Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0820

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          11           08                                   128/ШШ2022/0820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П**** овогтой Б*** /РД: ****/,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*** /РД:***/,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.М*** /ШТЭҮ:***/

            Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

            Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.С***, Ахлах мэргэжилтэн Б.А***,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Б.У*** нарын хоорондын гарааш албадан буулгасантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М***, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч П.Б***аас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны гарааш албадан буулгасан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, түүний улмаас учруулсан хохирлыг гаргуулах”-аар маргаж байна.

            2. Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжаар дулааны эрчим хүчний 7в, г, д, и, к магистрал төв шугамын 2019 оны зуны засварын ажлыг гүйцэтгэхэд саад уруулж буй гэх үндэслэлээр тус дүүргийн 1*** дүгээр хороо, орон сууцны 5*** дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй байрлуулсан 3 ширхэг төмөр гарааш, 9 ширхэг тоосгон гараашийг албадан нүүлгэж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг төв 7в магистралийн 500 мм голчтой 151 хос метр шугамын засвар хийхэд саад болсон гэх үндэслэлээр иргэдийн ашиглаж буй гараашийг албадан чөлөөлөхөөр 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн гараашны хаалга дээр мэдэгдэх хуудсыг наах байдлаар мэдэгдэн 8 дугаар сарын 28-ны өдөр албадан буулгасан.

3. Нэхэмжлэгч дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дээрх шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хандсан гомдол гаргасныг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1627 дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас шинэчлэх, засварлах шаардлагатай гэсэн үндэслэлээр газар чөлөөлөхийн тулд зарим иргэдийн авто гараашийг нураахад П.Б***д миний эзэмшлийн гараашийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нураасан. Тухайн үед гараашийг нурааж, газрыг чөлөөлөхдөө дүүргийн Засаг даргын захирамжийг надад болон гэр бүлийн гишүүдэд танилцуулаагүй, утсаар холбогдож сануулаагүй.

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь гараашийг албадан нүүлгэж, газар чөлөөлөх үйл ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч П.Б***ын хөрөнгө болох 18 м.кв хэмжээтэй газарт баригдсан 420 дугаартай, тоосгон гараашийг нурааж, устгасан бөгөөд энэ үед уг гарааш дотор байсан нэхэмжлэгчийн эд хөрөнгө алга болж, нийт 12,708,000 төгрөгийн бодит хохирол учирч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн авто гараашийг нураасан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид учруулсан хохирол 12,708,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М***наас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн П.Б*** нь 2007 онд Баянгол дүүргийн 1*** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот тоосгон авто машины гараашийг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зөвшөөрлийн дагуу гараашийн доорх газрын төлбөрийг төлж ирсэн байдаг. Энэ газрыг огт зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн гэдэг хариуцагчийн хариу тайлбарт дурдсан зүйл огт үндэслэлгүй байна. Холбогдох төрийн байгууллага, иргэн П.Б***аас жил бүр газрын төлбөр авч байсан. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Гэвч Баянгол дүүргийн тухайн үеийн Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дугаар захирамж гаргаад дулааны шугамын хамгаалалтын зурвас шинэчлэх засварлах ажиллагаатай холбоотойгоор дулааны шугамыг солих ажиллагаа хийгдсэн. Энэ ажиллагаатай холбоотойгоор тухайн хамгаалалтын зурваст орж байгаа гарааш, зөөврийн контейнер бусад зөвшөөрөлгүй баригдсан гэж үзэж байгаа хөрөнгүүдийг албадан буулгах газар чөлөөлөх захирамж гаргасан. Энэ захирамжийг тухайн үед бидэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр энэ захирамжийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлсэн байдаг. Бид А/431 дүгээр захирамж гарсан талаар мөн албадан буулгах ажиллагаа хийсэн талаар мэдээгүй. Нэхэмжлэгч П.Б***д нь Багануур дүүрэгт амьдардаг өндөр настай хүн. Авто гараашийг буулгасныг хүүхдүүд нь мэдсэн байдаг. Яагаад гэвэл дээр дурдсан *** дугаар байрны цаана нь амьдардаг байсан тул шууд цонхоор харагдахгүй, байр халхалдаг байсан. Тодорхой хугацааны дараа гарааш буулгаж байгаа үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэж очиж үзэхэд гараашийг буулгасан байсан мөн дотор нь байсан эд зүйл хаана байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд гарааш яагаад буулгав, дотор нь байсан эд зүйл хаана байгааг сураглахаар тэнд ажиллаж байсан инженерийн утас 8*** гэсэн утаснаас холбогдож асуугаарай гээд утас л өгдөг. Энэ утас руу залгахаар утас нь холбогдохгүй байдаг. Нөхцөл байдал иймэрхүү ойлгомжгүй байдлаар өрнөж байсан. Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/431 дугаар захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба сая дурдсан маргаан бүхий захиргааны актыг биелүүлэх буюу үйл ажиллагаа явуулж тоосгон гараашийг албадан буулгаж дулааны шугамын зурвасыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулахдаа иргэн П.Б***ын 18 м.кв хэмжээтэй газар дээр барьсан 420 дугаартай тоосгон гараашийг нурааж устгасан байсан. Дотор нь байсан эд хөрөнгө алга болсон. Эдгээрийг үнэлгээний газраар үнэлүүлэхэд 12,708,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ хохирлоор нэхэмжлэгчийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Гараашд байсан эд зүйлийг тоочвол цахилгааны кабел 60 метр хэмжээтэй, энэ нь 900,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шинэ орос брезент 12 харьцах нь 6 метр хэмжээтэй, 468,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх мэт дугуй, будаг, эвхдэг сандал, тоёота марк 2 машины мотор байсан байгаа тэрийг 1,200,000 төгрөгөөр үнэлээд нийт дотор нь байсан хөрөнгийг 3,868,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ буулгасан гараашуудын дотор байсан эд зүйлүүдийг 3 дугаар Цахилгаан станцын ойролцоо байрлах байгууллагын аж ахуйн хашаанд буулгасан талаар мэдэж очтол хамгаалж буй хүн байхгүй ямар нэг үйлдсэн бичиг баримт байхгүй, эд хөрөнгийг хэзээ буулгаад хаясан нь мэдэгдэхгүй овоолоод хаясан эд хөрөнгө дундаас эндээс ялгаад аваарай гэсэн байдаг. Тэр дундаас өөрийн эд зүйлээ аваад байхгүй байсан зүйлээ нэхэмжилж байна. Энэ асуудал шүүх хуралдаанд орсон гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байгаа. Гараашуудыг буулгаж байхад ямар эд хөрөнгө гарсан талаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас баримт үйлдсэн байдаг. Үнэлгээ 2 өөр гарсан байдаг. Бид 2007 оны үеийн зах зээлийн ханшаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гараашны үнэ 8,840,000 төгрөг болсон. Гарааш дотор байсан буцааж авч чадаагүй эд хөрөнгийн үнэлгээ болох 3,868,000 төгрөг дээр нэмэн 12,708,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжилж байгаа. Маргаан бүхий актыг бол мэдсэн даруйдаа дээд шатны байгууллагуудад хандсан. Баянгол дүүргийн Засаг дарга тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх буюу гараашийг буулгах талаар эзэмшигчид мэдэгдээгүй, сонсох ажиллагаа огт явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад хуульд үндэслэх, 4.2.3 дах заалтад хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.5 дах заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дах заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах хэмээн тус тус заасан зарчмыг баримтлаагүй. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/431 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авто гараашийг буулгасан үйл ажиллагаа болон дотор байсан эд хөрөнгө алга болсонтой холбогдуулж нийт хохирол 12.708.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан” гэв.

            5. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “... “У*******” ТӨХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06/1496 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугамын 2019 оны зуны засварын батлагдсан графикт 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг 7в магистралын 500 мм голчтой 151 хос метр шугамыг шинэчлэн солих хугацаатай ажилд холбогдох хууль, журмыг зөрчсөн зөвшөөрөлгүй 3 ширхэг төмөр гарааш, 9 ширхэг тоосгон гараашны газар чөлөөлүүлэх хүсэлтээ тус албанд гаргасан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322, дүүргийн Засаг даргын 2019 оны А/431 дүгээр захирамжуудыг тус тус үндэслэн 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг төв 7в магистралийн 500 мм голчтой 151 хос метр шугамын засвар хийхэд саад болсон зөвшөөрөлгүй гараашуудад 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мэдэгдэж тус албанаас 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газар чөлөөлсөн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, газрыг хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3 дах хэсэгт Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байна. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй. гэж зааснаар газар эзэмших ашиглах хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан этгээд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага буюу газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг даргаас өгсөн тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллага газраа чөлөөлөн өгөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зөрчил арилгах тухай А/322 дугаар захирамжийг тус тус үндэслээд Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн үндэслэл нь нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс дулааны эрчим хүчний Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллыг дулаанаар хангадаг дулааны эрчим хүчний 7 дугаар төв магистраль шугамын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварын ажил хийхэд саад учруулж байгаа 12 гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Нэхэмжлэгч П.Б***ын хувьд маргаан бүхий Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны зүүн талд байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд газар чөлөөлөх мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учир газрын зөрчил арилгаж тухайн гараашийг 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр албадан чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг 2019 он хүртэл буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөр төлсөн түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн. Харин 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын газрын зөрчил арилгуулах А/431 дугаар захирамж гарсан. Захирамжийн мэдэгдэх хуудсыг гарсан өдрөөс эхлээд тухайн гараашуудад нааж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасны дагуу захирамжийг мэдэгдсэн.

Улмаар 2019 оны 8 дугаар сарын 28-ний өдөр гараашийг албадан буулгасан. Нэмж дурдахад Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол; гэсэн заалтыг үндэслэх боломжтой гэснийг дурдъя. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа хуульд үндэслэх гэдэг заалт нь дээр дурдсан газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох заалтуудыг үндэслэж тухайн захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах заалтад “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зорилготой нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх гэсэн зарчмын тухайд бол тухайн инженерийн болон дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст засвар хийхэд саад учирч байгаа газрыг чөлөөлснөөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын 20000 орчим иргэдийн эрх ашигт нийцсэн гэж үзэж нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх шийдвэр гарсан байгаа. Үндэслэл нь тухайн зөвшөөрөлгүй газар байгаа гараашуудыг чөлөөлөөд дулааны шугамын засварын ажлыг хийсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж зааснаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгсөн хугацаанд албан ёсны тайлбар болон хариу өгөөгүй байдаг. Үүний дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буулгасан. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий газрын гараашийг газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэггүй бөгөөд эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг тухайн захирамж хөндөөгүй гэж үзэж байгаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоол гэж байгаа. Тухайн тогтоолоор нөхөн олгох журмыг зохицуулсан байдаг. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам гэж байдаг. Тухайн журамд ямар субъектэд газар ашигласны нөхөн олговор олгох вэ гэвэл тухайн журмын 1.1 дэх хэсэгт тухайн хот суурин газрыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай болон үйл ажиллагаа явуулж байгаа талбайд газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч иргэн хуулийн этгээдэд нөхөн олговор олгох зохицуулалтыг энэ журмаар зохицуулна”, 3.1 дэх хэсэгт нөхөн олговрын үнэлгээний зүйлсэд дараах зүйлс хамаарна”, 3.1.1 дэх заалтад хууль ёсны өмчлөх эзэмших эрх бүхий газарт нөхөн олговор”-ын асуудал яригдана. Тэгэхээр нөхөн олговор олгох боломжгүй юм. Тухайн хэргийн материалд байгаа гарааш доторх эд зүйлсийг авахдаа дутуу эд зүйлс хүлээж авсан талаар Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаагүй. Тухайн эд зүйлсийн талаар албан ёсны баримт, зураг гэх мэт зүйлс нь байдаггүй. Ийм үндэслэлээр тухайн гарааш доторх эд зүйлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч П.Б***аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэр, үйл ажиллагааг хууль бус хэмээн маргасан. Үүнд: 

1. Баянгол дүүргийн Засаг даргаас гарааш буулгах шийдвэрийг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, тухайлан дулааны шугамын хамгаалалтын зурвасаа тогтоогоогүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй,

2. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас урьдчилан мэдэгдээгүй, гараашийг буулгасан нь хууль бус байсан бөгөөд гарааш дотор эд хөрөнгийг устгасан, үрэгдүүлсэн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч П.Б***д Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт албан ёсоор газар эзэмших эрхийг олгож байгаагүй ч тэрээр тус дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол *** дугаар байрны дэргэд байрлах 420 тоот гараашийг эзэмшин 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 19/586 дугаар “Газрын төлбөр тодорхойлох тухай акт”-ын үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаан газрын төлбөрт 95040 төгрөгийг төлөн тухайн гараашийг ашиглаж байсан болох нь,

            “У*******” ТӨХК-иас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06/1496 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан Улаанбаатар хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугамын 2019 оны зуны засварын батлагдсан графикт 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг 7в магистралийн 500 мм голчтой 151 хос метр шугамыг шинэчлэн солих хугацаатай ажилд холбогдох хууль, журмыг зөрчсөн зөвшөөрөлгүй 3 ширхэг төмөр гарааш, 9 ширхэг тоосгон гараашуудын газрыг чөлөөлүүлэх хүсэлтийг,

тухайн засварын ажлыг гүйцэтгэгч “Н***” ХХК-иас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19/89 дүгээр албан бичгээр “... “У*******” ТӨХК-ийн захиалгаар 7в магистраль ДХ-784-ДХ-781 худгийн хооронд 2Ф500 мм голчтой 151 хос метр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд шугам тоноглол дээр баригдсан 388, 417, 418, 420, 421 дугаартай тоосгон гараашууд, 5 ширхэг дугааргүй гарааш, 2 ширхэг төмөр гараашийг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн газрыг чөлөөлж өгнө үү” гэх албан бичгийг тус тус хүргүүлсэн.

            Үүнтэй холбогдуулан, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн *** дүгээр хорооллын *** дугаар байрны дэргэдэх нэхэмжлэгч П.Б***ын гараашийн хаалганд 19/01 дугаартай газар чөлөөлөх тухай “мэдэгдэх хуудас”-ыг нааж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Дулааны шугамын хамгаалалтын зурвас албадан чөлөөлөх тухай” А/431 дугаар захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөрийг тодорхойлох тухай акт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03-06/3764 дугаар албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны болон 06-ны өдрийн огноо бүхий газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас, гарааш албадан буулгах үйл ажиллагааны тэмдэглэл, фото зураг болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хорооллын *** дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот гарааш нь тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг 7в магистрал шугамын хамгаалалтын зурваст орсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “...“У*******” ТӨХК-ийн эзэмшлийн 7в магистралын хамгаалалтын зурвасын зураглал (М1:1000)-ын солбицлын утгыг нэгж талбарын 186*** дугаартай газрын кадастрын зургийн солбицлын утгатай давхцуулан үзэхэд хоорондоо давхцаж байна” гэх 2022/31 дүгээр шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хорооллын *** дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот гараашийг албадан буулгах үйл ажиллагааны хүрээнд тухайн гарааш дотор байсан эд зүйлсээс тодорхой нэр төрлийн эд зүйлс алга болсон гэж үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарийн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх,

24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”,

26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”,57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” хэмээн,

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн тус тус хуульчилсан

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/431 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хариуцагчаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар албадан чөлөөлөх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тус тус тогтоож, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар албан чөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байсан гараашаас алдагдсан эд зүйлстэй холбоотой асуудлаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд нэхэмжлэгч нь тухайн асуудлаар хуульд заасан журмын дагуу иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мөн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан шинжээчийн зардал 251,094 /хоёр зуун тавин нэгэн мянга ерэн дөрөв/  төгрөгийг  нэхэмжлэгч урьдчилан төлсөн болохыг тус тус дурдан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Б***аас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, түүний улмаас учруулсан хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.278 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 148,078 төгрөгийг буцаан олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА