2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          01           17                                    2025/ШЦТ/194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч **************** түүний өмгөөлөгч С.Уламбаяр, орчуулагч Чу.Хайпинг /Chu.Haiping/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, орчуулагч Ц.Цолмон,

иргэдийн төлөөлөгч Б.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** тоот, 4 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****************, **** оны 03 дугаар сарын сарын 03-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********, ам бүл 1, *****тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ****************, ****************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********* нэртэй төвийн 16-р давхарт амь хохирогч **************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж, талийгаачийн биед суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5, зүүн дээд 4, 5,  зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн ар гэрээс уучлал хүсч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/ мэдүүлэхдээ:

“...Манай гэр бүл 3 гишүүнтэй. Нөхөр, хүү бид гурав 3 өөр өөр улсад амьдарч байсан. Миний хувьд Япон улсад, хүү Хятад улсад, нөхөр маань Монгол улсад оршин сууж байсан. Ковид 19 цар тахал гарсантай холбоотой бид нар уулзаагүй удсан байсан. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр уулзахаар хоорондоо ярилцсан боловч манай нөхөр 2024 оны 04 дүгээр сард бусдын гарт амь насаа алдсан. Өөрт нь тийм сайн хандаж тусалдаг байхад гадаад улсын иргэн Монгол улсын иргэний гэрт орж, Монгол улсын хууль тогтоомжийг үл хүндэлж, Монгол улсын иргэний амь насыг хохироосон байна. Нөхөртэйгөө уулзаж чадаагүй нь хүү бид хоёрын хувьд маш их эмгэнэлтэй үйл явдал болсон. Манай нөхөр амьсгал хураахдаа гэр бүлийнхэнтэйгээ уулзана даа гэж бодож байсан байх. Миний бие Монгол улсад ирж, шинжээчийн дүгнэлттэй танилцахад манай нөхрийн нүүр, хамар, ар дагз, нүдний ухархай, шүднүүд нь унасан, энд тэнд шүд нь үсэрсэн байдалтай байсан, гэрчийн мэдүүлснээр Тала амь хохирогчийн толгой хэсэгт суун нүүр нүдгүй цохиж байсан гэсэн. 70 гаруй насны хүний толгой хүзүү хэсэгт суухаар тэр хүн яаж амьсгалах юм бэ. Ямар ч амьсгалах боломжгүй болгосон байсан байна. Цогцсыг харахдаа нүүр хэсгийг таниагүй. Чихний хэлбэрээр талийгаачийг таньсан. Ах нь хүртэл танихгүй байсан. Хайртай хань, аав, дүүгээ танихгүй хэмжээний зэрэмдэглүүлсэн. Салах ёс гүйцэтгэх үеэр нөхрөө хүндлэн найзууддаа нөхрийнхөө нүүрийг харуулаагүй. Хэрэг болсон газрыг цэвэрлэхэд 4 см зузаан цус байсан. Өрөөг цэвэрлэхэд цус хэдэн метрт үсэрсэн байсан. Хүний цусыг хэдэн метрт үсэрснээс үзэхэд хүнийг хэчнээн харгисаар зодсон болох нь харагдаж байна. Манай нөхөр бусдад зодуулан ямар хэцүү байсан бол, хэн ч туслахгүй, энэ талаар бодоход  шаналж байна. Хэргийн газраас цагдаа нарын авсан гэрэл зургаас харахад энэ хүн хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд зогсохгүй талийгаачийн биеийг доромжлон гутааж, зэрэмдэглэсэн болохыг харсан. Тухайн үеийн байдлыг харахад цусанд будагдсан газарт хэвтсэн, нүдний шил нь хажууд нь унасан, шүднүүд нь энэ тэнд үсэрсэн байдалтай байсан. Хүү бид хоёр хэзээ ч мартахгүй дүр зураг харсан. Хүүтэйгээ хамт хэргийн газрыг цэвэрлэхдээ шүүгдэгчийн хөлийн цустай мөрийг харсан ба тухайн мөр сауны өрөө рүү явсан байсан. Сауны өрөөнд  хоосон пивоны шил байсан. Амь хохирогчийн цус нь гал тогооны ширээ хүртэл үсэрсэн байсан ба гал тогооны ширээний хажууд мөн пивоны шил байсан. Цагдаа нар шүүгдэгчийн манай нөхрөөс хулгайлан авсан эд зүйлсийг хүлээлгэн өгөхөд 10 гаруй банкны карт, манай нөхрийн 2 ширхэг гар утас, иргэний үнэмлэх, паспорт, машины түлхүүр, компанийн чухал өрөөний түлхүүрийг хүртэл авч явсан байсан. Хэрэгтэн зугтахдаа лифтээр явахгүйгээр хүн бага явдаг шатаар зугтсан байгаа. Манай нөхрийн эд зүйлийн авсан байгаагаас үзэхэд энэ хүн архи уусан үедээ ийм хэрэг хийсэн биш харин урьдчилан төлөвлөж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байгаа. Амь хохирогчийн эд зүйлийг авч зугтахдаа богино хугацаанд энэ үйлдлийг хийснээс үзэхэд энэ хүний үйлдэл нь хурдан, ухаан санаа нь эрүүл байсан тул хохирогчийг дээрэмдэх зорилгоор түүний амь насыг хөнөөсөн гэж үзэж байна. Манай нөхөр хэрэгтэнд маш сайн хандан, гэртээ үнэгүй амьдруулан, хоол ундаар дайлан, амьдрах газар хүртэл олж өгсөн атал энэ хүн манай нөхөрт маш харгис хандсан. Манай нөхөр чамд ийм сайн ханддаг байхад чи яаж тэр хүний хэрцгийгээр алж чадав аа. Чи яаж түүний цогцсыг зэрэмдэглэж чадав аа. Чиний энэ гэмт хэргийг үйлдсэн сэдэл чинь юу юм бэ гэж асуумаар байна. Хэрэгтэн өмнө нь БНХАУ-д  гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн. Миний хувьд энэ хүнийг нийгэмд маш аюултай хүн гэж үзэж байна. Миний зүгээс шүүгдэгчид хамгийн хүнд ялыг оноон энэ насандаа өөрийн хийсэн буруу зүйлийг тунгаан бодох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Манай нөхрийн өвөг дээдэс нь Монгол хүн байсан. Манай нөхөр саяхан Монгол улсын иргэн болсон. Монгол улсын эдийн засагт тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулан 17 давхар барилга барьсан байгаа. Монгол татвар төлөн олон хүнийг ажлын байраар ханган 2 дахь барилгаа барихаар төлөвлөж байсан. Амьдралынхаа сүүлийн он жилүүдийг Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар зүтгэж байсан. Манай нөхөр хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан. Түүний 10-20 жилийн хичээл зүтгэлийг энэ хүн үгүй хийсэн. Манай нөхрийн цаашид үргэлжлэх байсан карьер, олох байсан өндөр орлого байхгүй болсон. Нөхөр минь хэрцгийгээр бусдад алуулсантай холбоотой миний хувьд 37 жил ажиллуулсан эмнэлгээ хаахад хүрсэн. Эмнэлгийг хаах үеэр эмнэлгийн хог хаягдлыг хаях үеэр 10 гаруй мянган доллар зарцуулсан. Нөхөр минь нас барснаас хойш эмнэлгээ хаан орлогын эх үүсвэрээ алдсан гэсэн үг. Хэдийгээр нөхөр бид хоёр 70 гаруй настай байсан боловч өөр өөрийн карьертай, өөр өөрийн хийж бүтээсэн зүйлээрээ нийгэмд хувь нэмрээ оруулж байсан. Гэтэл энэ бүгд үгүй болсон. Хүү маань компани байгуулах гэж байсан боловч аав нь нас барсантай холбоотой бүх ажлаа хойшлуулсан байгаа. Энэ гэмт хэргийн улмаас бид нарт эдийн засгийн асар их хохирол учирсан. Нөхөр минь онц хэрцгийгээр бусдад хөнөөгдсөн учраас байнгын айдастай шөнө унтахдаа гэрлээ ч унтрааж чадахгүй байгаа. Бие махбодын хувьд маш их асуудал үүссэн. 30 гаруй жил ямар ч өвчин тусаж байгаагүй атал хэд хэдэн удаа ханиад хүрсэн. Нөхрийнхөө өв залгамжлалтай холбоотой асуудлаар Япон, Хятад, Монгол улсын хооронд хэд хэдэн удаа зорчсон. Энэ нь 70 гаруй настай хүний биеийн ачааллаас хэтэрсэн зүйл болж байгаа. Манай гэр бүлийн аз жаргал болсон хайрт нөхрийн минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн тул хэрэгтэнд хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Эмнэлгээ хаасантай холбоотой эмнэлгийн хог хаягдлыг хаясантай холбоотой гарсан зардлын баримтаа эх хувиар нь авчирсан байгаа. Одоогоор Япон хэлнээс орчуулж амжаагүй тул дараа нь тус зардлаа нэхэмжлэх боломжтой юу. Хэрэгтнийг баривчлах үед түүний цуснаас архи, согтууруулах ундааны зүйл илэрсэн эсэх баримт байгаа юм уу. Хохирогчийн ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна...” гэв. 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

2024 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-24 дэх тал/,

 

2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

 

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал/,

 

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 40-45 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27, 26, 24, 25 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 25-26, 33-34, 46-47, 63-64 дэх тал/,

 

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-58 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/-ны:

“...Бид нарт гомдол байна. Тала гэдэг манай нөхрийн амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр, төлөвлөж, бэлдэж байгаад алсан юм шиг санагдаж байгаа. Бид нарын сонссоноор хаалгыг нь тогшоод 10 гаруй минут болсон, хаалга тогшоод онгойлгохгүй байхад, явахгүй байж байгаад орсон нь санаатайгаар алсан гэж бодож байна. Мөн Гоа гэх хүний хэлснээр манай нөхөр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхад цохиод байсан гэсэн. Тала гэх хүн Хятад улсад өмнө хэрэг үйлдэж байсан. Тала гэх хүнийг бид хуулийн хамгийн дээдээр нь шийтгүүлээсэй гэж бодож байна, яагаад гэвэл залуу хүн учир бага ял авах юм бол гарч ирээд дахиад хэн нэгнийг хохироож магадгүй. Бид нар нэг юманд маш их санаа зовж байгаа, Тала нь Хятад улсад байхдаа хүмүүст мөнгө өгөөд хэргээс мултардаг, энд бас тийм асуудал үүсэх вий гэхээс маш их санаа зовж байна. Бид нар Талаг санаатайгаар явуулсан, ард нь хүмүүс захиалсан хүн байгаа байх гэж бодож, сэжиглэж байгаа. Хүмүүс хэлсэн Саруулаа сүүлийн 1 сар аюултай байдалд байгаа юм шиг байдалтай байсан гэсэн, гэхдээ бидэнд өгөх баримт байхгүй учир энэ талаас нь анхаарч шалгаасай гэж бодож байна. Талаг хуулийг дагуу ял шийтгэлээ эдлээсэй гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

 

Гэрч Гао Хуй Чин (Gao Hui Qin/-ны:

“...Би өөрөө БНХАУ-ын ӨМӨЗО-нь: Хөх хотод амьдардаг, /Word mongolia/ төвийн хувьцаа эзэмшигч, ингээд тус төвийн захирал асан талийгаач Саруул намайг Монгол Улсад хүрээд ир надад ойр зуурын зүйл дээр тус болох хэрэгтэй байна гэхлээр нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ганцаараа Монгол Улсад ирсэн. Ингээд би ирээд БГД-ын 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах /Word mongolia/ төвийн 15-р давхрын хүн амьдардаг өрөөнд нь байрласан. Намайг өчигдөр онгоцноос буух үед буудал дээр Тала гэх БНХАУ-ын ӨМӨЗО иргэнтэй тааралдсан юм. Ингээд өнөөдөр 08 цаг өнгөрч байхад миний 80328189 дугаар руу 98145678 гэсэн дугаараас дуудлага ирсэн байсан. Би эхний дуудлагыг аваагүй, харин 09 цаг өнгөрч байх үед би тухайн дугаар луу буцаагаад залгасан чинь Тала гэж хүн байна Саруул ахын “Мегседез-Вепг” маркийн машины түлхүүрийг надад өгчих гэхлээр нь би Саруул ахаас асууж байж болно, тэр хүн одоо 16-н давхарт гэртээ амар ч байгаа асууж байж болно гэсэн чинь намайг элдэв бусаар хараасан ба чиний ээжтэй секс хийнэ гэх мэтээр доромжлоод байхаар нь утсаа салгасан. Би Саруул ах руу Ви чатаар мессеж бичиж Тала гэдэг хүн залгаад таны машиныг авна гээд байна гэж хэлсэн чинь надад Саруул ах машин өгч болохгүй шүү гэж хэлсэн. Тухайн үед Тала хаана байсныг нь би мэдэхгүй байна. Би өрөөндөө амарч байгаад 11-12 цагийн хооронд шиг санагдаж байна 16-н давхарт Саруул ахтай орж уулзсан чинь надад чи өнөөдөртөө сайхан амарчих, үдээс хойш манайд хүлээн авалттай гэж хэлсэн. Ингээд би буцаж өрөөндөө орж амарч байсан 16 цаг өнгөрч байх үед Саруул ах над руу залгаад нөгөө дайллага нь больсон юм шиг байна чи жаахан байж байгаад манай өрөөнд орж ирээд кофе найруулаад өгөөч гэхлээр нь би за за гэж хэлсэн. Би 17 цаг өнгөрч байх үед Саруул ахын өрөөнд явж орох үед ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин ширээн дээр байсан олон төрлийн картаа цэгцлээд сууж байсан. Тухайн үед Саруул ах надад нөгөө Тала над руу утсаар залгаад ганц нэг хүн дайлмаар байна гэхлээр нь би зөвшөөрөөгүй гэж хэлсэн. Ингээд өнөө орой ерөнхий менежер Гоу Лин Жун гуравулаа хамт хоол идэцгээе гэсэн. Тэгээд би Саруул ахад кофе чанаж өгсөн ба удалгүй Тала гэх хүн Саруул ах руу утсаар залгаад ярилцаад байсан ба чи битгий дээш нь гарч ирээрэй, 9-н давхарт амарч бай гэж хэлж байхыг нь би сонссон. Удалгүй Саруул ах гар утсаа салгасан. Тэгээд Саруул ах надад өчигдөр Тала миний машиныг унаж гадуур явсан жолооны үнэмлэхгүй байж миний машиныг битгий унаад бай гэж хэлсэн. Ингээд би 18 цаг 30-40 минутын орчимд өөрийнхөө өрөө рүү орсон ба Саруул ах хэдүүлээ хоолоо 20 цагт идэцгээе гэсэн. ...Тэгээд дээд 16 давхарт түс тас хийх дуу чимээ гараад эхлэхээр нь би дээшээ Саруул ахын өрөө рүү гүйгээд орсон чинь өрөөний зүүн гар талд Саруул ах дээшээ хараад хэвтэж байсан ба нүүр хэсэг нь их хэмжээний цусаар бохирлогдсон, бага зэргийн хөдөлгөөнтэй байсан ба дэргэд нь Тала толгойн дээд хэсэгт нь алцайж суучихсан гараараа нүүр лүү нь цохиод байсан. Тухайн үед Талагийн гар нь цус болсон байсан ба хувцас нь ямар нэгэн цус болсон эсэхийг би санахгүй байна. Тухайн үед Тала намайг хараад зодох гээд дайраад байхаар би айгаад шатаар доошоо зугтаж 15 давхарт буугаад нягтлан бодогч Мийгаа, эрхлэгч Ариунаа, Далантай нар луу утсаар залгаж хэлсэн. Тэгээд удалгүй дээшээ гараад очсон чинь Мийгаа найз залуутайгаа ирсэн байсан ба Саруул ахыг хэн нэгэн нь доошоо харуулж хэвтүүлсэн байсан. Тэр үед Тала зүгээр л зогсож байсан. Би тухайн нөхцөл байдлыг гар утсаар бичиж авах гэсэн боловч Тала над руу дахиад дайраад байхаар нь больсон. Тэгээд би айгаад доошоо 15 давхар луу буусан ба намайг буухаас өмнө нь Тала намайг нэг удаа алгадаж цохисон. Тэгээд түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед намайг орох үед Саруул ах, Тала нараас өөр хэн нэгэн хүн байгаагүй, мөн шатаар болон надтай хэн нэгэн хүн зөрөөгүй юм. Би ямар учраас маргасан энэ тэр асуудлын талаар мэдэхгүй, харин миний мэдэж байгаагаар Саруул ах Талагийн гуйсан зүйлүүдийг зөвшөөрөөгүй юм болов уу гэж бодож байна. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй, Талатай өр гэх зүйл байхгүй. Тала 9 давхарт байсан гэсэн. Хаана хэнтэй яаж уулзсан талаар надад мэдэх зүйл байхгүй, 9 давхарт байсан гэдгийг ерөнхий менежер Гоу Лин Жун надад сүүлд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Гэрч Гао Лин Жун (Gao Lin Zhong)-ны:

“...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 06 цаг 55 минутад над руу Тала гэх хүн 98145678 дугаараас залгаад тамхи байна уу хаана тамхи зардаг вэ гэж асуусан тэгэхээр нь би Ворлд Монголиа таурын ойролцоо дэлгүүр байгаа гэж хэлсэн. Тэгээд Тала манай зочид буудлын 918 тоот өрөөнд угаасаа байсан бөгөөд би өрөөнд нь 15 цаг 30 минутын үед ороход нүдний шилтэй нэг Монгол хүнтэй хамт байсан бөгөөд ширээн дээр нэлээд хэдэн архи согтууруулах ундааны зүйл байсан. Намайг орох үед Тала намайг утсаар залгаад байхад дуудлага авсангүй гээд намайг хэл амаар доромжилсон. Би тухайн өрөөнөөс намайг доромжлоод байхаар нь гараад явсан бөгөөд хэсэг хугацааны дараа 17 цаг 20 минутын үед дахин Талагийн өрөөнд ороход Тала 2 найзтайгаа байсан бөгөөд нэг нь өмнө нь байсан нөгөө нүдний шилтэй залуу байсан. Тэгээд Тала намайг тухайн үед хэл амаар доромжилсон бөгөөд намайг доромжилж байгаад толгойн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өрөөнөөс айгаад гараад гүйсэн бөгөөд Тала миний араас хөөгөөд гүйсэн. Тэгээд бид хоёр 9 давхрын коридорт 1 удаа коридор тойрч гүйсэн бөгөөд энэ үед коридорт лифтний тэнд байхад толгойн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгээд би шатаар доошоо буусан бөгөөд Тала тэндээ үлдсэн. Тэгээд би 18 цагийн үед машин бариад гадуур ажлаа амжуулаад Ворлд Монголиагаас явсан бөгөөд 18 цаг 56 минутад Хятадаас ирсэн Гао эгч we chat-аар над руу залгаад намайг хаана байна гэж асуусан бас дээр 16 давхарт чанга чимээ гараад байна очоод шалгаадах Мийгаа нягтланд хэлье гэсэн. Тэгээд би 18 цаг 59 минутад Мийгаа руу залгаад хаана байгааг асуутал Мийгаа би ажлаас гараад гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мийгаад хандан чи ажил руугаа очоод Саруул ахыг шалгахад Тала дээшээ гараад Саруул ахтай хэрүүл маргаан хийж Байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа буцаад явсан бөгөөд 20 цагийн үед ажил дээрээ ирэхэд цагдаа эмнэлгийн хүмүүс ирчихсэн байсан. Миний мэдэхээр Тала Саруулаас тэр өдөр машиныг нь гуйсан бөгөөд Саруул машинаа өгөхийг зөвшөөрөөгүй яагаад зөвшөөрөөгүй вэ гэвэл Тала жолооны үнэмлэхгүй бас Саруулд өөрт нь машин хэрэгтэй байсан учир зөвшөөрөөгүй юм. Бас өчигдөр 18 цагаас 19 цагийн хооронд Тала Саруул руу яриад Ворлд Монголиагийн гал тогоо болон заалыг нь ашиглаад хүмүүс хоолонд оруулаад дайлъя гэж хэлэхэд нь бас зөвшөөрөөгүй юм байна лээ. Зүгээр л танилууд сайн мэдэхгүй. Миний биед гэмтэл шарх учраагүй өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-78, 174-175 дахь тал/,

 

Гэрч Э.Мягмаржаргалын:

“...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирал Гао Лин Жун нь намайг ажил дээр байхад БНХАУ-н иргэн Тала гэх эрэгтэйг манай компанийн барилгын 9 давхарт байрлах зочид буудлын 918 тоот өрөөнд үнэгүй байрлаж байгаа бөгөөд Тала гэгч нь манай компанийн 14 давхрын оффисын зориулалттай талбайг түрээслэх гэж байгаа тул чамтай уулзаж, түрээсийн гэрээг хийх байх гэж хэлж байсан. Тухайн өдрөөс хойш Тала гэгч нь надтай уулзаж, ямар нэгэн гэрээ байгуулалгүй одоог хүрсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө би ажил дээрээ 09 цагийн үед ирээд байж байтал Саруулаа захирал над руу залгаж “үдээс хойш манай компанийн 1 давхарт байрлах шүдний эмнэлэг рүү хамт оръё" гэхээр нь би за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд өдөр 16 цагийн үед би Саруулаа захирлын амьдардаг 16 давхарт гарч гэр лүү нь ороход Саруулаа захирал Гао Хуй Чинтай хамт юм яриад сууж байсан бөгөөд тэр хоёрын хувьд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйлгүй, хоорондоо ойр зуурын юм яриад сууж байхаар нь ...18 цагийн үед гэртээ харихаар ...явж байхад гүйцэтгэх захирал Гао Лин Жун над руу залгаж “Саруулаа захирлыг Тала зодоод байна гэж сая надад Гао Хуй Чин хэллээ. Чи яаралтай Саруулаа захирлын гэр лүү нь очоодхооч” гэж хэлэхээр нь би буцаад ажил руугаа явж байхад Гао Хуй Чин нь над руу ви чатаар зурвас бичиж, ирж байна уу? компанийн харуулд хэлсэн үү? гэхээр нь би Гао Лин Жунаас бүх зүйлийг сонссон би одоо очиж байна, цагдаа дуудчихсан байгаа гэхэд олон хүн авч ирээрэй, би дээшээ гарч зүрхлэхгүй байна, тэр намайг бас цохисон гэх мэт зурвасыг ви чатаар бичсэн. Би Гао Хуй Чинтай зурвас бичиж хоорондоо компанийнхаа харуул болох Молдой руу утсаар залгаж Саруулаа захирлын амьдардаг 16 давхарт зодоон болоод байна гэнэ, та хурдан 16 давхар луу гараадхаач, би одоо очиж байна гэж хэлсэн. Тэгээд би Саруулаа захирлын амьдардаг 16 давхарт байрлах гэрт нь ороход Саруулаа захирал газар шалан дээр доошоо хараад хэвтчихсэн, ямар нэгэн хөдөлгөөнгүй, ойр орчмын шал нь маш их цус болсон хэвтэж байсан бөгөөд гэр дотор нь харуул Молдой, мөн захирлыг зодсон Тала хэвтэж байсан бөгөөд гэр дотор шорттой, дээгүүрээ цээж нүцгэн, согтуу байсан бөгөөд Тала гартаа пиво барьчихсан зогсож байхаар нь би Талагаас энд юу болоод байгаа юм бэ? гэж асуухад Тала нь “Би Саруулааг алсан. Нэг ч гэсэн Хятад хүн үхэж байвал сайн л биз” гэж чанга дуугаар орилж хашхираад нааш цааш алхаад байсан. Талаг тухайн үед тэгж хэлж байхыг манай нөхөр Ганхуяг болон хамгаалагч Молдой бид 3 сонссон. Тэр хооронд би болон манай нөхөр Ганхуяг бид 2 цагдаагийн утас руу залгаж дуудлагаа шаардаж байхад Тала нь Саруулаа захирлын гэрээс гарч явган хүний шатаар ганцаараа буусан бөгөөд төд удалгүй 2 цагдаагийн алба хаагч Саруулаа захирлын гэрт нь орж ирэхээр нь би тухайн хоёр цагдаад Саруулаа захирлыг зодсон Тала гэгч нь явган хүний шатаар доош буусан талаар хэлэхэд нэг цагдаа нь манай нөхөр Ганхуягтай хамт араас нь гарч Талаг барьж авсан байсан. Төд удалгүй эмнэлэг болон цагдаа нар Саруулаа захирлын гэрт нь ирсэн бөгөөд эмч Саруулаа захирлыг үзээд үхсэн талаар хэлсэн. Би болон Саруулаа захирал, Гао Лин Жун, Гао Хуй Чин нарын хувьд ямар нэгэн архи уусан асуудал огт байхгүй. Харин Саруулаа захирлыг Тала нь зодоод байна гэхээр нь би Саруулаа захирлын гэрт нь ороход Тала нь согтуу гартаа пиво барьчихсан уугаад байсан. Хэр зэрэг согтолттой байсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Ганхуяг бид хоёр дараалж, талийгаач Саруулаа захирлын гэрт нь орсон бөгөөд гэрт нь орох үед үүдний шилэн хаалганыхан шил хагарч бутарсан, том өрөөний шалан дээр Саруулаа захирал толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэсэн, доош харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хэвтэж байсан шалныхан ойр орчим маш их цус болсон, ямар нэгэн хөдөлгөөн огт хийхгүй хэвтээд байсан. Би маш их цус нөж болсон байсан учир талийгаач Саруулаа захирал руу сайн тогтож харж чадаагүй. Тэр үед талийгаачийн цогцсын хажууд Тала зогсож байсан бөгөөд мөн хамгаалагч Молдой бас байж байсан. Тала нь гартаа пиво барьчихсан тухайн пивоноосоо уунгаа нааш цааш захирлын гэр дотор алхаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 80-81 дэх тал/,

 

Гэрч Ц.Ганхуягийн:

“...эргэн тойронд нь нэлэнхийдээ цусаар бохирлогдсон байсан. Ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь би дотроо за эвгүй юм болж дээ гэж бодож байсан. Тэгээд би нөгөө Өвөр Монгол хүн рүү хандаад юу болсон та яасан энэ Саруул захирал яасан бэ нас барчихсан юм биш үү гэхэд өөдөөс нөгөө хүн тийм ээ би зодоод алчихсан юм, яадаг юм, ганц хүний амийг авахад яадаг юм бэ, энэ Саруул чинь зөндөө хүүхэн шаадаг юм чинь гээд орилоод байсан. Удалгүй манай эхнэр гаднаас орж ирсэн. Түүний араас эмэгтэй Гао захирал орж ирсэн, мөн харуул бас орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө Өвөр Монгол хүн эмэгтэй Гао захирал руу дайраад байсан. Би тухайн үед цагдаа нарыг иртэл аминдаа л нөгөө хүнийг саатуулаад байж байсан чинь удалгүй цагдаа нар ирсэн ба тэр үед жаахан сиймхий гарах үед Өвөр Монгол эрэгтэй хүн гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Гэрч Н.Бимолдойгийн:

“...менежер Мягмаржаргал залгаад 16 давхарт гараадхаач зодоон болоод байна гэхээр нь цахилгаан шатаар дээшээ 16 давхарт очоод лифтнээс буухад шилэн хаалга хагарсан байсан. Цаашаа орохгүй зогсож байтал менежерийн нөхөр Хуягаа лифтнээс бууж ирээд цуг ортол Өвөр Монгол залуу шорттой гартаа пиво барьчихсан та нар хэн бэ? гэхээр нь Хуягаа та өөрөө хэн бэ? гэхэд нөгөө Өвөр монгол залуу яриа нь ойлгогдохгүй юм яриад орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94, 95 дахь тал/,

 

Гэрч Б.Дашцэрэнгийн:

“...19:06 минутад хүлээн авч 19:26 минутад очиход тухайн барилгын 16 давхарт гаргахад 900 метр орчим талбайтай шилэн хаалга нь гаднаас дотогш чиглэл рүү хагарсан байдалтай хаалгаар ороход Э.Мягмаржаргал, Ц.Ганхуяг нар үүдний шилэн хаалганы орчимд байсан, амь хохирогч хаалганаас 25 орчим метрийн зайтай газарт цагаан өнгийн фудволка, цагаан өнгийн өмдтэй доогуураа оймстой 50 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба их хэмжээний цус алдсан шал нь дээр тэмцэлдсэн юм шиг байдалтай байсан. ...захирлыг нэг хүн зодоод зугтаасан гэсний дагуу 16 давхраас доошоо шатаар 9 давхар хүртэл шалгаж үзэхэд 918 тоотын хаалга онгорхой байсан, иргэн Ц.Ганхуяг нь манай захирлыг зодсон хүн энэ тоотод байдаг байх гэж мэдээлэл өгсний дагуу шалгахад дотор нь ямар нэгэн хүн байгаагүй, В1 давхар хүртэл шалгаж үзэхэд хар өнгийн 77-10 УАМ дугаартай автомашин өндөр хаазтай гараашнаас гарч байсан, уг машиныг зогс гэж шаардлага тавьсан боловч шаардлага эсэргүүцэж замын хөдөлгөөнд оролцож зугтаасан, тухайн автомашины араас гүйж урд нь гарч зогссон боловч дахин шаардлага эсэргүүцэж тээврийн хэрэгслээрээ дайрахыг завдсан тул нэр бүрийн тусгай хэрэгсэл буюу экстрим маркийн гар буу гаргаж анхааруулж дайчлан баривчлах үед уг иргэн нь намайг Тала гэдэг гэж орилоод би тэр хужааг гараараа зодсоор байгаад алсан гэж орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

 

Гэрч Г.Тайванбаярын:

“...2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой Баянгол дүүргийн 17-р хороо Вролд Монголиа дотор зодоон болсон гэх дуудлага мэдээллийг 19 цаг 06 минутад хүлээн авч ...19 цаг 26 минутад очиход тухайн барилгын 16 давхарт гарахад 900 метр орчим талбайтай шилэн хаалга нь гаднаас шилний хагархай дотогш чиглэл рүү хагарсан байдалтай хаалгаар ороход Э.Мягмаржаргал ШД87091407, Ц.Ганхуяг УП89010611 нар үүдний шилэн хаалганы орчимд байсан, амь хохирогч нь хаалганаас 25, 26 орчим метрийн зайтай газарт цагаан өнгийн футболк, цагаан өнгийн өмдтэй доогуураа оймстой 50 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба их хэмжээний цус алдсан шал нь дээр тэмцэлдсэн юм шиг байдалтай байсан. 19 цаг 33 минутад би яаралтай түргэн тусламж 103 дугаарт дуудлага өгсөн, хэргийн газарт Э.Мягмаржаргал ШД87091407, Ц.Ганхуяг УП89010611 нар байсан, эдгээр хүмүүс нь манай захирлыг нэг хүн зодоод гараад зугтаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №1592 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж дугаарласан уутанд байх цагаан өнгийн цамцанд 502мм, 308мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалууд байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Цагаан өнгийн цамцанд үүссэн урагдалтууд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 181-187 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №1661 дугаартай:

“...Амь хохирогч Ө.Саруулаагийн цогцост суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5, зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар ойролцоо буюу нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархи, нүүрний хавсарсан битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. АВО системээр В (III) бүлгийн цустай байна. Амь хохирогч нь үхэлд хүргээгүй ерөнхий судас хатуурал, бөөрний уйланхай өвчтэй байжээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 13-25 дахь тал/,

 

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 114-125 дахь тал/,

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 931 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч **************** нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгч ****************-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэгтээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд солиорлын шинж бүхий хөөрөл гэсэн сэтгэцийн эмгэгтэй бөгөөд тухай баримт хэрэгт авагдсан байгаа. 2016 оноос хойш сэтгэцийн эмгэг өөрчлөлтэй гарч хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоогдсон. Хохирогчийн ар гэрт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №1661 дугаартай дүгнэлтээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэдгээ илэрхийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч Япон улсад үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгээ хаасантай холбоотойгоор гарсан болон бусад зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байгаа. Иймд цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****************-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **************** нь:

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************** нэртэй төвийн 16-р давхарт амь хохирогч **************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж, талийгаачийн биед суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5, зүүн дээд 4, 5,  зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан болох нь:

- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дуудлагын лавлагааны хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27, 26, 24, 25 дугаартай прокурорын тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/, гэрч Гао Хуй Чин /Gao Hui Qin/, Гао Лин Жун /Gao Lin Zhong/, Э.Мягмаржаргал, Ц.Ганхуяг, Н.Бимолдой, Б.Дашцэрэн, Г.Тайванбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №1592 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №1661 дугаартай дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 931 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч **************** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн хохирол төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж  өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 267 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000582 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа,

- №10 дугаараар дугаарласан хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг,

- №13 дугаараар дугаарласан шаргал өнгийн төмөр арамтай, хар өнгийн хүрээтэй нүдний шил 1 ширхэг,

- “НUAWEI” загварын гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/-д олгож,

- Улаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, №1 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шоо бүхий хээтэй, хар, саарал өнгөтэй даавуун өмд 1 ширхэг, №2 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгөтэй, “Соffe daily” гэх бичиглэлтэй дотоож 1 ширхэг, №3 дугаараар дугаарласан хар, хөх өнгөтэй хос оймс, №4 дугаараар дугаарласан саарал өнгөтэй углааш хос, №8 дугаараар дугаарласан шаргал өнгийн ултай өнгийн углааш хос, №5 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуун материалтай богино өмд 1 ширхэг, №6 дугаараар дугаарласан ягаан эрээн өнгөтэй хос оймс, №7 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгөтэй даавуун материалтай, урд талдаа товчтой цамц 1 ширхэг, №9 дугаараар дугаарласан Хятад ханз бичигтэй тамхины иш 1 ширхэг, №11 дугаараар дугаарласан “Б” гэсэн тэмдэглэлтэй арчдас 1 ширхэг, №12 дугаараар дугаарласан “А” гэсэн тэмдэглэлтэй арчдас 2 ширхэг, №14 дугаараар дугаарласан бэлгэвч 1 ширхэг, №15 дугаараар дугаарласан 1 ширхэг шүд, №16 дугаараар дугаарласан 1 ширхэг шүд, Амь хохирогч Ө.Саруулаа, **************** Тала (Таlа) нарын баруун, зүүн гараас авсан хумснууд, Тala гэх хаягтай 4 ширхэг савтай хумснууд, амь хохирогчийн гэх үснүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж,   

- Энгэрийн камерын дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди, “Word Mongolia” төвийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий 5 ширхэг сиди бичлэгийг тус тус хэрэгт хавсаргаж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************** “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****************-г 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************-д оногдуулсан 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************-ийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 267 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа,

- №10 дугаараар дугаарласан хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг,

- №13 дугаараар дугаарласан шаргал өнгийн төмөр арамтай, хар өнгийн хүрээтэй нүдний шил 1 ширхэг,

- “НUAWEI” загварын гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Вү Хай Шун /Wu Xiaochun/-д олгож,

- Улаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, №1 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шоо бүхий хээтэй, хар, саарал өнгөтэй даавуун өмд 1 ширхэг, №2 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгөтэй, “Соffe daily” гэх бичиглэлтэй дотоож 1 ширхэг, №3 дугаараар дугаарласан хар, хөх өнгөтэй хос оймс, №4 дугаараар дугаарласан саарал өнгөтэй углааш хос, №8 дугаараар дугаарласан шаргал өнгийн ултай өнгийн углааш хос, №5 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуун материалтай богино өмд 1 ширхэг, №6 дугаараар дугаарласан ягаан эрээн өнгөтэй хос оймс, №7 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгөтэй даавуун материалтай, урд талдаа товчтой цамц 1 ширхэг, №9 дугаараар дугаарласан Хятад ханз бичигтэй тамхины иш 1 ширхэг, №11 дугаараар дугаарласан “Б” гэсэн тэмдэглэлтэй арчдас 1 ширхэг, №12 дугаараар дугаарласан “А” гэсэн тэмдэглэлтэй арчдас 2 ширхэг, №14 дугаараар дугаарласан бэлгэвч 1 ширхэг, №15 дугаараар дугаарласан 1 ширхэг шүд, №16 дугаараар дугаарласан 1 ширхэг шүд, Амь хохирогч Ө.Саруулаа, **************** Тала (Таlа) нарын баруун, зүүн гараас авсан хумснууд, Тala гэх хаягтай 4 ширхэг савтай хумснууд, амь хохирогчийн гэх үснүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж,  

- Энгэрийн камерын дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди, “Word Mongolia” төвийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий 5 ширхэг сиди бичлэгийг тус тус хэрэгт хавсаргаж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ****************-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ

 

                   

                     ШҮҮГЧ                                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                                                             

                      ШҮҮГЧ                                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ