Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00159

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Батбуянгийн Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201722000228 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхангай Батбуянгийн Мөнхсайхан, 1973 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЛ73082902 дугаартай,

Шүүгдэгч Б.Мөнхсайханы нохой нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хашаан дотроо иргэн Ц.Сарантуяаг хазаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Ц.Сарантуяаг хазаж бие махбодийг нь хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнхсайханы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Сарантуяаг дагуулаад гэртээ орох хооронд манай нохой сул байж байгаад Ц.Сарантуяагийн зүүн хөлний булчингаас хазсан. Тухайн үед нохойны үснээс нь хайчлаад шархан дээр нь тавьж боож өгсөн. Би хохирол төлбөрийг төлж бид хоёр эвлэрсэн..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Сарантуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дандар гэдэг хүний эхнэр Мөнхсайхан надруу утсаар яриад хүрээд ирээч гэхээр нь очтол Мөнхсайхан гарч ирээд манай нохой зүгээр зүгээр хаздаггүй юм гэхээр нь дагаад гэрт нь орох гэж байтал нохой нь над руу дайраад зүүн гуяны тахир борвиноос хазчихсан. Мөнхсайхан нохойны үснээс миний хөлөн дээр тавьж боож өгсөн. …" гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч М.Оюунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... Манай ээж Ц.Сарантуяа Дандар гэдэг айлын нохойд хазуулж 4 шүд орсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 266 тоот

1. Ц.Сарантуяагийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ц.Сарантуяагийн биед зүүн шилбэнд хазагдсан шарх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Сарантуяа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 201722000228 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 24 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ц.Сарантуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Эрүүгийн 201722000228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Баянхангай Батбуянгийн Мөнхсайханыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Батбуянгийн Мөнхсайханд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

       3. Эрүүгийн 201722000228 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхсайханд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР