Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С,

шүүгдэгч Р.Ц, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Ц******* холбогдох эрүүгийн 2415003040006 дугаартай, 304/2025/0039/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* овогт Р******* Ц, ******* аймгийн ******* суманд 1960 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 65 настай, ам бүл 1, Орхон аймгийн Б сумын Б баг тоотод оршин суух бүртгэлтэй, б дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Р.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутаг “Бугатай Хөшөө” гэх газарт ******* ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гарган зорчигч Г.О нь “тархины цус харвалт, цээж, хэвлийн, олон хавирга, нурууны хугарал, нугасны б тасралын хавсарсан хүнд гэмтэл тархины цус харвалт, дотор эрхтний цус алдалтын шок”-ийн улмаас амь нас нь хохирсон буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймагт очих зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутгаар дамжин өнгөрөх Хөвсгөл-Булганы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар ******* ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж “замын зорчих хэсгийн хажуу руу орсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Оы амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 04-05 дахь тал/

-3ам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-13 дахь тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С: “...амь хохирогч Л.О нь манай аавын эгч нь, Р.Ц нь Оы нөхөр манай хүргэн ах. Хүргэн ах Р.Ц амь хохирогч Л.О нар нь Орхон аймгийн Баян-өндөр суманд оршин суудаг архи дарс уудаггүй хоорондоо эвтэй харьцаатай хүмүүс. Ахуй амьдралын хувьд хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан ах эгч хоёр хоёулаа тэтгэвэр авдаг хувийн байртай боломжийн амьдралтай хүмүүс. Архаг хууч өвчин гээд байх юм байхгүй эрүүл байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

-Гэрч Х.О: “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төвийн ажил дээрээ байж байхад 12 цаг 40 минутад Хутаг-Өндөр сумын 3-р багийн нутаг “Бугатай хөшөө”-ний цаана машин онхолдсон байна.Хүмүүсийн биеийн байдал муу байна гэсэн дуудлага ирэхээр нь би мэс заслын сувилагч У жолоочийн хамт дуудлагад очсон. Бид нарыг очиход хар өнгийн жижиг тэрэг осолд орж өнхөрсөн байдалтай замын урд хэсэгт зогсож байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийн барын гарын шуу хэсэг нь хугарсан биеийн байдал хүндэвтэр ухаан санаа эрүүл байсан. Харин хамт явсан зорчигч настай эмэгтэй хүн машинаас зайтай хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Биеийн байдлыг үзэхэд тухайн хүний биеийн байдал маш хүнд толгой хагарч цус гарсан, хамар амнаас цус гарсан, зүүн гар нь зүсэгдсэн шархтай, ихээр ёолж дуу алдаж байсан. Ухаан санаа нь бүдэг байсан. Тухайн хүний биеийн байдлыг тогтворжуулах өвдөлт намдаах эмчилгээ хийж Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тээвэрлэх явцад биеийн байдал тогтвортой байсан амин үзүүлэлтүүд тогтвортой байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

-Гэрч Ц.Г: “...Манай аав, ээж хоёр Орхон аймгийн Б сумын Б багийн 5-41-01 тоотод амьдардаг, ам бүл хоёулаа, дундаасаа 3 хүүхэдтэй манай ах, эгч хоёр мөн би гадаадад эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг, бүгд тусдаа гарсан. Аав ээж хоёр тэтгэвэрт гарсан гэртээ байдаг байсан, тухайн осол болох үед Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу өвлийн идэш авахаар явж байгаад зам тээврийн осолд орж ээж маань нас барсан юм байна лээ, ах эгч хоёр ажил явдлаар нь ирээд буцсан, би удахгүй буцах гэж байгаа тийм учраас ээжийн талын хамгийн ойр хамаатан Л.С хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор энэ хэрэгт оролцуулахаар хүсэлт гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 94 дугаартай:

          1.Амь хохирогч Л.Оы цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар аалзан хальсан доорх цус харвалт, зулайн, хуйхны цус хуралт, өрц нэвтэрсэн шарх, зүүн уушгины няцарч урагдсан шарх, 2 Бөөрний гялтангийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал задрал, дэлүүний урагдал, цээж, хэвлийн хөндийн цус хуралт, баруун 5-6, зүүн, 6-9-р хавирганы хугарал, ууц нуруу Тh12-L1 түвшинд хугарал, нугасны б тасрал, дагзны зүүн дээд, эрүүний доод, зүүн гарын сарвууны ар хэсэгт шарх, чамархайн зүүн, бугалгын ард, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн гарын бугалгад зулгаралт, ^баруун чамархайн урд хэсэгт цус хуралт, эрүүний доод хэсэгт цус хуралт, цээжний баруун тал, баруун эгмийн дээд хэсэг, өвчүүний баруун хэсэг цус хуралт, баруун гарын бугалгын, шуу цус хуралт, баруун хөлийн гуяны дотор хэсэгт цус хуралт.

          2.3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл.

          4.Тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар аалзан хальсан доорх цус харвалт, зулайн, хуйхны цус хуралт, өрц нэвтэрсэн шарх, зүүн уушгины няцарч урагдсан шарх, 2 бөөрний гялтангийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал задрал, дэлүүний урагдал, цээж, хэвлийн хөндийн цус хуралт, баруун 5-6, зүүн, 6-9-р хавирганы хугарал, ууц нуруу Тh12-L1 түвшинд хугарал, нугасны б тасрал гэмтлүүд нь үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дагзны зүүн дээд, эрүүний доод, зүүн гарын сарвууны ар хэсэгт шарх, чамархайн зүүн, бугалгын ард, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн гарын бугалгад зулгаралт, баруун чамархайн урд хэсэгт цус хуралт, эрүүний доод хэсэгт цус хуралт, цээжний баруун тал, баруун эгмийн дээд хэсэг, өвчүүний баруун хэсэг цус хуралт, баруун гарын бугалгын, шуу цус хуралт, баруун хөлийн гуяны дотор хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

          5.Амь хохирогчийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад архаг хууч өвчин илрээгүй.

          6.Талийгаач Г.О нь тархины цус харвалт, цээж, хэвлийн, олон хувирга, нурууны хугарал, нугасны б тасралын хавсарсан хүнд гэмтэл тархины цус харвалт, дотор эрхтний цус алдалтын шокийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-119 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.А: “...Л овогтой О нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хутаг-Өндөр сум дундын эмнэлгийн алсын дуудлага 607,464 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрчимт эмчилгээ 563,47 төгрөг буюу нийт 1,170,936 төгрөг, харин Равдан овогтой Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж 111,246 төгрөг, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв яаралтай тусламж 37,082 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв мэс засал 1,760,616 төгрөг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн бүсийн оношилго эмчилгээний төв амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ буюу нийт 1,959,884 төгрөгийн үйлчилгээ авсан байгаа юм.

 Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас Л.Од зарцуулагдсан 1,170,936 төгрөг, Р.Ц******* зарцуулсан 1,959,884 төгрөг буюу нийт 3,130,820 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тушаах ёстой байгаа тул би тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 138 дахь тал/,

-Шинжээч Б.Цэндзэсэм, С.Бямбас, Л.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47-03/24 дугаартай:

          1.2.”*******” маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч Р.Ц Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

          1.3.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч бидний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

          1.4.Талийгаач Г.Оыг автомашины жолооны хүрднээс татсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

          1.5. Шинжээч бидний зүгээс нотлох баримтад авагдаагүй хийсвэр төсөөллөөр дүгнэлт гаргах боломжгүй байна.

          1.6. Энэ дүгнэлтийн 1.5 дахь хариултаар хариулсан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад тухайн зам тээврийн осол болсон гэх газар нь ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд бага зэрэг уруу, зүүн гар тал руу тойрог, асфальтан зам дээр цас орж хайлсан байдалтай, замын хоёр талын хөвөө хэсэгт бага зэрэг нимгэн цастай гэх нөхцөл байдал тогтоогдож байна... гэх дүгнэлт / хавтаст хэргийн 155-158 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С өгсөн: “...Надад одоо ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг шийдвэрлээд дуусгавал гадаад руу хүүхдүүд нь авна гэсэн. Одоогоор би Ц ахад тусалж дэмжиж хоол цайг нь хийж өгдөг. Би өөрөө бас ар гэртэй, гэрийнхээ ажлыг хийхийн хажуугаар ахад тусалдаг. Энэ хэрэг дуусаад ахыг хүүхдүүд рүү нь гадаад улс руу  явуулбал миний санаа амрах гээд байна...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Цын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь би мөрдөгчид болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Ц нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ж.Ариунжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Р.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явахдаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Оы амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Р.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Цын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний хүний амь нас хохирсон байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас амь хохирогч  Л.Од үзүүлсэн  эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардалд 1,170,936 төгрөг, шүүгдэгч Р.Ц******* үзүүлсэн  эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардалд 1,959,884 төгрөг буюу нийт 3,130,820 төгрөгийг зарцуулсан талаарх баримтыг гарган нэхэмжилснийг шүүгдэгч Р.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Р.Ц******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч” ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 59 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Р.Цын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Цын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан шүүгдэгч Р.Ц******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Р.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т******* овогт Р******* Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Р.Ц******* “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Р.Ц******* сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Р.Ц нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ