| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын О-д холбогдох эрүүгийн 2540000000007 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 52 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл ..., ....хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Н-ын О-.
Холбогдсон хэргийн талаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 1,92%-ийн промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёота приус-30" загварын ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч З.Бахатжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн өдөр батлагдсан томилгооны дагуу туслах жижүүрээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 21 цагийн алдад би айлд очиж хоол идээд гараад ажил руу алхаж байхад зам дээр цагаан өнгийн пруис-30 маркийн тээврийн хэрэгсэл нилээн удаан яваад байхаар нь яасын бол гэж бодоод дохиж зогсоогоод шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би ажил руу авчраад драгер багаж үлээлгэхэд 1.92 хувийн согтолттой гарсан. Би сангаар шүүж үзэхэд жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байхаар нь машиныг журмын хашаанд түр саатуулаад өөрийг нь ар гэрт хүлээлгэж өгсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас)
Шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 12 сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад нэг дүүгийнхээ төрсөн өдөрт очоод 2,5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво 2ш байсныг хоёулаа хувааж уучхаад 20 цаг өнгөрч байхад байхаа өөрийнхөө ************** улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хойд хорооллоос жолоодоод төвд гэртээ ирэх гэж яваад цагдаатай таарсан, би ойролцоогоор согтуурсан үедээ 1.2 км орчим явсан болов уу гэж бодож байна. Би 2024 оны 05 сард архи уусан үедээ автомашин жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан юм. Би буруугаа хүлээж байгаа хуулийн хариуцлага хүлээнэ" гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас)
Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 3-4-р хуу),
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-н 8-р хуу)
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/125 дугаартай шийтгэвэр (хх-н 10-12-р хуу) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.О- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хор, уршиг учирсан байхыг шаардаггүй бөгөөд энэхүү шинжээр нь прокуророос шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР