| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2021/0014/З |
| Дугаар | 115/ШШ2022/0043 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 115/ШШ2022/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн ******* (Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч),
Хариуцагч: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс (тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл)-ийн хоорондын, хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч байгууллагыг төлөөлж тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч*******, гэрч*******,******* нар шүүх хуралдааны танхимаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчоос Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 тоот албан бичиг, Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, иргэн *******т хөнгөлттэй нөхцөлөөр тогтоон олгож байсан өндөр насны тэтгэврийг 2020 оны 10 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан,
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, *******т хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3. Хэргийн нөхцөл байдлын талаар:
3.1. УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги (цаашид “Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р анги” гэх)-ийн даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б-I-142 дугаар тушаалаар, тус ангийн Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч *******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан,
3.2. Үүний дагуу тус хэлтсээс *******т хөнгөлттэй нөхцөлөөр буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 614,843 төгрөгийн тэтгэврийг анхлан олгосон ч мөн оны 10 дугаар сараас “... ажил мэргэжил нь тэтгэврийг хөнгөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлийн жагсаалтад хамаарахгүй” гэх үндэслэлээр тэтгэвэр олголтыг нь зогсоосон,
3.3. *******аас тэтгэврийг нь зогсоосон дээрх үйл баримттай холбогдуулан өөрийн ажиллаж байсан Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд “тэтгэвэр хөөцөлдөж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан,
3.4. Улмаар хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 тоот албан бичгийг Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангид хүргүүлснээр, тус ангиас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 60/764 тоот албан бичгээр ”ажилчдаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг тал талын төлөөллийг оролцуулан Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх” саналаа илэрхийлсэн,
3.5. Мөн Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “уурын зуухны галч, ...” зэрэг ажил мэргэжлээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой” хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1906 албан бичгээр “уурын зуухны галч ...” ажил мэргэжил нь төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй” гэсэн хариуг авсан,
3.6. Түүнчлэн тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “3-р ангийн зарим ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар Нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа хандахад шийдвэрлэхгүй байгаа талаарх” албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүрүүлснээр, тус яамнаас “маргаантай асуудлыг Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэж, шийдвэрийг холбогдох Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүл” гэсэн чиглэл бүхий 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/532 тоот албан бичгийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, хувийг тус Үйлдвэрчний эвлэлийн хороонд ирүүлсэн,
3.7. Дээрх албан бичгийн дагуу хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөр холбогдох асуудлыг хэлэлцээд маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргасан,
3.8. Уг тогтоолтой холбогдуулан хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 126 тоот албан бичгийг 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд, маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичгийг нэхэмжлэгч *******т тус тус хүргүүлсэн,
3.9. Тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос, Гомдлын шаардлагын зөвлөлийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22 тоот албан бичгээр гомдол гаргасанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32/11 тоот албан бичгээр хариуг өгснөөр, нэхэмжлэгч иргэн /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 тоот албан бичгээр Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан “эс үйлдэхүй” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн.
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3 дахь заалт болон *******ын хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагч Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг зөрчиж Засгийн газраас баталсан дүрмээр олгогдсон эрхээ хэтрүүлж тухайн ажил мэргэжлийг шууд “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй” гэж хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон нь мөн хууль бус.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 дэх хэсэгт “... байнгын ажиллагаатай уурын зуухны галч,... ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, туслах машинч, засварчин, цахилгаанчин” хамруулсан. Энэхүү заалтыг аль ч салбар, орон нутагт хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилчдад хамаарахаар зохицуулсан.
Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажиллаж байгаа “уурын зуухны галч” /машинч/ ажил мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлуулах өргөдлөө Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны харьяа “ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв”-д гаргасны дагуу тус төвөөс, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 тоот албан бичгээр “Тухайн ажил мэргэжил нь “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-д заасан “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн ажил мэргэжилд хамаарна” гэсэн хариу өгсөн.
2019 оныг хүртэл уурын зууханд ажилладаг механикч, галч, слесарь, цахилгаанчин мэргэжлийн ажилчдаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын хэлтэст гаргахад НХХС-ын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, албан бичгийг үндэслэн ямар ч хүндрэлгүй тогтоож байсан ба ажил мэргэжлийн нэр зөрчилдсөн саналын зөрүүг холбогдох баримт, ажил олгогчийн тайлбар, тодорхойлолтыг үндэслэн Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 сараас “Танай байгууллага болон таны ажил мэргэжил НХХС-ын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын ажил мэргэжилд хамаарахгүй, тэтгэвэр олгохыг зогсоож байна гэж нийгмийн даатгалын байцаагч амаар хэлж тэтгэвэр авах эрхийг хязгаарласан.
Энэ талаар нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл өгөхөд 2021 оны 05 дугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 132 дугаартай албан бичгээр “Таны ажиллаж байсан УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 ангийн харьяа Зүүнбаян хэсгийн “уурын зуухны галч /машинист/ ажил мэргэжил нь хүнд нөхцөлд хамаарах төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад тусгагдаагүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй, ... үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн 614843 төгрөгийг буцаан өгөхийг мэдэгдсэн хариуг өгсөн. Энэхүү хариуг аваад байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн даргадаа мөн хандсан.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2004 оны 77 дугаар тушаалыг зөрчиж, үндэслэлгүй хариу өгч миний хүнд нөхцөлөөр 14 жил уурын зуухны галчаар ажилласан байдлыг тэтгэврийн хөнгөлттэй нөхцөлөөр тооцохгүй намайг маш их хохироож, тэтгэвэр авах эрхийг хязгаарлаж байгаад туйлын их гомдолтой байна. Би олон жил уурын зуухны галчаар тасралтгүй ажилласан, эрүүл мэнд ч муудсан учир цаашид уурын зуухны галчаар ажиллаж чадахааргүй болсон. Сайдын 77 дугаар тушаалд миний ажилласан уурын зуухны галч хамаарч байгаа тул Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаартай өргөдлийн хариу өгсөн албан бичгийг хүчингүй болгож миний тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байнгын ажиллагаатай уурын зуухны машинист гэж зааж өгсөн. Уурын зуухны машинист гэдэг мэргэжлийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжөөр тухайн ажлын байрны ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт гэдгийг нийт мэргэжлийн сургалт болон тодорхой ажлын байр, ажлаар хангагдах боломж, хийж гүйцэтгэх ажлын нөхцөлийг асуудлыг хамааруулсан. Тэгэхээр хөдөлмөр эрхэлсэн энэ нөхцөл байдал нь өөр бусад зүйлээр ялгаварлагдахгүй. Олон улсын ялгаварлах хөдөлмөр эрхлэлтийн 111 дүгээр конвенцод ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан ба 3 дугаар зүйлд үндэсний бодлогыг хүлээн зөвшөөрч түүний хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд ажилчид ажил олгогчийн байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагааг хангахыг зорих хэрэгтэй гэж заасан байна.
Гэтэл Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч *******ын ажил мэргэжлийг төмөр зам гэсэн байдлаар ялгаварлан гадуурхалт үүсгэж олон улсын хэм хэмжээг зөрчиж шийдвэрлэж хариу өгсөн нь үндэслэлгүй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэй, тэтгэвэр авах эрх нь үүсэхээр заасан, нэхэмжлэгчийн хувьд тухайн уурын зууханд 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан болох нь нийгмийн даатгалын лавлагаа болон нийгмийн даатгалын бичилт хийсэн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдож байхад хууль зүйн үндэслэлгүй гээд зөвхөн албан бичигт заасан үндэслэлээр хариуцагч татгалзлаа илэрхийлж байгаа нь үндэслэлгүй байна.
Сайдын 77 дугаар тушаалд тухайн ажил мэргэжлээр ялгаварласан байдлаар тодорхойлж зааж өгөөгүй, харин ч тушаалын тушаах хэсгийн 4 дүгээр заалтад хэвийн бус нөхцөлөөр ажиллаж байгаа ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр ажил олгогч нарын хооронд саналын зөрүүтэй зөрчилдөөн үүсвэл үүнийг шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудад гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэж байхаар зааж өгсөн.
******* нь хэдийгээр улирлын чанартай түр ажлын байр дээр томилогдох тушаал гарсан хэдий ч тухайн ажлын байранд байнга ажилласан байдаг. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөлтийн хуваариар харагддаг. Сайдын 77 дугаар тушаалын 4.1-т зөвхөн эрчим хүчний салбартай холбоотой байсан бол үүнд төмөр замын замчин гэж зааж өгөхгүй байсан. Замчин чинь эрчим хүчний салбарт хамаарахгүй мэргэжил. Гэтэл үүнийг тухайн салбараараа гарсан, хүнд нөхцөлийг зааж өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй юм.
Барилга үйлчилгээний 3 дугаар ангид галчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан******* гэдэг хүний хувийн хэргээс харахад 77 дугаар тушаал гарахаас өмнө энэ ажил мэргэжил хүнд нөхцөлд хамаараад явж байсан байна. Энэ нөхцөлүүд бодогдож байж тэтгэвэр тогтоолгосон байгаа болохоос биш өмнөх тушаалын үндэслэлээр тэтгэвэрт гарсан зүйл хувийн хэргээс төдийлөн харагддаггүй.
Нэхэмжлэгчийн хувьд өөрийнхөө болзол журмыг хангачихсан байхад нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоолгох эрхийг нь хязгаарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг нь зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч байгууллагаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дэх хэсэг буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлд “Төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, ... вагон зүтгүүрийн хос дугуй зорогч, зүтгүүр, вагоныг хатуу шингэн түлшээр зэхэгч, ... вагон засварын газрын халуун төмрийн дархан” зэрэг нэр бүхий ажил мэргэжлүүдийг хамааруулж байгаа нь иргэн *******ын ажиллаж байсан “уурын зуухны галч” ажил мэргэжил нь төмөр замд хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо дээд шатны байгууллагын зөвлөмжийг үндэслэл болгож Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэхдээ зөвхөн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар “Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт”-д 3978 мэргэжил тусгагдсан. Ажил мэргэжлийн нэршил ижил боловч ажлын байр бүрийн нөхцөл өөр байдаг бөгөөд мэргэжлийн байгууллага хүнд, хортой гэж дүгнэлт гаргадаг. Түүнчлэн ажлын байрны хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийг тогтоосон дүгнэлтээр ажил олгогч хэвийн бус нөхцөлийг асуудлыг шийдвэрлэдэг боловч тэтгэврийг хөнгөлөлттэй тогтооно гэж ойлгож болохгүй.
******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор тус хэлтэст өргөдөл, холбогдох баримтуудын хамт бүрдүүлж өгсөн. Уг тэтгэврийг Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн материал хүлээн авах чиг үүрэг бүхий тэтгэврийн байцаагч нь тэтгэвэр тогтоох, мэдээллийн сан үүсгэх эрх бүхий байцаагчийг ээлжийн амралттай байх хугацаанд *******ын мэдээллийг тэтгэврийн баазад оруулж, сарын эхэнд харилцагч банканд явуулдаг тэтгэврийг жагсаалтад нэмж оруулснаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нэгдсэн тэтгэврийг жагсаалтаар 1 сарын тэтгэврийг үндэслэлгүй олгогдсон.
Тус хэлтийн дотоодын хяналт, шалгалтаар тэтгэврийн хувийн хэргийн тогтоол, олголтыг хянах явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаал баталсан “Тэтгэврийн байцаагч, ажилтнуудын хариуцах ажлын үлгэрчилсэн чиг үүрэг”-ийг зөрчиж иргэн *******т эрх бүхий албан тушаалтнуудаар хянан баталгаажуулаагүй тэтгэврийг олголтыг харилцагч банканд явуулсан болох нь тогтоогдсон тул тэтгэвэр олголтыг зогсоосон.
*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн баримт бичгийг эрх бүхий албан тушаалтнуудаар хянан үзэхэд түүнд хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоож олгох боломжгүй байсан. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтын дагуу Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтооход Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж өндөр насны тэтгэвэр тогтоодог ба жагсаалтын 4 дүгээр бүлгийн 4.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад “уурын зуухны галч, машинч” гэсэн заалт байхгүй болно. УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн ажил мэргэжил нь Эрчим хүч үйлдвэрлэлийн “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн ажил мэргэжилтэй нэршил ижил боловч ажлын байр нь хоёр өөр байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга, нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана, 22.2-т Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана гэж заасан байна. Уг маргаантай холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1906 тоот албан бичгээр Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаид “Уурын зуухны галч, уурын зуухны гагнуурчин, уурын зуухны засварчин” ажил мэргэжил нь төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй” гэх хариуг албан бичгээр хүргүүлсэн байдаг.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан заасан байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтооход хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг батлах нь зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад олгогдсон байна. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь энэ эрхийг эдлэхгүй.
Тус төвийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр албан бичгээр иргэн *******т Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-д заасан “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн ажил мэргэжилд хамаарна гэсэн утгатай хариу өгсөн нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийгээгүй байж тийм хариу өгсөн нь цаг хугацааны хувьд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бичигдэж, төвийн захирал нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцсан “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан”-аас илэрхий байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ажлын байрны хөдөлмөрийн үнэлгээний тайлан” нь Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнөх ажиллагаа болно.
Улмаар УБТЗ ХНН нь Зам тээврийн хөгжлийн яамаар дамжуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал хүргүүлж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулснаар тухайн тэтгэвэр тогтоолгох асуудал шийдэгдэх юм. Иймд нэхэмжлэгчийн нэмэлт шаардлагад дурдсан Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичиг нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлж буй этгээдийн шүүх хуралдаанд гаргасан талбарт:
Нийгмийн даатгалын байгууллага нь хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд ажилладаг. Өнөөдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль бус болохыг манай байгууллагын дээд шатны байгууллагын тайлбар болон бусад тайлбаруудаар харагдаж байна. 77 дугаар тушаалын тэтгэвэр хэвийн бусаар тэтгэвэр тогтоолгох жагсаалтын хүнд нөхцөлийн 3 дээр нь төмөр замын салбарт ажиллаж байгаа энэ ажил мэргэжлийн нэршлээр ажилласан жил нь шаардлага хангагдаж байх юм бол тэтгэвэрт гараад явж байгаа. Энэ тушаал нь 2004 оноос хойш нэмэлтээр хэд хэдэн өөрчлөлтүүд орсон байдаг. Цахилгаанчин гэдэг нэршлээр 17 салбарт хүнд нөхцөлд тооцогдохоор заасан байдаг. Төмөр замын салбарт байхгүй байна гэдгээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж хариу өгөн, ажил олгогчийн төлөөлөл үйлдвэрчний хороод гомдол гаргасныг гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Гаргасан тогтоолыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөл үндэслэлтэй байна гэсэн хариу хүргүүлсэн.
Нэхэмжлэгч талаас эрчим хүчний салбарт буюу тушаалын 4.1-р тэтгэвэрт гарах боломжтой гэж тайлбар хэлж байгаа боловч хэрэгт авагдсан материалаас харахад Пүрэвжав гуайн томилгоотой холбоотой 13 жил, 3 сар, 8 хоногийн нэлээд хэд нь түр ажлын байран дээр, хүйтний улиралд мөн цахилгаанчнаар томилсон тушаалууд байна. Тэгээд тэр хугацааг нь тоолоод үзэхээр яагаад ч энэ хүн байнгын ажиллагаатай, мөн тушаалын 4.1-т заасан эрчим хүчний салбарт хамааруулж, тогтоох боломжгүй, ажилласан жилийн шаардлага хангахгүй байх нөхцөлүүд байдаг. Тэдгээр тушаалуудаас энэ хүнийг байнгын ажиллагаатай уурын зуухны галчаар ажиллаагүй байна гэдэг нь харагддаг. Ерөнхий газрын тайлбар болон бусад хэлтсүүдээс ирүүлсэн албан тоотууд дээр яг энэ хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдоогүй байна гэдэг нь энэ журам хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч байгаа арга хэмжээ нь нотлогдож байна гэж үзэж байна.
Хөдөлмөрийн дэвтрийнх нь ар дээр ангиас, ангиас гээд л биччихсэн. Нэг удаагийн бичилтээр бүгдийг нь биччихсэн юм шиг бичилт харагдаж байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тасарч болно, гэхдээ нийт ажилласан жил нь 12 жил 6 сар хүрсэн байх ёстой. Гэтэл энэ хүний хөдөлмөрийн дэвтрээс энийг харах боломжгүй байгаа.
Сайдын 77 дугаар тушаал нь хөдөлшгүй зүйл биш, жил болгон салбар салбараас нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа. Дөнгөж саяхан 10 дугаар сарын 10-ны өдөр дахин сайдын тушаал гарч шахмал түлш үйлдвэрлэлтийн үйлдвэрийн ажилтнуудыг хүнд нөхцөлд ажиллагсад гэдгээр нэмэлтээр оруулсан. Төмөр замын галт тэрэгний дарга, өртөөний дарга, вагоны үйлчлэгчийг нэмэлтээр оруулчихсан. Тэгэхээр төмөр замын салбарт ажиллаж байгаа барилга орон сууцны 3 дугаар ангийнхан маань ажлынхаа нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудаар тогтоолгоод дүгнэлтээ гаргуулаад тэр дүгнэлтийнхээ үндэслэлээр зам тээврийн яамаараа дамжуулж хөдөлмөр нийгэм хамгааллын сайдад манай салбарын энэ чиглэл буюу уурын зуухны галчийг төмөр замын салбарт оруулахгүй бол энэ салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал хохиролтой байна гэдэг байдлаар хүсэлтээ бичих юм бол шийдэгдэхгүй асуудал биш.
Манай байгууллага мэргэжлийн байгууллагаас Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулааны станц, төвлөрсөн халаалттай зуухны судалгааг манайд гаргаж ирүүлнэ үү гэж хандсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариу ирүүлэхдээ Барилга орон сууцны 3 дугаар ангийн 1 дүгээр зуух л зуны улиралд хэрэглээний халуун ус хязгаартай цагаар нийлүүлдэг. Дорноговь аймгийн хэмжээнд бусад бүх зуухнууд бүгд улирлын чанартай гэсэн судалгааг өгсөн байдаг. Энэ судалгааг мэргэжлийн байгууллага хяналтынхаа түвшинд гаргаж өгсөн байх гэж хэлмээр байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан тэтгэвэр тогтоохтой холбоотой асуудал нь зөвхөн нийгмийн даатгалын байгууллагын чиг үүргийн асуудал юм. Тэр мэргэжлийн байгууллагаас гарч байгаа дүгнэлт, зөвлөмжөөр тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох боломжгүй гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хангах боломжгүй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд энэ асуудал дээр шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоохдоо тухайн иргэнд тэтгэвэр тогтоох боломж юу байна гэж бүхий л талаас нь бид бүгд судалж үздэг. 308 дугаар бичиг нь яагаад үндэслэлтэй вэ гэхээр нэгдүгээрт тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөр нийгэм хамгааллын сайд баталдаг. Сайд өөрийн баталсан тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9/3429 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хариу хүргүүлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тухайлан заасны дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр зардал олгох чиг үүргийг зөвхөн нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэх тул хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрт гаргах боломжтой гэсэн агуулга бүхий чиглэл өгч байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна.
Өнөөдрийн маргаан үүсгээд байгаа асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гэдэг байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газар болон хэлтэс, иргэдэд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож салбар хооронд шилжүүлэн хэрэглэж болно гэсэн агуулга бүхий албан бичгийг Пүрэвжав гуайд өгсөн. Энэ бичгийг үндэслээд Нийгмийн даатгалын төв байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2/2968 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. Хөдөлмөрийн нөхцөлийн дүгнэлтийг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох эсэх талаар чиглэл зөвлөмжийг хүргүүлж байгаа нь нэг ёсондоо эрүүл мэндийн төвөөс тухайн ажил мэргэжлийг өөр салбарын ажил мэргэжилд хамааруулан тус тус тодорхойлсон хөдөлмөрийн нөхцөлийг үндэслэж тэтгэвэр тогтоолгох талаар хариу өгч байна. Ингэж хариу өгөхдөө “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвтэй хамтран тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бөгөөд тухайн ажлын байранд ажилласан иргэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох чиглэл зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхгүй”, “иймд иргэдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв болон хөдөлмөрийн нөхцөлийг хэмжилт шинжилгээний төв зэрэг байгууллагуудын зөвлөмжөөр бус зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй” гээд бүх салбар анхан шатны нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь өөрөө Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар ангид ажиллаж байсан хүн байгаа. Тэгэхээр сайдын 77 дугаар тогтоолын 4 дүгээр бүлгийн 3 дахь хэсэгт төмөр замын салбарт хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад уурын зуухны галч машинист гэсэн ажил мэргэжил тусгагдаагүй байгаа. Тийм учраас 308 дугаар бичгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3/1906 дугаар албан бичгээр тухайн ажлын байр нь төмөр замын салбарт байхгүй учраас энэ хүний тэтгэврийг тогтоох боломжгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчид хаяглан хариу өгсөн. Манай байгууллагын дээд шатны байгууллагаас өгсөн ийм 3 албан бичиг байгаа учраас энэ 308 дугаар бичгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах талаар асуудал байгаа. Гомдлын шаардлагын зөвлөл нь өөрөө засгийн газрын тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагддаг. Энэ зөвлөлийн гол зорилго нь нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрээс шалтгаалж иргэд ажил олгогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаарх маргааныг шийдвэрлэдэг. Энэ зөвлөлд нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж нийгмийн даатгалын дарга, аймгийн засаг даргын хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн засаг даргын төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн томилогддог. Нөгөө хоёр хүний нэг нь иргэдийн буюу хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос зөвлөлдсөнөөр******* гэдэг хүн томилогдсон. Мөн ажил олгогчийн эрх ашгийн асуудал яригдаж байгаа болохоор Дорноговь аймгийн ажил олгогчдын холбооны тэргүүн Төмөртогоо гэж хүн томилогдож ажилласан. Иргэн Пүрэвжавын ирүүлсэн гомдлын дагуу хуралдаж нийгмийн даатгалын байгууллагын өмнө гарсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж тус зөвлөлийн 100 хувийн саналаар нийгмийн даатгалын шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлөөр 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдаад анхан шатны шийдвэр нь зөв байна гэдгийг баталгаажуулж гаргасан. Тийм учраас энэ 2021 оны 05 дугаар сарын 03-ны 01 тоот тогтоол хууль зөрчөөгүй үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг гаргаж байна. 01 дүгээр тогтоолын дагуу байгууллагад нь албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. Тэр бичгийг үзээд Пүрэвжав гуай манайд өргөдөл гаргасан. Тэр өргөдлийнх нь хариу нь 132 дугаар албан бичиг юм.
Гуравдугаарт нэхэмжлэлд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар бичгийг хүчингүй болгуулна гэж байгаа. Иргэн Пүрэвжав нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан байгаа. Үүний дагуу өмнөх шийдвэрүүдийг үндэслэн нийгмийн даатгалын хэлтсээс таны ажиллаж байсан уурын зуухны ажил мэргэжил нь төмөр замын салбарт хамаарагдахгүй учраас тэтгэврийг хүнд нөхцөлөөр тогтоох үндэслэлгүй байна гэдэг хариуг хүргүүлсэн.
Тухайн үед Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хэд хэдэн хүн материал шалгуулахаар ирүүлж байсан. Энэ дунд Пүрэвжав гуай байгаа. Энэ бүрд нь бид нар холбогдох дээд шатны байгууллагаас зөвлөгөө авсан. Байгууллагаас нь тэтгэвэр тогтоолгох хүнд нөхцөлд хамаарна гэсэн агуулга бүхий бичгүүд өгөөд манай хэлтэст ирүүлээд байсан.
Гомдлын шаардлагын зөвлөл******* гуайн ажилласан жилийг тооцож үзэхэд 1979-1992 он хүртэл элс зөөгч төмрийн туслах ажилтан гэдэг ажлыг эрхэлж байсан. Энэ нь өөрөө хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй ажилласан гэдгээр явж байгаа. Дараа нь 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уурын зуухны галч гэдэг мэргэжлээр ажилласан байгаа учраас******* гуайг өмнөх журмаараа тэтгэвэрт оруулсан. Энэ тушаал дээр түгээмэл ажил мэргэжлийг хортой хүнд нөхцөлд нь тусгаж өгсөн. 2004 оны тогтоол нь түгээмэл ажил мэргэжил гэж байхгүй. Өмнөх тогтоолд нь******* гуайн ажиллаж байсан усны, геологи хайгуул эрсдэлийн шинжилгээний аж ахуй гээд хүнд нөхцөлийн 3 дугаар заалтад тусгагдсан байгаа. Тэгээд******* гуай усны аж ахуйд ажилласан 10 жил нь тооцогдоод тэтгэвэрт гарсан.******* гэж хүнийг зөвхөн хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр төмөр замд ажиллаж байснаар тэтгэвэр тогтоогоогүй.
Сайдын 77 дугаар тушаал нь салбартаа гарсан тушаал байгаа. Энэ салбар нь өөрийн салбар чиглэлтээ хамаарч байгаа ажил мэргэжлүүд байгаа учраас энэ салбар дотроо хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээ тогтоолгоод орж байгаа. Манай аймагт ч гэсэн Чандмань-Илч, МАК цемент гээд өөрсдийн төмөр зам, вагон, машинисттай байгаа. Хэдий уул уурхайн салбар ч гэсэн өөрсдийнх нь салбарт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнүүдийг нь тогтоолгоод саналаа холбогдох газруудаараа дамжуулаад 77 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдвэрлэдэг. 77 дугаар тушаалд орсон сүүлийн өөрчлөлүүдийг харахаар дандаа Нийгмийн даатгалын хуулийг үндэслэн нөгөөх нь хөдөлмөрийн аюулгүй байдал хэмжилт шинжилгээний төвийн тайлан, дүгнэлтийг үндэслэж гэсэн байгаа. Нэхэмжлэгч тал нь өөрөө тэр бүх дүгнэлтүүдээ гаргуулчихсан байгаа. Одоо саналаа салбараараа дамжуулж яаманд хүргүүлээд тэрийг нь үндэслэж энэ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ажлын байрны нэршил дээр өөрчлөлт оруулж шийдвэрлээд байна гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс буюу өөрийн нэгжүүдэд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөл, чиглэл хүргүүлдэг байгаа. Үүний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. Дээрээс нь бидний гол асуудал болоод байгаа 77 дугаар тушаал маань өөрөө батлагдчихсан. Нийгмийн даатгалын байгууллагууд энэ жагсаалтыг баримтална гэж заасан учраас энэ жагсаалтаа баримтлаад явж байгаа.
Хоёрдугаарт Барилга орон сууцны 3 дугаар ангийн тодорхой ажил мэргэжил дээр дүгнэлт гаргачихсан. Энэ дүгнэлтээ үндэслэн салбар яамдаа хандаад энэ жагсаалтад өөрчлөлт оруулах боломж нээлттэй шүү гэдгийг түрүү хэлсэн. Бид нар хөдөлмөрийн нөхцөлийг буруу зөв гэж маргаагүй. Хамгийн гол нь энэ жагсаалтад байхгүй учраас боломжгүй гэдэг хариуг хүргүүлсэн. Тэгэхээр төмөр замын байгууллага нь манай энэ ажил мэргэжил үнэхээр хортой гэдэг нь тогтоогдсон гэж саналаа хүргүүлээд жагсаалтад нэмэлтээр оруулах юм бол асуудалгүй. Бид нар энэ тушаалаа л барьж ажиллана.
Энэ жагсаалтад өөрчлөлт оруулах эрх бүхий албан тушаалтан нь сайд байгаа. Энэ жагсаалтыг батлаад бид нарт чиглэл болгож баримтал гээд өгсөн байгаа. Энэ жагсаалт нь 1971 оноос эхлэлтэй. 1971 оны БНМАУ тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалт нь одоо явсаар байгаад хамгийн сүүлд 2004 онд албан тоот тушаалаар батлагдаад өөрчлөлт оруулаад явж байгаа. Тухайн үедээ энэ нөхцөлийн жагсаалт нь батлагдахдаа тухайн үеийн ажил мэргэжлээсээ шалтгаалаад энэ нь ийм салбар юм байна гээд ажил мэргэжил холилдоод байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой. Тэгэхээр яагаад эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай уурын зуухны галчийг төмөр замын уурын зуухны галчтай адилтгаж үзэхгүй байгаа юм гээд асууж байна. Тэгэхээр байнгын ажиллагаатай уурын зуух яагаад эрчим хүчний салбарт байгаа юм гэхээр эрчим хүчний салбар чинь өөрөө тодорхой хэмжээтэй уурын зуухаар хэдэн квт дулаан үйлдвэрлэдэг хэмжээ шаардлагатай байгаа. Тэгэхээр тэр шаардлагуудаа хангасан байх юм бол том хэмжээтэй гэж үздэг. Төмөр замын салбарын хувьд бид нар улирлын чанартай гэж үзээд байгаа.
Дорноговь, Говьсүмбэр улирлын чанартай хугацаа тогтоодог шийдвэрүүд байгаа. Тэгэхээр тэр тушаалуудын холбогдох материалуудыг харахаар энэ аймгуудын уурын зуухны эхлэх хугацаа нь 10 дугаар сарын 01-ний өдрөөр эхлүүлээд, дуусах хугацаа нь 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгасан байгаа. Тэгэхээр энэ хугацааг харахаар байнгын ажиллагаа мөн үү? биш үү гэдэг асуудал гарч байгаа. Төмөр замын салбарыг эрчим хүчний салбартай адилтгах боломжгүй юм. Нэгэнт дүгнэлт гаргасан болохоор та бүхэн салбарынхаа сайдад хандаад манай төмөр замын энэ ажил мэргэжил зайлшгүй хүнд нөхцөлд орно гэдгийг тодорхойлуулаад энэ тушаалдаа өөрчлөлт оруулах юм бол бид нарын энэ маргаан гарахгүй. Бид нарын бариад байгаа гол асуудал нь энэ жагсаалтыг баримталж л тэтгэвэр тогтоож байгаа. Хөдөлмөрийн хэвийн бусаар тогтоож байгаа хүмүүсийн хувьд нэгдүгээрт нь хуулийн шаардлага хангах ёстой. Яагаад зарим хүмүүсийн тэтгэврийг тогтоогоод заримынхыг нь тогтоохгүй байгаа юм гэж байна. Бид нар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодорхой тайлбар чиглэл хүргүүлсэн байгаа. Тухайн үед нь хэрэгжиж байсан хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэсэн.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Төмөр замын салбар дээр яагаад эрчим хүчний салбар нэмэлтээр орж ирээд байгаа юм бэ гэхээр Сайдын баталсан албан тушаалын салбар чиглэлийн дагуу иргэний агаарын тээврийн нисэх онгоцны үйлчлэгчийг гэхэд мод бэлтгэлийн, эрчим хүчний ангилалд хамааруулах боломжгүй байгаа учраас чиг үүргийнх нь дагуу нисэх онгоцны үйлчлэгчийн асуудлыг 77 дугаар тушаалын хавсралтаар оруулж ирсэн. Мөн онгоц, вагоны засвар үйлчилгээг чиг үүргийнх нь дагуу оруулж ирсэн. Галчийн хувьд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны галчийг хүнд хортой нөхцөлд хамаарна гэж заасан. Бусад галч нь хүнд, хортой нөхцөлд орохгүй хэвийн нөхцөлөөр явна гэсэн байгаа. Уурын зуухны марк хүчин чадлаасаа шалтгаалж хүнд хортой нөхцөлд хамаарна. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгодог. 120 квт дээш хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэж байгаа.
10. Гэрч*******гийн шүүх хуралдаанд дээр өгсөн мэдүүлэгт:
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 1976-2016 он хүртэл, тэтгэврийн байцаагч нягтлан бодогч, улсын хяналтын ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг албан тушаалд томилогдон ажилласан. 2018-2019 онуудад зөвлөхөөр ажиллаж байсан. Намайг 1976 онд ажилд ороход Сайд нарын зөвлөлийн улсын хороо Монголын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл гэсэн хоёр байгууллага хамтраад хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийн жагсаалтыг батлан гаргаж мөрдөж байсан. Тухайн үед салбар мэргэжлээр нь хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлөөр нь ялгаж салгаж бичсэн.
Мөн түгээмэл мэргэжил гэж байсан. Тухайн орон нутагт ямар хүнд хортой ажил байна тэдгээрийг түгээмэл мэргэжлийн жагсаалтад оруулж 1998 он хүртэл дагаж мөрдөж байсан. Ингэж мөрдөж байгаад галч нарыг улирлын чанартай хүнд нөхцөлд оруулж тооцож тэтгэврийг нь тогтоо гээд тухайн хүний ажилласан сараар нь ажилласан хугацааг нь тооцоод 12 жил, 6 сар хүрч байх юм бол хүнд нөхцөлд оруулан тооцож нийтдээ 25 жил ажилласан байх юм бол хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 55 настайдаа тэтгэвэрт гарна гэсэн хуулийн заалттай байсан. Тэгээд тэтгэврийг нь тогтоож байсан, энэ хууль нь 1991 онд тэтгэврийн хууль болж өөрчлөгдөөд 1994 оны 04 дүгээр сард Улсын их хурлаар нийгмийн даатгалын багц хууль болж батлагдаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Өмнөх нэршлээрээ таарахгүй, болоод 2004 оны 77 дугаар тушаалаар өөрчлөн тогтоосон. Тэгэхдээ өмнө байсан ажил мэргэжлийг жагсаалтад хамруулахдаа түгээмэл гэдэг нь байхгүй. Эрчим хүч нь эрчим хүчиндээ, төмөр зам нь төмөр замдаа гэж нэгтгэсэн байдаг. Түүн дотроо түгээмэл мэргэжилд байсан гагнуурчныг түгээмэл, хүнд мэргэжилд оруулна гэж заасан.
Тухайн үед гаргасан тайлбар дээр гагнуурчин гэхэд ажлын 8 цаг гагнуураа хийсэн бол хүнд нөхцөлд хамруулна гэсэн тодотголтой байсан. Тэгээд сүүлдээ тодотголгүй болж нэгтгэснээр эдгээр хүмүүсийн яриад байгаа уурын зуухны машинистыг эрчим хүчний үйлдвэрт оруулсан. Уурын зуухандаа байнгын ажиллагаатай уурын зуух гээд оруулсан. Үүнийг тооцохдоо бид нар ярилцаад Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлүүдийг жишиж үзье, галч нь хүнд нөхцөлд орно. Улирлаар нь тооцож оруулъя. Харин байгууллага үүн дээр нь байнгын ажиллагаатайд орно гээд тэтгэвэр тогтоогоод явж байсан. Тэгээд мэргэжлийн жагсаалт байгаа, төмөр замын нэршлийн жагсаалт байгаа.
Манайхны зарим нь төмөр замын нэршлийн жагсаалт байхгүй байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Төмөр замд байхгүй байх нь зөв. Төмөр замдаа төмөр замынхаа нарийн мэргэшлийг л ярьж байгаа. Харин энэ галч нь нийтийн ахуй үйлчилгээнд хамруулсан учраас би үүнийг хүнд нөхцөлд орно гэж боддог. Ямар ч уурын зууханд очсон хүнд нөхцөлд байгаа нь тодорхой тийм учраас би үүнийг хүнд нөхцөлд байх нь зөв л гэж боддог. Төмөр замын салбар нь нарийн мэргэжлээ л энэ жагсаалтад оруулна. Галч чинь төмөр замын нарийн мэргэжилд хамаарахгүй, нийтийн ахуйн үйлчилгээнд хамаарна. Нэгэнт нийтийн ахуй төвлөрсөн халаалтын системтэй, үйлчилгээ явуулж байгаа тул заавал төмөр замын нарийн мэргэжилд оруулах шаардлага байхгүй гэж ойлгодог гэв.
11. Гэрч*******гийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт:
Манай орон сууцны анги 21 уурын зуухтай, энэ уурын зуух нь Эрчим хүчний сайдын тусгай зөвшөөрлийг орон нутгийн эрчим хүчний зөвлөлөөс зөвшөөрөл авч ажилладаг. Уурын зуух, даралтад сав нь тодорхой хэмжээгээр тосгоныг дулаанаар хангаж байгаа учраас тодорхой бүрдэл хэсэгтэй. Уурын зуух нь дулааныг үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг гэсэн 3 төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Зүүнбаянгийн уурын зуухны онцлог нь анх 1980 хэдэн онд байгуулагдсан. Үүнээс хойш байнгын ажиллагаатай тоноглогдсон.
Ер нь бүх зуух байнгын ажиллагаатай өвөлдөө дулаанаа өгөөд зундаа тогоо тоног төхөөрөмжөө засаж будаж, шавар шохой, шугам сүлжээний ажил хийдэг. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлөө тодорхойлуулаад хүнд, хортой нөхцөлийн нэмэгдлийг авдаг. Манайд онцлогтой 4 уурын зуух байдаг. Энэ нь ямар учиртай юм гэхээр өвөл зунгүй хэрэгцээний халуун ус өгдөг. Хэрэгцээний халуун ус гэдэг нь зун ч байсан крантаа нээхэд халуун ус гоожиж байна гэсэн үг. Зуухнаас гарч байгаа халуун усыг хэрэглэгчдэд хүргэхэд тодорхой хэмжээний дулааны шугам тоноглогдсон байдаг. Хэрэгцээний халуун усгүй зуух нь 3 шугам явдаг нь айл өрх рүү явдаг усыг зууханд халаагаад гэрээр нь дамжуулдаг. Хэрэгцээний халуун ус нь мөн ялгаагүй галлаад халуун усыг дүшин дээрээ байлгаад хэрэглээгүй усыг нь эргүүлээд өгдөг гэсэн зарчмаар ажилладаг. Хэрэгцээний халуун устай зуух нь 5 дулааны шугамаар тоноглогддог. Зүүнбаян хэсгийн уурын зуух нь байгуулагдсан цагаасаа эхлээд 20 хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа. Угаасаа цаанаасаа 5 шугамаар тоноглогдсон учраас галч нар нь өвөл зунгүй галладаг.
Ер нь галчийн ажил хэвийн бус нөхцөлд ажилладаг учраас хэвийн бусыг тогтоогоод тодорхой хэмжээний нэмэгдэл олгож, тухайн ээлж дээр нь хор саармагжуулах бодис гэж өөр өөр бүтээгдэхүүн олгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зүгээсээ хувь хүнийг хувийн хамгаалах хэрэгслээр хангаж ажилладаг. Нэг хүний хамгаалах хэрэгсэл гэдэгт ажлын гутал, хувцас, хошуувч, маск, нүдний шил, малгай, бээлий гэсэн хэрэгслүүдээр хангаж ажилладаг.
Зүүнбаянгийн уурын зуухны марк нь 77 дугаар тушаалд заасан уурын зуухаас ялгарах зүйлгүй. Байгуулагдсан цагаасаа хойш хүчин чадал нь хэвээрээ л байгаа, нэршлийн хувьд хаана хаана үйлдвэрлэгдсэнээрээ ялгаатай болохоос биш ажиллагааны зарчим, нүүрсний түлш өгөлт нь адилхан, хүчин чадлын хувьд том бага байж болно.
Үндсэн, улирлын чанартай галч гэж байдаг. Улирлын чанартай гэдэг нь 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд ажилладаг. Улирлаар авах хүмүүс нь нэмэгдлээр орж ирдэг. Үндсэн галч нар жилийн 12 сар ажилладаг. Өвөлдөө галлагаагаа хийдэг. Зундаа дотор нь орж засвар хийдэг. Зун халаалтын шугамаа хаагаад хэрэгцээний хоёр шугамаар халуун ус явуулдаг. Тэр тогоо нь өвөл галлаж байгаа юм шиг л 24 цагийн хугацаанд халуун устай байлгахын тулд галлаж ажилладаг. Зүүнбаян хэсгийн уурын зуух нь 8-9 аж ахуйн нэгж байгууллагуудыг бүгдийг нь халаадаг. Дээр нь 66 айлын 3 орон сууцыг хэрэгцээний халуун усаар хангадаг. Дулааны шугам сүлжээ нь нийтдээ 3 орчим км байгаа байх. Зүүнбаян багт хамааралгүй, төмөр замын тосгондоо л үйл ажиллагаа явуулдаг.
Манайх байгууллага дулаанаар эрчим хүч үйлдвэрлээд хэрэглэгчдэд хангана гэдэг нэг л тусгай зөвшөөрлийг байгууллагадаа авна, 21 уурын зуух бүр дээр 21 тусгай зөвшөөрөл авна гэсэн зүйл байхгүй. Энэ тусгай зөвшөөрөл нь 21 зуухандаа хүчинтэй байдаг гэв.
12. Иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан дүгнэлтэд: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, иргэн *******ын нэхэмжлэлтэй шүүх хуралд суулаа. Иргэн *******т тэтгэвэр тогтоох нь зөв, үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг. Маргаан үүссэн нөхцөл байдлын талаар:
1.1. УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги (цаашид “Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р анги” гэх)-ийн даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б-I-142 дугаар тушаалаар, тус ангийн Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч *******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ( 1 дэх хавтаст хэргийн 36, 63, 64 дэх тал),
1.2. Үүний дагуу тус хэлтсээс *******т хөнгөлттэй нөхцөлөөр буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 614,843 төгрөгийн тэтгэврийг анхлан олгосон ч мөн оны 10 дугаар сараас “... ажил мэргэжил нь тэтгэврийг хөнгөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлийн жагсаалтад хамаарахгүй” гэх үндэслэлээр тэтгэвэр олголтыг нь зогсоосон (1 дэх хавтаст хэргийн 38, 70-71 дэх тал),
1.3. Нэхэмжлэгч *******аас тэтгэврийг нь зогсоосон дээрх үйл баримттай холбогдуулан өөрийн ажиллаж байсан Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд “тэтгэвэр хөөцөлдөж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан (1 дэх хавтаст хэргийн 56 дах тал),
1.4. Улмаар хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс “... хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ...Зүүнбаян дахь халаалтын зуухны машинчаар ажиллаж байгаа даатгуулагч нар хандсан, ...2004 оны жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөл, төмөр замын салбарт “...уурын зуухны машинч, гагнуурчин, засварчин” гэсэн албан тушаалууд тусгагдаагүй, ...” гэх агуулгатай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 тоот албан бичгийг, Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангид хүргүүлсэнтэй холбогдуулж, тус анги 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 60/764 тоот албан бичгээр ”ажилчдаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг тал талын төлөөллийг оролцуулан Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх” саналаа илэрхийлсэн (1 дэх хавтаст хэргийн 60, 154 дэх тал),
1.5. Мөн Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “уурын зуухны галч, ...” ажил мэргэжлээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой” хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1906 албан бичгээр “уурын зуухны галч ...” ажил мэргэжил нь төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй” гэсэн хариуг авсан (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал),
1.6. Түүнчлэн тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “3-р ангийн зарим ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар Нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа хандахад шийдвэрлэхгүй байгаа талаарх” албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүрүүлснээр, тус яамнаас “маргаантай асуудлыг Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэж, шийдвэрийг холбогдох Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүл” гэсэн чиглэл бүхий 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/532 тоот албан бичгийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, хувийг тус Үйлдвэрчний эвлэлийн хороонд ирүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 122 дах тал),
1.7. Дээрх албан бичгийн дагуу хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөр “... уурын зуухны галч /машинч/, цахилгаанчин, ... зэрэг ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулах тухай асуудлыг хэлэлцээд “...Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтын Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 3 дахь хэсэг төмөр замын зүтгүүрийн зааварлагч, машинч, ...”-д хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй тул Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргасан (1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),
1.8. Улмаар дээрх тогтоолтой холбогдуулан хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 126 тоот албан бичгийг 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд, маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичгийг нэхэмжлэгч *******т тус тус хүргүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 61, 62 дах тал),
1.9. Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Гомдлын шаардлагын зөвлөлийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32/11 тоот албан бичгээр “...Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолоор хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдье” гэх хариуг авч, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан (1 дэх хавтаст хэргийн 54, 78, 2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал), болох зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актуудад холбогдуулан нэхэмжлэгч *******аас нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тухайд:
2.1. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн талаарх” 308 тоот албан бичиг нь, нэхэмжлэгч иргэнд шууд чиглээгүй, түүний ажил олгогч болох УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги (цаашид “Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р анги” гэх)-д хаяглагдсан байх боловч уг албан бичгийн агуулгад “...Зүүнбаян дахь халаалтын зуухны машинчаар ажиллаж байгаа даатгуулагч нар манайд хандсан, ... 2004 оны жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөл, төмөр замын салбарт “...уурын зуухны машинч, ...” гэсэн албан тушаалууд тусгагдаагүй” талаар дурдсан улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэнын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “....Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтэст хэд хэдэн хүн материал шалгуулахаар ирүүлж байсан. Энэ дунд Пүрэвжав гуай байгаа. Байгууллагаас нь тэтгэвэр тогтоолгох хүнд нөхцөлд хамаарна гэсэн агуулга бүхий бичгүүд өгөөд манай хэлтэст ирүүлээд байсан учраас асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд манай байгууллага руу явуулж байгааг зогсоох нь зүйтэйг зөвлөж 308 тоотыг бичиж явуулсан” гэж байгаа зэргээс үзэхэд уг албан бичгийг нэхэмжлэгчийн хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, ашиг сонирхолтой хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.
2.2. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй тухай” 01 дугаар тогтоолд, нэхэмжлэгч *******аас тухайлан гаргасан өргөдөл, хүсэлтийг бус, Барилга, орон сууцны гуравдугаар анги (хуучин нэрээр)-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн саналын дагуу Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хэлэлцсэн талаар дурдсан байх боловч тус зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал нь энэхүү маргаанд хамаарах нэхэмжлэгчийн ажиллаж байсан уурын зуухны галч /машинч/ зэрэг ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах эсэхийг шийдвэрлэсэн байх бөгөөд “Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн нь дээр дурдсан маргаан бүхий захиргааны акт болох Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 308 тоот шийдвэрийг баталгаажуулсан агуулгатай байхын зэрэгцээ нэхэмжлэгч иргэний зүгээс өөрийн ажиллаж байсан байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд “... нэг сар тэтгэвэр өгөөд зогсоосон тул тэтгэврийн асуудлыг хөөцөлдөж өгнө үү” гэсэн өргөдлийг өмнө нь гаргасан байсан зэргээс тус тус дүгнэхэд уг маргаан бүхий тогтоолыг нэхэмжлэгчид хамааралгүй гэж дүгнэх боломжгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчын шүүх хуралдаанд гаргасан “...Пүрэвжав гуай өөрөө гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаагүй. Байгууллагаараа дамжуулж буюу Үйлдвэрчний хороо нь ажил олгогчийн зүгээсээ гомдол гаргасан” гэх тайлбар ч үүнийг давхар нотолж байна.
2.3. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Өргөдлийн хариу” гэсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн тэтгэврийг бодитоор зогсоосон цаг хугацаа /2020 оны 10 дугаар сар/-наас хойш гарсан ч нэхэмжлэгчид өмнө нь тогтоон олгосон тэтгэврийг үндэслэлгүй олгосон талаар дурдаж улмаар олгосон тэтгэврийг буцаан төлөхийг түүнд үүрэг болгосон байх тул нэхэмжлэгчээс уг албан бичигтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба ингэхдээ энэхүү албан бичгийн тухайд нэхэмжлэгчийг төлөөлөн тэтгэврийнх нь асуудлаар холбогдох байгууллагад санал, хүсэлт хүргүүлж байсан Үйлдвэрчний эвлэлийн хороо нь маргаан бүхий 01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан гомдолдоо “...2020 оны 08 дугаар сард тухайн хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр иргэний тэтгэврийг тогтоогоод сарын дараа буруу байна гэж тэтгэврийг нь олгохгүй түдгэлзүүлсэн үйлдлээс бол иргэд ... гомдолтой байна” хэмээн дурдсан байгаагаас үзэхэд маргаан бүхий 132 тоот албан бичгийн тухайд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг маргаан бүхий 01 дүгээр тогтоолтой хамтатган хангасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, дээрх маргаан бүхий 308, 132 тоот албан бичгүүд болон 01 дүгээр тогтоол нь хэдийгээр өөр өөр этгээдэд хаяглагдсан байх хэдий ч тухайн захиргааны актуудын агуулга, үр дагавар нь Төмөр замын байгууллагад ажиллаж буй уурын зуухны галч /машинч/ зэрэг ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй буюу хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн маргаж буй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч иргэний зүгээс харьяа үйлдвэрчний эвлэлийн байгууллагадаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т заасан “...хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор ... үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх”-ийнхээ хүрээнд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт гаргасан, үүний дагуу тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/-д “хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, ... зохих байгууллагад төлөөлөх” үндсэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж ирсэн ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах эсэхтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад төлөөлөн санал, хүсэлт хүргүүлж, гомдол гаргасныг буруутгах боломжгүй байх бөгөөд тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны энэхүү үйлдэл нь хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар бус тодорхой гишүүдийнхээ буюу тухайлбал, нэхэмжлэгч иргэний хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг зохих байгууллагуудад холбогдох санал, хүсэлтээ уламжлах, гомдол гаргах замаар хэрэгжүүлсэн байна.
Гурав. Дээр дурдсан маргаан бүхий захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
3.1. УБТЗ-ын харьяа Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангид хаягласан, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн талаар” гэсэн 308 тоот албан бичигт ”...хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан иргэдэд өндөр насны тэтгэвэр тогтооход ... 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.Танай байгууллагаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ... Зүүнбаян дахь халаалтын зуухны машинчаар ажиллаж байгаа даатгуулагч нар нийгмийн даатгалын хэлтэст хандсан, ... дээрх жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөл, төмөр замын салбарт “...уурын зуухны машинч, гагнуурчин, засварчин” гэсэн албан тушаалууд тусгагдаагүй, мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын “төмөр замын ... ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай зуухны машинч, туслах машинч, засварчин, цахилгаанчин, ашиглалтын инженер, засварчин, гагнуурчин” албан тушаалд хамруулах талаар судалж үзэхэд танай байгууллагын төвлөрсөн халаалтын зуухны марк тохирохгүй, байнгын ажиллагаатай бус байдал нь хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй болно. Танай байгууллагын өмнөх хугацаанд ашиглаж байсан төвлөрсөн халаалтын зуухны марк, хүчин чадал, байнгын ажиллагаатай байсан эсэхийг судалж үзэх шаардлагатай, ... энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл тэтгэврийн нас дөхсөн иргэдэд ... тодорхойлолт гаргах хэлбэрээр иргэдийг ... нийгмийн даатгалын байгууллага руу явуулж байгааг зогсоох нь зүйтэй...” гэж дурдсан (1 дэх хавтаст хэргийн 60 дах тал),
3.2. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй тухай” 01 дугаар тогтоолоор, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан ”Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 4 дэх заалт, 17 дахь хэсгийн “в” заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны гуравдугаар ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “уурын зуухны галч /машинч/, цахилгаанчин, засварчин, гагнуурчин ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулах тухай” нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хэлэлцэж ... “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалаар батлагдсан ““Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 3 дахь хэсэг “төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, ... вагон засварын газрын халуун төмрийн дархан”-д хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй тул Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрийг үндэслэлтэй гэж ... гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, ... заалт тус байгууллагад Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 онд ... тоот бичгээр хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эдгээр ажил, мэргэжилд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн (1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),
3.3. Сайншанд сумын 5 дугаар багийн иргэн ******* танаа гэж хаягласан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Өргөдлийн хариу” гэсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичигт ” Таны ажиллаж байсан УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн харьяа Зүүнбаян хэсгийн “уурын зуухны галч /машинист/” ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалт”-ын хүнд нөхцөлд хамаарах төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад тусгагдаагүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй, ... таны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг...тэтгэврийг хүлээн авах чиг үүрэг хэрэгжүүлдэг байцаагч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хяналтгүйгээр мэдээллийн баазад оруулж алдаа гаргасан байна. Банк нь тэтгэвэр авагчдад сар бүр олгосон тэтгэврийг тэтгэврийн дэвтэрт тухай бүр үнэн зөв бичиж баталгаажуулдаг. Гэтэл таны тэтгэврийн хувийн хэрэг, тэтгэврийн дэвтэр баталгаажиж гараагүй байхад 2020 оны 09 сарын тэтгэвэр 614,843 төгрөгийг банканд шилжүүлсэн байна. Иймд үндэслэлгүй олгогдсон тэтгэвэр болох 614,843 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн харилцах дансанд буцаан төвлөрүүлж санг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн (1 дэх хавтаст хэргийн 62 дах тал),
3.4. Дээрх маргаан бүхий захиргааны актууд нь өөр өөр этгээдүүдэд хаяглагдан тус тусдаа цаг хугацаанд гарсан байх боловч эдгээр нь “Төмөр замын байгууллагад ажиллаж буй уурын зуухны галч /машинч/ зэрэг ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй, үүнээс үүдэн хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үндэслэл болохгүй” гэх ижил агуулгатай, улмаар нэхэмжлэгч *******т хөнгөлттэй нөхцөлөөр тогтоосон тэтгэврийг нь зогсоон цаашид олгохгүй байх үр дагаврыг үүсгэсэн хоорондоо харилцан хамааралтай захиргааны актууд байх тул тухайн захиргааны актуудад тус тусад нь, нэг бүрчлэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
3.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна” гээд 1/-д “өндөр насны тэтгэвэр” хэмээн заажээ.
Улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн, өндөр насны тэтгэвэр авах эрхийн талаар зохицуулсан 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, …20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” хэмээн тухайн төрлийн тэтгэврийг авах насны болон шимтгэл төлсөн хугацааны дээд хязгаарыг ерөнхий байдлаар тогтоож,
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, мөн хэсгийн 3/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн …бол … өөрийн хүсэлтээр” тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй хэмээн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчид, тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоох болзол, шаардлагыг тухайлан хуульчилсан байна.
3.6. Энэхүү маргааны тухайд хэргийн оролцогчид дээрх заалтын тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нийт хугацаа /20-иос доошгүй жил/ болон нас /эрэгтэй 55 нас хүрсэн/-ны шаардлагын тухайд маргаагүй, харин мөн заалт дахь 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх болзлыг нэхэмжлэгч ******* хангасан эсэх асуудлаар маргаж байна.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч *******ыг 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх болзол шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнд олгож эхэлсэн өндөр насны тэтгэврийг нь зогсоосноор тухайн маргаан эхэлсэн бөгөөд тэрээр шүүхэд маргаж буй татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан уурын зуухны галч /машинч/ ажил, мэргэжил нь эрх бүхий этгээдээс баталсан тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалтад байхгүй тухайлбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалт” өөрөө салбар салбараар зохицуулан гаргасан жагсаалт бөгөөд уг жагсаалтын Дөрөв. Хүнд нөхцөл гэсэн хэсгийн 3-т заасан төмөр замын салбарт “...уурын зуухны галч, машинч”-ийн ажил, мэргэжил тусгагдаагүй, ... хүнд нөхцөл хэсгийн 1-д заасан Эрчим хүчний салбарт байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэсэн ажил, мэргэжил байгаа боловч уг жагсаалтыг салбар хооронд хольж тогтоох боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зүүнбаян хэсгийн уурын зуух нь байнгын ажиллагаатай уурын зуух биш бөгөөд нэхэмжлэгч улирлаар ажиллаж байсан тул түүний ажилласан жил хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байна, ... ажил, мэргэжлийн жагсаалтыг батлах эрх зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад олгогдсон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв энэ эрхийг эдлэхгүй, тус төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ажлын байрны хөдөлмөрийн үнэлгээний тайлан” нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнөх ажиллагаа тул УБТЗ ХНН нь Зам тээврийн хөгжлийн яамаар дамжуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал хүргүүлж уг жагсаалтад өөрчлөлт оруулснаар тухайн тэтгэвэр тогтоолгох асуудал шийдэгдэх боломжтой, ... бид дээд шатны байгууллагаас өгсөн зөвлөмж, шийдвэрийг мөрдөж ажилласан” гэж тайлбарлажээ.
Харин нэхэмжлэгч ******* нь “хариуцагч байгууллагад 2020 оны 08 дугаар сарын 05-нд тэтгэврийн материалаа өгснөөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 614,843 төгрөгийн тэтгэврийг 1 удаа олгоод зогсоосон нь хууль бус, анх Зүүнбаян хэсэгт туслах ажилчин болон улирлын галчаар ажиллаж байгаад, 2007 оноос эхлэн үндсэн ажилчнаар 2020 оны 8 дугаар сар хүртэл ажилласан, миний ажлын байр жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай бөгөөд ажил олгогчоос хамтын гэрээний дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нэмэгдлийг олгож ирсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс миний эрхэлж байсан уурын зуухны галч, машинч ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарна гэсэн хариу ирүүлсэн байхад үндэслэлгүйгээр тэтгэврийг зогсоож үргэлжлүүлэн олгохгүй байгаагаас миний тэтгэвэр авах эрх зөрчигдөж байна, өмнө нь манай байгууллагад галч, машинч, цахилгаанчнаар ажиллаж байсан иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоон олгож байсан” хэмээн маргана.
3.7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж заасны дагуу, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар “уг жагсаалтыг баримтлан тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Улмаар дээрх тушаалын хавсралтаар нийт 46 заалт бүхий “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталсан түүний Дөрөв дэх бүлэг болох Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн бүлгийн 1-д буюу Эрчим хүч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг ... байнгын ажиллагаатай уурын зуухны галч, ... ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, туслах машинч, засварчин, цахилгаанчин, механикч ...” гэх зэрэг ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулсан байна.
3.8. Хариуцагчаас, татгалзлын нэг үндэслэлээ болгон тайлбарлаж байгаачлан дээрх жагсаалтын Хөдөлмөрийн хүнд нөхцөл бүлгийн 3-т заасан Төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, туслах машинч, ... гэх зэрэг ажил, мэргэжлүүд дотор “уурын зуухны галч, машинч” гэсэн ажил, мэргэжил тусгагдаагүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан уурын зуухны галч, машинч ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь, тус жагсаалтын Дөрөвдүгээр бүлэгт хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн нэрийг үйл ажиллагааных нь чиглэлээр жагсаасан байх бөгөөд уг бүлгийн 3-т зөвхөн төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, туслах машинч, ... гэх зэрэг ажил, мэргэжлийг бус төмөр замд огт хамааралгүй иргэний нисэхийн болон нисэх онгоцны ажлын байр, ажил мэргэжлүүд тусгагдсан зэргээс дүгнэхэд хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг байгууллагаар буюу салбараар нь ангилж жагсаасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “уурын зуухны галч, машинч” ажил, мэргэжил нь төмөр замын чиглэлийн нарийн мэргэжил биш олон байгууллагад хамааралтай түгээмэл шинжтэй, түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой ажил, мэргэжил болохын хувьд тус бүлгийн 1-д Эрчим хүчний үйлдвэрлэлийн ... байнгын ажиллагаатай уурын зуухны галч, ... ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, ... гэх зэргээр тухайлан тусгагдсан байхад “салбар хооронд нь ажил мэргэжлийг шилжүүлж холих боломжгүй, ...төмөр замын салбарт хамаарах ажил мэргэжилд байнгын ажиллагаатай уурын зуухны галч, машинч байхгүй” хэмээн эрх бүхий этгээдээс баталсан уг жагсаалтыг, тухайн харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилго, зохицуулалтаас өөрөөр (үл нийцэх байдлаар) тайлбарлаж, хэрэгжүүлж буй хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус байна.
3.9. Мөн хариуцагч нь, нэхэмжлэгч *******ыг улирлын галчаар ажиллаж байснаас нь үзэхэд ажилласан жил нь хүрэхгүй байх магадлалтай, түүний ажиллаж байсан ажлын байр байнгын ажиллагаатай уурын зуух биш хэмээн татгалзлын нэг үндэслэл болгон тодорхойлдог.
Нэхэмжлэгч ******* нь 2005 оны 08 дугаар сараас Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Барилга, орон сууцны 3 дугаар анги /хуучин нэрээр/-ийн харьяа Зүүнбаян хэсэгт туслах ажилчнаар ажиллаж байгаад тус ангийн даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 340 дүгээр тушаалаар Зүүнбаян хэсэгт, 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 247 дугаар тушаалаар Айраг хэсэгт, 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 260 дугаар тушаалаар Зүүнбаян хэсэгт тус тус өвлийн галлагааны улирлын ажил дуустал уурын зуухны галч/машинч/-аар томилогдон улмаар тус ангийн даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б-I-142 дугаар тушаалаар, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан (1 дэх хавтаст хэргийн 36, 94, 95, 3 хавтаст хэргийн 58, 110 дах тал) үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тушаалуудад “өвлийн галлагааны ажил дуустал” гэж дурдсан, улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд, гэрээний хугацааг “өвлийн галлагааны ажил дуустал” гэж тодорхойлсон (1 дэх хавтаст хэргийн 96 дах тал) зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн, тухайн байгууллагад уурын зуухны галч, машинчаар 2005 онд гурван сар /10-12 сар/, 2006 онд таван сар /1-2, 10-12 сар/, улмаар 2007 оны 1-5 дугаар сард болон мөн оны 09 дүгээр сарын 28-наас, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд (нийтдээ 14 жил 2 сар) ажилласан байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгох”-оор, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” хэмээн тус тус заажээ.
Нэхэмжлэгч *******ыг, Барилга, орон сууцны 3-р ангийн Зүүнбаян хэсэгт уурын зуухны галч, машинчаар томилсон дээрх тушаалуудад “өвлийн галлагааны ажил дуустал” гэж дурдсан, улмаар 2007 оны 260 дугаар тушаалаас хойш 2020 он хүртэл хугацаанд түүнийг байнгын ажилчнаар томилсон тушаал шийдвэр байхгүй байх боловч тэрээр бодит байдал дээр Зүүнбаян хэсгийн уурын зуухны галч, машинч ажлын байранд 2007 оны 09 дүгээр сарын 28-наас эхлэн, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нэмэгдэлтэй зохих цалин хөлсийг авч, холбогдох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэж, нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн, улмаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусахад ажил олгогчоос цуцлаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн ажил үүргээ гүйцэтгэсээр байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил олгогч байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэгчийн цалингийн тооцооны хуудас болон цалингийн карт, түүний хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт холбогдох бусад нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 97, 98, 100, 138-144, 165-168, 179-182, 186-189, 2 дах хавтаст хэргийн 123-129, 171-250, 3 дах хавтас хэргийн 1-53, 90 дэх тал)-аар тогтоогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгч *******ыг байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн гэрч*******гийн шүүх хуралдаанд гаргасан “Манай орон сууцны анги 21 уурын зуухтай, уурын зуух нь дулааныг үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Зүүнбаянгийн уурын зуухны онцлог нь анх 1980 хэдэн онд байгуулагдсан. Үүнээс хойш байнгын ажиллагаатай тоноглогдсон. Ер нь бүх зуух байнгын ажиллагаатай өвөлдөө дулаанаа өгөөд зундаа тогоо тоног төхөөрөмжөө засаж будаж, шавар шохой, шугам сүлжээний ажил хийдэг. Манайд онцлогтой 4 уурын зуух байдаг. Энэ нь ямар учиртай юм гэхээр өвөл зунгүй хэрэгцээний халуун ус өгдөг, Хэрэгцээний халуун усгүй зуух нь 3 шугам явдаг нь айл өрх рүү явдаг усыг зууханд халаагаад гэрээр нь дамжуулдаг. Хэрэгцээний халуун ус нь мөн ялгаагүй галлаад халуун усыг дүшин дээрээ байлгаад хэрэглээгүй усыг нь эргүүлээд өгдөг гэсэн зарчмаар ажилладаг. Хэрэгцээний халуун устай зуух нь 5 дулааны шугамаар тоноглогддог, Зүүнбаян хэсгийн уурын зуух нь цаанаасаа 5 дулааны шугамаар тоноглогдсон учраас галч нар нь өвөл зунгүй галладаг” гэх мэдүүлэг, хэрэгт цуглуулсан бичгийн бусад нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 136, 160, 161,183, 191-196, 2 дах хавтаст хэргийн 164-170, 3 дах хавтаст хэргийн 164-165 дах тал)-аас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р анги нь Говьсүмбэр аймаг дахь Чойр хэсэг болон зарим өртөөнөөс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх /Сайншанд сумын Зүүнбаян багт орших Зүүнбаян хэсгийн өртөө үүнд хамаарна/ өртөө, зөрлөгт байрлах нийт 21 уурын зуухыг харьяалан хариуцаж үйл ажиллагаа явуулдаг, Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан, уг тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд Зүүнбаян хэсэг багтсан, тус хэсгийн уурын зуух нь Зүүнбаян өртөөний 67 айл өрх, төмөр замын 9 аж ахуйн нэгж байгууллагыг халаалт, дулаан, цэвэр ус болон хэрэгцээний халуун усаар хангах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өвлийн галлагааны улирал дуусмагц буюу 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар 01-нийг хүртэлх хугацаанд харьяалах айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор тогтмол галладаг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зүүнбаян хэсгийн уурын зуухыг байнгын ажиллагаатай биш гэж үзэх үндэслэлгүй байна.
3.10. Дээрх байдлаар нэхэмжлэгч ******* нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан “... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, бол ... өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заасан болзол, шаардлагыг хангаж байхад түүнд нэгэнт тогтоон олгож байсан өндөр насны тэтгэврийг үндэслэлгүйгээр зогсоосон хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгч байнгын ажиллагаатай уурын зуухны галчаар ажиллаж, ээлжийн нөхцөлд, 24 цагийн галлагаа явуулж, дулаанаар ханган ажиллаж байсан үйл баримт нь нэгэнт тогтоогдсон тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын байнгын ажиллагаатай уурын зуухны галчид хамруулан тооцоход хуулиар хатуу хориглосон хэм хэмжээ байхгүй. (М.Амангажы ба Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, 110/2021/0062/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0068, х.5, мөр 3)
Иймд дээр тогтоогдож буй нөхцөл байдлууд болон иргэдийн төлөөлөгчийн “*******т тэтгэвэр тогтоох нь зөв, үндэслэлтэй” гэх дүгнэлтийг үндэслэл болгон Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичгүүд тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч *******т хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоон олгохыг болон түүнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгогдоогүй тэтгэврийг нь нөхөн олгохыг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.
3.11.Хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлүүдэд хамаарах нотлох баримтуудаар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн уурын зуухны галч, машинч зэрэг ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн, нэхэмжлэгч *******т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Таны ажиллаж байсан /галч, машинч/ ажлын байр нь ... “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-д заасан “Байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн ажил мэргэжилд хамаарна” гэсэн хариуг ирүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж зааснаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана” гэсэн заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэрэг нөхцөл байдлууд нь тогтоогдож байх боловч маргаан бүхий ажлын байр буюу уурын зуухны галч, машинчийн ажил мэргэжил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлийн жагсаалтад нэгэнт байгаа болохыг шүүхээс дүгнэж дээрх шийдвэрийг гаргасан тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй байна.
3.12. Мөн 1 дэх хавтаст хэргийн 108, 128, 129, 132, 133, 134, 143-153, 172, 173, 195 дахь талд авагдсан баримтууд нь хэрэгт давхардаж авагдсан бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй (хуулбараар авагдсан), 66, 67, 120, 135, 137, 147-151, 162, 164, 169-171 дэх талуудад авагдсан баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул эдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот албан бичгүүд, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч *******т хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоон олгохыг болон түүнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгогдоогүй тэтгэврийг нь нөхөн олгохыг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ