Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

2025         02           24                                                 2025/ШЦТ/53

                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

           Улсын яллагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням,

           Шүүгдэгч: Г.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

           Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 2419001320397 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ....................................

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д аймгийн С сумын ** дугаар багийн иргэн В.Бийг Хайнаньд аялуулна гэж хуурч “Аялал Жуулчлалын үйлчилгээ үзүүлэх онлайн гэрээ” гэх баримт бичиг ашиглан итгүүлэн улмаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн А к  банк бус санхүүгийн байгууллагын *************** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 2419001320397 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ.Үүнд:

1.Хохирогч В.Бийн “...Би Хайнань руу нөхрийн хамт амрах гээд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаараа зар хайхад PT пэйж дээр “Сар шинээ Хайнаньд гаргаарай гэсэн зар мэдээлэл оруулсан байсны дагуу зар дээр байсан ********* гэсэн дугаар луу холбогдоход өөрийгөө тухайн компанийн менежер Э байна гэж танилцуулсан хүнтэй ярихад “Манайх 02 дугаар сарын 06-ны өдөр явах аялалдаа бүртгэл авч байгаа юм аа. Мөнгөө бүтэн байрлуулна. Би тань руу данс явуулъя. Мөнгөө шилжүүлээд над руу зургийг нь явуулаарай” гэсний дагуу мөнгөө шилжүүлээд гүйлгээний зургийг Г.Э гэсэн эрэгтэй хүний зурагтай фейсбүүкийн чат руу явуулсан... Тэгээд би 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хариу өгөхийг хүлээсэн. Тэгээд би урьд өдөр нь буюу 05-ны өдөр утсаар нь холбогдоод “Бид замаас нь Шандаас суугаад явъя” гэхэд “Урд маш их оочиртой байгаа. Хүмүүс юм үзэж чадахгүй буцаж байгаа учраас оочир намдахаар 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшилсон” гэж хэлсэн. Тэгээд дахиад 19-ний өдрийг хүртэл хүлээсэн. Би 18-ны өдөр “Маргааш хэдээс, яаж цуглах гэж байна вэ” гэж чат бичиж үлдээхэд “Маргааш цуглахгүй ээ. Хятадын цагаан сар нь уржигдархан дууссан болохоор хуваарь нь гараагүй байна. Ирэх 7 хоногтоо явах хүмүүс дундаа грүпп чат нээгээд мэдээллээ өгөөд явна” гэсэн байхаар нь “Өө дахиад хойшлогдсон юм уу. Ямар хариуцлагагүй юм бэ. Би явна гээд 19-нд ажлаасаа авсан байсан. Явахаа больё. Мөнгөө авъя” гэхэд хариу ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

           2.Д И П ХХК Захирал Б.Б “Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх онлайн гэрээ” дугаар **** гэсэн гэрээ (хавтаст хэргийн 50-56 дугаар тал),

           3.Г.Эын А б бус санхүүгийн байгууллагын ************* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

           4.Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07/**** дугаартай “...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд шалгахад Д И П нэртэй аж ахуй нэгж бүртгэгдээгүй харин Д И П групп гэсэн хуулийн этгээд бүртгэгдсэн байна...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 107 дугаар тал)

           5.Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/*** дугаартай албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн 109-110 дугаар тал)

           6.Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа ухамсарлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

           7. Хохирогч В.Бт учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д аймгийн С сумын 06 дугаар багийн иргэн В.Бийг Хайнаньд аялуулна гэж хуурч “Аялал Жуулчлалын үйлчилгээ үзүүлэх онлайн гэрээ” гэх баримт бичиг ашиглан итгүүлэн улмаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн А к  банк бус санхүүгийн байгууллагын ************** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч Г.Э нь бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглан итгүүлэн улмаар  6,300,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний санхүүгийн байдал нь хүндрэлтэй байсан, ажилгүй, орлогогүй байсан, хүмүүсийн амьжиргааны байдал дордсон нь нийтэд илэрхий байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдъя.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Б овогт Г Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...баримт бичиг...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох... ...итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө буюу 6,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч залилан мэхлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ