Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/170

 

 

 

 

 

 

  2021             2              9                                          2021/ДШМ/170

 

 

Б.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/871 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Нд холбогдох 2011000000968 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овогт Б-ын Н, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Б.Н нь 2020 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р.Октябрийг “...дүү П.Мянганбаярт нь цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх гаргуулж өгнө...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нутаг боржигон овгийн Бямбын Нг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Нд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Анармөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нутаг боржигон овгийн Бямбын Нг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана” гэж хуульчилснаас үзвэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгчийг ямар гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон талаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р.Октябрийг “...дүү П.Мянганбаярт нь цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх гаргуулж өгнө...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Р.Октябрийн “...манай төрсөн дүү Нэмэхбаярын эхнэр П.Мянганбаяр нь Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн туслах багшийн ажил хийдэг юм. Одоогоос 1 жилийн өмнөөс “үндсэн багш болчих юмсан, дипломтой болчихвол багш болчих юм байна лээ” гэж ярьж байсан. Танил дүү Нтай тааралдаад түүнийг энд тэнд танилтай болохоор дүүгийнхээ асуудлын талаар ярьж асуухад Н нь “би таньдаг хүнээсээ асууж сураглаад өгье болох байх” гэж хэлээд миний утасны дугаарыг авч үлдсэн. Н миний утас руу залгаад “цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх, диплом гаргаж өгч болж байна, харин та 5.000.000 төгрөг өгчих, би асуудалгүй гаргаад өгье” гээд байхаар нь ярьж байгаад орхисон. Дараа нь Н миний утас руу дахин залгаад байхаар нь “би ер нь цаад хүнтэй чинь уулзмаар байна, ямар хүнтэй ярилцаад байгаа юм бэ нүүр тулж уулзъя” гэж хэлтэл Н “та санаа зоволтгүй надад итгэхгүй байгаа юм уу, найдвартай гаргана” гэсэн. Тэгээд би түүнд итгээд өөрт байсан 2.300.000 төгрөгийг Нгийн Хаан банкны 5042045129 дугаартай данс руу шилжүүлсэн. ...” /хх 11-12/,

гэрч П.Мянганбаярын “...2020 оны эхээр цэцэрлэгийн үндсэн багш болчих санаатай нөхөртөө болон түүний ах Р.Октябрь нарт хэлж байсан. 2020 оны 4 билүү 5 дугаар сард Р.Октябрь ахаас “та хүн амьтнаас нөгөөхөө асуусан уу” гэсэн чинь “ах нь нэг хүнтэй ярьчихсан байгаа удахгүй болчих байх, тэр хүн маань хүлээж байгаарай гэж хэлж байна” гэж ярьсан. 8 дугаар сарын сүүлээр “нөгөөх чинь бүтэхээ больсон байна” гэж хэлж байсан. ...” /хх 15/,

шүүгдэгч Б.Нн яллагдагчаар өгсөн “Миний таньдаг ах Р.Октябр нь надаас 2020 оны 2 дугаар сард байх “дүүдээ цэцэрлэгийн багшийн диплом авах хэрэгтэй байна” гэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр 2.300.000 төгрөг авсан. Надад цэцэрлэгийн багшийн диплом гаргаж өгөх хүн байгаагүй, тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан. Би өөрийн хийсэн үйлдлээ буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8/, шүүгдэгч Б.Нн эзэмшлийн Хаан банкин дахь 5042045129 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байх ба шүүгдэгч Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Б.Нд уг зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Прокурор Г.Анармөнхийн бичсэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгчийг ямар гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон талаар хуулийн зүйл, заалт, хэсгийг орхигдуулсан байх тул өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана” гэж заасан хэдий ч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Нг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу холбогдох хуулийн зүйлчлэлээр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх тул гэм буруутайд тооцохдоо заавал хуулийн зүйлчлэлийг давхардуулан бичих шаардлагагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин прокуророос Б.Нг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилүүлэн авч залилсан” гэж дөрвөн шинжээр буруутай гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж ганц шинжээр гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь тогтоогдож байгаа тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/871 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Нг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

                                                                                                                                            

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ