| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/1000/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
2025 01 07 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2405031481286 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******** аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***** тоотод түр оршин суух, урьд:
- Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ***************, /РД: *************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-р байрны орчимд хохирогч *********** эзэмшлийн “Редми нөте 11” загварын гар утас, Хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гар утасны үнэ болох 450.000 төгрөг, гүйлгээ хийсэн 420.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ***********:
‘‘...Би 2024 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-р байрны хойд талын “Хас” дэлгүүрээс 1 ширхэг тамхи хажууд нь байх “Ундрам” дэлгүүрээс 0,33 грамм-н “Хараа” гэх нэртэй архи аваад гэр лүү орох гэж байтал үл таних 2 залуу таараад утас байна уу гэхээр нь утсаараа яриулаад тэр хоёрыг би архи уух уу гэхэд тэгье гээд бид 3 уусан. Ууж дуусчхаад нэг залуу нь надад 100 грамм-н архи халааснаасаа гаргаж өгсөн. Тэгээд нэлээд сууж байгаад нэг мэдсэн би орцондоо орчихсон түлхүүрээ бариад хаалганы гадаа сууж байсан. Сэрээд хартал миний гар утас, үнэмлэх, карт маань байхгүй миний хаан банкны картаас 420.000 төгрөг гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Гэрч ***********:
“...Би 07 дугаар сарын дундуур яг тодорхой он сарыг нь мэдэхгүй байна гэртээ байж байтал манай дүү Пүрэвсүрэнгийн Батмөнх гаднаас орж ирээд надад Хаан банкны карт өгсөн. Ямар учиртайг нь асуухад манай найзын карт юм байгаа юм надад өртэй байсан юм. Та энэ картыг аваад дэлгүүрээс юм ав гэсэн. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс хүнс аваад минж плазагийн урд талд байрлах эмийн сангаас эм авсан. Би дүүдээ картыг буцааж өгсөн. Дараа нь асуухад хаячихсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-40 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10503 дугаартай алдагдсан гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-45 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч *********** нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч *********** 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *********** нь:
2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-р байрны орчимд хохирогч *********** эзэмшлийн “Редми нөте 11” загварын гар утас, Хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гар утасны үнэ болох 450.000 төгрөг, гүйлгээ хийсэн 420.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Мөнхболор, гэрч П.Оюунцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10503 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***********ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********** 870.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ***********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *********** тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***********өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ