2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

   2025          02           03                                   2025/ШЦТ/358

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2024 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Б.Амаржаргалын “Хаан” банкин дахь 5055131115 тоот дансанд байх мөнгөнөөс нийт 451.812 төгрөгийг хохирогчийн гээсэн байсан банкны картыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол болох 451.812 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн картыг манай хүүхэд олсон улмаар би нийт 49 удаагийн гүйлгээгээр дээрх мөнгийг хоол хүнсний зүйлдээ зарцуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

 

Хохирогч Б.Амаржаргалын:

“...Хүүхдүүдийн маань ээждээ зарлага гарсан талаар хэлэхээр нь би өөрийн дансны хуулгаа авч гүйлгээгээ шүүж үзэхэд 2024 оны 10-р сарын 27-ны өдрөөс хойш энэ оны 11-р сарын 08-ны өдрийг хүртэл миний хийгээгүй худалдан авалтын зарлага их гарсан байсан ...миний данснаас 49 удаагийн гүйлгээгээр 451.812 төгрөг гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Анхзулын:

“...Би 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим хичээлээ тараад Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” хорооллын дунд байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад гэртээ харих гээд явж байсан чинь газар “Хаан банк”-ны ногоон өнгийн карт хэвтэж байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд би ээжид тухайн олсон картаа өгөхөө матчихсан байсан ба энэ оны 10-р сарын 27-ны өдөр олсон картаа ээжид гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

 

Шүүгдэгч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 10-р сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” хороолол 10-р байрны 1-8 тоот гэртээ байхдаа манай том охин Анхзул надад хандан би сая байрны хажуугаас “Хаан банк”-ны ногоон өнгийн карт оллоо гээд өгсөн. Тухайн үед хоол хүнс авах болон зарим зүйлсэд мөнгө их хэрэг болоод байсан учир тухайн картыг уншуулж үзсэн чинь болчихсон. Тэгээд би түүнээс хойш өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Би тухайн эмэгтэй картаас уншуулсан 451.812 төгрөгийг өөрийн “Хаан банк”-ны данснаас тухайн хүний дансанд хийж бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ************* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Б.Амаржаргалд 451.812 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч ************* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************* нь:

2024 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Б.Амаржаргалын “Хаан банк”-ин дахь 5055131115 тоот дансанд байх мөнгөнөөс нийт 451.812 төгрөгийг хохирогчийн гээсэн байсан банкны картыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Б.Амаржаргал, насанд хүрээгүй гэрч Б.Анхзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *************г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амаржаргалд 451.812 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************* нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч ************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *************д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  шүүгдэгч *************д анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ