| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0404/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025 01 13 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ***** аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Автомеханикч, шатны техникч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн онцгүй байдлын хэлтэст авто механикч, шатны техникч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10-р хороо, 63-5 тоотод оршин суух, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ***********, /РД: ******** /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” амралтын газарт хохирогч *********** тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж зүүн чамархай, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “...Тухайн үед үл ойлголцсоны улмаас хохирогчтой харилцан зодолдсон. Улмаар миний биед бас гэмтэл учирсан боловч тухайн үед хуулийн байгууллагад хандаагүй. Одоо гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хохирогч надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ***********:
“...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр багын найз болох *********** хуримын ёслол дээр ганцаараа очсон, тухайн хуримын ёслол нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байх “Нумт гүрэн” амралтын газар зохион байгуулагдсан юм. Тухайн үед би хуримын ёслол дээр очоод тэнд байсан хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, тэгээд *********** ажлын газрын хүн болох *********** гэх хүнтэй маргалдаад ноцолдож эхэлсэн /ямар шалтгаанаар маргалдсанаа санахгүй байна/ маргалдаж байх үед *********** гэх хүн нь ямар нэг зүйлээр миний нүүрний зүүн хэсэг рүү цохисон, тэгээд би нэг мэдэхэд ГССҮТ эмнэлэг дээр очсон байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Э.Эрхэмбаярын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8216 дугаартай:
“...хохирогч *********** биед зүүн чамархай, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч ***********:
“...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай ажлын Батбилэг ахын хурим болсон. Тухайн хуримд манай ГТУА-ийн 63-р ангийн 2-р салааг төлөөлж 6 хүн оролцсон юм. 2024 оны 06 дугаар сарын 15-ны 03:00 цагийн орчимд хурим дуусаад тэнд байсан хүмүүс “Нумт гүрэн” амралтын гэр түрээсэлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан. Тухайн үед би ажлынхаа хүмүүсийг авч харих байсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай салааг тусад нь нэг гэрт оруулсан байсан тул би явах гээд салаан дарга А.Тулгийг сэрээж байхад гэрийн гадаа хүмүүс хоорондоо муудалцаад байх шиг чимээ гараад байхаар нь би гадагшаа гартал *********** ахын толгойн тус газар нь үл таних хүн пивоны шилээр цохиж байсан ба хоорондоо зодолдоод эхэлсэн. Миний хувьд тухайн хоёр хүнийг салгах гээд оролдсон боловч салгаж чадаагүй. Хоорондоо зодолдож байгаад сүүлдээ өөрсдөө салсан. Тэгээд би ажлынхаа хүмүүсийг авч яваад гэр гэрт нь хүргэж өгсөн. Миний хувьд тухайн залууг ямар хувцастай байсныг одоо санахгүй байна. Надтай хамт ажилладаг Батбилэг ахын найз гэж сонсож байсан. Тухайн үед тэр хүн өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй. *********** ахтай маргалдаж хоорондоо зодолдсон. *********** ахыг хүргэж өгөхөд баруун гараас нь цус гарч байсан. Түүнээс өөр ил харагдах гэмтэл шарх хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********** нь хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *********** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *********** нь:
2024 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” амралтын газарт *********** тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж зүүн чамархай, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч ***********, гэрч *********** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Э.Эрхэмбаярын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8216 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт баримтаар хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч ***********ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***********ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2410000000904 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 1.200 /мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая, хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ