| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М******* холбогдох эрүүгийн 2415000810279 дугаартай, 304/2025/0037/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Х******* М, ******* аймгийн Б******* суманд 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 61-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар: РД:*******, урьд
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 02 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Х.М нь Булган аймгийн Могод сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б******* туслах малчин хийж байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө хохирогчийн эзгүйд /хохирогч Ц.Быг эхнэрийнхээ хамт Булган аймаг явсан үед/ 2 ширхэг мөнгөн тоногтой 6 завхай эмээлийн мөнгөн даруулга, эмээлийн баавар, жи мобайл гар утас, хонины арьсан дотортой дээл, ногоон өнгийн дурдан бүс зэрэг нийт 14 төрлийн 5,518,800 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.М нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн иргэн Ц.Б*******д туслах малчнаар ажиллаж, түүний гэрт хамт амьдарч байх явцдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Ц.Б******* гэр бүлийнхэн эзгүй үед гэрээс нь 14 ширхэг 5,518,800 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд:
-Хохирогч Ц.Б*******: “... 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр миний бие эхнэр Д.На хамт Булган аймаг руу явсан. Булган аймаг явах шалтгаан маань аймгийн аварга малчны шагнал авах зорилгоор явсан. Аймгийн аварга малчны шагналаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардаж авсан. Эхнэр бид хоёрыг Булган аймаг руу явах үед М******* гэх залуу ганцаараа үлдсэн юм. Би Булган аймаг ороод 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гар утсаар залгахад надад санаа зоволтгүй би гэртээ цуйван хийж идээд байж байна гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой саахалт айлын хүүхэд болох Д гэх залуу над руу утсаар залгаад танай хонь хашаатай байна, малчин залуу чинь байхгүй байгаа юм уу гэж хэлсэн тэгэхээр нь малчин М******* гэх хүн рүү утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Могод сум руу Орхон аймгаас гарсан. Ингээд би тухайн шөнийн 02 цагийн үед Могод сумын 3 дугаар багийн нутаг Авзага Хайрхан Уул гэх газарт байх өөрийн гэртээ ирэхэд гэрт байсан 2 ширхэг мөнгөн тоногтой 6 завхай эмээлийн мөнгөн даруулга, баавруудыг нь авсан, эмээлийн мод, гөлөм зэрэг эд зүйлс нь байсан. Мөн гэрт байсан үстэй дээл 1 ширхэг, бэлтгэлийн өмд, цамц 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, дарханы нэхий малгай 1 ширхэг, нэхий бээлий 1 ширхэг, олон үйлдэлтэй хутга 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, хөвөнтэй шинэ зузаан өмд 1 ширхэг, Эдэн нэртэй 0,75 литрийн архи 1 ширхэг, 0,5 литрийн архи 1 ширхэг, 1 ширхэг нэрийг нь мэдэхгүй виски, Тайга нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 1 ширхэг вино нэрийг нь мэдэхгүй, 0,5 литртэй нэрийг нь мэдэхгүй архи 1 ширхэг, ногоон өнгөтэй дээлийн дурдан бүс 1 ширхэг байсан. Эдгээр эд зүйлсийг манай гэрээс туслах малчин хийж байсан М******* гэх залуу хулгайлаад авч явсан байсан... Нийт 3 шил архи алдагдсан байна. Уг дээл нь нэхий дотортой дээл байсан.Хурган дотортой дээл бол биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал /,
-Гэрч Д.На: “...Би Булган аймгийн Могод сумын 3-р Багийн нутагт нөхөр Б******* хамт мал маллаж амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгаас манайд хонь хариулж туслах малчин хийхээр М гэх нэртэй нэг нүд нь бага зэргийн хялар гэхээр 35 орчим насны эрэгтэй хүн ирсэн. М манай гэрт нэг сар гаран хонь хариулаад Б бид хоёрыг Булган аймаг явсан хойгуур гэрээс эд зүйл хулгай хийгээд явсан байсан. Манай гэрээс 2 ширхэг 6 завхай мөнгөн эмээлийн бааврууд, үстэй дээл, дурдан бүс, өмд, цамц, авдар дотор байсан 5 шил архи зэрэг эд зүйлсийг авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шинжээч нар 2024 оны 11 дүгээр 20-ны өдөр Х.Мын сэтгэцийн байдалд үзлэг хийж “сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоосон 30 дугаартай “Шүүх сэтгэцийн эмгэг судлалын” дүгнэлт / хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М: “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.М нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Г.Пүрэвдуламын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.Мын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.Мын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Аривжих эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0326 дугаартай дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйл болох “Зургаан завхай мөнгөн эмээлийн нийт 8 ширхэг мөнгөн даруулга, 4 ширхэг баавар /6 завхай эмээлийн тоноглол 2 ширхэг”-ийн үнэлгээг 2,880,000 төгрөгөөр, “хонины нэхий дотортой дээл”-ний үнэлгээг 1,620,000 төгрөгөөр, “бэлтгэлийн өмд, цамц хосоороо”-ийн үнэлгээг 144,000 төгрөгөөр, “малгайтай цамц”-ний үнэлгээг 36,000 төгрөгөө, “дархан нэхий малгай”ний үнэлгээг 44,000 төгрөгөөр “дархан нэхий бээлий”-ний үнэлгээг 36,000 төгрөгөөр, “олон үйлдэлтэй хутга”-ны үнэлгээг 48,000 төгрөгөөр, “хөвөнтэй зузаан өмд”-ны үнэлгээг 44,000 төгрөгөөр, “мөнгөн тоногтой хормойн боолт”-ны үнэлгээг 280,000 төгрөгөөр, “жи мобайлын гар утас”-ны үнэлгээг 189,000 төгрөгөөр, “0.75 литрийн эдэн нэртэй архи”-ны үнэлгээг 32,000 төгрөгөөр, “0.5 литрийн эдэн нэртэй архи”-ны үнэлгээг 26,500 төгрөгөөр, “0.75 литрийн тайга нэртэй архи”-ны үнэлгээг 25,900 төгрөгөөр, “ногоон өнгийн дээлийн дурдан бүс”-ний үнэлгээг 113,400 төгрөгөөр тус тус тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 5,518,800 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Х.М нь хохирогч Ц.Б, Д.Н нартай тэдний мал маллах талаар харилцан тохиролцон, гэрт нь хамт амьдарч байхдаа эд хөрөнгө авсан байх тул хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бод 5,518,800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.М нь 200,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогчийн ХААН банкин дахь тоот дансанд шилжүүлснийг төлбөл зохих хохирлоос хасаж тооцон шүүгдэгч Х.Маас 5,318,800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бод олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 8 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Иймд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, өвчний байдал, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл заалтад заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил, 2 сарын хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял хоёрыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч: “...Цаашид нөхөн сэргээх хагалгаа хийх, эм тариа хэрэглэх, үзлэг шинжилгээнд хамрах шаардлагатай байна. Иймд миний өвчний байдлыг харгалзан үзээд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-75 дахь тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-77 дахь тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-81 дэх тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 82-94 дэх тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84-88 дахь тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 93-102 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх бүртгэл /хавтаст хэргийн 104-110 дахь тал/, ял шийтгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, хоригдол Х.Мын хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 115-126 дахь тал/, ялын тооцоо, тодорхойлолт /хавтас хэргийн 147, 148 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Мын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.М******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.М нь “залилах” гэмт хэрэг үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлэн, хорих ял эдэлж дуусаагүй байгаа болох нь шийтгэх тогтоолыг хуулбар, ялын тооцоо болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М******* энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоон, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3.Бусад асуудал
Шүүгдэгч Х.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Х******* Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М******* оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М******* оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Маас 5,318,800 /таван сая гурван зуун арван найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бод олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ