2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          01           13                                     2025/ШЦТ/128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Билгүүн,

иргэдийн төлөөлөгч С.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурбол, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

өсвөр насны шүүгдэгч ***********, түүний хууль ёсны төлөөлөгч ***********, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр, Л.Болорчулуун,

өсвөр насны шүүгдэгч ***********, түүний хууль ёсны төлөөлөгч ***********, тэдгээрийн өмгөөлөгч А.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт********* тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 647 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ***********, /*******/.

 

2. Монгол Улсын иргэн, ***** оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, өвөө нарын хамт ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********** /РД: ************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч *********** нь 2023 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” баарны орчим амь хохирогч Х.Ахжолтой “Мөрлөж гарлаа” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар цохисны улмаас газарт унаж, түүний биед зүүн чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины зүүн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулж, Х.Ахжол нь Баянгол дүүргийн эрүүлийн төвд эмчлэгдэж байгаад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан,

- Өсвөр насны шүүгдэгч *********** нь 2023 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “LOVЕ” баарны орчим амь хохирогч Х.Ахжолыг шүүгдэгч *********** нь цохиж унаган биеэ хамгаалах чадваргүй болсон байхад түүний эзэмшлийн “Редми 8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 162.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял,

- өсвөр насны шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж,  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч ***********т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар өсвөр насны шүүгдэгч *********** болон түүний хууль ёсны төлөөлөгч *********** нараас 17.836.188 төгрөг, өсвөр насны шүүгдэгч *********** болон түүний хууль ёсны төлөөлөгч *********** нараас 162.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурболд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурбол болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч ***********, *********** нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж,

- өсвөр насны шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                                       ШҮҮГЧ                              Г.ЗОЛБОО

 

 

                                                         ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЧИМЭГ