| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
2025 01 23 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Ж холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт М Ж /РД: ******************7./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ***** улсын дугаартай "тоёота приус-30" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч М.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Жнь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ***** улсын дугаартай "тоёота приус-30" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "...уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн приус 30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна....тээврийн хэрэгслийг эхнэр Я.Х хүлээлгэн өгөхөөр тогтов. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Жолооч М-н Ж-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 3,44%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн цагдаагийн газрын нийтийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр томилогдон ажиллаж, 5 жил болж байна. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Б болон газрын дарга цагдаагийн дэд хурандаа А.А-н баталсан хуваарийн дагуу өдрийн эргүүлд 09 цагаас 17 цагийн хооронд Улаангом сумын 7 дугаар багт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цагдаагийн газрын 7045102 дугаарт "М.Ж согтуу ***** улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодоод гэр лүүгээ явчихлаа" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Жижүүрээс өгсөн мэдээллийн дагуу М.Ж-н 7 дугаар багт байрлах гэрийн гадна очсон. Тухайн үед би ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд намайг очиход М.Ж нь ***** улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэлтэй ирээд хашаа руугаа орж байсан. Би араас нь хашаа руу нь ороход М.Ж нь хашаа руугаа орж машинаа зогсоогоод бууж ирсэн. Би М Ж дээр очиж "та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, цагдаагийн газарт очиж согтуурал шалгах шаардлагатай" гэж хэлээд М.Ж-г цагдаагийн газарт авч ирсэн. Машинд Ж-с өөр хүн байгаагүй. Жолооч М Ж-г цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах Acoholls 6820 багажаар шалгахад 3,44 хувийн согтолттой гарч байсан бөгөөд цагдаагийн газрын сангаар орж М.Ж-н ОЕ89082817 регистрийн дугаараар хийж шалгахад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаатай эрх хасуулсан байсныг жижүүрт мэдэгдэж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн Цагдаагийн газрын 7045102 дугаар утсанд дуудлага мэдээлэл ирсний дагуу би Ж-н гэрийн гадна очсон байсан. Ж нь өөрийн ***** улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож хашаа руугаа орсон бөгөөд би машины араас нь дагаж ороход М.Ж ганцаараа бууж ирсэн ба машинд өөр хүн байгаагүй. Жолооч Ж миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж шалгуулахаас зайлсхийсэн, зугтсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Гэрч Я.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр М.Ж 2024 оны 10 дугаар сарын 17-ны 10 цагийн үед ажилдаа явсан бөгөөд 15 цагийн үед миний ажил дээр ирэхдээ архи уучихсан нэлээн согтуу байсан. Надтай “Архи өг” гэхэд нь би “Архи өгөхгүй” гэснээс нөхөр М.Ж уурлаж надтай хэрүүл маргаан хийж байгаад дэлгүүрээс гараад явсан. Би араас нь дэлгүүрээс гарахад М.Ж өөрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хөдлөөд явчихсан ба ганцаараа явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явахаар нь "согтуу машин бариад явж байгаад хүн дайрчхаж магадгүй, осол аваар хийчхэж магадгүй гэж бодоод цагдаад "нөхөр М.Ж согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа" гэж дуудлага өгсөн юм. ***** улсын дугаартай, приус 30 загварын тээврийн хэрэгсэл нь миний нөхөр М.Ж-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Нөхөр М.Ж нь 2023 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан юм....Ж нь ойрын хэдэн хоног ганцаараа нууцаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Нөхрийнхөө араас гараад харахад машиндаа суугаад машинаа жолоодоод ганцаараа явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Шүүгдэгч М.Ж-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 9 цагийн орчим сэрсэн өглөө босоход хүүхдүүд маань хичээлдээ явчихсан, эхнэр Я.Х ажилдаа явчихсан байсан. Би босоод гэр орноо цэвэрлэчхээд эхнэр Я.Х-гийн ажил дээр бараа буулгасан бөгөөд эхнэр Я.Х уучихсан байна гэж хэлээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед 0.5 литртэй хоёр ширхэг пиво уучихсан байсан бөгөөд эхнэр Я.Х нь хэрүүл маргаан хийгээд байхаар нь би эхнэртэйгээ маргалдаад яах вэ гэж бодоод өөрийн ****** улсын дугаартай "тоёота приус-30" маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр лүү явсан. Намайг гэр лүү явахад эхнэр Я.Х намайг согтуу машин бариад явчихлаа гэж цагдаа дуудлага өгсөн байсан бөгөөд намайг гэрийн гадаа очиход манай гэрийн гадаа цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан. Намайг цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгахад 3.44 хувьтай гарч байсан. Би тухайн үед пиво уугаад машин барихгүй гэж бодсон боловч олон нийтийн газар хэрүүл үүсгээд байхаар нь машинаа унаад гэр лүүгээ явсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.
Шүүгдэгч М.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн үед хүичн төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг үйлдэжэрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 дугаар сарын 26-аас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 6 дахь тал)-ээр нотлогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 3,44% согтолттой, ******* улсын дугаартай "тоёота приус-30" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ж-н 2024 оны 10 дугаар сарын 17-ны Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ******** улсын дугаартай "тоёота приус-30” загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгч М.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Ж урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял, мөн Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 1 /нэг/ жил зорчих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 36, 53-69 дэх тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Я.Х-гийн өгсөн: “...Зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу аашгүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч боловсон харилцдаг, зөөний Сэтгэлтэй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажилсаг, гэрийн бүх ажлыг хийдэг, хүний өөдөөс ямар нэг зүйл хэлдэггүй, хэрүүл маргаан хийж байгаагүй, тусархуу, тамхи хааяа татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа уудаг, өөр ямар нэг муу зуршилгүй, хааяа найз нөхдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Мөн гэр бүлдээ халамжтай залуу байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч М.Ж-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч М.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч М.Ж-д Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт 6 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосон нь хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ