2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/348

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          03                                    2025/ШЦТ/348

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

хохирогч Г.Эрдэнэмандал, 

шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 1-60 дугаар байрны 43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *****************, ***********.    

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт архи уусан байхдаа хэл амаар доромжлоод байсан гэх шалтгаанаар хохирогч Г.Эрдэнэмандалтай маргалдаж нүүр, толгой, бие хэсэг рүү нь цохиж, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрдэнэмандал мэдүүлэхдээ: “...миний зүгээс баримаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол, саналгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Эрдэнэмандалын:

“...2024 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би эмэгтэй Намуун гэх найзтайгаа удаан уулзаагүй байж байгаад уулзаад Намуун би Намууны найз эмэгтэй би танихгүй бид гурав БЗД-ийн натур худалдааны төвийн тэнд байрлах караокед ороод 00 цагийн үед гараад Намууны эмэгтэй дүү нь найз залуугийн хамт ирж аваад зайсан могул тауны тийшээ явсан. Машинд явж байхад манай найз Намууны дүү болох эмэгтэйг би эгчтэйгээ ямар адилхан юм бэ ингэж дурайгаад байхдаа яадаг юм бэ гэх утга бүхий зүйл ярьсан чинь хажууд нь сууж явсан залуу чи манай найз охиныг юу гээд байгаа юм бэ буугаад ир пизда минь гээд намайг буулгаад намайг нүүр нүдгүй цохиж зодсон би нүүрээ хамгаалаад доошоо тонгойгоод цохиулаад газар унасан хамт явж байсан манай Намуун найз цагдаад дуудлага өгсөн байх. Тухайн үйл явдал зайсан өгсөөд 2 зогсоол байдаг тэрний доохон талд болсон.. миний толгой духны дээд хэсэгт хагарсан юугаар цохисон талаар мэдэхгүй байна 1 оёдол тавиулсан. Хөмсөг болон зовхи сэтэрсэн 2 оёдол тавиулсан, хамрын таславч хамрын яс хугарсан байдалтай байна. ”...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13296 дугаартай:

 “...Г.Эрдэнэмандалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 60-63 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***************** нь хохирогч М.Эрдэнэмандалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *****************оос 938.271 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, мөн хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөр болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***************** нь:

2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Эрдэнэмандалтай маргалдаж нүүр, толгой, бие хэсэг рүү нь цохиж, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Эрдэнэмандалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13296 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Харин хохирогч М.Энхмандал нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч *****************ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2410042341707 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****************оос хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 998.271 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эрдэнэмандалд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Эрдэнэмандалын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Эрдэнэмандал нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *****************т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ