Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/116

 

 

 

 

 

 

  2021             1              26                                          2021/ДШМ/116

 

 

Х.Б, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2250 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр Х.Б, Д.С нарт холбогдох 1910022510543 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Х-ийн Б, 1985 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд болосвролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, одоо мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн ... сум, ... дүгээр багт орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

2. Б овгийн Д-н С, 1979 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн Мөнх-Хайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн ... сум, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Х.Б, Д.С нар нь урьдчилан үсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поли Эрчим” ХХК-ийн хашаанаас 27 метрийн урттай 27 ширхэг турба, 3 метрийн урттай швеллер 1 ширхэг, 20 мм-ийн төмөр лист 4 ширхэг, 12 метрийн урттай төмөр 2 ширхэг хулгайлан нийт 1.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Б, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Ц.Энхболд 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлэхдээ “...тухайн сарын 13-ны өдөр энэ хэргийн талаар мэдсэн. Би тэр даруй ажилчидтай уулзахад Энхбаяр гэх ажилчин “Энхтайван, Улаанаа, Саруул бид дөрөв шөнө гаргасан гэдгээ хүлээсэн. Саруул, Энхтайван хоёр Портер машин дээр ачаад явсан. Машины дугаарыг мэдэхгүй. Улаанаа бид нар хоорондоо ярьж байгаад таныг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө. Та санаа зоволтгүй байж бай” гэсэн. “Энхбаяраас 60.000 төгрөг авсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш Улаанаатай утсаар ярьж “яасан юу болсон талаар асууж лавлахад эхлээд ярьж холбогдож байснаа сүүлдээ утсаа авахгүй алга болохоор нь цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хэн бловч хуульд засан хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболд шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад удаа дараа гаргасан мэдүүлэгтээ “энэ гэмт хэргийг Энхбаяр, Энхтайван, С, Б нар хамтарч үйлдсэн” талаар мэдүүлсэн ба 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1358 дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэг мөр шалгаж тогтоох” талаар дүгнэжээ. Гэтэл дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй ирүүлсэн байна.

Иймд энэ гэмт хэрэгт Энхбаяр, Энхтайван нар хамтран оролцсон эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор гаргах шийдвэр”-ийн талаар заасан ерөнхий зохицуулалт бөгөөд “хэргийг прокурорт буцаах” үндэслэлийг мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-т зааснаас бусад үндэслэлээр шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй.

Гэтэл талуудаас Х.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гомдол гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар урьчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр 2175 дугаартай захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн атлаа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгасан нотлох баримтуудаар 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поли Эрчим” ХХК-ийн хашаанд Х.Б, Д.С нар нь ажилчдын гэрт байрлаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тус компанийн хашаанаас 3 метрийн урттай 9 ширхэг 27 метрийн турба, 3 метрийн урттай швеллер 1 ширхэг, 20 мм-ын төмөр лист 4 ширхэг, 12 метрийн урттай төмөр 2 ширхэг эд зүйлийг хулгайлахдаа тус компанийн хашаанд байсан гэрт байрлаж байсан н.Энхбаяраас ачихад туслахыг гуйсан, тээврийн хэрэгслийг яллагдагч Д.С жолоодон төмөр авах цэг мэдэхгүй учраас Ч.Энхтайваныг гэрт нь очиж дагуулж явсан. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэгт Ч.Энхтайван, Энхбаяр нар хамтран оролцоогүй болох нь тогтоогдсон.

Хэрэгт авагдсан гэрч Ч.Энхтайваны “...Б, С хоёрыг төмөр ачиж ирэхэд хулгайлсан гэдгийг бол мэдээгүй, дараа хашаанд байсан төмөрнүүдийг хулгайлсан гэдгийг мэдсэн байсан. ...Төмөр тушаасан мөнгийг би тоолж аваагүй, С авсан. Би 340.000 төгрөг болсон гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 19/,

Яллагдагч Д.Сы “...Б бид хоёр хоорондоо ярилцаж байгаад байгууллагын хашаанд байгаа төмрийг тушааж унааны мөнгөтэй болоод гэртээ харихаар болсон. Б бид хоёр ярилцаж байгаад 40 орчим настай эрэгтэй хүний цагаан өнгийн Портер машиныг юманд явчихаад ирье гээд гуйж авсан. Тэгээд Б бид хоёр төмөрнүүд ачсан тухайн үед хамт ажиллаж байсан Энхбаярыг гуйгаад хамт ачилцсан. ...Тэгээд Б бид хоёр төмөр авдаг газар мэдэхгүй болохоор хамт ажиллаж байсан Энхтайвангын гэрт очоод бид хоёр энэ төмрийг тушаах гэсэн юм, төмөр авдаг газар хаана байдаг юм, заагаад өгөөч гэж хэлсэн. ...Бид хоёрын тушаасан төмөр 323.000 төгрөг болсон. Тэгээд портерийг эзэнд буцааж өгөхдөө 10 литр түлш хийж өгсөн. Би Бд 150.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 150.000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг /хх 79-80/ зэргээр тогтоогдсон.

Шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт үндэслэн Х.Б, Д.С нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд Энхбаяр, Ч.Энхтайван нарыг хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Б, Д.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатын шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул Х.Б, Д.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт дахин буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд Ч.Энхтайван, н.Энхбаяр нар хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах учраас гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг хянах эрх шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

Иймд прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Б, Д.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2250 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б, Д.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Х.Б, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ