын автобусны буудал дээр хүрээд ир” гэж хэлж байсан. Намайг буцаад эргээд жуковын хойд талын автобусны буудал руу алхаад очиж байхад Б.О, Б.Ц хоёр урд алхаж байсан, би араас нь очоод энэ хоёртой уулзаж байхад Б.М автобусны буудлын ард талын байшингийн булангаас гарч ирээд Б.Цын *ын газраас барьж гарч ирсэн хяналтын камерын бичлэг хадгалах программыг Б.М авч байгаа харагдсан, удалгүй байшингийн дээвэр дээр хаясан гэж бид нарт тэр шөнө хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149 дэх тал/,
Яллагдагч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 дэх тал/
Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би тухайн үед найз эмэгтэй Тэргэлийн хамт гэртээ байж байгаад найзыгаа хороолол руу хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд хороололд явж байхад Б.М над руу залгаад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь гэрийн гадаа очсон чинь гэрийн гадаа Б.М, Б.Ц, С.С нар намайг хүлээгээд зогсож байсан. Гэтэл Б.М хэдүүлээ хойшоо таньдаг * руу явчхаад ирье гэж хэлээд тэндээсээ такси бариад Их засаг сургуулийн урд талд байдаг * *ын гадаа ирээд Б.М энэ *т хоёр * байгаа ороод мөнгө авна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм, би ийшээ орохгүй гэж хэлсэн чинь Б.М ахархаад хамт орохыг шахахаар нь дагаад орсон. Тэр үед * *ын газар луу Б.Ц, С.Саа бид гурав ороод Б.М хаалгыг нь тогшоод дотроос нь нэг * хаалга онгойлгосон чинь Б.М дотогш оролгүй гадаа үлдсэн. Тэгээд бид гурав дотогшоо ороод Б.Ц нэг *ыг нь барьж аваад ганц хоёр цохсон юм шиг байна лээ, би цаагуур явж байсан. Түүний дараа Б.Ц нөгөө *ыг нь аваад камерын өрөөр рүү ороод диви хардыг нь салгаж аваад гадагшаа гараад явцгаасан. Тэндээсээ С.Саа бид хоёрын байдаг түрээсийн байр луу такси бариад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176, 179 дэх тал/,
Яллагдагч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ унтаж байхад Б.М намайг сэрээгээд ах нь хоёр *аас юм авах ёстой юм хамт явчхаад ирье гэж хэлээд дагуулаад гарсан. Тэр үед манай гэрт хамт Б.Ц, Б.О нар хамт байснаа бөөндөө гарсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлын орчмоос такси бариад Монгол цэргийн музейн тэнд очоод Б.М ах дөрвүүлээ орчхоод ирье гэж хэлээд таксинаас хамт буугаад хаалгыг нь балбаж байгаад бид гурвыг дуудаад дотроос нэг * хаалга онгойлгож өгөхөөр нь дотогшоо Б.О, Б.Ц бид гурав ороод Б.М ах гадаа үлдсэн. Тэгээд бид гурав ороод нэг * байсан чинь Б.О, Б.Ц хоёр барьж аваад зодсон тэр үед нь би гарч яваад Мөнх- Оргил ахыг гадаа хайгаад хэсэг явсан гэтэл Б.О миний гар утас руу залгаад Жуковын буудал дээр уулзъя хүрээд ир гэж хэлэхээр нь тэнд нь яваад очиход Б.Ц, Б.О хоёр зогсож байсан. Гэтэл цаанаас нь Б.М ах гарч ирээд диви хардыг нь хаячихсан гэж хоорондоо яриад байсан. Тэгээд тэндээсээ такси бариад таксинд суусан чинь Б.Ц утсыг нь авчихсан гээд нэг утас гаргаж ирсэн. Гэтэл Б.О мөнгийг нь авсан гээд 30 гаран мянган төгрөг гаргаж ирж харагдсан. Түүний дараа таксигаар бөөндөө манай түрээсэлж байсан байранд очсон. Тэгээд тэндээ гаднаас авч орсон архиа хувааж уусан. ...Б.М, Б.Ц хоёрыг танихгүй тэр өдөр манай гэрт Б.Оыг таньдаг гээд намайг ажлаас ирэхэд манай гэрт ирчихсэн байсан. Б.О бид хоёр багын найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 145, 180 дахь тал/,
Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169 дэх тал/ тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч N-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” ХХК-ийн * *ын газарт хамт ажилладаг *-ны хамтаар машин засаад байж байхад гараашны ард талын хаалгаар орж ирээд нэг намхан биетэй залуу нь урд талын хаалгыг дотроос нь цоожлохоор зөрөөд гарах гэхэд намхан биетэй залуу нь миний гараас барьж аваад, нөгөө хамт явсан залуу нь мөнгөө өг гэж хэлээд байсан, би мөнгө өг гэж хэлж байгааг монголоор ойлгосон тэгээд миний халаасыг ухаад зүүн талын өмдний халаасанд байсан бэлнээр 200 гаруй мянган төгрөг, баруун талын халаасанд байсан. Самсунг маркийн гар утас зэргийг аваад дахиад мөнгө нэхээд байхаар нь надад одоо мөнгө байхгүй гэж монголоор хэлсэн чинь намхан биетэй залуу нь гараараа зүүн талын нүдний хэсэгт зөндөө удаа цохиод, зүүн талын өвдөгний орчим өшиглөсөн. Тэр үед нэг хэсэг манарсан, тэгээд намхан биетэй залуу нь заазуур барьчихсан намайг дагуулж яваад хяналтын камер байдаг жижиг өрөө рүү дагуулж ороод энэ камерын утсыг салга гэж хэлээд утсыг нь салгуулаад хяналтын камерын бичигч төхөөрөмжийг аваад гараад явсан. Тухайн үед хамт байсан манай найз хаана байсныг би анзаарч хараагүй. Сүүлд нь нөгөө хүмүүс явсан хойгуур нь гарааш дотор машинд нуугдсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүсийг гараад явсан хойгуур нь араас нь гарсан чинь байхгүй байсан. Гаднаас орж ирэхдээ гурвуулаа орж ирсэн, 25-28 орчим насны 160-170 орчим см өндөр нуруутай, бараан өнгийн хувцастай, дунд зэргийн махлаг залуус байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49 дэх тал/,
Хохирогч Л.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авто *ын бөөний худалдааны чиглэлээр анх үүсэн байгуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гадуур ажилтай явж байхад * иргэдийн нийгэмлэгийн дарга * нь миний эзэмшлийн гар утас руу *** гэсэн дугаараас залгаад Их засгийн урд байрлах * *ын ажилтан N нь гарааш дотроо зодуулаад дээрэмдүүлсэн байна та энэ талаар мэдсэн үү гэж асуухаар нь мэдээгүй гэж хэлээд гарааш дээр ирэхэд ажилтан N нь бусдад зодуулж, 200.000 төгрөг бэлнээр мөн Самсунг маркийн 200.000 төгрөгийн үнэлгээтэй нэр нь тодорхойгүй загварын гар утсыг 3 Монгол залууд дээрэмдүүлсэн талаараа хэлэхээр нь *ын газар байдаг хяналтын камерын бичлэгийг шүүж үзэх гэхэд хяналтын камерын DV төхөөрөмжийг тэдгээр залуус явахдаа аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54 дэх тал/,
Гэрч Л.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний үдээс хойш гадуур ажилтай явж байхад * иргэдийн нийгэмлэгийн дарга *** нь миний эзэмшлийн гар утас руу *** гэсэн гар утасны дугаараас залгаад Их засгийн урд байрлах * *ын ажилтан Nguyen Minh Dу нь гарааш дотроо зодуулаад дээрэмдүүлсэн байна та энэ талаар мэдсэн үү гэж асуусан болохоор би мэдээгүй гэж хэлээд тухайн гарааш дээр ирэхэд ажилтан N нь бусдад зодуулж 200.000 төгрөг бэлнээр мөн Самсунгийн 200.000 төгрөгийн үнэлгээтэй нэр тодорхойгүй загварын гар утсыг 3 Монгол эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн талаар хэлсэн болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шууд хяналтын камерын бичлэг шүүх гэхэд хяналтын камерын хар хайрцаг мөн адил алга болсон байсан, мөн дэлгэц нь газарт унасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57 дахь тал/,
Гэрч K-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” ХХК-ийн * *ын газрын байранд хамт ажилладаг N-тэй хамт ажиллаж байтал гаднаас 3 Монгол залуу *ын газарт орж ирээд *ын газрын урд хойд хаалган дээр нэг нэгээрээ очиж зогссон байхыг хараад сэжигтэй байдал бий болж ирэхээр нь зугтах гэж оролдоод *ын газар байх машинд ороод нуугдсан юм, тэгтэл *ын газарт хамт байсан N зодож байгаа чимээ сонсогдоод байсан, гарч туслах санаа байсан боловч зодуулах байх гэж бодоод машин дотор доошоо хэвтэж байтал нэг их удалгүй 10 минутын дараа чимээгүй болчихоор нь машинаасаа гараад, *ын газраас гүйж гараад хажуу хэсэгт байрлах Монгол *ын газар ажиллуулж байсан таньдаг 2 залууг дуудаад хамт *ын газар луу орж очтол N зодуулсан байдалтай, амнаас цус гараад, нүд хавсан байдалтай байсан, N-ний биед байсан 200.000 төгрөг, Самсунг загварын гар утсаа дээрэмдүүлсэн гэж надад хэлсэн юм, мөн *ын газрын хяналтын камерын бичлэгийг хадгалах программыг тэр 3 залуу аваад явсан гэж хэлсэн юм, тухайн 3 залууг өмнө нь харж байгаагүй юм, тэгээд бид тэр дор нь нийлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” мэдүүлэг /1хх-ийн 60-61 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-23-1948 дугаартай: “...Galaxy S7 загварын гар утас 97.500 төгрөг, ...DV хард бичигч 211.200 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-84 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын цахим технологийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3884 дугаартай дүгнэлт /1хх-ийн 93-100 дахь тал/ээр шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С, Б.М нарын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Иймд Б.Ц, Б.О, С.С, Б.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С, Б.М нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэн авч нийт 508.700 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.Цын хохирогч N-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Сэжигтэн Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь болон биеийн ил хэсэгт нь цохиж зодож байгаад, тухайн *аас 30 орчим мянган төгрөг, гар утас зэргийг нь аваад гарах гэж байхдаа хяналтын камерын бичлэг хадгалах программыг нь аваад гарсан юм, угаасаа анх *ын газар луу орох үед Б.М хяналтын камерынх нь бичлэг хадгалах төхөөрөмжийг нь салгаж аваарай гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-158 дахь тал/,
Сэжигтэн Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ц барьж авсан *аа нүүр хэсэг буюу шанаанд нь хэд хэдэн удаа цохиж байх үед би цагдаа дуудаж магадгүй гэж бодоод тухайн *ын халаасанд байсан гар утсыг нь гар утсаа өг гэж хэлээд авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-153 дахь тал/,
Сэжигтэн С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр үед Б.О бид хоёр хаалгыг нь хамжиж хаасан энэ үед Б.Ц нэг *ыг зодож байсан. Яагаад зодож байсныг мэдэхгүй байна, тэр үед дотор байсан нэг * хаалгаар гараад гүйхээр нь би араас нь гаргахгүй гэж гараад гүйж гараад хөөгөөд гэр хорооллын дундуур гүйгээд явчихсан..., ...Бид нарыг таксинаас буухад Б.О нөгөө зодсон *аас авсан 34.000 төгрөгийн 12.000 төгрөгөөр нь таксины төлбөрөө хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149 дэх тал/,
Яллагдагч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 дэх тал/,
Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа..., ...нэг * хаалга онгойлгосон чинь Б.М дотогш оролгүй гадаа үлдсэн. Тэгээд бид гурав дотогшоо ороод Б.Ц нэг *ыг нь барьж аваад ганц хоёр цохсон юм шиг байна лээ, би цаагуур явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176, 179 дэх тал/,
Яллагдагч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид гурав ороод нэг * байсан чинь Б.О, Б.Ц хоёр барьж аваад зодсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 145, 180 дахь тал/,
Хохирогч N-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад одоо мөнгө байхгүй гэж монголоор хэлсэн чинь намхан биетэй залуу нь гараараа зүүн талын нүдний хэсэгт зөндөө удаа цохиод, зүүн талын өвдөгний орчим өшиглөсөн. Тэр үед нэг хэсэг манарсан, тэгээд намхан биетэй залуу нь заазуур барьчихсан намайг дагуулж яваад хяналтын камер байдаг жижиг өрөө рүү дагуулж ороод энэ камерын утсыг салга гэж хэлээд утсыг нь салгуулаад хяналтын камерын бичигч төхөөрөмжийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49 дэх тал/,
Гэрч K-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамт ажилладаг N-тэй хамт ажиллаж байтал гаднаас 3 Монгол залуу *ын газарт орж ирээд *ын газрын урд хойд хаалган дээр нэг нэгээрээ очиж зогссон байхыг хараад сэжигтэй байдал бий болж ирэхээр нь зугтах гэж оролдоод *ын газар байх машинд ороод нуугдсан юм, тэгтэл *ын газарт хамт байсан N зодож байгаа чимээ сонсогдоод байсан..., ...N зодуулсан байдалтай, амнаас цус гараад, нүд хавсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12642 дугаартай: “...N-н биед уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-72 дахь тал/-ээр шүүгдэгч Б.Цын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С, Б.М нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх үедээ, шүүгдэгч Б.Ц нь бусдын эрүүл мэндэд халдах үедээ тус тус хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С, Б.М нарын хууль бус үйлдлийн улмаас нийт 508.700 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байна.
Харин шүүгдэгч Б.Цын үйлдлийн улмаас хохирогч N-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12642 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-72 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Хохирогч N нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч N нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ /3хх-ийн 130 дахь тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /3хх-ийн 131 дэх тал/-оор тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цад оногдуулсан хорих ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэн ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-R 4.7 GB 120 min 16X CD 1 ширхэг, “San Disk” флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаанд хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч М.Батмөнх нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...С.С хөдөө мал дээр хөгшин аав ээжтэйгээ байдаг, ажил хийдэг, гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлсөн баримт өгсөн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Б.О нь гэм буруу дээр маргадаггүй, гэмшдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт түүний хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан. Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ц нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Би үнэхээр их гэмшиж байна. 4 хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн байдлыг харж үзнэ үү. Өмгөөлөгч нартай ижил саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.О нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч С.С нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 95, 96, 98 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 202, 217, 239 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” байдлыг хөнгөрүүлэн үзлээ.
Шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч Б.Ц, Б.О, С.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Б.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1408 дугаар шийтгэх тогтоолоор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /3хх-ийн 98 дахь тал/-д “эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэх төлөвтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Ц нь дээрх ялыг бүрэн биелүүлсэн эсэх талаар тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна шүүн таслах ажиллагаа нь яллах дүгнэлтийн хүрээнд хязгаарлагддаг тул шүүгдэгчид зөвхөн энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-R 4.7 GB 120 min 16X CD 1 ширхэг, “San Disk” флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц, С.С, Б.О нар нь энэ хэрэгт 48 цаг цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ц, С.С, Б.О нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Мд холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч С.С, Б.О, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.С, Б.О, Б.Ц нарт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цад 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Б.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц, С.С, Б.О нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 48 цагийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Хохирогч N нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох Б.Цаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-R 4.7 GB 120 min 16X CD 1 ширхэг, “San Disk” флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ