Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182/ШЗ2017/01505

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр           Дугаар 182/ШЗ2017/01505       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,305,625 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Ц.Õ, хариуцагч Ì.À, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ББСБ” ХХКнь М.Атай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээг байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3,5 %-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн өдрийн 115082223 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 115082223 дугаар Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний 1-р хавсралтанд заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нь Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графиклйг зөрчиж байсан болно.

Зээлдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,017,900 төгрөг, хүү 5,236,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,047,204 төгрөг, авлага нотариат 4500 төгрөг, нийт 16,305,625 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөр 16,305,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан “Т ББСБ” ХХК-ны зүгээс  надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр гаргуулах гэсэн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй хууль бус үйл ажиллагааа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Миний бие 2015 оны 8 сарын 14 өдөр тус санхүүгийн байгууллагатай зээлийн болон фидуцийн №115082223 гэрээнүүдийг байгуулж өөрийн эзэмшлийн  Ланд Крузер машиныг барьцаанд тавиж тус ББСБ-ын нэр дээр өмчлөлд нь шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа миний машиныг тус байгууллага бусдад зарж борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан билээ. 2011 онд би 75 мянган доллараар уг автомашиныг худалдаж авсан бөгөөд зээл авах гэхэд “Т ББСБ” ХХКнадтай гэрээ, хэлцэл байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнийг 60 сая төгрөгөөр  үнэлгээг өөрсдөө тогтоосон бөгөөд нийгэмд үүрлэсэн санхүүгийн хямралаас болж би зээлээ төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон учраас тус ББСБ-гад зээлийн хүүд нь  12 сая орчим төгрөг бэлнээр төлөөд үндсэн зээлийг барьцаа хөрөнгөөр төлж барагдуулж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна.

Тус зээлийн гэрээний 3.8 зүйлд заасны дагуу зээлдүүлэгч “Т ББСБ” ХХК барьцаалуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад зарж борлуулж захиран зарцуулсан учраас барьцааны хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулсан нөхцөл байдал нь бодит амьдралд хэрэгжсэн учраас зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Учир нь “Т ББСБ” ХХКнадтай харилцан тохиролцож миний машиныг 60 сая төгрөгөөр үнэлж гэрээ байгуулж өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд гэрээнд заасны дагуу би зээлийг өөрийн барьцаа хөрөнгөөр бүрэн төлж барагдуулсан учраас тус санхүүгийн байгууллагад дахин дахин ямар нэгэн төлбөр төлөх нь надад илт хохиролтой буюу уг ББСБ үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн санаа бодол, арга зам нь гэрээ болон хуульд нийцэхгүй хууль бус шаардлага билээ.

 

Иймд зээлийн гэрээний 2.4 зүйлд "зээлдэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хангагдах бөгөөд...” гэсэн заалтын нөхцөл байдал, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн учраас тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа гэрээ дуусгавар болоогүй мэт зохиомол зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн  хүү гаргаж ирж буй тооцоогоор дахин мөнгө хүүлэх гэсэн арга барил нь шударга ёсонд нийцэхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКнь хариуцагч М.Аад холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх байдлаар зээлийн гэрээний дагуу үүссэн үндсэн зээлийн өр 10,017,900 төгрөг, үндсэн хүү 5,236,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,047,204 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 16,305,625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 75,000 ам.доллараар худалдан авсан Тоёота Ландкрузер 200 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлэн “Т ББСБ” ХХК-ын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн. Үүрэг зөрчигдөхөд зээлдүүлэгч уг автомашиныг борлуулж төлөгдөөгүй зээлийг хаасан” гэж маргаж байна.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларч холбогдох журмын дагуу үнэлсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээ, 115082223 дугаартай фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Зээлийн гэрээгээр “Т ББСБ” ХХКнь 50,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай М.Аад шилжүүлэх үүрэг хүлээсэн байх зээлдэгч нь графикт хуваарийн дагуу эхний 4 сард үндсэн зээлд сар бүр 100,000 төгрөгийг хүүгийн төлбөрийн хамт, дараагийн 4 сард үндсэн зээлд сар бүр 1,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрийн хамт, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 45,600,000 төгрөгийг тухайн сарын хүүгийн төлбөрийн хамт тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 8, 10 дугаар тал/

Фидуцийн гэрээгээр зээлдэгч М.Аын өмчлөлийн 8786-УНС улсын дугаартай Toyota LandCruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч “Т ББСБ” ХХК-ын өмчлөлд шилжүүлж дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 9 дүгээр тал, 10 дугаар талын арын нүүр/

Зээлдүүлэгч “Т ББСБ” ХХКнь банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байхын зэрэгцээ 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 26 дугаар ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгон шийдвэрлэсэн нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкны зээлийн гэрээний зохицуулалтад хамаарах юм.

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр фидуцын гэрээ байгуулан автомашиныг шилжүүлэхдээ 60,000,000 төгрөгөөр үнэлсэн, улмаар машиныг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бусдад худалдсан, тухайн өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 49,700,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 5,856,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 823,363 төгрөг, нийт 56,379,680 төгрөгийн өртэй байсан  үйл баримтын талаар тус тус маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна. /хх-ийн 72 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан фидуцын гэрээний 2.5-д гэрээний зүйлийн эзэмшил, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал, татвар хураамж, үзлэгийн үнийг үүрэг гүйцэтгэгч буюу М.А хариуцахаар заасан байх тул автомашиныг зарах өдрийн байдлаар дээрх үйлчилгээтэй холбоотой үүссэн байсан 1,638,220 төгрөгийн зардал /хх-ийн 37-57 дугаар тал/-ыг зээлдэгчийн хариуцах үүрэг гэж үзэх нь зүйтэй байна.

Эдгээр зардлыг нэгтгэн тооцвол автомашиныг “Т ББСБ” ХХК-аас гуравдагч этгээдэд худалдах үед буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгч М.А нь зээлдүүлэгч “Т ББСБ” ХХК-д нийт 58,017,900 төгрөгийн өр төлбөртэй байжээ.

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКнь фидуцын гэрээний зүйл болох автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаа зөвшөөрч байх хэдий ч бусдад 48,000,000 төгрөгөөр худалдах санаачлагыг зээлдэгч М.А гаргасан, энэ үнээр машиныг бусдад худалдан авах этгээдийг хариуцагч бидэнтэй холбож өгсөн тул зээлийн үлдэгдэл төлбөрийг түүнээс гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.    

Үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцын гэрээний үндсэн дээр хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгөд тодорхой үнэлгээ өгч тухайн үнэлгээнээс илүү гарсан буюу дутсан дүнгээр гүйцэтгээгүй үүргийн эрсдэл үүрэх, эсхүл үр ашгийг хүртэх боломжтой. Хэдийгээр автомашиныг өөрийн тогтоосон үнэлгээнээс бага дүнгээр бусдад худалдан борлуулсан бодит байдал бий боловч ийнхүү бусдад худалдах эсэх тухай шийдвэрийг автомашины өмчлөгч болох хувьдаа нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКгаргах хууль ёсны эрхтэй.

“Т ББСБ” ХХКнь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасны дагуу фидуцын гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд бодитой шилжүүлэн авсан, бусад этгээдэд худалдан борлуулсан үйлдэл хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул фидуцын гэрээгээр хангагдсан зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэх нь зүйтэй байна.

Талууд гэрээний зүйлийг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн явдал нь үндсэн үүргийн 60,000,000 төгрөгтэй холбогдох хэсгийн гүйцэтгэлийг тухайн машиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар бүрэн хангасан гэж үзнэ. Харин тухайн үнэлсэн үнээрээ гуравдагч этгээдэд худалдаж чадсан эсэх асуудалд үүрэг хүлээгч хариуцлага хүлээхгүй. Зээлдэгч М.А зээлийн үүргийн төлөлтөө зогсоож, үүрэг зөрчигдөж эхэлсэн тухайн үеийн байдлаар нийт 58,017,900 төгрөгийн өр төлбөртэй байсан байх ба энэ нь үүрэг зөрчигдсөн үед үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Ланд Крузер-200 машины талуудын тохирсон үнэлгээ болох 60,000,000 төгрөгт багтаж байна.

Иймд нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар тогтоосон зээлийн үлдэгдэл тооцоо, түүнээс хойших хугацаанд тооцсон хүүгийн төлбөрийн нийлбэр болох 16,305,625 төгрөгийг шаардах эрх үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасны дагуу нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн хариуцагч М.Аад холбогдуулан гаргасан 16,305,625 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА