Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч О.Мөнхтуяа /томилолтоор/,

шүүгдэгч С.С*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С******* холбогдох эрүүгийн 2415000170281 дугаартай, 304/2025/0016/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт С******* С*******, З******* аймгийн Ц******* суманд 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Х******* тосгоны Н******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ ” ХХК-д манаач, мод үржүүлгийн ажилтнаар ажилладаг, регистрийн дугаар: , урьд нь

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэн хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.С******* нь 2023 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд “Таван нуур” ХХК-д олгосон серийн , дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан талбайн тусгаарлалт хийгдсэн Булган аймгийн Хангал сумын 76/20 хэсэглэл, ялгарлын дугаар бүхий Хандгайт гэх газраас мод бэлтгэхгүйгээр Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Цоохор н******* уул” гэх газраас нийт 17 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж нийт 19.64 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэж, улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Цагаан хуст” гэх газраас улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг х******* "тосгонд байрлах “Таван нуур” ХХК-ийн хашаа руу тээвэрлэсний улмаас байгаль экологид 10,388,634 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 31,165,902 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

4.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.С******* нь “Таван нуур” ХХК-д жолоочоор ажиллан уулнаас мод бэлтгэх ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тус аж ахуйн нэгжид олгосон серийн , дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан Булган аймгийн Хангал сумын 76/20 хэсэглэл, ялгарлын дугаартай “Хандгайт” гэх газраас бус өөрөө дур мэдэн мод бэлтгэх эрхийн бичигт заагдаагүй газар болох Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Цоохор н******* уул” гэх газрын ойгоос 2023 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд зөвшөөрөлгүйгээр  17 ширхэг буюу 19.64 метр куб ургаа шинэс төрлийн мод огтолж, хэрэглээний зориулалттайгаар бэлтгэн,  Ц.Т эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 10,388,634 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 31,165,902 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч Ж.Б: “...Таван нуур ХХК-ийн талаар мэднэ ээ. Х******* тосгонд байх сум дундын ойн ангиар манай сумын Хандгайт нэртэй газарт талбай тусгаарлалт хийлгэсэн ба модоо уулнаас бэлтгэн татаж авах үедээ талбай тусгаарлалт хийгээгүй “Цагаан хуст” гэх газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Тухайн үед “Таван нуур” ХХК-ийн модыг бэлтгэж өгсөн хүн нь С.С******* гэх хүн байсан талаар сум дундын ойн ангиас би мэдсэн юм. Талбайн тусгаарлалт хийгдсэн газар байсан тул мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/-гоо аваад тухайн зааж өгсөн газраас бэлтгэх ёстой байсан. Гэтэл талбай тусгаарлалт хийгээгүй газраас бэлтгэсэн учраас энэ үйлдэл нь гэмт хэрэг болно гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120, 123 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Т: “...Миний хувьд уг хэрэгт өөрийн цахилгаан хөрөө болон улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлүүлж хураалгуулсан байх тул уг хөрөө болон тээврийн хэрэгслийг эргүүлэн авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126, 129-130 дахь тал/,

-Гэрч Ц.Т /иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон/: “...2023 оны 12 дугаар сард С******* манай компанийн модонд явсан. Тухайн үед 2 удаа манайд мод татаж буулгаж өгсөн. Хамгийн сүүлийн явалт дээрээ уулан дээрээс над руу залгаад Х*******аар шалгалт яваад байгаа гэнээ яах уу ах гэж асуусан, би хариуд нь гоожин бичиг баримт байгаа болохоор авах газраасаа модоо аваад хүрээд ирээ гэж хэлсэн. Тэр үед би хөрөө рамын хашаанд зүсвэр хийж өгч байсан хүмүүсийг ажлаас нь буулгахаар очсон. Тэр үед С******* мод ачиж ирсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэ болон үл таних нэг хүнтэй хамт гурвуулаа явж байсан. Талбай тусгаарлалт хийсэн газраасаа аваарай л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

-Гэрч С.Б: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.С*******, Б.Мөнх-Эрдэнэ нарын хамт “Таван нуур” ХХК-ийн захирал Т улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тухайн компанийн модыг татаж өгөхөөр Хангал сумын 1 дүгээр багийн “Цагаан хуст” гэх газар руу явсан. Тухайн үед С******* ах жолоо барьж явсан бөгөөд өөрөө талбайн тусгаарлалт хийлгэсэн газрыг нь мэднэ, өмнө ойн инженертэй хамт ирсэн юм гэж хэлж байсан.

Тэгээд “Цагаан хуст” гэх газрын хамгийн дээд талын амаар дээш өгсөж нэлээд явсан ба тухайн амнаас өгсөж гарч ирмэгцээ зүүн гар тийшээ салж ертөнцийн зүгээр баруун тийш явж уулын энгэрээр зүүн тийш ташуулдан зам гаргаж яваад уулын орой хэсэгт гарсан ба тухайн газарт ирж зогсоод С******* ах энэ газраас хийнэ, энд талбай тусгаарлуулсан юм гэж хэлээд 7 ширхэг шинэс төрлийн босоо унагаасан. С******* ах хужаагийн цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж тайрч бэлтгэсэн юм. Тэгээд Мөнх-Эрдэнэ, С******* ах бид гурав машины ачаа хэсэг рүү дэр мод тавьж байгаад тухайн моднуудаа ачиж уулнаас буугаад Х******* тосгонд ирээд “Таван нуур” ХХК-ийн хашаанд буулгаж өгсөн.

Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бид гурав дахин модонд явсан ба өмнө бэлтгэсэн газраасаа зүүн зүгт уулын энгэр хэсэгт очсон ба тухайн газарт С******* ах өмнө нь ашигласан хөрөөгөөрөө 10 ширхэг босоо мод унагаасан ба тухайн модонд 4 метрийн тэмдгийг би тавьж С******* ах хужаа цахилгааны хөрөөгөөр хөрөөдөж тайрсан ба Мөнх-Эрдэнэ, С******* ах бид гурав хамт ачиж аваад уулнаас буугаад явж байхад “” маркийн машины рам нь эвдэрч ачаагаа хээр буулгаж орхиод Х******* тосгонд орж ирж хоносон. Маргааш нь машинаа янзалж дуусаад бид гурав модондоо явсан ба хээр буулгасан модоо ачиж Х******* тосгонд орж ирээд “Таван нуур” ХХК-ийн хашаанд буулгаж Тогтохбаяр ахад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн-147, 149-150 дахь тал/,

-Гэрч Б.М: “...Өмнөх мэдүүлэгтээ би анх явсан өдрөө 12 дугаар сарын 22-ны өдөр гэж андуураад хэлсэн байсан. Ц.Тогтохбаяр ахын над руу ярьсан өдрийн маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө С******* ах манайд хүрч ирээд Б, С******* хоёртой хамт “Таван Нуур” ХХК-ийн модонд явсан. Тухайн үедээ С******* ах өөрөө машин барьж явсан ба талбай тусгаарлалт хийлгэх үед нь С******* ах өөрөө явсан гэж байсан болохоор С******* ахыг өөрөө мэдэж байгаа юм байна гэж бодоод л явж өгсөн. Тэгээд тухайн өдөр 7 ширхэг босоо мод С******* ах унагааж Б ах 4 метрийн хэмжээ тавьсан тухайн хэмжээний дагуу С******* ах хөрөөдөж тайрсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн газар руу буюу “Цагаан хуст” гэх газар руу бид гурав дахин явж өмнө нь мод бэлтгэсэн газраас зүүн зүгт дахин мод хийсэн ба тухайн өдөр С******* ах 10 ширхэг босоо мод унагаан Б ах 4 метрийн хэмжээ тавьсан. Бүх модыг Тогтохбаяр ахын хөрөө рамын хашаанд буулгасан, тухайн модноос бид гурвын нэг нь ч нэг ширхгийг аваагүй бүгдийг нь “Таван Нуур” ХХК-д бэлтгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153-155, 158-159 дэх тал/,

-Гэрч Э.П: “...Анх үзлэг хийж битүүмжлэх үед би оролцож өөрийн биеэр хадгалах хамгаалах үүрэгтэй танилцаж хүлээн авсан. Тухайн үед зүсмэл модон материалыг хэмжээ хэмжээгээр нь ангилж 4 хэсэг болгон өрж байрлуулсан байсан ба намайг тоолж үзэхэд 15*15 хэмжээтэй палк 15 ширхэг, 5*15 хэмжээтэй 9 ширхэг, 7*15 хэмжээтэй 17 ширхэг, 10*15 хэмжээтэй 12 ширхэг байсан. Дараа нь 15*15 хэмжээтэй палк 16 ширхэг болсон талаар мэдэж үзлэг дахин хийхэд оролцоход 15-15 хэмжээтэй палк 16 ширхэг байсан. Тийм болохоор өмнө хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийн зургийг харахад өмнө нь үзлэг хийх үедээ 15*15 хэмжээтэй палкаа өрж байрлуулах үедээ нэг палкны үзүүрийг цааш нь оруулаад өрсөн байсан бөгөөд урд талаас нь харахад нэг үзүүр нь харагдахгүй цаашаа орсон байсан бөгөөд тоолж үзэхэд 15 ширхэг харагдаж байсан тул буруу /дутуу/тоолоод бичсэн байсан. Тийм болохоор тухайн зүсмэл модон материал анх байсан чигээрээ байгаа. Тухайн палк, банзнаас дутсан илүү гарсан зүйл байхгүй, буруу тоолоод үзлэг хийсэн гэсэн үг юм. Би тухайн ажиллагаанд хамт оролцож тухайн зүсмэл модон материалыг хүлээж авсан тэр үед тоолж үзэхэд 15*15 хэмжээтэй палк 15 ширхэг байсан ба одоо тухайн үеийн үзлэгийн зургийг харахад нэг ширхгийг нь дутуу тоолсон байна лээ. Тухайн палкны голын эгнээний доод талын палк нь цаашаа тавигдаад дараагийнх нь дээр нь тавигдахаар бага зэрэг урагшаа өрөгдсөн ба дээрээс нь харж тоолоход хамгийн доод талынх нь харагдахгүй байсан тул 1 ширхэг палкны зөрүү гарсан байна гэсэн үг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162, 164 дэх тал/,

-Гэрч П.Э: “...Би Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай. Тухайн ажлыг 1998 оноос хойш тасралтгүй хийж байгаа. Би 2023 оны 12 дугаар сард “Таван нуур” ХХК-д Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайт” гэдэг газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн эхлэлийн акт бичиж өгсөн болохоос биш “Цагаан хуст” гэдэг газраас бэлтгэх эхлэлийн акт бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

-Гэрч Б.Н: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр иргэн С.С*******гийн хууль бусаар бэлтгэсэн мод модон материалыг хураан манай цагдаагийн тасгийн хашаанд зүүн талын урд хэсэгт буулгаж хураасан. Тухайн үед буулгаж хурааснаас хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй. Тийм асуудал байхгүй анх хурааж байрлуулсан хэвээрээ байгаа. Шинжээч нар ирж үзэж үзлэг хийж байсан. Тухайн үед дутсан зүйл гараагүй одооч хэвээрээ байгаа... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/,

-Гэрч Н.Б: “...Би одоо он сар өдрөө сайн санахгүй байна. Ойролцоогоор 2023 оны 12 дугаар сар, эсвэл 2024 оны 01 сарын үед санагдаж байна. Тогтохбаяр нь рамд мод ирчихлээ танаар банз, палк зүсүүлэх гэсэн юм та хэд хоног ажиллаад өгөөч гэсний дагуу би төрсөн дүү Отгонбаяр, Уяа гэж дууддаг залуу нарын хамтар Т мод бэлтгэлийн рам нь дээр мод зүссэн бөгөөд намайг рам нь дээр очиход мод буучихсан байсан. Улмаар маргааш нь ажиллаад нөгөөдөр нь санагдаж байна ажиллах гээд рам нь дээрээ иртэл цагдаа нар ирээд бүх модыг нь ачаад явсан гээд хөрөө рам  дээр ямар ч модгүй болчихсон байсан. Түүнээс хойш дахиж мод зүссэн зүйл байхгүй. Тухайн моднууд нь 4 метрийн урттай байсан бөгөөд яг хэдэн ширхэг мод байсан талаар одоо санахгүй байна. Ойролцоогоор нэг машин бол байсан санагдаж байна. Тухайн моднуудаас хэдэн банз, палк гарсан талаар одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Г.О 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 889 дугаартай:

“... “46 ширхэг 17.106 метр куб “Н******* овгийн-Рinасеае, Сибирь шинэс-Lаriх sibirica Ledeb” буюу “шинэс” зүйлийн модны экологи эдийн засгийн үнэлгээ 4,579,395 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоод дурдсаны дагуу ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 13,738,185 төгрөг байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-196, 197-198 дахь тал/,

-Шинжээч Д.А: “...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Х******* тосгонд очиж тухайн цагдаагийн хэсгийн хашаанд байсан модон материалд үзлэг хийн дүгнэлт гаргасан тухайн үед 15*15 хэмжээтэй палк 16 ширхэг, 5*15 хэмжээтэй, 4 метр урттай 9 ширхэг банз, 7*15 хэмжээтэй, 4 метр урттай. 17 ширхэг, 10-15 хэмжээтэй, 4 метр урттай 12 ширхэг палк нийт 54 ширхэг модон материал байсан. Тухайн 2 дүгнэлтийг үндэслэн нийт модны хэмжээг тодорхойлж болно. Миний тооцоолж байгаагаар шинжээч Г.О гаргасан 889 дугаартай дүгнэлтэд модны хэмжээг 17.106м3 гэж гаргасан. Миний дүгнэлтэд 3.14м3 гэж гаргасныг нэмж тооцвол 20.246м3 болж байна. Үүнийг нэмэлтээр гаргах дүгнэлтэд тусгаж болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Д, Д.А нарын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2945 дугаартай

“...Шинжилгээнд ирүүлсэн шинжээч Г.О 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 889 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар 46 ширхэг бөөрөнхий мод нь нийт 17.106м3 байна. Мөн 4 метрийн урттай 54 ширхэг банз, палк нь нийт 3.14 м3 байна. Нийт 20.246 м3 мод байна.

Нийт 20.246м3 модны экологи засгийн эдийн үнэлгээ нь 2,437,737 төгрөг+8,242,911 төгрөг= 10,680,648 төгрөг байна.

Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн 10,680,648 төгрөг х З = 32,041,944 төгрөг байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч Г.Мөнхчулуун, Д.Мөнхцэцэг, А.Есөнтөмөр нарын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай:

“...Шинэс төрлийн 46 ширхэг хэрэглээний бөөрөнхий гуалин мод болон 54 ширхэг банз, палк, нь нийт 19.64м3 байна.

Шинэс төрлийн 46 ширхэг бөөрөнхий модны экологи-эдийн засгийн үнэлгээ 4,417,165 х 1.8=7,950,897 төгрөг байна. 54 ширхэг банз болон палкны экологи- эдийн засгийн үнэлгээ нь 840,599 х 2.9 = 2,437,737 төгрөг байна.

Нийт хэрэглээний бөөрөнхий мод болон зүсмэл материалын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 7,950,897 төгрөг + 2,437,737 төгрөг= 10,388,634 төгрөг байна.

Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 10,388,634 төгрөг х 3 = 31,165,902 төгрөг байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 207-211, 212-214 дэх тал/,

-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын “Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох Шинэс төрлийн 46 ширхэг хэрэглээний бөөрөнхий гуалин мод олон 54 ширхэг банз, палк, нь нийт 19.64 м3 модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 10,388,634 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 31,165,902 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх хохирлын үнэлгээ тооцсон акт /2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал/,

- Хэргийн газарт 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 14-15 дахь тал/,

- Хэргийн газарт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 18-33 дахь тал/,

-Эд мөрийн баримтаар “цахилгаан хөрөө хураан авсан тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-Эд зүйл буюу БНХАУ-д үйлдвэрлэсэн “ҮО-95” гэх бичиглэлтэй ногоон өнгийн цахилгаан моторт хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 36, 37 дахь тал/,

- улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 47-48 дахь тал/,

-Эд хөрөнгө буюу улсын дугаартай “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр  битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 49, 50-51 дэх тал/,

-Модонд /46 ширхэг/ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 41 дэх тал/,

-Модонд /52 ширхэг палк/ 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

-Эд хөрөнгө буюу 52 ширхэг палк /модон материал/ 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 56, 57-58, 59 дэх тал/,

-Модон материалд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 69-71, 72-73 дахь тал/,

-Модонд /46 ширхэг/ 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 78-81, 82-84 дэх тал/,

-Модон материалд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 85-88, 89-92 дахь тал/,

-“Таван нуур” ХХК-ийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, мод бэлтгэх эрхийн бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 98-106, 108-144 дэх тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн  2024 оны 01 сарын 16-ны өдрийн ОРА: 1001620 дугаартай “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 8,000,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн  2024 оны 01 сарын 16-ны өдрийн ОРА: 1001620 дугаартай “...бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөний үнийг 60,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 244-246 дахь тал/,

-Яллагдагч С.С*******гийн мөрдөн байцаалтын явцад өгсөн “... Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сум 1 дүгээр багийн нутаг “Цагаан хуст” гэх газраас талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас зохих зөвшөөрөлгүй эхлээд 7 ширхэг босоо унагаагаад хөрөөдөж бэлдээд тээвэрлэн Х******* тосгон руу оруулсан. Тэгээд дахиад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн адил “Цагаан хуст” гэх газраас 10 ширхэг босоо мод унагаагаад хөрөөдөж бэлдээд, тээвэрлэн Х******* тосгоны төвд Ц.Т рам дээр аваачиж буулгасан.

Би тухайн үед хөрөө рам ажиллуулдаг Ц.Т мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан юм. Гэхдээ мод бэлтгэхдээ би өөрөө дур мэдээд эрхийн бичиг дээр зааж өгсөн газраас өөр газар буюу мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм. Би тухайн модонд явахдаа Э.Мөнх-Эрдэнэ, С.Б хоёрын хамт явсан тэр хоёр мод ачих үүрэгтэй явсан юм...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 146-147, 237-238 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.С******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Э.Цэнгүүний хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч С.С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 10,388,634 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 31,165,902 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгч С.С******* нь өнөөдөр 2,000,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд төлсөн байх тул учруулсан хохирлоос хасаж тооцон, үлдсэн 29,165,902 төгрөгийг түүнээс гаргуулж, дээрх дансанд олгуулах саналтай байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч : “...Шүүгдэгч С.С*******гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч С.С******* нь ямар ч эрхийн бичиггүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгээгүй. Харин зориулалтын дагуу эрхийн бичиг эрх бүхий байгууллагаас авч тухайн газарт нь очиж мод бэлтгэх гэсэн боловч тээврийн хэрэгсэл явах боломжгүй байсан тул тухайн газрын ойролцоох ойгоос мод бэлтгэсэн. Энэ нь зөвшөөрөлд заагдсан газраас өөр газраас бэлтгэж тээвэрлэсэн гэдгээрээ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирлын хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор нэлээдгүй удсан. Тэгээд хамгийн эцсийн байдлаар 31,165,902 төгрөг гэж тогтоосон байгаа. Ингээд шүүгдэгч нь 2,000,000 төгрөгийг хохиролд төлсөн байна. Үлдэгдэл хохирлоо ажил хийж төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна...” гэв.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч С.С*******гийн Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлд заасан газраас өөр газрын ойгоос дур мэдэн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүсэж үйлдэж, хохирол хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч С.С*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 10,388,634 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 31,165,902 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.С******* нь шүүхийн шатанд буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн байх тул учруулсан хохирлоос хасаж тооцон, үлдсэн 29,165,902 төгрөгийг түүнээс гаргуулж, дээрх дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч С.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчим болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж үзэж байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч С.С******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шатанд хүртэлх хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байгаа байдал, биеийн хэлэмж зэргээс тодорхой харагдаж байна. Хохирлын хувьд өнөөдөр 2,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Хувийн амьдралын хувьд ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь “Seven nuga” амралтын газарт ажил эрхэлдэг. Тиймээс хохирол төлбөр төлөхөө бодитоор илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мод үржүүлэх газар нь үржүүлсэн модоо бусдад зарж борлуулж ашиг орлогоо олдог. Тодруулж хэлэхийн бол үржүүлгийн модоо энд тэнд зориулалтын дагуу тээвэрлэх шаардлага гардаг гэсэн үг юм. Тийм учраас шүүгдэгч С.С*******гийн ажил хөдөлмөрөө чөлөөтэй хийх боломж бий болгох, байгаль экологид учруулсан хохирол төлөх боломж бий болгох зэрэг шалтгааны улмаас түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

 2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан С.С*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас хэргийн 192 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хавтас хэргийн 195 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 198-203 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.С*******гийн хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.С******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.С*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүгдэгч С.С******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирлын зарим хэсэг буюу 2,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэгт холбогдсоны дараа мод үржүүлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажилд орж, тогтмол орлоготой болсон, түүний хувийн болон гэр бүлийн байдал, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.С******* 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Шүүгдэгч С.С*******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.

Иймд шүүгдэгч С.С*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 46 ширхэг, 4 метрийн урттай шинэс мод, 15х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 16 ширхэг, 5х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк-банз 9 ширхэг, 7х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 17 ширхэг, 10х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 12 ширхэг зэргийг тус тус хурааж тус бүр улсын орлого болгож, түүний гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник буюу иргэний нэхэмжлэгч Ц.Т эзэмшлийн улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөг, бензин моторт хөрөөний үнэ 60,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт шүүгдэгч С.С******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч С******* овогт С******* С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С******* 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С******* оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.С*******гаас 29,165,902 /хорин есөн сая нэг зуун жаран таван мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон Булган аймгийн Хангал сумын Х******* тосгоны сум дундын цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа  19,64 метр куб шинэс төрлийн мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-ний  үнэ 60,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 /найман сая/ төгрөгийг С.С*******гаас гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 46 ширхэг, 4 метрийн урттай шинэс мод, 15х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 16 ширхэг, 5х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк-банз 9 ширхэг, 7х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 17 ширхэг, 10х15 хэмжээтэй 4 метрийн урттай палк 12 ширхэгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “дугааргүй” тогтоол, улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгсэл, “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г хууль ёсны эзэмшигч Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Х******* тосгон Малчдын 2-2 тоотод оршин суух Цогт овогтой Тогтохбаяр /регистрийн дугаар ФЖ77021914/ буцаан олгосугай.

7.Шүүгдэгч С.С******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.С******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ