Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

                     

   2025         02           10                                                  2025/ШЦТ/41

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

                 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

                 Шүүгдэгч Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нар,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нарт холбогдох эрүүгийн 2419002640310 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                 Монгол улсын иргэн, ............................................................................,

                 Монгол улсын иргэн, .......................................................................,

                 Монгол улсын иргэн, ...........................................................................,

                 Монгол улсын иргэн, ............................................................................,

                 Монгол улсын иргэн, ..........................................................................,

                 Монгол улсын иргэн, ..............................................................................,

                 Монгол улсын иргэн, ...............................................................................,

             Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Д. аймгийн С. сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Х д" гэх газарт  загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2, Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхэгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Г.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Өмнө нь өгсөн мэдүүлэг хэвээрээ одоо ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Цагдаад өгсөн мэдүүлэгээс өөрчлөх зүйл байхгүй гэв.

          Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Мөрдөн байцаалтанд өгсөн нь үнэн нэмж ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Надад яриад байх юм байхгүй ээ. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Урьд өгсөн мэдүүлэг хэвээрээ нэмэх зүйлгүй гэв.

           Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг хэвээрээ өөр ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих мэдүүлэг байхгүй гэв.

           Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-08/

         Саарал өнгийн  загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 09-13/,

          Эд мөрийн баримтаар Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2, Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хх 16/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 17/,

            Гэрч Ц.Бын “Миний амьдарч байгаа тэр орчимд уул уурхай байхгүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны үед манай тэр орчмоор олон машин тэрэг явах болсон. Учир нь манай тэнд алт гарсан гэж сонссон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийн царай төрөх болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 19/,

           Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “... тухайн эргэлтийн цэг нь С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа ба улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэсэн албан бичиг /хх 76-77/,

           Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 72-73/,

           Шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хх 46-52/,

           Хөрөнгө, даатгалын хохирлын Х ү ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 38-41 /,

           Хөрөнгө, даатгалын хохирлын Х ү ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 173-176/,

             Яллагдагч Г.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас Ч.Б, Ч.Б, Г.А, Г.Н, Н.Б, Т.М нарын хамт Ч.Бгийн **-** *** улсын дугаартай У **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сумын ойролцоо алт гарсан гэж сонсоод хайхаар явсан. Тухайн өдрийнхөө үдээс хойш нь Дорноговь аймгийн С сумын төвөөс хойно байх газарт ирж алт хайгчаа угсарч байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /1-р хх 120-121/,

             Яллагдагч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас Ч.Б, Ч.Б, Г.А, Г.Н, Н.Б, Т.М нарын хамт хүргэн ах Ч.Бгийн **-** *** улсын дугаартай У- **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Тухайн өдрийнхөө маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөс хойш 30 км зайд байх газарт ирж алт хайхаар очоод 10-20 минут болсон…” гэх мэдүүлэг /1-р хх 132-133/,

             Яллагдагч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас Ч.Б, Ч.Б, Г.А, Г.Н, Н.Б, Т.М нарын хамт ахын танил Ч.Бгийн **-** *** улсын дугаартай У-**** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Тэр өдрийнхөө маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөс зүүн хойш байх газарт ирж алт хайхаар очоод байж байгаад цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 144-145/,

          Яллагдагч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас Ч.Б, Ч.Б, Г.А, Г.Н, Н.Б, Т.М нарын хамт үеэл дүү Ч.Бгийн **-** *** улсын дугаартай У **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөс зүүн хойш байх газарт ирж алт хайхаар очоод зогсоод байж байгаад цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 156-157/,

          Яллагдагч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас төрсөн дүү Ч.Б, үеэл ах Н.Б, эхнэрийн дүү Г.А болон түүний найз Г.Л, дүү Г.Н, манай дүүг Ч.Бын найз Т.М нарын хамт миний эзэмшлийн **-** *** улсын дугаартай У **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөс хойно байх газарт ирж алт хайхаар очоод цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 168-169/,

        Яллагдагч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас багийн танил Ч.Б, үеэл ах Н.Б болон Г.А, Г.Л, Г.Н, Ч.Бын ах Ч.Б нарын хамт Ч.Бгийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай У **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөр дамжаад хойд зүгт байх газарт ирж алт хайхаар очоод цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 193-194/,

         Яллагдагч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны үдээс хойш Ө аймгийн Д сумаас багийн үеэл ах Н.Б, ахын эхнэрийн дүү Г.А, түүний найз Г.Л, түүний дүү Г.Н, ах Ч.Б, найз Т.М нарын хамт ах Ч.Бгийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай У **** маркийн тээврийн хэрэгсэлтэй Д аймгийн С сум руу явсан. Маргааш үдээс хойш нь Д аймгийн С сумын төвөөр дамжаад хойд зүгт байх газарт ирж алт хайхаар очоод цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 205-206/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

         Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

           Шүүгдэгч Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х д” гэх газарт У загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2, Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

           Энэхүү үйл баримт нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-08/, Саарал өнгийн У загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 09-13/, Эд мөрийн баримтаар Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2, Майнлаб /Minelab/ 7000  загварын металл хайгч 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хх 16/, Гэрч Ц.Бын “Миний амьдарч байгаа тэр орчимд уул уурхай байхгүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны үед манай тэр орчмоор олон машин тэрэг явах болсон. Учир нь манай тэнд алт гарсан гэж сонссон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийн царай төрөх болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 19/,  Д аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “... тухайн эргэлтийн цэг нь С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа ба улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэсэн албан бичиг /хх 76-77/, Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 72-73/, Шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хх 46-52/, Хөрөнгө, даатгалын хохирлын Х ү ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 38-41 /, Хөрөнгө, даатгалын хохирлын Х ү ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 173-176/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

           Гэмт хэргийн талаар ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж  заасан.

          Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 3. 2-т “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн хуулийн 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

         Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

          Мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэж, 2.8 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байх ба үүнээс дүгнэхэд шүүгдэгч нар нь Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х д гэх газартаа ирсэн боловч хууль бусаар алт олборлох үйлдлээ хийгээгүй буюу автомашинаасаа зэвсэг буюу тоног төхөөрөмжөө угсарч, буулгаж амжаагүй гэмт этгээд хэрэг үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлж эхлээгүй байсан байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэхгүй бөгөөд харин гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэхээр байна.

         Тиймээс шүүгдэгч Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлаж ирүүлснийг зөвтгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд:

         Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Г.Н, Ч.Б, Ч.Б, Г.А, Т.М, Г.Л, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд үндэслэв.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт тус бүрийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2, Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын орлогод оруулах,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч.Бгийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай У-**** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах гэсэн дүгнэлт гаргажээ.

           Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг зүйлчилж ирүүлсэн ба олборлохоор шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй байхад гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл буруу байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргээ төгөсгөх ямар үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй гэсэн санал гаргажээ.

         Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь тохиромжтой гэж үзэж байна аа гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

         Шүүгдэгч нар нь хэлэлцэн тохиролцон багаж, техник хэрэгсэл, хоол хүнс бэлдэн,тухайн газар нутагт тээврийн хэрэгсэл ашиглан хүрч очсон.

         Мөн түүнчлэн Цагдаагийн алба хаагчдыг очиж сануулга өгсөнөөр гэмт үйлдлээ зогсоосон нь дамжмал нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг гэмт хэрэг үйлдэхэд бэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4-т  “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэж заасан.

      Шүүгдэгч Г.Н, Ч.Б, Г.А нарыг урьд гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр,

          Шүүгдэгч Ч.Б, Т.М, Г.Л, Н.Б нарыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

           Бусад асуудлаар:

           Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн, гэмт хэргийн хор уршиг учраагүй, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогссон зэрэг шинжээрээ “ гэмт хэрэг үйлдэхээр завдах”-аас ялгагдана. 

       Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний агуулгаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж хуульчилсан байх тул гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник, хэрэгслийг хураах үндэслэлгүй юм.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр болон шүүгдэгч нар нь ам бүл олуулаа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,тэдгээрийн орлого хүрэлцээтэй бус зэрэг хувийн байдлыг харгалзан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2 ширхгийг шүүгдэгч Н.Б, Ч.Б нарт, Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч Г.Лид олгохоор,

           -У загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч /эзэмшигч/ Ч.Бд тус тус буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Я овогт Ггийн Л, шүүгдэгч Х овогт Ггийн А, шүүгдэгч М овогт Гийн Н, шүүгдэгч Хг овогт Нын Б, шүүгдэгч Б овогт Чын Б, шүүгдэгч Уовогт Тын М, шүүгдэгч Б овогт Чын Б нарыг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Г.Н, Ч.Б, нарыг тус бүр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,Г.Л, Н.Б, Т.М, Ч.Б нарыг тус бүрийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Г.А, Г.Н, Н.Б, Ч.Б, Т.М, Ч.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, Г.А, Г.Н, Н.Б, Ч.Б, Т.М, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус бүр нь 3,700,000 төгрөгийн Голд Монстер /Gold Monster/ 1000 загварын металл хайгч 2 ширхгийг шүүгдэгч Н.Б, Ч.Б нарт, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Майнлаб /Minelab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч Г.Лид, хэрэгт битүүмжилсэн У загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч /эзэмшигч/ Ч.Бд тус тус буцаан олгосугай.

          6.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдсугай. 

           7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ