| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
2025 01 13 2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Урангоо /томилолтоор/,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2410033241819 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 07 дугаар сарын 09-ний өдөр ****** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, мэргэжилгүй, ******** ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ********** оршин суух, урьд
- Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, *********, /РД: *********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *********** маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2-3 удаа цохих зэргээр зодож биед нь халдан баруун дээд 1-р шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ***********:
“...Би 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ***********ыг хөдөөнөөс ирсэн гээд “Драгон” худалдааны төвөөс очиж аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудалд хоночхоод маргааш өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 04-ний өглөө гэртээ харьсан юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр санагдаж байна би Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** гэрийнх нь гадаа машинтайгаа очоод ***********ыг аваад, бид 2 Төв аймаг орчхоод буцаж ирээд гэрийнх нь гадаа буулгах гэж байгаад мөнгөний асуудлаас болж маргалдаад би орилж хашигчаад, *********** миний нүүр хэсэгт гараараа цохисон бөгөөд тухайн цохисон нүдний хэсэг нэлэнхийдээ хавдаад хөхөрчихсөн бөгөөд *********** шууд машинаас буугаад гэр рүүгээ орсон бөгөөд би ГССҮТ-д очиж үзүүлсэн чинь зүүн нүд хөхөрч хавдсан, толгой өвдөж байсан бөгөөд ач холбогдол өгөөгүй орхичихсон юм. Тэгээд 1, 2 хоногийн дараа санагдаж байна, *********** манай гэрт ирээд бид хоёр нөхөр байхгүй байсан болохоор дэлгүүр орж 4 лаазтай пиво авч хувааж уучхаад, үргэлжлүүлээд Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр очоод 2 литрийн “Сэнгүр” нэртэй 2 ширхэг пиво хувааж уусан бөгөөд бид хоёр нэлээн согтсон бөгөөд, би нөхөр залгаад байхаар нь утсаар ярьж байсан тэгээд хаашаа явсан гэдгээ санахгүй байгаа нэг ухаан ороход замын хажууд миний урд *********** ирчихсэн зогсож байсан бөгөөд миний хувцас шороо болчихсон, хөмсөгнөөс цус гарчихсан байсан бөгөөд *********** намайг орхиж явсан гээд уурлаад байхаар нь би бас уурлаад алгадсан чинь *********** миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон санагдаж байна, тэгээд намайг аргадаад “эмнэлэг явъя” гээд байхаар нь согтуу байсан болохоор “үгүй” гэж хэлээд бид 2 манай гэрийн ойролцоо голын хажууд машин дотор хоночхоод *********** гэр рүүгээ явсан бөгөөд 2-3 хоногийн дараа санагдаж байна, *********** хувцсаа үлдээсэн байна гээд нөхрийг байхгүйд манай гэрт ирсэн бөгөөд бид 2 дэлгүүрээс пиво авч уучхаад явж байсан чинь нөхөр Зоригтбаатар таараад шууд ***********ыг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд нөхөр бид 2 шууд ГССҮТ-д очиж үзүүлсэн. Тухайн гэмтлийг *********** л учруулсан, харин хөмсөгт учирсан гэмтлийг би өөрөө унаад үүсгэсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч ***********:
“...Би Хан-Уул дүүргийн 13-р хороо “Шувуун фабрик” дэд станцын задгай тоотод эхнэр Баясгалангийн Чимэддолгор, 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Би *********** 2000 онд танилцаад 2003 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болсон, гэрлэлтийн баталгаатай юм. Одоогоос 1 жил гаруйн өмнөөс манай эхнэр *********** гэх залуутай гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг нь мэдээд, тухайн үедээ надад “ямар нэгэн харилцаа холбоогүй байна” гээд өнгөрсөн, ер нь би үр хүүхдээ бодоод нүдээн аниад л өнгөрсөн, ер нь гар хүрээд янз бүр болж байсан удаа байхгүй. Би цаг хугацааг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. 2024 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна, би ажил дээрээ өдөржин байж байгаад орой 20:00 цагийн орчим буух гэж байсан чинь манай эхнэр Б.Чимэддолгор нь над руу утсаар залгаад “би таксинд явж байгаад хүнд цохиулчихлаа” гэхээр нь шууд такси бариад байгаа газар нь очсон чинь Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын уулзвар дээр зогсож байсан бөгөөд *********** 2 нүд ерөнхийдөө хавдсан хөхөрсөн байдалтай, толгой өвдөөд байна гэхээр нь яаралтай ГССҮТ-д очиж үзүүлээд гэртээ харьсан. Тухайн үед би Б.Чимэддолгороос чи яг хэнд зодуулсан юм бэ, үнэнээ хэл, цагдаад хандъя гэсэн чинь яах юм бэ гээд надад өмнө гэр бүлээс гадуур харилцаатай ***********тай уулзаад маргалдаж байгаад цохиулсан гэж хэлсэн бөгөөд би тэр үед нь хэлж ойлгуулаад, нөгөө *********** руу нь утсаар яриад “битгий хүний амьдралд гай болоорой 1 удаа цагдаад өгөхгүй өнгөрөөлөө шүү” гэж хэлсэн. Тухайн үйл явдлаас хэд хоногийн дараа гэдгийг санахгүй байна, хэдхэн хоногийн дараа би ажил дээрээ байж байгаад орой гэртээ харьсан чинь *********** уруул ам нь хавдчихсан, хацар, хөмсгийг нь яз цохичихсон, шүд нь хугарчихсан байсан. Тэгээд би Б.Чимэддолгороос яасан талаар асуусан чинь “*********** дахиж ирсэн, тэгээд голын эрэг ороод пиво ууж байгаад намайг зодсон” гэж хэлсэн бөгөөд 1-2 хоногийн дараа санагдаж байна, ажлаа тараад өдөр гэртээ эрт очсон чинь Б.Чимэддолгор гэртээ байж байгаад гараад явчихаар нь араас гараад хайсан чинь дэлгүүрийн хажууд ***********тай уулзаад явж байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгсөн юм. Миний мэдэж байгаагаар *********** биед учирсан гэмтлүүдийг *********** гэх хүн учруулсан. Миний хувьд эхнэр Б.Чимэддолгорт гар хүрсэн удаа нэг ч байхгүй, аль болох амьдралаа бүтэн үлдээчих гээд аргадаад гуйгаад л явдаг хүн байгаа юм. Ер нь манай эхнэр заримдаа гадуур дотуур хонуутаар явахаараа бие хаа нь хөхөрчихсөн ирдэг бөгөөд би ***********тай уулзаад тийм болсон байх гэж боддог юм. Ер нь миний хамгийн сүүлд мэдсэнээс хойш гар хүрдэг нь тодорхой болсон юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59- 60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10656 дугаартай:
“... *********** биед баруун дээд 1-р шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын баруун дээд хэсэг, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун дээд 1-р шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3,-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх баруун дээд 1-р шүдний булгарал нь 42.1-т цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна, бусад гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 18-20 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********** нь хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *********** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч ***********ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ***********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч ***********ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2410033241819 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ