2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/402

 

 

 


 

 

 

 

    2025         02           06                                    2025/ШЦТ/402

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Э.Уянга,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************ тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой ***********  ажилтай, ам бүл 1, ************* тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, **********

 

2. Монгол Улсын иргэн, ****** оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын ******** оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************

 

3. Монгол Улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 03-ны өдөр ****** төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын нарын хамт ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************

 

4. Монгол Улсын иргэн, **** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь өөрийн хамтран амьдрагч Б.Балжмаатай гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар, өс хонзонгийн сэдэлтээр, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөж, улмаар ************, Дамбадаржаагийн Сүхбат, ************ нартай хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1-р байрны 78 тоотод гэртээ байсан иргэн Э.************ын байрны гадна тээврийн хэрэгслээр очин, түүний гар утас руу залгаж “автомашиныг чинь шүргэчихлээ гараад ирээрэй” гэж ярьж итгүүлэн хууран мэхэлж, улмаар тухайн байрнаас гарч ирсэн иргэн Э.************ын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан довтолж, 19-34 УНР улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт хүчээр хийж эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэргийг,

- шүүгдэгч ************, Дамбадаржаагийн Сүхбат, ************ нь найз ************ын хамтран амьдрагч Б.Балжмаатай гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар, Эрдэнэбатын ************той хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1-р байрны 78 тоотод гэртээ байсан иргэн Э.************ын байрны гадна тээврийн хэрэгслээр очин, түүний гар утас руу залгаж “автомашиныг чинь ширгэчихлээ гараад ирээрэй” гэж ярьж итгүүлэн хууран мэхэлж, улмаар тухайн байрнаас гарч ирсэн иргэн Э.************ын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан довтолж, 19-34УНР улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэгт хүчээр хийж эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Э.************ын:

“...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагийн үед гэртээ амарч байхад 99138370 дугаарын утаснаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних залуу залгаж таны автомашиныг хүргэчихлээ гараад ирж болох уу гэж хэлсний дагуу гараад машинаа арын гупер хэсгээ харахад хар зураас үүссэн байсан тул машины дотроосоо нойтон салфетка авч гараад 2 ширхгийг гаргаад арчих гээд тонгойх үед гэнэт хажуу талаас цохиж унагаан 5-6 залуу бүлэглэн зодож цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэгт чихэн хөдөлж явахыг завдахад би эсэргүүцсэн боловч багажийн хаалгаар миний хөлийг цохиж байсан учир би хөлөө татсан тэгсэн хөдлөөд явсан тэгээд би багажийн хэсгийн троссыг татаж онгойлгон 25-р эмийн сангийн автобусны буудлын ойролцоо үсэрч буугаад зугтаан 25-р эмийн сангийн ард байрлах ************ нэртэй ломбард руу орсон тэгсэн нэг бүдүүн залуу нь хойноос хөөж ирж зодох гэж байгаад явсан тухайн үед миний айфоне 12 про макс загварын гар утсыг булааж авсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...намайг анх орцноосоо гарч ирэхэд миний машины баруун зүүн талд нь 2 эрэгтэй зогссон. Цаад талд ойролцоогоор 3-аас 4 метрийн зайд 2 залуу тамхи татаад зогсож байсан. Би машин руугаа дөхөөд туранхай бор царайтай залуугаас нь хаана нь мөргөсөн юм бэ? гэж асуусан чинь нөгөө залуу энд гээд эрүүгээ миний машины хойд буфер хэсэг рүү заахаар нь би өндийгөөд хойд буферээ хараад машин дотроос нойтон салфетка гаргаж байгаад арчаад үзээд гайгүй бол явуулъя гэж бодоод салфетка авчхаад машины хойд талын буфер дээрээ дөнгөж тавиад машинаа арчих гээд тонгойсон чинь гэнэт нөгөө залуу нь /Намайг тээшиндээ хийсэн машины цаад талаас гарч ирсэн залуу/ миний зүүн нүд хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би жоохон манараад хойшоогоо 2-3 алхсан чинь гэнэт миний хойноос нэг нь /Хэн гэдгийг нь бол мэдэхгүй/ хавирч газарт унагаад дэвсээд эхэлсэн. Намайг газарт унасан байхад ойролцоогоор 4-6 хүн тойроод миний биеийн бүх хэсэг рүү дэвсээд байсан. Би газарт унаад зодуулаад хэвтэж байхдаа доороо эргэж хөдөлж байсан болохоор намайг олуулаа өшиглөж байгааг нь харсан. Би яг бүх хүнийг нь тоолоогүй. ...намайг зодож машиныхаа тээшинд хийж миний гар утсыг авч явсан гэх залуучуудыг огт танихгүй. 2023 оны 11 дүгээр сарын дундуур нэг удаа өөрийгөө Балжмаагийн нөхөр гэх үл таних эрэгтэй эхлээд Балжмаагийн дугаараас залгаж Балжмаа бид хоёрыг өмнө нь хэдэн удаа уулзаж байсан?, сүүлд хэзээ уулзсан?, та хоёр унтаж хэвтсэн үү? гэж асуухаар нь би тухайн үед Балжмаа бид 2, 2 удаа л уулзаж байсан. Сүүлд UG Palace-н гадна тааралдаад 10 минут л машинд суугаад тамхилаад салсан. Бид хоёрт унтаж хэвтсэн зүйл огт байхгүй гэж хэлсэн чинь чи Сэлэнгийнх юм байна лээ. Би чамайг мэднэ. Сэлэнгийнхэн яаж асуудлаа шийддэг тэр аргаар нь шийднэ. Би чамайг хаанаас бол хаанаас олно. Чи Баянзүрхийн Онцгой байдлын хэлтэст ажилдаг юм байна лээ. Гэр чинь Олимп хотхонд юм байна. /Гэхдээ би тухайн үед Олимп хотхонд амьдардаггүй байсан. Миний иргэний үнэмлэх дээрх хаяг л Олимп хотхоноор байдаг/ Хоёулаа уулзъя гээд байхаар нь би тухайн үедээ зөвшөөрөөгүй утсаа тасалж байсан. Дараа нь танихгүй дугааруудаас миний утас руу залгаад байхаар нь би залгасан дугаар болгоныг нь Блок хийж байсан юм. ...надад тухайн үед ямар ч цаг утас байхгүй байсан мөн би маш их сандарсан байсан болохоор тухайн машины багаажинд яг хэр хугацаанд байснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрийн гаднаас намайг багаажинд хийсэн. Намайг багаажнаас нь гараад зугтахад машин нь Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн автобусны буудлын харалдаа явж байсан. Зам түгжрэлтэй байсан болохоор нь би яг машин зогсох үед нь бууж амжсан. ...намайг газарт унагаад зодож байгаад 2 залуу /Хэн гэдгийг нь мэдэхгүй байна./ миний 2 суганы доогуур гараа оруулаад намайг өргөсөн чинь сүүлд намайг машинаас нь буугаад зугтахад миний хойноос дэлгүүр дээр ирээд хаалга татаад байсан өндөр бүдүүн бор царайтай, өвлийн малгайгаа чихээ давуулаагүй өмсчихсөн залуу миний өөдөөс харж зогсож байгаад толгой хэсгийг доош дараад баруун сугандаа миний толгойг хавчуулж байснаа намайг багаж хэсэг рүү шидээд миний хөл багааж руу бүрэн орохгүй байсан чинь 2 нь миний толгой хэсэг рүү нөгөө 2 нь гэдэс хэсэг рүү цохиод оруулах гээд чадахгүй байсан чинь нэг нь /Миний санаж байгаагаар Балжмаагийн нөхөр гэж надтай ярьсан хүнтэй адилхан хоолойтой залуу/ газраас нэг том чулуу бариад “Энүүгээр цохиж ухаан алдуулж байгаад аваад явъя” гээд нөгөө хэд нь багаажны хаалгаар миний хөлийг цохиод байхаар нь би айгаад хөлөө татсан чинь миний хөл багажны хаалганд хөшигдөөд хаагдахгүй байсан чинь нэг нь /Бас хэн гэдгийг нь мэдэхгүй байна/ миний өвдөг хажуу хэсэг рүү өшиглөөд багажаа хаачихсан. ...багааж хаагдахаар нь би утсаа халааснаасаа аваад цагдаа руу залгая гэж бодоод дөнгөж утсаа гаргаад ирсэн чинь нөгөө өндөр бүдүүн бор царайтай өвлийн малгайгаа чихээ давуулаад өмсчихсөн залуу гэнэт багаж онгойлгоод “Утсаа зүгээр өгчих өө” гээд зүүн талынхаа халааснаас хутганы иш цухуйлгаад байхаар нь би айсандаа шууд утсаа өгчихсөн. ...би гар утсаа цагдаагаас бүрэн бүтэн хүлээж авсан. Гэхдээ би маш их гомдолтой байна. Нэгдүгээрт Балжмаагийн нөхөр гэх залуу намайг үндэслэлгүйгээр хардаж миний биед халдаж, намайг автомашиныхаа тээшинд хийж авч явсан. Хоёрт Балжмаагийн аав гэх хүн над руу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш над руу 94832020 гэх дугаараас холбогдож “Би  цагдаагаас тэтгэвэртээ гарсан хүн, Би Сэлэнгийн Ууганбаяр генералыг танина. Чамаас болж миний үр хүүхэд салж байна. Би Ерөнхий газар дээр чинь очиж уулзана. Эхнэр хүүхдийг чинь өнчирч байгаа зээ хүүтэйгээ танилцуулна. Хэн нь өнчирч үлдээд хэн нь элэг бүтэн амьдрах ёстой юм бэ? Би чиний амьдралыг адилхан болгоно. Чи мөнгө хэрэгтэй бол надаас ав” гэх мэтээр над руу залгаж дарамт гэх үү сүрдүүлэг гэх үү өргөдлөө татаж ав гэсэн. Намайг ингэж байна гээд "Тагнуулд ажилдаг эгч юм уу дүүгээсээ сайн зөвлөгөө аваарай гээд байгаа. ...би Балжмааг Сэлэнгийнх гэдгээр нь л мэднэ. Би Балжмаатай фейсбүүк, /истаграммаар найзууд байсан. Би Балжмаа гэх хүнтэй хоёрхон удаа нүүр нүүрээ харж хоёулхнаа уулзаж байснаас тогтмол уулздаг байгаагүй. Бараг дундаа нэг жилийн зайтай 2 удаа уулзсан. Би Балжмаатай гэр бүлээс гадуурх харилцаа огт үсгээгүй. Бид хоёрын хооронд өр зээлийн асуудал огт байхгүй. ...миний оршин суудаг гэрийн хаяг, ажлын газар, одоо амьдарч байгаа хаягийг Балжмаагийн нөхөр гэх хүн хаанаас авсан гэдгийг маш их гайхаж байна. Миний хувийн мэдээлэл алдагдсан гэж үзэж байгаа болохоор тухайн хүнийг миний мэдээллийг хаанаас авсан гэдгийг нь шалгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

 

Гэрч Б.Балжмаагийн:

“...2022 оны 09 дүгээр сарын сард ************ гэх нэртэй залуу миний фейсбүүк болон инстгараммын эсторий дээр Сэлэнгэд дулаахан байна уу гоё байгаа юм байна шдээ гэсэн утгатай чат бичиж орж ирсэн юм тэгээд тэр өдрөөс хойш би ************ гэх тэр залуутай чат бичиж ярьж танилцаад чат бичдэг болсон юм. Тухайн үед би Сэлэнгэд ажилдаг байсан. Миний хамтран амьдрагч ************ нь гадагшаа сургуульд сурахаар явсан байсан. Тэгээд би 10 дугаар сард хувийн ажлаар хотод ирсэн тэгээд орой 22:00 цагийн орчим хүүхдийн зууд ************той машинд уулзаж ойр зуурын юм яриад сууж байгаад бид хоёр үнсэлцсэн тэгсэн надтай бэлгийн харьцаанд орохыг хүссэн би татгалзсан тэгсэн бэлэг эрхтнээ гарган ирж надаар хөхүүлэхийг хүссэн би бас татгалзсан тэгсэн бэлэг эрхтнээ саасан би бас саалцсан тэгээд удалгүй тавьсан би тэгээд буугаад эгчийндээ орсон. Маргааш орой нь бас уулзаж Сэлэнгэ явах гээд вокзал руу хүргүүлсэн тэгээд би Сэлэнгэ явсан. ************ үе үе чат бичиж орж ирэхэд би хариу чад бичдэг байсан. Манай хамтран амьдрагч ************ нь 2022 оны 11 дүгээр сард Монголд ирээд хэсэг бид хоёр тусдаа би Сэлэнгэд манай хамтран амьдрагч хотод амьдардаг байсан тусдаа байх хугацаандаа би бас ************той чат бичиж байсан. 2023 оны 03 дугаар сарын эхлэн ************ бид 2 хотод Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын 204-68 тоотод хамт амьдарч эхэлсэн, хамт амьдарч байх хугацаандаа бас би ************ гэх залуутай чат бичиж харьцдаг л байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Уран ган спорт цогцолборт тэмцээнд орж байсан тэмцээнд орсон тухайн үед бас ************ бид 2 машинд нь 20 гаруй минут хамт байсан бид 2 бас үнсэлцсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сард хамтран амьдрагч ************ намайг өөр хүнтэй харьцаад байгаа мэдсэн бололтой надаас асууж байсан би хэсэг гүрийж худлаа ярьж байгаад тэгээд харьцаж байсан талаараа үнэнээ хэлж би манай хамтран амьдрагч ************ бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж сэтгэл зүйчээр хүртэл явж тусдаа амьдарч эхэлсэн. ...миний хамтран амьдрагч ************ нь миний ************той бичсэн чатуудыг уншиж мэдсэн бас миний харьцаж байгаа хүн ************ гэж хэлж байсан удаа байгаа. ...би ************той нууц амрагийн харилцаатай байсан. ...бидний харилцаа жил 6 сар үргэлжилсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 50-51 дэх талууд/,

 

 Гэрч Д.Нямцэвээний:

“...би тухайн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад бие жоохон өвдөөд байхаар нь 19:00 цагийн үед Циркийн тийш ээ өөрийн дүүгийнд очиж тариа хийлгэчхээд 21 цаг 50 минутын үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2-р хороо 59/1-77 тоот рүү гэр лүүгээ орох гээд явж байхад манай байрны хашаан дотор хайшны хажууд 2 залуу хоорондоо маргалдсан шинжтэй өндөр дуу гаргаад зогсож байсан би тэгээд хашаан дотроо ороод иртэл цагаан өнгийн мөнгөлөг обудтай машин маш хурдтайгаар ухарч орж ирээд зогстол нөгөө маргалдаж байсан 2 залуугийн нэг нь цохиулаад унах үед гэнэт хаанаас гарч ирсэн гэмээр дөрвөн залуу унасан залууг өшиглөөд байсан тэр үед би очоод болиоч гээд шаардлага тавих үед наг махлаг залуу нь надад наад хүн чинь миний эгчээс мөнгө авсан юм бид хоорондоо тооцоотой юм та цаашаа яв гэж хэлсэн тэр үед 2 залуу нь нөгөө унасан залууг цагаан өнгийн мөнгөлөг обудтай тээврийн хэрэгслийн багажинд оруулаад цохиод байсан тэр үед би ахиад та нар болиоч гээд шаардлага тавихад туранхай нэг залуу нь бид нар тооцоотой юм асуудал үүсэхэд бид нар хариуцлагаа өөрсдөө үүрнэ та цаашаа гэртээ ороо гэсэн тэрнээс биш над руу дайраад муухай ааш гаргаж, муухай авирласан зүйл бол байхгүй байсан би тэр үед миний үгэнд хаашдаа орохгүй юм байна гэж бодоод гэртээ ороод цагдаагийн байгууллагад хандсан. ...би тухайн тээврийн хэрэгслийг хурдтай ухарч байхад нь Кровн тээврийн хэрэгсэл байна гэж бодсон. ...яг тухайн тээврийн хэрэгслийн марк болон улсын дугаарыг нь мэдэхгүй байна. ...би дөрвөн залуу байсан гэж бодож байна. Тухайн үед манай байрны үүдээр маш олон хүн орж гараад холхиж байсан. ...тухайн үед тэр цагаан өнгийн мөнгөлөг обудтай тээврийн хэрэгслийг ухарч зогсож байхад хажуу талд нь цагаан өнгийн Альфард тээврийн хэрэгсэл зэрэгцээд ухраад зогссон тээврийн хэрэгслээс эмэгтэй хүн болиоч та нар цагдаа дуудлаа шүү гэж хэлж байсан манай оршин суугч байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Гэрч Э.Тайванбатын:

“...би тухайн Э.************ гэх хүнийг би сайн танихгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын шар таван давхарт амьдардаг байсныг мэднэ. Учир нь би өөрөө Сүхбаатар сумын унаган хүүхэд тэгээд 2024 оны 01 дүгээр сарын эхэн хавьцаа ************ буюу БЦ гэх хочтой найз маань над руу чатаар Э.************ын зургийг явуулаад таних уу? хэрэв тийм бол Улаанбаатар хотод амьдардаг гэрийг нь мэдэх үү? би уулзах гээд холбоо барьж чадахгүй байна гэхээр нь сайн найзын хувьд тухайн Э.************ын байрных нь дүү болох Анхбаяраас Э.************ын Улаанбаатар хотын хаягийг нь мэдэх үү гэж асуусан чинь надад эхлээд хэлж өгсөн тэгээд би ойлгохгүй болохоор нь Анхбаяр над руу Google map дээр тэмдэглээд чатаар заргыг нь явуулсан тэгэхээр нь тухайн зургийг З.************ руу явуулсан. ...би ямар шалтгааны улмаас ************ нь Э.************ын Улаанбаатар хотын хаягийг асуусан талаар мэдэхгүй. Тухайн үед ************ надад хэлэхдээ “нээх сүртэй зүйл биш ээ уулзах гээд холбоо барьж чадахгүй байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Гэрч М.Анхбаярын:

“...би 2001 оноос 2022 он хүртэл Сэлэнгэ аймагт амьдарч байсан юм. Амьдрах хугацаандаа ************ гэх ахтай нэг байранд амьдарч байсан болохоор нэг нэгнийгээ таньж мэддэг байрны ах дүүс гэж явж байсан тэрнээс биш одоо хааяа таарах юм бол мэндийн зөрүүтэй л байдаг. ...Би урьд нь Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-р сургуулийн ард амьдардаг байхдаа ************ ахтай таарч байсан нэг удаа байрныхан гадаа таарахдаа “энд амьдардаг юм уу?” гэж асуухад “тиймээ ах нь энд амьдарч байгаа” гэж хэлж байсан юм тэрнээс биш яг амьдарч байгаа давхар тоотыг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй. ...надаас 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр асууж байсан юм шиг санагдаж байна. Тайванбат над руу залгаад чи ************ын хотод байдаг гэрийн хаягийг мэдэх үү?, холбоо барих утасны барих утасны дугаар нь байна уу?, холбогдох хэрэгтэй байна гэж асуухаар нь би утасны дугаарыг нь мэдэхгүй, гэрийн хаягийг нь бол 25-р эмийн сангийн KFC-ийн ар талд байдаг хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлээд Google map дээрээс байрных нь зургийг дараад явуулж байсан. Би байрыг хаана байдаг ямар байр гэдгийг нь мэддэг мөртөө байрныхан дугаарыг санахгүй байсан. ...би дээрх хүмүүсийг танихгүй. Тайванбат, ************ гэдэг 2 хүнийг л танина...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Тээврийн хэрэгсэлд мөрдөн шалгах туршил хийсэн тухай:

“...туршилтын ажиллагаанд 19-34 УНР улсын дугаартай “Тоёота кровн 210” загварын тээврийн хэрэгслийн ар талын багаж /тээш/ хэсгийг дотроосоо хүн онгойлгох боломжтой эсэхийг тогтоох зорилгоор. ...багажийн нээлхий, хаалганы түгжээ хэсгийн баруун талын доторлогоог сөхөж үзэхэд төмөр гогцоо байх ба түүнийг эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмарцэнд зааж тухайн хэсгийг дарахад багаж онгойсон гэв. Багажийг онгорхой байх үед нь цоожийг механик хэлбэрээр түгжээд эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмарцэндийн заасан гогцоог дарахад онгойж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  94-98 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 947 дугаартай нэмэлтээр хийсэн:

“...Э.************ын биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 166-168 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1910 дугаартай:

“...Э.************ын биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 658 дугаартай:

“...Э.************ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зодуулсан гэх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 123-125 дахь тал/,

 

Гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Тоёота кровн 210” загварын тээврийн хэрэгслийн зэх зээлийн үнэлгээг тогтоосон тухай “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн БГ1-24-109 дугаартай:

“...нийт хөрөнгийн үнэлгээ 38.795.750 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 147-153 дахь тал/,

 

Хохирогч Э.************ын өмчлөлийн гэх хар өнгийн “айфоне 15 про” загварын гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт ************оос гаргуулан хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 174 дэх тал/,

 

Хохирогч Э.************т түүний өмчлөлийн гэх хар өнгийн “айфоне 15 про” загварын гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 20 минутад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 175-177 дахь тал/,

Камерын бичлэгт буюу Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:

“...камерын бичлэгийг үзэхэд сэжигтэй этгээд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цаг 52 минут 07 секундэд цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй рестораны урдуур гарч хохирогч иргэний гэрийн зүгт яваад буцаад 22 цаг 02 минут 08 секундэд гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 184-186 дахь тал/,

 

Камерын бичлэгт буюу Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүр хяналтын камерт бичигдсэн ач холбогдол бүхий дүрс бичлэгт үзлэг хийх тухай:

“...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал. ...Хяналгын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 07 минут 36 секундэд хохирогч иргэн Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн хаалгаар ороод хаалгыг нь дотроос нь татаад зогсож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/ хяналтын камерын бичлэгийн үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 07 минут 45 секундэд хохирогч иргэн Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг нь дотроос нь суусан байдалтай хүчтэй татаад сууж байгаа, гадна талаас нь хаалгыг нь бас татаад байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/. ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 09 минут 18 секундэд хохирогч иргэн Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг нь дотроос нь татсан байдалтай зогсож байхад ажилтан нь түлхүүр аваад дотроос нь хаалгыг түгжиж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/. ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 09 минут 28 секундэд хохирогч иргэн Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг нь дотроос нь түгжүүлээд дотор нь байсан 2 хүнтэй болсон асуудлын талаар яриад тусламж хүсэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/. ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 11 минут 22 секундэд хохирогч иргэний араас хөөж гүйж ирсэн залуу Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн гадна хохирогч иргэнийг хүлээсэн байдалтай зогсож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/. ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 сарын 22-ны өдрийн орой 22 цаг 12 минут 20 секундэд хохирогч иргэний араас хөөж гүйж ирсэн залуугийн араас өөрийн нэг 25-30 насны орчим хар өнгийн куртик өмссөн залуу Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүрийн хаалгаар орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/. ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүн үзэхэд бодит цагаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цаг 12 минут 37 секундэд хохирогч иргэний араас хөөж гүйж ирсэн залуугийн араас ирсэн залуу хохирогч иргэний араас гүйж ирсэн залууг дагуулаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 187-191 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн:

“...19-34УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Эрдэнэбат овогтой ************” гэсэн 16 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 152, 156 дахь тал/,

 

Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай:

“...2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагт хохирогч Э.************ыг өөрийн оршин суух Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1 дүгээр байрны 78 тоотод байх гэрээсээ гарч ирэхэд үл таних 6-7 эрэгтэй хүн зогсож байсан. Мөн намайг зодож машины тээшинд хүчээр хийж авч явсан гэх газарт ирэхэд 59/1 гэсэн хаягжилт бүхий бичиглэлтэй 10 давхар шар өнгийн ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан нэг ширхэг орцтой, орцны гадна талбай бүхэлдээ хатуу хучилттай автомашин зогсох зориулалт бүхий талбайтай орон сууц байв. ...мөн хохирогч Э.************ нь “тухайн эрэгтэй хүмүүс намайг өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслийн тээшинд хүчээр хийж, тухайн зогсоолоос хөдлөөд төв зам руу ороод явж байхад нь би тээшний хаалгыг дотор талаас нь онгойлгож өөрөө буусан” гэх яриа өгүүлэл гаргасан тул хохирогч Э.************ыг тээшинд хүчээр хийсэн болон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байхад нь тээшийг дотор талаас нь онгойлгож буусан гэх газрын хооронд зайг тогтоох зорилгоор хохирогч Э.************ын эзэмшлийн 94-54 УАВ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэлд суун, спидометрийн заалтыг 0 болгон хэрэг учрал болсон гэх 59/1-р байрны гадна зогсоолоос хөдлөн, урд зүгийг чиглэн явсаар төв зам руу орж, зүүнээс баруун зүгийг чиглэн хөдөлгөөнд оролцон явж байхад хохирогч Э.************ 25-р эмийн сангийн хойд талд байрлах автобусны буудал дээр ирж зогсон “тухайн үед би тээшийг дотор талаас нь онгойлгон, тээшнээс бууж зугтахад яг энэ автобусны буудал хавьцаа явж байсан” гэх яриа өгүүлэл гаргасан тул тэмдэглэлд тусгав. ...тус автобусны буудал дээр ирж зогсоход тээврийн хэрэгслийн спидометрийн заалт 400м гэж зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, мөн хохирогч Э.************ын буусан гэх газрын ойр орчмыг түүгээр заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...1-р зурагт тус зураг дээр хохирогч Э.************ыг зодож, машины тээшинд хүчрээр хийсэн гэх газрыг харуулав. 2-р зурагт хохирогч Э.************ыг тээврийн хэрэгслийн тээшинд хүчээр хийж, авч явсан гэх газраас хөдөхдөө хэмжилт хийхэд ашиглаж буй тээврийн хэрэгслийн спидометрийн заалтыг 0 болгосон байдлыг харуулав. 3-р зурагт хохирогч Э.************ нь замын хөдөлгөөнд оролцож байхад нь тээшнээс бууж, зугтаасан гэх газарт ирж хэмжилт хийхэд ашиглаж буй тээврийн хэрэгслийн хэрэгслийн спидометрийн заалтыг харуулав. 4-р зурагт хохирогч Э.************ын тээврийн хэрэгслийн тээшнээс бууж зугтсан гэх Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн хойд талын автобусны буудлыг харуулав...” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 07-11 дэх тал/ болон хохирогч Э.************ын хохирол төлбөр хүлээн авсан талаарх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ ************, ************, ************ нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “хүн хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнийг гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ын өмгөөлөгч Л.Хатанбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг бүрэн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ий өмгөөлөгч Д.Амаржаргал “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, маргахгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ий өмгөөлөгч Н.Жамъяндорж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ын өмгөөлөгч Э.Уянга “Өмгөөлөгч нарынхаа хүсэлтийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************, ************, ************, ************ нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************ нь:

өөрийн хамтран амьдрагч Б.Балжмаатай гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар, өс хонзонгийн сэдэлтээр, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөж, улмаар ************, Дамбадаржаагийн Сүхбат, ************ нартай хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1-р байрны 78 тоотод гэртээ байсан иргэн Э.************ын байрны гадна тээврийн хэрэгслээр очин, түүний гар утас руу залгаж “автомашиныг чинь шүргэчихлээ гараад ирээрэй” гэж ярьж итгүүлэн хууран мэхэлж, улмаар тухайн байрнаас гарч ирсэн иргэн Э.************ын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан довтолж, 19-34 УНР улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт хүчээр хийж эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч ************, ************, ************ нар нь:

найз ************ын хамтран амьдрагч Б.Балжмаа нь гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар, Эрдэнэбатын ************той хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1-р байрны 78 тоотод гэртээ байсан иргэн Э.************ын байрны гадна тээврийн хэрэгслээр очин, түүний гар утас руу залгаж “автомашиныг чинь ширгэчихлээ гараад ирээрэй” гэж ярьж итгүүлэн хууран мэхэлж, улмаар тухайн байрнаас гарч ирсэн иргэн Э.************ын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдан довтолж, 19-34 УНР улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэгт хүчээр хийж эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

- хохирогч Э.************, гэрч Б.Балжмаа, Д.Нямцэвээн, Э.Тайванбат, М.Анхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд мөрдөн шалгах туршил хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 947 дугаартай нэмэлтээр хийсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тухай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1910 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 658 дугаартай хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон тухай дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн БГ1-24-109 дугаартай дүгнэлт, хохирогч Э.************ын өмчлөлийн “айфоне 15 про” загварын гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт ************оос гаргуулан хүлээн авсан тухай тэмдэглэл, Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянгол дүүргийн 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудлын ард байрлах “Солонгос” гоо сайхны дэлгүүр хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, урьдчилан төлөвлөж “Хохирогчид хүч хэрэглэж, хууран мэхэлж эрхшээлдээ оруулан авч явсан” гэмт хэргийг хамтран оролцох хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ************, ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж “Хохирогчид хүч хэрэглэж, хууран мэхэлж эрхшээлдээ оруулан авч явсан” гэмт хэргийг хамтран оролцох хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч ************ нь өөрийн санаачилгаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Э.************оос уучлалт гуйн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 30 сая төгрөгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ************, ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ын өмгөөлөгч Л.Хатанбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар миний үйлчлүүлэгчид заавал хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг шүүх анхаарч үзнэ үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ий өмгөөлөгч Д.Амаржаргал “Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ий өмгөөлөгч Н.Жамъяндорж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************ын өмгөөлөгч Э.Уянга “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ************, ************, ************, ************ нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405010210326 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************, ************, ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Мөн “Инвескор” ББСБ-ийн эзэмшлийн гэх 19-37 УНР улсын дугаартай, “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 38.795.750 төгрөгийг шүүгдэгч ************, ************, ************, ************ нараас хувь тэнцүүлэн зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгож, хэрэгт прокурорын зөвшөөрлөөр уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, урьдчилан төлөвлөж “Хохирогчид хүч хэрэглэж, хууран мэхэлж эрхшээлдээ оруулан авч явсан” гэмт хэргийг хамтран оролцох хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж “Хохирогчид хүч хэрэглэж, хууран мэхэлж эрхшээлдээ оруулан авч явсан” гэмт хэргийг хамтран оролцох хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************од хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар,

- шүүгдэгч ************, ************, ************ нарт мөн хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************, ************, ************ нар нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ************, ************, ************, ************ нарт анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Инвескор” ББСБ-ийн эзэмшлийн гэх 19-37 УНР улсын дугаартай, “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 38.795.750 төгрөгийг шүүгдэгч ************, ************, ************, ************ нараас хувь тэнцүүлэн зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгосугай. 

 

6. Хэрэгт прокурорын зөвшөөрлөөр “Инвескор” ББСБ-ийн эзэмшлийн гэх 19-37 УНР улсын дугаартай, “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************, ************, ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************, ************, ************ нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ