2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

   2025          01          31                                    2025/ШЦТ/336

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Анхбаяр, 

шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** холбогдох эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 07 дугаар сарын 08-ны өдөр ********* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “********** буудалд хохирогч Н.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, мөргөн газар унагаан, нүүр хэсэг руу нь 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд уруулд шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Хохирогч Н.Лхагвасүрэнгийн:

“...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай хуурайн ах 18 цагийн үед над руу залгаад “ахынхан ажил эрт тарчихлаа, нэг газар ууж сууя” гэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх “****************” гэх буудалд өрөө захиалчихсан Энхбаяр ахыг хүлээж байсан. Ингээд Энхбаяр ах ирээд бид 2 дэлгүүр орж архи болон идэх зүйлс аваад гарах гэхэд манай ах нэг залуутай мөргөлдөөд маргаан үүссэн. Бид 2 тухайн үед тоолгүй дэлгүүрээс гараад явж байхад ардаас дуудаад хүрч ирээд манай ахыг цохиод зодоод байхаар салгаад бид 2 буудал руу гаа орсон. Ингээд удалгүй манай эхнэр залгаад ирчихсэн байна гэхээр нь Энхбаяр ахыг тухайн буудалд үлдээгээд би гараад явж байхад тухайн хүмүүстэй тарсан. Тэгээд нөгөө хүмүүс гэнэт мөргөөд би газарт унахад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд зугтаад явчихсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Хохирогч Н.Лхагвасүрэнгийн дахин өгсөн:

“...Тэр залуу миний урдаас тулж ирээд толгой хэсгээрээ нэг мөргөхөд би газар унаад хэвтэж байхад шууд баруун хөлөөрөө нэг удаа нүүр хэсэг руу өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Гэрч Т.Ариунаагийн:

“...2023 оны 10 дугаар сарын 27-ны орой ажлаасаа тараад манай нөхөр болох Н.Лхагвасүрэн нь намайг “Хархорин” худалдааны төвд уулзаж намайг аваад шууд хорооллын **************** зочид буудалд хуурай ах нь байна хүрээд ир гэхээр нь би тухайн үед цуг очсон манай нөхөр болон н.Энхбаяр ах хоёр нэг шил архи хувааж уусан тэгээд уух юм нь дуусаад Энхбаяр ахтай манай нөхөр болон миний бие цуг дэлгүүр гараад би гадаа машиндаа үлдэж сууж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас алхаад ирж байсан тэгээд баахан залуучууд бужигналдаад зодолдоод байсан тэгээд буугаад харсан чинь манай нөхөр болон н.Энхбаяр ах тэр хоёр байсан тэгээд би очиж салгаад н.Энхбаяр ах болон Н.Лхагвасүрэн нарыг аваад тус буудалд өрөө авсан байсан учраас тэр өрөө руугаа орсон тэр өрөөндөө байж байгаад 11 цагийн үед гэртээ харих зорилгоор буудлаас гарах гээд 1 давхар руу бууж байхад тэр зодоон дунд байсан залуу үүдээр орж ирээд манай нөхрийг барьж аваад шууд мөргөж газар унгаагаад нүүр хэсэг руу нь 4-5 удаа өшиглөсөн тэгээд буудлын ресепшн ирж салгаад авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14777 дугаартай:

“... Н.Лхагвасүрэнгийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 47-51 дэх тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Т.Ариунаа нь “Би тухайн манай нөхрийг цохисон гэх залууг хараад царай төрхийг нь сайн санаж байна, би зургийг нь хараад шууд танина гэж хэлж байв. Тэрээр 3 дугаарт байгаа хүн мөн байна гэж” хэлэв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **************** нь хохирогч Н.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Лхагвасүрэнгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 160.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч **************** нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Н.Лхагвасүрэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч **************** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч ****************ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305041981644 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ыг 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Лхагвасүрэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ