Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байранд оршин байрлах, Тэнгис-Өргөө Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1 давхарт оршин байрлах, Бяцхан Ертөнц цэцэрлэгт холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Тэнгис Өргөө Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэнгис өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь 2007 онд байгуулагдаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар хорооллын нутагт орших 6 дугаар байрыг хариуцан ажилладаг. Бяцхан Ертөнц цэцэрлэг нь Тэнгис-Өргөө сууц өмчлөгчдийн холбоотой 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2015-2017 он хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2 жилийн хугацаанд төлөхгүй байх тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох нэг сарын төлбөр 50,000 төгрөг, 24 сарын нийт 1,800,000 төгрөг болсон. гэв.
Хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тэнгис Өргөө Сууц өмчлөгчдийн холбооны гарагсан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Тухайн үйлчилгээний зориулалттай 1 давхрын байрыг 2008 онд худалдан авахад байрнаасаа урд зүг буюу орцны эсрэг тал руу гаргасан хаалгатай, сууц өмчлөгчдийн холбоонд огт хамааралгүй үйл ажиллагаатай байсан. Худалдан аваад нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хүмүүжил, сургалтад хувь нэмрээ оруулах үүднээс Хүүхдийн цэцэрлэг болгон өөрийн хөрөнгөөр гадна, дотор бүрэн тохижилтыг хийсэн.
Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл уг нэхэмжлэх гаргасан байрны гадна, дотор урсгал засвар, цэвэрлэгээ, хог, харуул хамгаалалт зэргийг өөрийн хөрөнгөөр сууц өмчлөгчдийн холбооноос хамааралгүйгээр шийдвэрлэж байгаа болно.
2013 онд Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны даргатай удаа дараа хэлэлцэж хийсний дүнд 1 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний хугацаа нь дууссан бөгөөд гэрээт хугацаандаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг бүрт нь төлж байсан. Харин сууц өмчлөгчдийн холбоонд дээд давхрын айлаас байнга ус алддаг талаар гомдол мэдүүлж, засвар хийх шаардлага тавихад хүлээж авалгүй 4 жил өнгөрсөн. Мөн хог хаях цэг нь байнга цоожтой байдаг, биднийг хог хаяулдаггүй, харуул хамгаалалт нь байгаа үгүй нь мэдэгддэггүй гэх зэргээр сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг авч үзээгүй ба түүгээр барахгүй сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд нь хуралддаг эсэх нь мэдэгддэггүй, мөн үйл ажиллагааны талаар нэг ч удаа мэдээлээгүй гэх мэтээр огт хамтран ажиллаагүй болно.
Гэвч манай цэцэрлэгийн зүгээс 2015 онд сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн даргад нь гэрээг сунгах үүднээс гэрээний төлбөрийг дахин хэлэлцэн зөвшилцөх, гэрээний үүргийн биелэлт, сууц өмчлөгчдийн холбооны тайлангийн мэдээллийн талаар удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөг хүртэл огт хариу мэдэгдээгүй.
Иймээс Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тэнгис өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэг нь Тэнгис өргөө сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны, 6 дугаар хороолол, Их тойруугийн 6 дугаар байрны 1 дүгээр давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000058094 дугаартай Ү-2202014283 дугаартай бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 273 дугаартай Тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, Бяцхан ертөнц цэцэрлэгийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрчилгээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалт сайжруулах зорилготой, 1 жилийн хугацаатай, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 50,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлөхөөр тохиролцож, дээрх гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Бяцхан Ертөнц цэцэрлэг нь Тэнгис-Өргөө сууц өмчлөгчдийн холбоотой 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2015-2017 он хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2 жилийн хугацаанд төлөхгүй байх тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох нэг сарын төлбөр 50,000 төгрөг, 24 сарын нийт 1,800,000 төгрөг болсон... гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... Тухайн үйлчилгээний зориулалттай 1 давхрын байрыг 2008 онд худалдан авахад байрнаасаа урд зүг буюу орцны эсрэг тал руу гаргасан хаалгатай, сууц өмчлөгчдийн холбоонд огт хамааралгүй үйл ажиллагаатай байсан.
2013 онд Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны даргатай удаа дараа хэлэлцэж хийсний дүнд 1 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний хугацаа нь дууссан бөгөөд гэрээт хугацаандаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг бүрт нь төлж байсан.
Мөн хог хаях цэг нь байнга цоожтой байдаг, биднийг хог хаяулдаггүй, харуул хамгаалалт нь байгаа үгүй нь мэдэгддэггүй гэх зэргээр сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг авч үзээгүй ба түүгээр барахгүй сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд нь хуралддаг эсэх нь мэдэгддэггүй, мөн үйл ажиллагааны талаар нэг ч удаа мэдээлээгүй гэх мэтээр огт хамтран ажиллаагүй болно.
Гэвч манай цэцэрлэгийн зүгээс 2015 онд сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн даргад нь гэрээг сунгах үүднээс гэрээний төлбөрийг дахин хэлэлцэн зөвшилцөх, гэрээний үүргийн биелэлт, сууц өмчлөгчдийн холбооны тайлангийн мэдээллийн талаар удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөг хүртэл огт хариу мэдэгдээгүй.
Иймээс Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай 260,5 м.кв талбайтай, Ү-2202014283 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Алтангэрэл болон Е.Энхбаяр нар байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 273 дугаартай захирамжаар дээрх этгээдүүдэд Бяцхан ертөнц цэцэрлэг байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүчинтэй байна.
Хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нь Б.Алтангэрэл болон Е.Энхбаяр нар байх бөгөөд Бяцхан ертөнц цэцэрлэгийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар тушаалаар Бяцхан ертөнц цэцэрлэгийн эрхлэгчээр нь Б.Лхагвасүрэнг томилсон байна.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг гэж заажээ.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэжээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагддаг байна. Тийм ч учраас орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг хуульд заажээ.
Хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгийн хувьд орон сууцны өмчлөгч бус анхнаасаа уг байшингийн 1 давхарт цэцэрлэгийн зориулалтаар барьсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан, тухайн зориулалтаар эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогдсон, хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгийг орон сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэг нь орон сууцны өмчлөгч биш бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг хэсэгт цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул Сууц өмчлөгчийн холбооны гишүүн байх үүрэг хуулиар үүсэхгүй, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардлыг сууц өмчлөгч гэж үзэж шаардах эрхгүй байна.
Хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэг нь орон сууцны гадна талаасаа хаалгатай боловч сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд зүйл болох орон сууцны орц, орчны талбай зэрэг зарим эд хөрөнгөд ашиглах, нөлөөлөх боломж байгаа нь тогтоогджээ.
Энэ тохиолдолд зохигчид нь гэрээ байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Харин нэхэмжлэгчид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан шаардах эрх үүсэхгүй болно.
Иймд нэхэмжлэгч Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгт холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Бяцхан ертөнц цэцэрлэгт холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тэнгис Өргөө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тэнгис өргөө сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС