Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0783

 

 

 

 

 

 

 

 

   2022        10            25                                   128/ШШ2022/0783

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Ш***” ХХК /РД:***/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.П***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З*** /ШТЭҮ:1***/

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Д.Э***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хуулийн хэлтсийн зөвлөх Э.З***, Ц.Д*** нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.П***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З***, хариуцагч Д.Э***, Б.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш***” ХХК анх тус шүүхэд хандан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А**, Д.Э*** нарт холбогдуулан “тус дүүргийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөгийг хасаж тооцуулах, мөн 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг хасаж тооцуулах” хэмээн өөрчлөн маргаж байна.

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Д.Э*** нар нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн   Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх 2621903029 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Ш***” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар 19,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 5,836,363.64 төгрөгийн торгууль, 3,890,909 төгрөгийн алданги, нийт 29,181,818.1 төгрөгийг төлбөр төлүүлэхээр тогтоосон.

            3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 43 тоот тогтоолоор татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээн шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“... Уг нөхөн ногдуулалтын актын хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д хамааруулан тооцсон байна. Гэтэл уг заалтад татварын хөөн хэлэлцэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг ба уг заалтад хамаарах тайлан нь сар сараар буюу 1 сарын эцсийн үлдэгдэл нь 2 сарын эхний үлдэгдэл болж улирал тутам тайлагнадаг улирлын тайлан буюу үүнд сар бүрийн 05-ны өдрийн дотор улсад тайлагнаж тушаадаг Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас үүдэлтэй ажилчдын цалин хөлснөөс ХАОАТ-ийн тайлан үүсдэг ба сар сараар хуримтлагдаж, улирал тутамд тайлагнадаг тайлангийн хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн байдаг. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ямар ч хамааралгүй юм. Харин Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж борлуулалтаас үүдэлтэй үүсдэг Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ хуулийн 15 дугаар зүйл өөрөө цаг хугацааны дарааллыг хамаарах тайлантай нь уялдуулан маш тодорхой заасан байхад цогцоор нь харж үзэхгүй зөвхөн нэг заалтыг сонгон авч түүнтэй хамааруулан шийдвэр гаргаж байгаа нь хуульд огт нийцэхгүй байна. Санхүүгийн тайлан тооцоог сарын, улирлын, жилийн гэсэн хугацаатайгаар гаргаж тайлагнадаг байтал сар бүр тайлагнадаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын  тайланг улирал бүр тайлагнадаг тайланд хамааруулж шийдвэрлэж байгаа нь хууль бус шийдвэр байна.

Татварын ерөнхий газраас 2021 онд манай байгууллагын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2016 оноос 2018 оны хооронд үүссэн 24,372,727 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын  хий бичилт илэрсэн гэсэн мэдэгдэл ирсэн. Иймд бид Татварын ерөнхий газарт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны №001 тоот албан бичгээр хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2016 оны нөхөн ногдуулалт болох 4,918,182 төгрөгийн хасаж тооцох болон Татварын ерөнхий хуулийн 12.1.3 болон 53.1-д заасны дагуу татвар төлөх хугацааг жилээр сунгаж хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт өгсөн. Гэвч Татварын ерөнхий газраас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 07/203 тоот албан бичгээр хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэн “хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнахаа илэрхийлсэн нөхцөлд холбогдох эрхийг нээхийг мэдэгдье” гэсэн хариу хүргүүлсэн.

Иймд бид тус мэдэгдлийн хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул тайлангаа илгээж татвараа төлж чадалгүй татварын хяналт шалгалт хийлгэхийг хүссэн. Уг хугацаанд бидэнтэй харьяа дүүргийн татварын ажилтан холбогдож тайлангаа илгээхийг шаардсан ба бид уг хий бичилтээс үүдэлтэй тайлангаа илгээж чадахгүй байгаа талаар хүснэгт бөглөж 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ****@gmail.com цахим шуудангаар мөн илгээж байсан. Гэвч Татварын албанаас ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Б.А***, Д.Э*** нар шалгалтыг хийж бидний хүлээн зөвшөөрөхгүй байсан 2016 оны 4,918,182 төгрөгийн хий бичилтийг хасаж, үлдсэн 2017, 2018 оны ногдуулалтыг төлөх хугацаа боломж олголгүй шууд алданги торгууль тавьсан нь хуульд нийцэхгүй шийдвэр байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь сар бүр гаргадаг тайлан юм. Гэтэл манай компанид үүсэж байгаа асуудал нь 2017 оны 8 дугаар сард үүссэн бөгөөд үүнээс хойш тооцох юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Хариуцагч нар сар бүр гаргадаг тайланг жилээр гаргадаг тайланд хамааруулж, 2017 оны 8 дугаар сард болсон үйл явдлыг 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь жилийн тайлан байсан бол 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байсан. Татварын байгууллагын вэб сайтад нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагнах тушаах хугацаа нь сар бүрийн 10-ны дотор гэж тусгасан байдаг. Татварын хий бичилт нь 2017 оны 8 дугаар сард үүссэн байхад 2018 оны 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэв.

5. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор 01 дүгээр сарын 11-ний өдрөөс биш 31-ний өдрөөс тооцох ёстой байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэсэн зохицуулалт байдаг. Мөн Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан байдаг. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаж төлөх харилцаанд татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх хугацаанаас дараа оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлхийг эхлэн тооцох зохицуулалттай юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсноос хойш тухайн сар бүрийн 10-ны дотор тайлагнадаг буюу аж ахуйн нэгжүүд 10 дугаар сарын тайлангаа дараа сарын 10-ны дотор тайлагнаж, баталгаажуулж илгээсэн байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа нь 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үргэлжилдэг нь нэмэгдсэн өртгийн албан төлөгч аж ахуйн нэгжүүдэд хэвшмэл болсон ойлголт юм. Үүнд маргах зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Д.Э***оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “...тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж заасан байдаг. Энэ заалт нь нэмэгдсэн өртгийн албан татварт зориулсан заалт юм. Зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сараар гаргадаг. Хоёрдугаарт, яагаад хөөн хэлэлцэх хугацаа дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тооцсон бэ гэвэл тухайн жилд борлуулалтын орлогын буцаалт, хөнгөлөлтүүд гардаг. Тэгэхээр борлуулалтын орлогын хөнгөлөлт, буцаалт гарсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд дүн нь ижил байх ёстой учраас тухайн аж ахуйн нэгжийн борлуулалт орж ирэхээр жилийн эцсийн тайлантай уялдуулахын тулд 12 дугаар сарын тайланд залруулга оруулдаг. Тийм учраас дараа оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлантай уялдаж явдаг учраас хөөн хэлэлцэх хугацааг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тооцохоор зохицуулсан байдаг” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Б.А***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон аж ахуйн нэгжийн албан татварын тайлангууд хоорондоо харилцан уялдаатай тайлангууд юм. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлого зарим аж ахуйн нэгжүүдэд гарч ирдэг. Энэ тохиолдолд л нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогын дүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын дүнгүүд зөрөх тохиолдол байдаг. Тийм учраас эдгээр дүнгүүдийг тааруулахын тулд хөөн хэлэлцэх хугацааг дараа оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш тооцохоор нарийвчилсан зохицуулалт байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч “Ш***” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан. Үүнд:

                 1. ...сар бүр тайлагнадаг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг улирал бүр тайлагнадаг тайланд хамруулж шийдвэрлэсэн байгаа нь хууль бус,

                 2. ...татварын улсын байцаагч нар нь бидний зөвшөөрөхгүй байсан 2016 оны 4,918,182 төгрөгийн хий бичилтийг хасаж, үлдсэн 2017, 2018 оны нөхөн ногдуулалтыг төлөх хугацаа боломж олголгүй шууд алданги торгууль тавьсан нь хуульд нийцэхгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Д.Э*** нар нь дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх 2621903029 дугаар томилолтын дагуу “Ш***” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд гүйцэтгэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар “Ш***” ХХК-д 19,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 5,836,363.64 төгрөгийн торгууль, 3,890,909 төгрөгийн алданги, нийт 29,181,818.1 төгрөгийг төлбөр төлүүлэхээр акт тогтоосон болох нь,

Татварын хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч “Ш***” ХХК нь “Г***” ХХК-ийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий 40,000,000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноо бүхий 27,272,727.27 төгрөгийн, “М***” ХХК-ийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий 25,000,000 төгрөгийн болон 45,000,000 төгрөгийн, “Г***” ХХК-ийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий 4 ширхэг падаанаар 57,272,727.27 төгрөгийн, нийт 194,545,454.54 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй баримттаар худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогоо бууруулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх 2621903029 дугаар томилолт, татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, 2017, 2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн болон 14-ний өдрийн огноо бүхий ярилцлагын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн татварын хяналт шалгалтын ажлын карт болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд  “зайлшгүй байх” зарчмыг баримтална”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” , 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн,

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч “Ш***” ХХК нь 2017-2018 оны хооронд “Г***” ХХК болон М***” ХХК-иас нийт 8 удаа нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий баримтыг авах замаар нийт 194,545,454.54 төгрөгийн худалдан авалт хийсэн хэмээн татвар ногдох орлогоо бууруулсан болох нь татварын улсын байцаагч нарын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.3.2-т зааснаар нэмэгдсэн өртгийн татварын тайлан нь сар бүр тайлагнадаг татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тооцож маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтыг үйлдсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 15.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ш***” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Д.Э*** нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөгийг хасаж тооцуулах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг хасаж тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА