Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2018/00045

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр          Дугаар 182/ШШ2018/00045          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монголбанкинд холбогдох,

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/519 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд: Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Төлбөр тооцоо бүртгэлийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрөөс намайг нягтлан бодогчоор томилсон талаар Тамгын газрын захирал надад хэлсэн.

Ингэхдээ яагаад намайг албан тушаал бууруулж, өөр албан тушаалд шилжүүлэх болсон талаар тайлбарлаагүй, тушаалыг үзүүлээгүй, тушаалын хуулбарыг гардуулаагүй болно. Яг ямар тушаал гарсан талаар одоо ч мэдэхгүй байна.

Миний бие Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4-т заасан гол нөхцөлүүдийг тохирсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба газрын бүтэц өөрчлөгдөхөд миний албан тушаал өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан.           

Гэтэл миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг өөр ажилд шилжүүлэн томилж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Учир нь миний бие ахлах хянан шалгагчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба уг албан тушаал хэвээр хадгалагдаж байхад надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, миний мэргэжлийн бус /би нягтлан бодогч биш, эдийн засагч мэргэжилтэй/ өөр албан тушаалд хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулан ажиллахад хүргэж байгаа юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалт, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар намайг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас миний авч байсан цалин хөлс 58.84 хувиар буюу 1,272,600 төгрөгөөр буураад байгаа тул надад учирсан хохирол болох энэ 2 албан тушаалын цалингийн зөрүүг намайг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн хугацаагаар тооцон олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Намайг өөр ажилд шилжүүлэхээс өмнө би 2,804,900 төгрөгийн цалин авч байсан бол өөр албан тушаалд шилжүүлсний улмаас 1,650,400 төгрөгийн цалин авахаар болж байгаа юм. Цалингийн зөрүү 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү 1,272,600 төгрөг, 3 сар 3,817,800 төгрөг, ажлын 5 өдөр 289,227, ажлын 22 хоногт нийт 4,107,027 төгрөг гаргуулах.

 

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагын тухайд: Миний бие 2-12 насны 3 хүүхэдтэй бөгөөд төрөх өдрөө хүртэл ажлаа хийж, төрсний дараа хүүхэд асрах чөлөө ч авалгүй ажилдаа бүх сэтгэлээ зориулан ажиллаж байсан. 2 нас хүрээгүй гээд бага хүүг маань улсын цэцэрлэгт авахгүй байсан тул өглөө ээждээ /Хотын төвөөс Өгөөмөр захын хажуугийн байр хүртэл/ хүргэж өгч өдөрт нь харуулж байгаад орой ажлаа тараад очиж авдаг. Замын түгжрэлээс шалтгаалан өглөө ажлаас хоцорч болзошгүй байсан тул Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т заасны дагуу нэгжийн захиралдаа учир байдлаа хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр өглөө 30 хүртэл минутаар хоцорч ажилдаа ирж, оройдоо болон цайны цагаар нөхөн ажиллаж байхаар болсон байсан.

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б519 дүгээр тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдмэгц миний бие хэлтсийн захирал Т.Амарсайхан болон Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Манай хэлтсийн захирал Т.Амарсайхан ийм шийдвэр гарсан талаар мэдээгүй байсан ба ажлын цагийг зохицуулж ажиллах зөвшөөрөл өгсөн тухайгаа миний Тамгын газарт гаргасан баримт дээр бичсэн байдаг.

Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Л.Намхай нь сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төсөл боловсруулахдаа манай газар, хэлтсийн захирлуудаас тодруулга аваагүй гэдгээ хэлтсийн захирал Т.Амарсайханд болон надад хэлээд, нэгэнт тушаал гарчихсан тул одоо ямар ч аргагүй гэсэн.

Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал Д.Бурмаа нь Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6-д “Ажлын цагийн бүртгэлд Тамгын газар, орон нутаг дахь хэлтэс /салбар/ хяналт тавина” гэснийг унш, тэр заалтын дагуу арга хэмжээ авсан, тэгээд ч чиний нэрийг хасчихвал бусад хүмүүс барьцаад эхэлнэ” гэж хэлсэн.

Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т “Ажлын цагийн дундуур гадагш явахдаа газар, бие даасан нэгжийн захирал Ерөнхийлөгчийн туслахад, хэлтэс, алба, төвийн захирал газрын захиралд, бусад ажилтан тухайн нэгжийн болон газар /орон нутаг дахь хэлтэс, салбар/-ын захиралд тус тус мэдэгдэнэ.” гэж, 5.2.8-д “Ажилтны ажлын цаг ашиглалтад тухайн нэгж /хэлтэс, алба, төв/-ийн болон газар, бие даасан нэгж, орон нутаг дахь хэлтэс /салбар/-ийн захирал тус тус хяналт тавьж ажиллана” тус тус заасан байтал Тамгын газрын зүгээс эдгээр заалтуудын дагуу хяналт тавьж, зөвшөөрөл өгсөн хэлтсийн даргаас асууж тодруулалгүй, дотоод журмын 5.2.6-д заасан “Ажлын цагийн бүртгэлд Тамгын газар, орон нутаг дахь хэлтэс /салбар/ хяналт тавина.”, 5.2.7-д “Тамгын газраас цагийн бүртгэлийг газар, бие даасан нэгжийн захиралд танилцуулж, ажлын цагийн бүртгэл хангалтгүй байгаа ажилтны талаар тодруулга, тайлбар авч болно” гэсэн заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлэлгүй надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүднээс сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтнаас өөрөөс нь болон шууд удирдах нэгжийн захирлаас нь тодруулга, тайлбар авч, мэдэгдэх ёстой байсан.

Мөн дотоод журмаар ажлын цагийн ашиглалтад хяналт тавих /5.2.8/, ажлын цагийн дундуур гадагш явах зөвшөөрлийг өгөх /5.2.2/ эрхийг хэлтсийн захиралд олгосон байтлаа цагийн бүртгэлийг танилцуулах, ажилтны талаар тайлбар, тодруулга өгөх эрхийг олгоогүй дотоод журмын зөрчилтэй заалтуудын улмаас ажилтан хохирох ёсгүй гэж үзэж байна.

Хэрвээ дотоод журмын 5.2.2-т ажилтан гадагш явахдаа нэгжийн захиралдаа мэдэгдэх талаар заагаагүй байсан бол хэлтсийн биш газрын захиралд мэдэгдээд зөвшөөрөл авах байсан.

Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар хугацааг хамарсан цагийн бүртгэлээр арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалт, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-80 дугаар тушаалаар баталсан “Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-ын 4.3.1-д заасан сахилгын шийтгэлтэй байгаа албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй байх талаарх зохицуулалтын дагуу надад ногдуулсан дээрх сахилгын шийтгэлтэй холбогдуулан хасагдсан урамшуулал болох 2,003,500 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч “Монголбанк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайханы шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б-510 дугаар тушаал нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-239 дүгээр тушаалд үндэслэж гарсан бөгөөд удирдлагын эдгээр шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, Э.Цтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд нийцэж гарсан болно.

Э.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөр албан тушаалд шилжүүлэх болсон талаар тушаалыг тайлбарлаагүй, үзүүлээгүй, ямар тушаал гарсан талаар мэдэхгүй байгаа талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэлийг тус тус дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх хэрэг маргааныг тодорхойлсон ба 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;”-ыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байна.

Ажилтныг өөр ажилд шилжүүлэх гэдэг нь ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүхэлдээ буюу түр хугацаагаар өөрчлөгддөг бөгөөд энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж дуусгавар болдоггүй, өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг. Энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар тусгайлан тодорхойлж, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх (32 дугаар зүйл), сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх (33 дугаар зүйл), ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх (34 дүгээр зүйл) гэсэн тодорхой 3 нөхцөлийг л хуульд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл удирдлагын шийдвэрийн дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, ажилчдын ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар болон тухайн нэгжийн удирдлагын саналыг харгалзан, Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хуваарилан шилжүүлсэн арга хэмжээг дээр дурдсан 3 төрлийн харилцаатай адилтгах үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажилтныг ажлаас буруу халсан эсхүл зөвхөн дээрх 3 тохиолдлын үед ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн эсэх гомдлыг шүүхэд хянан шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна.

Монголбанкны бүтцийн өөрчлөлтийг хийх, бүтцийн өөрчлөлтөөр бий болсон газар, хэлтсийн чиг үүрэг, бүтэц, орон тоонд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажилтнуудыг холбогдох газарт нь чиг үүргийнх нь дагуу байршуулахад холбоотой авсан арга хэмжээ авах нь хууль тогтоомж болон Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Тухайлбал Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч нь Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах (28.1.1), Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах (281.1.1) эрхтэй юм. Мөн Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.3-т “Ажилтны мэдлэг боловсрол, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч (ерөнхий менежер), орон нутаг дахь хэлтэс (салбар)-ийн захирлын шийдвэрээр албан тушаалын зэрэглэлийг өөрчилж (дээшлүүлэх, бууруулах) болно.” гэж заасан байдаг. Монголбанкны бүх ажилтан Хөдөлмөрийн дотоод журмыг судалж танилцсан байх үүрэгтэй бөгөөд уг журамд заасны дагуу Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, “Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам”, “Монголбанкны ажилтны ёс зүйн дүрэм” болон бусад журам, дүрэм, зааврыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй байдаг. /Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.1 дэх заалт/

Иймд Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан Э.Цыг Тайлан бүртгэлийн газарт нягтлан бодогчоор томилсонтой холбоотой гомдол нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш юм.

Түүнчлэн Э.Црын албан тушаалыг өөрчилсөн шийдвэрт дараах үндэслэл бүхий нөхцөл байдал нөлөөлсөн байдаг. Тухайлбал: Э.Ц нь Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байх хугацаандаа удирдлагын тушаал шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө сургалтын зардал гаргасан нь тогтоогдож түүнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б850 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасан бөгөөд энэ хугацаа нь өнгөрөөгүй байгаа. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий байсан. Тухайн үед удирдлагын зүгээс түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг.

Ажлын цагаас тогтмол хоцордог, ажлын байраа эзгүй орхиж явдаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хойрго ханддаг буюу өөрт нь даалгасан ажлыг бусад ажилтнаар хийлгэх явдал гаргадаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/519 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг давтан гаргасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Э.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болгосон.

Ахлах хянан шалгагчийн ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлын чиг үүргээ бүрэн биелүүлдэггүй нь Монголбанкны Дотоод Аудитын газраас Төлбөр тооцоо бүртгэлийн газарт хийсэн шалгалтаар тогтоогдож шалгалтаар гаргасан дүгнэлтэд “Шалгалт хамрах хугацаанд ахлах хянан шалгагч 1 удаа шалгалт хийсэн байна. Мөн бусад хянан шалгагч нарын хийсэн шалгалтын танилцуулгыг хянаж, танилцаагүй, картын үйл ажиллагаатай холбоотой танилцуулгыг хянаагүй байгаа нь хэлтсийн чиг үүргийн биелэлтийг бүрэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ...” гэсэн дүгнэлт, даалгаврыг Дотоод аудитын газраас гаргаж байсан.

Э.Цын нөхрийн “Итауко” ХХК нь Э.Цыг Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтэст ажиллаж байх хугацаанд Монголбанкны Банксүлжээ (RTGS) арт бүртгэлийн системийн Source code буюу програмын эх кодыг хадгалах эрхийг авч өнөөдрийг хүртэл “Итауко” ХХК нь тус програмын эх кодыг эзэмшиж байгаа бөгөөд нь Э.Цыг Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтэст ажиллуулахад эрсдэлтэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч өөрийгөө нягтлан бодогч биш, эдийн засагч мэргэжилтэй гэж нэхэмжлэлдээ дурджээ. Э.Ц нь Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтэст Ахлах хянан шалгагчаар ажиллахаас өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 634        дүгээр тушаалаар Бүртгэл тооцооны газарт нягтлан бодогчоор, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 189 дүгээр тушаалаар Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газрын Салбар, банк хоорондын албаны нягтлан бодогчоор, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны 16 дугаар тушаалаар Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газрын Бүртгэлийн хэлтсийн Банк, салбар хоорондын төлбөр тооцооны албанд нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн “Монголбанкны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай” А-239 дугаар тушаал болон “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б510 дугаар тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 15-нд батлагдаж уг шийдвэрт хамаарах газар, хэлтсийн бүх ажилтанд тушаалыг танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг үндэслэсэн байгаа нь түүнийг тушаалтай танилцсаныг нотолж байна. Мөн Э.Ц нь Тамгын газарт хандан дээрх тушаалтай танилцах бүрэн боломжтой.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны А-6 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.1-д “Ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусна”, 5.2.2-т ”Амралтын завсарлага 13:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг ба ажил, амралтын цагийн бүртгэлд Тамгын газар, орон нутаг дахь хэлтэс (салбар) хяналт тавих үүргийг журмын 5.2.6-д заасны дагуу Тамгын газар хяналт тавьж ажилладаг. Дээрх чиг үүргийн дагуу Тамгын газраас Төв банкны ажилчдын цаг ашиглалтад хяналт тавьж ажилласан бөгөөд Э.Ц нь 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд ажлын нийт 164 өдрийн 103 өдөрт ажлаас хоцорч, ажлын цагаас 1917 минут буюу 31 цаг 57 минут хоцорсон дутагдал гаргасан байна. Энэ нь ажлын Хөдөлмөрийн хуульд заасан ердийн ажлын өдрийн ажиллах цагаар тооцоход ажлын 4 өдөртэй тэнцэхээр байна. Монголбанкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.2-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог.

Э.Ц нь нэхэмжлэлдээ Монголбанкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.2-т “Ажлын цагийн дундуур гадагш явахдаа газар, бие даасан нэгжийн захирал Ерөнхийлөгчийн туслахад, хэлтэс, алба, төвийн захирал газрын захиралд, бусад ажилтан тухайн нэгжийн болон газар (орон нутаг дахь хэлтэс, салбар)-ын захиралд тус тус мэдэгдэнэ.”, 5.2.8-д “Ажилтны ажлын цаг ашиглалтад тухайн нэгж (хэлтэс, алба, төв)-ийн болон газар, бие даасан нэгж, орон нутаг дахь хэлтэс (салбар)-ийн захирал тус тус хяналт тавьж ажиллана.” гэж заасны дагуу өөрийн харъяалах хэлтсийн даргаасаа чөлөө авдаг байсан тухай дурджээ. Журмын 5.2.2 заалт нь ажилтан ажил үүргийн хувиар ажлын цагийн дундуур гадагш гарах тохиолдолд өөрийн харъяа нэгжийн захиралд мэдэгдэж зөвшөөрөл авах үүргийг журамласан ба 5.2.8 дахь заалт нь тухайн нэгжийн захирал нь ажилтныг ажлын цагийг хий дэмий өнгөрүүлэхгүй, оногдсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг нэгжийн удирдлагад нь үүрэг болгосон зохицуулалт юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох харилцааг зохицуулсан бөгөөд 103.1-д “Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно.” гэж заасан байна. Иймээс Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг Э.Ц буруу тайлбарлаж, үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

                Нэхэмжлэгч Б.Цолмонбаяр нь Монгол банкинд холбогдуулан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б519 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын улмаас олгогдоогүй урамшуулал болох 2,003.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

            Нэхэмжлэгч Э.Ц нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 201 дүгээр тушаалаар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн хянан шалгагчаар томилогдон ажиллаж байсан ба Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б353 дугаар тушаалаар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалаас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Э.Цыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчоор томилжээ. /хх-ийн 8-9, 10-11, 36-40/

 

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Э.Цт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаал, 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дугаар тушаал,  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 6/07 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Э.Цын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-9, 10-11, 36-40, 41-42 дугаар тал/

 

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны тушаалаар Төлбөр тооцоо бүртгэлийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрөөс намайг нягтлан бодогчоор томилсон.

...газрын бүтэц өөрчлөгдөхөд миний албан тушаал өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байхад намайг өөр ажилд шилжүүлэн томилж байгаа нь хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

...намайг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас миний авч байсан цалин хөлс 1,272,600 төгрөгөөр буураад байгаа тул надад учирсан хохирол болох энэ 2 албан тушаалын цалингийн зөрүүг намайг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн хугацаагаар тооцон олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Монголбанкны бүтцийн өөрчлөлтийг хийх, бүтцийн өөрчлөлтөөр бий болсон газар, хэлтсийн чиг үүрэг, бүтэц, орон тоонд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажилтнуудыг холбогдох газарт нь чиг үүргийнх нь дагуу байршуулахад холбоотой авсан арга хэмжээ авах нь хууль тогтоомж болон Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Иймд гомдол нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш юм.

Түүнчлэн Э.Цын албан тушаалыг өөрчилсөн шийдвэрт дараах үндэслэл бүхий нөхцөл байдал нөлөөлсөн байдаг.

Э.Ц нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б850 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан бөгөөд энэ хугацаа нь өнгөрөөгүй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Э.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болгосон.

Ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлын чиг үүргээ бүрэн биелүүлдэггүй нь Монголбанкны Дотоод Аудитын газраас Төлбөр тооцоо бүртгэлийн газарт хийсэн шалгалтаар тогтоогдож байсан.

Э.Ц нь Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтэст Ахлах хянан шалгагчаар ажиллахаас өмнө нь Бүртгэл тооцооны газарт нягтлан бодогчоор, Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газрын Салбар, банк хоорондын албаны нягтлан бодогчоор, Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газрын Бүртгэлийн хэлтсийн Банк, салбар хоорондын төлбөр тооцооны албанд нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн Б510 дугаар тушаалыг шийдвэрт хамаарах газар, хэлтсийн бүх ажилтанд тушаалыг танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг үндэслэсэн байгаа нь түүнийг тушаалтай танилцсаныг нотолж байна. Мөн Э.Ц нь Тамгын газарт хандан дээрх тушаалтай танилцах бүрэн боломжтой...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.  /хх-ийн 1 дүгээр талын арын хэсэг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу шилжүүлсэн тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дээрх маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээр байна.

 

Нэхэмжлэгч Э.Цыг “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А-239 дүгээр тушаалыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 36 дугаар тал/

 

Ажил олгогч ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаалдаа “... Төлбөр тооцоо, бүртгэлийн газрыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан энэ тушаалын 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтад заасан албан тушаалд томилсугай” гэж Э.Цыг Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн ажлаас чөлөөлж, Тайлан бүртгэлийн газар нягтлан бодогчоор томилжээ.  /хх-ийн 36-40 дүгээр тал/

 

Ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А-239 дугаар “Монголбанкны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай” тушаалаар Монгол Улсын Төлбөр тооцооны шинэ систем нэвтрүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх, түүнд тавигдах шаардлагыг харгалзан Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын чиг үүргийн хувьд хувааж, Төлбөрийн тооцооны газар, Тайлан бүртгэлийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Уг тушаалыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалаар ажил олгогчийн өөрийн санаачилгаар Э.Цыг Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчоор буюу ажилд бүрмөсөн шилжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээ цуцлах зохицуулалтаар шийдвэрлэсэн байх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг үндэслэж гаргаагүй байх тул уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад орон тоо хасагдсан, цөөрсөн үйл баримт байхаас гадна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуульд заасан 2 нөхцөл бүрдсэн байна.

 

Байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодиттой буюу орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болсон байх үйл баримт юм.   

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй боловч, Э.Цыг ажлаас чөлөөлж, төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч ажилтан Э.Цыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчоор ажиллуулахаар томилжээ.   

 

Ажил олгогч нь бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, ажилтантай харилцан тохиролцоогүй, шууд өөр ажилд шилжүүлснээр, түүний өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөж байгаа учраас ажил олгогч, ажилтантай заавал зөвшилцөх шаардлагатай байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. 

 

Ийнхүү ажилтнаас зөвшөөрөл авснаар ажилтан уг ажилд ажиллахаас татгалзах, эсхүл гэрээний талууд цалин хөлс, гүйцэтгэх үүрэг зэргийн талаар харилцан зөвшилцөх эсхүл ажилтанд хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нээгддэг байна.

 

Иймд хариуцагч Монголбанк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан журмыг хэрэгжүүлээгүй өөр ажилд шууд томилсноор нэхэмжлэгч өөрийн хүсээгүй ажлын байранд ажиллаж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах эрхтэй хэдий ч дээрх өөрчлөн зохион байгуулалтын улмаас ажилтны орон тоо хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад түүнийг өөр ажил буруу шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монголбанкны зарим газрын бүтцийг өөрчлөх” тухай А-239 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 тоот тушаалаар “Төлбөр тооцооны газар”-ын Хяналт зохицуулалтын хэлтэс нь ахлах хянан шалгагчийн 1 орон тоотой байхаар шийдвэрлэсэн ба Төлбөр тооцооны газар болон Тайлан бүртгэлийн газар гэж чиг үүргийн хувьд хуваасан хэдий ч Э.Цын өмнөх ажлын байр хэвээр байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /хх-ийн 30-35, 36-41 дүгээр тал/

 

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажил олгогчийн Б510 тоот тушаалыг гаргасан гэх боловч уг тушаалын үндэслэлээ нотлоогүй, Э.Цын ажиллаж байсан ахлах хянан шалгагчийн орон тоо хасагдсан, түүний мэргэжил нь тухайн ажлыг эрхлэхэд мэргэжлийн хувьд ажлын шаардлага хангахгүй байсан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалын Э.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Цыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Э.Цыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкны Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчийн ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа ба 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4,107,027 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Э.Цын Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан нэг сарын цалин хөлс, Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчоор ажилласан хугацааны нэг сарын цалин хөлсний зөрүү 1,154,500 төгрөг болох нь хэрэгт авагдсан Э.Цын нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тооцооны баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 3,705,093 төгрөгийг ажил олгогч Монголбанкнаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан хасагдсан урамшуулал болох 2,003,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э.Ц нь Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлан хянан шалгагчаар ажиллах байх хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б519 дүгээр тушаалаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 281 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1, 10.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2 нас хүрээгүй хүүг маань улсын цэцэрлэгт авахгүй байсан тул өглөө ээждээ хүргэж өгч өдөрт нь харуулдаг ба өглөө ажлаас хоцорч болзошгүй байсан тул Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т заасны дагуу нэгжийн захирлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өглөө 30 хүртэл минутаар хоцорч ажилдаа ирж, оройдоо болон цайны цагаар нөхөн ажиллаж байхаар болсон байсан.

Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 5.2.8-д тус тус заасан байтал Тамгын газрын зүгээс эдгээр заалтуудын дагуу хяналт тавьж, зөвшөөрөл өгсөн хэлтсийн даргаас асууж тодруулалгүй, дотоод журмын 5.2.6, 5.2.7 дахь заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлэлгүй надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Хэрвээ дотоод журмын 5.2.2-т ажилтан гадагш явахдаа нэгжийн захиралдаа мэдэгдэх талаар заагаагүй байсан бол хэлтсийн биш газрын захиралд мэдэгдээд зөвшөөрөл авах байсан.

Сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар хугацааг хамарсан цагийн бүртгэлээр арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа болно. Сахилгын шийтгэлтэй байгаа албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй байх талаарх зохицуулалтын дагуу надад ногдуулсан дээрх сахилгын шийтгэлтэй холбогдуулан хасагдсан урамшуулал болох 2,003,500 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6-д заасны дагуу Тамгын газар хяналт тавьж ажилладаг.

Э.Ц нь 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд ажлын нийт 164 өдрийн 103 өдөрт ажлаас хоцорч, ажлын цагаас 1917 минут буюу 31 цаг 57 минут хоцорсон дутагдал гаргасан байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог.

Журмын 5.2.2 заалт нь ажилтан ажил үүргийн хувиар ажлын цагийн дундуур гадагш гарах тохиолдолд өөрийн харъяа нэгжийн захиралд мэдэгдэж зөвшөөрөл авах үүргийг журамласан ба 5.2.8 дахь заалт нь тухайн нэгжийн захирал нь ажилтныг ажлын цагийг хий дэмий өнгөрүүлэхгүй, оногдсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг нэгжийн удирдлагад нь үүрэг болгосон зохицуулалт юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох харилцааг зохицуулсан бөгөөд 103.1-д заасан байна.

Иймээс Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг Э.Ц буруу тайлбарлаж, үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна...” гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дугаар тушаалын үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, “Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн хавсралтад заасан нэр бүхий нэр бүхий ажилтнуудад сануулах сахилгын шийтгэлд ногдуулсугай” гэж Э.Цт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.

 

Нэхэмжлэгч Э.Цт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэж  буруутгаж байгаа боловч, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, ба Б519 тоот тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Дээрх тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн тухай баримт байхгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Э.Ц нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Ханхадайг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд Э.Ц нь хэлтсийн захирлаасаа чөлөө хүсэж, түүнд зөвшөөрөл өгч байсан болох нь хэлтсийн захирал Т.Амарсайханы тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн Э.Цыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр тушаалын Э.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Цын Монголбанкинд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 1.3-т “Монголбанкны ажилтны урамшууллын мөнгөн дүнг тухайн ажилтны сарын үндсэн цалингаас тооцож, Монголбанкны Ерөнхийлөгч /орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал/-ийн тушаалаар улирал бүр олгоно.”, 4.1-д “Монголбанкны ажилтанд тухайн улирлын ажлын үнэлгээ, ажилласан өдөрт нь харгалзах урамшууллыг улирал тутам олгоно”, 4.3.1-д сахилгын шийтгэлтэй албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй” гэж тус тус заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталдаг.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарах бөгөөд нэхэмжлэгч Э.Цт сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан урамшуулал олгогдоогүй үндэслэлээр олгогдох байсан урамшуулал 2,003,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь урамшуулал олгогдох дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу 3 дугаар улирлын урамшуулал олгогдоогүй тул 2,003,500 төгрөгийг ажил олгогч Монголбанкаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Цт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Э.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Цт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+106,286 төгрөг/ нийт 176,487 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цын нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалуудын Э.Цт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,  нэхэмжлэгч Э.Цыг Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон урамшуулалд 5,708,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401.934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 176,487 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС