Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0839

 

 

 

 

    

 

 

   2022          11           14                                    128/ШШ2022/0839

                                                                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны
*** дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч : “ПО...” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : М.С...

Хариуцагч : Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Б.Ж... нарын хооронд барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н... нар оролцов. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “ПО...” ХХК-аас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд барьсан үйлчилгээтэй, орон сууцны барилгын **1, **2 дугаар байруудад барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. “ПО...” ХХК Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт 16 давхар 4 блок 296 айлын орон сууц болон үйлчилгээний зориулалттай “Б...” хотхоны төслийг 2015 онд эхлүүл, 100 хувийн гүйцэтгэлтэй **3, **4, **5 дугаартай барилга байгууламжийг Улсын комиссын 2019 оны 0000/000 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

2.2. 2020 онд дээрх төслийн үргэлжлэл хэсэг болох **1, **2 дугаар барилгын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэж, Улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд гаргажээ.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны А/0000 дугаар захирамжаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн”-ийг баталсан байх бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 24-ний тус комисс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт “Б” хотхоны төслийн үргэлжлэл **1, **2 дугаар байруудад ажилласан байна. Уг шалгалтаар захиалагч барилгыг ашиглалтад оруулаагүй үедээ айл өрхүүд оруулж ашиглуулсан нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т заасныг тус тус зөрчсөн төдийгүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах удирдамжид заасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, зохицуулах зөвлөмжийг зөрчсөн, эрсдэлтэй нөхцөл бүрдсэн гэж үзэн хүрэлцэн очсон комиссын гишүүд хуралдааныг зохион байгуулахаас санал нэгтэйгээр татгалзсан байна.

2.4. “ПО...” ХХК-ийн ашиглалтад оруулаагүй барилга байгууламжид айл оруулсан зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.У... 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0000000 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд нэхэмжлэгч “ПО...” ХХК гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн байна.

2.5. 2022 оны 08 дугаар сарын 15, 23-ны өдрүүдэд “ПО...” ХХК-аас Хотын стандарт, хяналтын газарт “Улсын комисс ажиллуулах тухай хүсэлт” гаргасан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/000 дугаартай албан бичгээр “...Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг зөрчсөн байх тул дүрмийн хэрэгжилтийг хангуулж ажиллах” талаар дурдаж Улсын комисс ажиллуулахаас татгалзсан байна.

2.6. Иймд нэхэмжлэгч “ПО...” ХХК 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч “ПО...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: 

3.1.1. “...”ПО...” ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт 16 давхар 4 блок, 296 айлын орон сууц болон үйлчилгээний зориулалттай “Б” хотхоны төслийг 2015 онд эхлүүлж, 100 хувийн гүйцэтгэлтэй **3, **4, **5 дугаартай барилга байгууламжийг Улсын комиссын 2019 оны 0000/000 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Улмаар 2020 онд уг төслийн үргэлжлэл хэсэг болох **1, **2  дугаар блок барилгын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэж, Улсын комисс ажилуулах хүсэлт гаргасан боловч 2020 оноос эхэлсэн COVID-19 цар тахал, хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан Улсын комисс ажиллахгүй хойшилж байсан билээ.

3.1.2. Улмаар 2021 оны 03 сард Улсын комиссын бүрэлдэхүүн ажиллахаар иртэл нэгдүгээрт: Комиссын нэг гишүүний COVID-19 шинжилгээний хариу “эерэг” гарсан гэх үндэслэлээр, хоёрдугаарт: Комисс ажиллах барилгад айлууд орсон тохиолдолд хорио цээрийн дэглэмтэй үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж ажиллах нь тодорхойгүй байсан зэрэг шалтгааны улмаас тухайн өдрийн комисс тарсан.

3.1.3. Бид орон сууц захиалагч иргэдээс орон гэргүй болчихлоо, түрээсийн байранд, айлд амьдарч байна, өр зээлэнд ороод хэцүү байна, байрандаа оруулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг харгалзан захиалсан байранд нь оруулсан зөрчлөө хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ашиглалтад оруулаагүй барилга байгууламжид айл оруулсан зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0000000 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсныг хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн. Энэ тухай Хотын стандарт, хяналтын газарт мэдэгдэж, Улсын комисс ажиллуулах хүсэлтээ тавьсаар байсан.

3.1.4. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг шинэчлэн батлагдсанаар Улсын комисс ажиллахаас татгалзах үндэслэлдээ уг дүрмийн 10.3-т заасны дагуу айл оруулсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу хэмээн Улсын комисс ажиллуулахаас татгалзах болсон.

3.1.5. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “ПО...” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд барьсан үйлчилгээтэй, орон сууцны барилгын **1, **2 дугаар байруудад барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийн хувьд 4 блок бүхий 16 давхар 296 айлын орон сууц дундаа үйлчилгээний төвтэй барилга байгууламжийг 2015 оноос эхлүүлсэн байдаг. Тус хотхоны төслийн **3, **4, **5 дугаартай барилга байгууламжийг улсын комиссын 2019 оны 000 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн.

3.2.1. Үлдэх хэсэг болох **1, **2 дугаартай 16 давхар, 148 айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломжийг 2020 онд бүрэн хангасан. Гэтэл энэ цаг хугацаанд хөл хорио, цар тахал, мөн хэрэгт хамааралгүй боловч манай туслан гүйцэтгэгч компани ажлын гүйцэтгэлийн хөлс дутуу гэсэн үндэслэлгүйгээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын комисс ажилласан асуудлаар маргаан үүсгэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль аль нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

3.2.2. Эдгээр шалтгааны улмаас улсын комисс ажиллаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сард барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах нарийвчилсан дүрэм шинэчлэгдэн гарсан байдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг шинэчлэн баталсан.

3.2.3. Уг дүрмийн 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан байдаг.

3.2.4. Мөн энэхүү нөхцөл байдлыг ойлгоогүй байсан учраас хугацаа алдсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хотын стандарт, хяналтын газарт хандсан. Ингээд Хотын стандарт, хяналтын газраас шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн.

3.2.5. Бид барилга байгууламж буюу комисс ажиллуулахаар хүсэж байгаа хоёр байранд айл оруулчихсан байгаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй  маргахгүй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно” гэж заасны дагуу эхний ээлжид энэ барилга байгууламжтай холбоотой бүх бичиг баримтын бүрдлийг хангаж өгч комисс ажилласан.

3.2.6. Өмнөх комисс ажилласан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Айл оруулсан зөрчилд мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьж, шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж комиссыг ажиллаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч Хотын стандарт, хяналтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

3.3.1. “Манай байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/861 дүгээр захирамжийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

3.3.2. “ПО...” ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” хотхоны үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай, 2 блок /**1, **2 дугаар байр/ барилгыг захиалан барьж дуусаад байнгын ашиглалтад оруулах тухай хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн байна. Тус компанийн хүсэлтийн дагуу стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б******* барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахаар очиход тус орон сууцанд айлууд амьдарч, ашиглаж байсан тул фото зургаар баталгаажуулж “ПО...” ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/000 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.

3.3.3. Тус албан бичигт Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг зөрчсөн байх тул дүрмийн хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар дурдсан байна” гэжээ. 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг зохион байгуулж ажилладаг.

3.4.1. Тус ажиллагаанд төрийн болон төрийн бус төрийн өмчит үйлдвэрийн газар гээд нийт 12 байгууллагын 14 орчим гишүүд оролцдог.

3.4.2. Мөн захиалагч байгууллагын төлөөлөл, туслан гүйцэтгэгч компани, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч байгууллага гээд нийтдээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус комисс ажилладаг.

3.4.3. Тухайн барилга байгууламж зураг төслийн дагуу бүх зөвшөөрлөө авч бүрэн дууссаны үндсэн дээр хүсэлтийнх дагуу шинэ барилга байгууламж дээр очиж бусад чиглэлийн холбогдох байгууллагууд зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байгаа эсэхийг шалгадаг.

3.4.4. Нэхэмжлэгч компанийн хувьд айл оруулчихсан учраас үзлэг хийх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд прокурор, шүүхийн байгууллагын зөвшөөрлөөр тухайн айлуудад нэвтрэх шаардлага үүснэ.

3.4.5. Мөн ашиглаад 1 жил гаруй хугацаа өнгөрөөд барилга хуучирчихсан байдаг. Үзлэг хийж, тухайн барилгыг дүгнэх боломж захиалагч байгууллагын өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хаагдсан. Ашиглалтад орсон барилгад яаж үзлэг хийх нь тодорхойгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “ПО...” ХХК-аас хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд барьсан үйлчилгээтэй, орон сууцны барилгын **1, **2 дугаар байруудад барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.1. Нэхэмжлэгчээс “...Бид орон сууц захиалагч иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдийг харгалзан үзэж барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаас өмнө айл оруулсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.У...-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0000000 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг бүрэн төлсөн. Тус **1, **2 дугаар барилгууд нь үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий “Б” нэртэй цогцолбор хотхоны үргэлжлэл хэсэг тул Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт “Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно” гэж заасны дагуу ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллахад шаардлагатай арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлнэ...”,

1.2. Хариуцагчаас “...Тухайн **1, **2 дугаар блок барилгуудад айлууд ороод 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд хуучирсан байгаа тул үзлэг хийх боломжгүй. Нэхэмжлэгч компанийн Улсын комисс ажиллахаас өмнө айл оруулсан зөрчил нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллах боломжгүй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2. Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр “Танай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдсан үйлчилгээтэй орон сууцны **1, **2 дугаар блок барилгын холбогдох баримт бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус орон сууцны барилгууд нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөн байгаа тул уг дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллана уу” гэж нэхэмжлэгчийн Улсын комисс ажиллуулах тухай хүсэлтийг шийдвэрлэжээ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10.3 дахь хэсэгт “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасны дагуу ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэх чиг үүргийг шүүх хэрэгжүүлэхээр байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ... эрхтэй” бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 5.1.1-д Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх; 5.1.2-т Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дугаар хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх; 5.1.3-т барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх; 5.1.4-т Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторын шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх; 5.1.5-т барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх; 5.1.6-д барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх; 5.1.7-д энэ дүрмийн 6.1-т заасан техникийн комисс ажилласан тохиолдолд техникийн комиссын дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал арилгасан эсэх, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хянах” гээд, мөн зүйлийн 5.2-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан бусад баримт бичгийг нэмж тодруулж болно” гэж тус тус заажээ.

5. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, хүн амьдрах зориулалттай барилга байгууламжийн хувьд түүнийг ашиглалтад оруулах комиссын үндсэн зорилго нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгайлан заасны дагуу тухайн барилга байгууламж хууль, барилгын норм, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэх, түүнд амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахааргүй баригдсан эсэхэд хяналт шалгалт хийж, зохих дүгнэлтийг гаргахад оршино.

6. Хэдийгээр нэхэмжлэгч компани нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, түүнийг хүлээн авахаас өмнө айл оруулсан боловч нэгэнт тус **1, **2 дугаар блок барилгын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэсэн, түүнд амьдарч буй айл өрхүүд цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хэвийн хангагдан амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай нэгдсэн дүгнэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, захиалагчийн барилгын техникийн хяналт хийсэн тухай дүгнэлт /хавтаст хэргийн 14,35 дахь тал/, зохиогчийн нэгдсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16 дахь тал/ , хэрэгт авагдсан зурган баримтуудаар тус тус тогтоогдож байна.

7. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж шийдвэрлэсэн байх ба эдгээр тогтоолуудад дурдсан хугацаа нь нэхэмжлэгч компанийн Улсын комисс ажиллуулах хүсэлт гаргасан хугацаа /хавтаст хэргийн 2, 47 дахь тал/-г хамарч байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр айл оруулсан гэх шалтгаан нь Улсын комиссыг барилга байгууламж хууль, барилгын норм, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан “...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд барьсан үйлчилгээтэй, орон сууцны барилгын **1, **2 дугаар байруудад барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

9. Харин нэхэмжлэгч нь тус **1, **2 дугаар орон сууцанд амьдарч буй оршин суугчдын хамт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах, хяналт шалгалт хийхэд шаардлагатай нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллахыг дурдах нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ПО...” ХХК-ийн Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд барьсан үйлчилгээтэй, орон сууцны барилгын **1, **2 дугаар байруудад барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.М