2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

   2025         02           05                                    2025/ШЦТ/386

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

хохирогч Ч.Отгонтуяа,

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************** тоот дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******** төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт **********  тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр “Мандал-Овоо” 34- 36 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ч.Отгонтуяагийн толгойн хэсэгт ганбанзаар, зүүн хөлийн тавхайн дээд хэсэг тус газарт хугархай модоор цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зүүн тавхай, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...тухайн  өдөр эхнэр маань гэртээ байхгүй байсан. Би эхнэрээ хайгаад эгчийнх нь гэр рүү очсон. Эгчийнд нь очиход эхнэр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул би уурлаад цохисон…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Отгонтуяа мэдүүлэхдээ: “..хэрэг гардаг өдөр би эгчийндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Манай нөхөр орж ирээд намайг зодож эхэлсэн. Миний толгойноос цус гарсан. Тэгээд эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай амьдралыг авч явдаг ганц хүн нь манай нөхөр байгаа юм...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Отгонтуяагийн:

“...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо мандал-овоо 34-36 тоотод байрлах эгчийндээ очсон чинь хүн байхгүй байсан тэгэхээр нь би урд гэрт нь ороод хамаатны нэг хүүхэнтэй 0.5 литрийн хараа архи хувааж уусан тэгээд би эгчийнхээ гэрт ороод унтах гээд байж байтал манай нөхөр Ганхөлөг гаднаас нэлээн согтуу орж ирсэн тэгэхээр нь би яасан юу болов гэсэн чинь яавал гэж гээд өөдөөс уурлаад чи муу хаагуур архи уугаад яваад байгаа юм гээд над руу уурлаад гэртээ харьж унтаж болдоггүй юм уу гээд намайг гурилын ганбанзаар толгой руу маш хүчтэй 1 удаа цохисон тэгсэн миний толгой хагараад гурилын мод дундуураа хугарсан тэгсэн хугархай тал модоор нь миний зүүн хөлийн тавхайны дээд хэсэгт 1 удаа цохисон тухайн үед манай эгчийнд Ганхөлөг манай эгчийн хүүхэд бид гурав байсан тэгтэл гаднаас манай хамаатны хүүхэн Эрдэнэцэцэг орж ирээд болиоч гээд газарт байсан гурилын модоор Ганхөлөгийг цохиод тэгээд түргэн цагдаад дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

 

 Гэрч Д.Эрдэнэцэцэгийн:

 “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал арын хашааны гэрт чанга чанга дуу гараад хүн хашхираад байх шиг байсан тэгэхээр нь би хойд гэрт яваад ортол Ганхөлөг эхнэр Отгонтуяа тэр айлын хүү болох Шаркаа 3 байсан тэгсэн Ганхөлөг эхнэрээ зодсон Отгонтуяагийн толгойноос цус гарсан байдалтай зүүн хөлийн тавхайны дээд тал цус хурж хавдсан байдалтай байсан тэгэхээр нь би Ганхөлөгт чи одоо болиоч эхнэрээ яаж байгаа юм гэж хэлээд түлхэж орон дээр суулгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12616 дугаартай шинжээчийн:

“...Ч.Отгонтуяагийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зүүн тавхай, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дахь тал/,

Шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба гэртээ ирэхэд эхнэр Отгонтуяа байхгүй байсан. Тэгээд би эхнэр Отгонтуяаг хайж байж болох газраар хайхад хажуу гудамжны тоот болох Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоо 34-36 тоотод очиход манай эхнэр Отгонтуяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай уг тоот айл дотор хэвтэж байсан. Тэгэхээр нь би уурлаад “Чи гэртээ байж байхгүй хаагуур яваад архи уугаад байгаа юм” гээд эхнэр Отгонтуяагийн толгой руу нь гурилын модоор 1 удаа цохисон ба уг мод хугарсан бөгөөд уг хугархайгаар нь би дахин эхнэр Отгонтуяагийн биед халдаж зүүн хөлийн тавхай хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл гэр дотор гаднаас Эрдэнэцэцэг гэх эмэгтэй орж ирээд цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлийн жагсаалт /хавтаст хэргийн 62-66, 86-95 дахь тал/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 97-104 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Отгонтуяаг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”  гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Шүүгдэгч ************ нь хохирогч Ч.Отгонтуяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч ************ийг энэ тогтоолоор хохирогч Ч.Отгонтуяад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Ч.Отгонтуяагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 49.920 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ************өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, хохирогч Ч.Отгонтуяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид  ************** урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2408037901813 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун нян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ************т оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 49.920 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ************өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж,

- хохирогч Ч.Отгонтуяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ