2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

   2025          01           29                                    2025/ШЦТ/308

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Д.Агар /тээврийн прокурор/,

шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2403006381098 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 05 дугаар сарын 29-ний өдөр ****** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух, урьд

- Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-д зааснаар 5 жил 1 сарын хугацаанд хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 534 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаанд хорих ял тус тус шийтгүүлж байсан, *************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын хойд замд “Тоуоtа Prius 20” маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зорчих хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Сэргэлэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-11, 14-15 дахь тал/,

 

Хохирогч Э.Сэргэлэнгийн:

“Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад 20 цагийн үед “Гүрэн” нэртэй паб орж экс нэртэй цагаан архи 200 граммыг ууж дуусаад орой 23 цагийн үед гэр рүүгээ явах гээд сууж байсан газраас гараад ертөнцийн зүгээр хойд талаас урд зүг чиглэлтэй гарцгүй газраар зам гарах гэж явж байхад “Тоуоtа Prius 30” маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй явж байгаад намайг ирж мөргөсөн. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч удаан явж байгаад намайг мөргөх үед тээврийн хэрэгслийн хурдыг гэнэт нэмж ирж мөргөсөн. Тухайн намайг мөргөсөн жолооч нь намайг зам гарч байхад хараагүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч Эрдэнэбатын Сэргэлэн РД: ХЙ84031470 нь 2024 оны 08 сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 сарын 04-ний өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.987.680 төгрөг гарсныг М.Мөнхтөвшинөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Энхжаргалын:

“...Тоуоtа Prius” маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Фин экспресс” ББСБ-аас би гэрээ хийж зээлээр авсан миний нэр дээр байгаа. “Тоуоtа Prius” маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл байхгүй. “Тоуоtа Prius” маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 40 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №10980 дугаартай:

“...Э.Сэргэлэнгийн биед баруун шаант ясны гадна булууны үе дайрсан хугарал, ясны хэмт эдийн хаван, баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоос, гадна болон дотор хажуугийн холбоос, тойгны дотор даруулган холбоос, булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд няцарсан шарх, баруун шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №424 дугаартай:

“...Тоёота приус-30 маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь

техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд оврын гэрэл асахгүй, баруун урд ойрын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, салхины шил баруун доод хэсгээрээ бяцарсан гэмтэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1976 дугаартай:

 “...Тоёота Приус-30 маркийн 22-68 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч Э.Сэргэлэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”. гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 60-61 дэх тал/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***************** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Сэргэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сэргэлэнд олгох саналтай байна, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 1.987.680 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****************ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сэргэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Харин хохирогч Э.Сэргэлэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “*****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч ***************** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *****************ийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч *****************ий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2403006381098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.00 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 1.987.680 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *****************гөөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж,

- хохирогч Э.Сэргэлэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ