| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Г.Намжиил |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
2025 01 20 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405006250888 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тавилгын үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********
2. Монгол Улсын иргэн, ***** оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ****** суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон /Реlесаnиs сriриs/ шувууны хошууг 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны 62 тоот өөрийн гэртээ хадгалсан,
- Улмаар *************тай урьдчилан үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны 62 тоот өөрийн гэртээ хадгалж байсан, нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бусдад худалдах зорилгоор *************т өгч явуулан, худалдахыг завдсан,
Шүүгдэгч ************* нь *************тай урьдчилан үгсэн тохиролцож, түүний гэртээ хадгалж байсан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдад худалдах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх хаягтай цахим хаягаас “Хотонгийн хошуу зарна” гэх зарыг байршуулж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт “Нарны гүүр”-ний орчим бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...манай хадам аав надад Хотон шувууны хошууг бэлэглэсэн. Хотон шувууны хошууг 2016 онд Говь-Алтай аймгаас авчирсан гэсэн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад Манлайбаатарыг зараад өгөөч гэж гуйсан...” гэв.
Шүүх хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...би хурдан морины болон хөөргийн фейсбүүк группт хөөрөг зардаг байсан. Манай хүргэн Хишигбаатарыг хурдан морины хусуур хийдэг, Хотон шувууны хошуу байгаа гэж хэлсэн. Хотон шувууны хошууны талаар фейсбүүкээс хайж үзэхэд групптүүдэд тиймэрхүү зарууд байсан болохоор би зараад өгье гэж хэлсэн. Хишигбаатар 1.500.000 төгрөгөөр зараад өгөөрэй гэж хэлсэн болохоор 1.500.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Би зарж болохгүй гэдгийг нь мэдээд зараа шууд устгасан боловч тухайн цагдаа над руу маргааш нь 2-3 удаа ярьж, хотон шувууны хошууг үзэж харъя гээд байхаар нь очиход өөрийгөө Экологийн цагдаа байна гэж хэлсэн. Таныг болохгүй зүйл зарах гэж байсан учир Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлгээ өг гэж хэлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хэргийн газрын газрын үзлэг хийсэн “...Хэрэг учралын газар нь ...Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны гүүр”-ний баруун талын хойд хэсэгт байх ба ...************* нь тухайн хотонгийн хошуу гэх зүйлийг цагаан шар өнгийн дөрвөлжин хээтэй даавуунд ороосон байдалтай авч ирсэн, ...тухайн амьтны гаралтай эд зүйлийг хойшлуулшгүйгээр хураан авахаар тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан “...51 sm urttai hotongiin hoshuu zarna utas 88434314 ...” гэх зар оруулсан мэдээлэл 1 хуудастай” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,
Хотонгийн хошуунд үзлэг хийсэн “...*************аас хойшлуулшгүйгээр хурааж авсан хотонгийн хошуу гэх эд зүйл нь шаргал өнгийн эвэрлэг хатуу гадаргуутай 49 см урттай, хотонгийн хошуу гэх зүйл байна. Уг хошууны дээд хэсэг нь толгойноос баруун талдаа хошуугаа дагасан цуурал үүсэж, тухайн цуурлыг цавуу мэт зүйлээр наасан мэт харагдаж байна. Шувууны толгой хэсэг нь цагаан шаргал өнгийн буурал үстэй байх ба цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай харагдаж байна. Хошууны доод хэсэг нь хүрээлсэн эвэрлэг хатуу шаргал гадаргуутай байх ба баруун хэсгийн завж хэсэгтээ цоорсон байдалтай байна. Хошууг доош харуулж тавьж гавлын яс хэсгийг харахад элсэн чихэр шиг ширхэгтэй цагаан өнгийн нунтаг бодисууд наалдсан байдалтай харагдаж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15,16 дахь тал/,
Гэрч Д.Болорцэцэгийн:
“...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай гэр буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306-62 тоотоос манай гэрт байсан Хотон шувууны хошууг зараад өгье гэж хэлээд ...аваад явсан. Фейсбүүкт зар оруулсан талаар нь мэдээгүй. Маргааш нь яриад фейсбүүкт зар тавьчихсан чинь хүмүүс болдоггүй гээд байхаар нь зараа устгачихлаа гэж ярьсан. ...Хотонгийн хошууг манай төрсөн ах болох Мөнхболд гэх хүнээс манай нөхөр Хишигбаатар авч байсан. Тухайн үед мөнгө төгрөг гэлгүй, хэрэгтэй бол ав гээд өгч байсан. ...Манай гэрийн том өрөөнд байдаг эмээлийн дээр хазаар өлгөдөг өлгүүрээс өлгөөтэй байдаг байсан ба тэндээс саяхан мөнгөний хэрэг болоод худалдахаар *************т өгснөөс өөр хүнд дамжсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 362 дугаартай шинжээчийн:
“...Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийнхон овог-Pelacanidae, Борцгор хотон-Реlесаnиs сriриs /Bursh, 1832/ зүйл шувууны хошуу байна. Уг хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй. Хотонтон баг- Pelecaniformes, Хотонгийхон овог- Pelacanidae, Борцгор хотон- Реlесаnиs сriриs /Bursh, 1832/ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт нэн ховор амьтны жагсаалтад багтсан болно. ...Хошуунаас агнагдсан байдал, цаг хугацааг тогтоох боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон Реlесаnиs сriриs /Bursh, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын Амьтны аймагт учирсан хохирлын үнэлгээ нь 23.580.000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 652 дугаартай шинжээчийн:
“...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаа баталсан “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон- Реlесаnиs сriриs /Bursh, 1832/, нэг толгойл 6.570.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгисийн:
“...Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж, улмаар устахад хүргэх хандлагатай байна. ...Тус шувуу нь Хотонтон баг Хотонгийнхон овгийн Борцгор хотон зүйл шувуу байна. ...Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 см хүрдэг. Монголд төдийгүй дэлхийд нэн ховор төрөл учраас агнахыг хориглож улаан номд бүртгэгдсэн шувуу юм. ...Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр ...буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал/,
Гэрч С.Цэрэнхандын:
“...Манай талийгаач нь хүргэн *************т ...нарийндуу, ойролцоогоор 20-30 см урттай, модондуу зүйл гаргаж өгч байсан. Сүүлд манай талийгаач хотон шувууны хошуу гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 94 дэх тал/,
Шинжээч Г.Ариунтуяагийн:
“...Амьтны тухай хуулийн ...7 дугаар зүйлд нэн ховор, ховор амьтныг хамгаалах, 7.1-т борцгор хотон багтсан болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЭК-24-12 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175-190 дэх тал/,
Шүүгдэгч *************ын эзэмшлийн 68-94 УАН улсын дугаартай, Ниссан Ванэтэ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 206-213 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************ын өмгөөлөгч Л.Сарангуагаас “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч *************ын гэрчээр өгсөн мэдүүлэг, хураан авсан Хотон шувууны хошуунд үзлэг хийсэн тэмдэглэл” зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *************, ************* нарыг бүлэглэн “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулж, амьтны аймагт учирсан хохирол болох 23.580.000 төгрөгийг шүүдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ “...Миний үйлчлүүлэгч *************ыг тусгай зөвшөөрөлгүйгээр 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нэн ховор амьтны жагсаалтад хамаарах борцгор хотон шувууны хошууг хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн “тусгай зөвшөөрөлгүй хадгалсан” гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. 2016 оноос эхлэн хадгалсан үйлдлийг тогтоосон мөртлөө хэзээ, хэн нэн ховор амьтан агнагдсан гэдгийг тогтоож чадаагүй. Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг төгссөн хугацаанаас буюу гэмт хэргийн бүх шинжийг хангаснаас эхлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байтал хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож байна. Мөн хохирлын хэмжээг өөр хоорондоо зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Л.Сарангуа “...Манлайбаатар нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүк хаягтаа энэ хошууг зарна гээд зар тавьсан. Хүмүүс болдоггүй гэхээр нь зараа устгасан байдаг. Маргааш нь зарыг нь харсан үзье харъя гэхэд нь зараа устгасан талаар хэлсэн байдаг. Энгийн хувцастай 2 хүн уулзаад 1.500.000 төгрөгөөр худалдах гэж байгаа гэдэг зүйлийг хэлүүлж машин дотроо суулгаад гар утсыг нь булааж аваад цагдаагийн байгууллагад Экологийн цагдаа байна гэж хэлсэн байдаг. Энэ мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Ийм ажиллагаа явуулах талаах прокурорын зөвшөөрөл байхгүй. Хууль зөрчиж цуглуулж авсан нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах ёстой. Мөн Хотон шувууг хэзээ агнасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************, ************* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************* нь:
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон /Реlесаnиs сriриs/ шувууны хошууг 2016 оноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны 62 тоот өөрийн гэртээ хадгалсан,
- Улмаар *************тай урьдчилан үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны 62 тоот өөрийн гэртээ хадгалж байсан, нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бусдад худалдах зорилгоор *************т өгч явуулан, худалдахыг завдсан,
Шүүгдэгч ************* нь:
шүүгдэгч *************тай урьдчилан үгсэн тохиролцож, түүний гэртээ хадгалж байсан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдад худалдах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Манлайбаяр Манлай” гэх хаягтай цахим хаягаас “Хотонгийн хошуу зарна” гэх зарыг байршуулж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт “Нарны гүүр”-ний орчим бусдад худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл, хотонгийн шувуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгис, гэрч Д.Болорцэцэг, С.Цэрэнханд, шинжээч Г.Ариунтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 652 дугаартай дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЭК-24-12 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Иймд шүүгдэгч *************, ************* нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэг, 37.2 дахь хэсэгт зааснаар “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэснийг үндэслэн амьтны аймагт учирсан хохирол болох 23.580.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *************, ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол хор уршгийг арилгахаа илэрхийлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Л.Сарангуа “...*************ын хувьд нэн ховор амьтны эрхтнийг худалдан борлуулах зар байршуулсан гэдэгтээ маргаагүй, хувийн байдал нь эхнэр, охин, өндөр настай эхийн хамт Төв аймгийн Бүрэн суманд амьдардаг, одоо Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байгаа. “Барс” захад өөрийн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ажил эрхэлдэг. Иймд түүний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *************, ************* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч *************, ************* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч *************, ************* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч ************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдахыг завдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч *************, ************* нарыг тус бүр 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************, ************* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************, ************* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэг, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************, ************* нараас 23.580.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Борцгор хотон” шувууны хошуу 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *************, ************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *************, ************* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************, ************* нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ