Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/169

 

 

 

 

 

 

  2021             2              9                                          2021/ДШМ/169

 

 

Ш.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

            шүүгдэгч Ш.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.Нд холбогдох 2011000001082 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                                               

Б овгийн Ш-ын Н, 1961 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:/,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг 7-н буудлын орчим хохирогч Н.Ууганбаярыг такси үйлчилгээнд дарааллаар зогсож хүн тээвэрлэхийг шаардахад нь “тэгээд яадаг юм” гэж хэлээд машинаасаа бууж ирээд цамцаар нь хоолойг нь боон, хамар хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Шагдарын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар Ш.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэхдээ ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, улмаар уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг зөвтгүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна”гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 7-н буудлын орчим хохирогч Н.Ууганбаярыг такси үйлчилгээнд дарааллаар зогсож хүн тээвэрлэхийг шаардахад нь “тэгээд яадаг юм” гэж хэлээд машинаасаа бууж ирээд цамцаар нь хоолойг нь боож, хамар хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ууганбаярын “Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой 17 цаг 30 минутын үед 7-н буудал дээр Чингэлтэй рүү хүн ачаад дарааллаад зогсож байсан. Тэгсэн хажуугаар нэг жижиг тэрэгтэй ах орж ирж зогсоод давхар хүн ачих гээд “Чингэлтэй 500” гээд байхаар нь “ахаа наана чинь хүмүүс дарааллаад ачиж байна, та араас нь ач” гэж хэлсэн. Тэгэхэд “чамд ямар хамаатай юм, зайл, ална шүү” гэхээр нь би “та хөгшин хүн байж ямар намбагүй юм ярьдаг юм бэ” гэхэд нөгөө ах “чи яадаг юм” гээд хаалгаараа намайг саваад машинаасаа гараад ирэхэд нь би тэр ахтай санамсаргүй мөргөлдсөн. Тэгээд миний хамарнаас цус гоожоод эхэлсэн. ...” /хх 14/,

хохирогч Н.Ууганбаярын гэрчээр өгсөн “Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 30 минутын орчим 7-н буудал дээр “Акуа” загварын автомашинтай ах ирээд “Чингэлтэй” гээд орилоод байхаар нь “ахаа, та дарааллаар зогсчих, бид нар бүгдээрээ дараалаад зогсдог юм” гэхэд “ална шүү” гээд орилоод байсан. Би “та настай хүн байж харилцааны соёлгүй юм бэ” гэж хэлтэл машинаас бууж ирээд “тэгээд яадаг юм, пизда минь” гээд намайг заамдаж аваад цамцаар боогоод, миний хамар руу 1, 2 удаа мөргөсөн байх. Би манараад газарт унасан. ...” /хх 16/,

Яллагдагч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-25/-д хохирогч Н.Ууганбаярын “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7-н буудал гэх газар 500 төгрөгөөр хүн ачих гээд зогсож байсан чинь нэг хүн дараалал дайраад ороод ирэхээр нь би “та болилдоо хөгшин хүн байж” гэхэд “май, пиздаа минь, би байнга хүн ачдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та ямар соёлгүй юм бэ” гэсэн чинь машинаасаа бууж ирээд хамар руу мөргөчихөөд явах гэж оролдсон. Би хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ хөдөө ажилтай явж байсан юм. Тэгээд асуудал болгоод яахав гэж бодоод хаалгах гээд санамсаргүй мөргөлдсөн гэж хэлсэн юм. ...”,

 

шүүгдэгч Ш.Нгийн яллагдагчаар өгсөн “...би Н.Ууганбаяр гэх хүнийг машинаасаа буугаад заамдаж мөргөсөн зүйл байхгүй. Харин Н.Ууганбаяр нь 2-3 удаа түлхүүр булааж авах гэж дайраад байсан. Тэр үед би машинаасаа буух гэж байхдаа мөргөлдсөн. ...” /хх 24-25/,

гэрч П.Должинсүрэнгийн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед 7-н буудлаас Чингэлтэй рүү хувиараа таксинд явдаг Болортуяа над руу утсаар залгаад “танай нөхөр 7-н буудал дээр хүнтэй маргалдаад зодуулаад бөөн цус нөж болсон байна” гэхээр нь би 7-н буудлын Чингэлтэй рүү эргэдэг хэсэг дээр ирэхэд манай нөхөр замын хажууд цусаа гойжуулсан байдалтай зогсож байсан. Хажууд нь нэг танихгүй настайвтар эрэгтэй хүн зогсож байсан. ...” /хх 20-21/,

гэрч Д.Болортуяагийн “...би 7-н буудлын Чингэлтэй гэх газар руу хүн ачдаг зогсоол дээр ирэхэд Н.Ууганбаяр нэг машины гадаа хөгшин хүнтэй заамдалцаад зогсож байсан. Тэгээд машинаа хажуугаар нь оруулаад ард талд нь зогсоолд байрлуулаад салгах гээд очиход тэр хоёр заамдалцсан Н.Ууганбаярын хамраас цус гарсан байдалтай байсан. ...” /хх 22/ гэх мэдүүлгүүд,

“Н.Ууганбаярын биед хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11867 дугаартай дүгнэлт /хх 31-32/,

Яллагдагч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-25/, мөрдөн шалгах ажиллагааны туршилтын тэмдэглэл /хх 26/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Ш.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ш.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ш.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн сахарын өвчтэй эрүүл мэндийн байдал, 59 настай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар уг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Прокурор Г.Ууганбаатарын бичсэн “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

Ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэхгүй чөлөөлөхийг ойлгох бөгөөд хуульд “ялаас чөлөөлөх” талаар заасан ба “ял оногдуулах”-аас чөлөөлөх зохицуулалтгүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан тохирох ял шийтгэсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэх явдал юм.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсны дараа тухайн ялаас чөлөөлж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

                        

                         ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ