Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Э,

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эид холбогдох эрүүгийн 2419003710403 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э, Урьд:

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э нь 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 М.Чын алдсан 2 тооны адууг бусдыг өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Чын “...2023 оны өвөл 12 дугаар сарын шуурганд Сайхандулаан сумын Дэврэхийн ус гэх газраас хүрэн халзан азаргатай, загал, хонгор, хүрэн гүү, хонгор халзан байдас хязаалан, хар ногоон хязаалан, гадсан сартай өсгийн цагаан хул байдас, гадсан сартай өсгийн цагаан хар байдас, зэрд даага, зээрд халзан сарваа нийлсэн нийт 10 тооны адуу алдсан. Тэгсэн 2024 оны 06 дугаар сард хүрэн халзан азарга нь алхан дэвсгэртэй хэвтээ зуузай тамга даруулчихсан хүзүүндээ ногоон хадагтай толгойдоо улаан эрээн ногттой, мөн хээр будан байдастай цуг ирсэн. Хээр будан байдас нь хэвтээ зуузай тамгатай одоог хүртэл манай адуунд байгаа. Би алхан дэвсгэртэй хэвтээ зуузай тамгыг сурахад Сайншанд сумын Зүүн баян багийн залуугийн тамга гэж хүмүүс надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 хуудас),

А ХХК-ий шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-924/10875 дугаартай “... Хүрэн халзан зүсмийн бүдүүн азарга 1,800,000... байдас... 900,000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-19 хуудас),

Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/505 дугаартай “...Э () нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй нь үнэн болно...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 46 хуудас),

Э, М.Ч нарын малын тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 хуудас),

Хохирогч М.Чын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 5 хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан....” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу малыг, харин гэм буруутай этгээд нь уг малын жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг мэдэхгүйгээр авч завшсан байхыг ойлгоно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тодорхойлсон.

Үүнээс гадна алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, алдуул мал олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байхаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 117.3, 116 дугаар зүйлийн 116.3, 116.4 дэх хэсгүүдэд зохицуулсан байдаг.

Тайлбарлавал: Алдуул мал олсон этгээд нь нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж нийтэд мэдээлж өөрийн эзэмшилдээ байлгах боломжтой, нийтэд мэдээлснээс хойш 1 жилийн дотор эзэн нь тогтоогдоогүй бол олсон этгээд өмчлөлдөө үлдээх, 1 жилийн дотор эзэн нь тогтоогдсон бол зардлаа төлүүлж, шагнал авах эрхтэй гэж ойлгоно.   

Шүүгдэгч Э нь өөрийн олсон гэх 2,700,000 төгрөгийн үнэ бүхий 2 алдуул малыг нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн малын тамгыг дарж, хүзүүнд нь ногоон хадаг зүүж эзэмшилдээ үлдээсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

Шүүгдэгч Э 2,700,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны алдуул малыг завшсан тул хохирогч М.Чод 2,700,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар “хохирогчийн эзэмшилд азарга нь байгаа тул хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  шүүгдэгч Эийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Эийг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

-хохирогчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг биелэгдээгүй үлдсэн ялыг хорих ялаар солих” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Эид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “…дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Э нь эрүүгийн  хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газар, ХӨТЯЭАХ ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Тын ирүүлсэн ялтан Эийн ялын талаарх тэмдэглэлд “Ялтан Э нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 150,000 төгрөгийн торгох ялыг биелүүлж, 300,000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байна. Торгох ялын хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болно” гэжээ.

Шүүгдэгч Э торгох ялыг төлөөд дууссан гэж тайлбарлахаас гадна улсын яллагч нь торгох ялыг төлж дуусаагүй бол ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуророос шүүхэд дүгнэлт гаргаагүй тул ялыг эдэлсэн гэж тооцно гэж тайлбарласан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан. Ялтан Э торгох ялыг биелүүлж дууссан болох нь хэрэгт баримтаар тогтоогдоогүй боловч дээрх хуулийг шийтгэх тогтоол гарсны дараа хэрэглэх боломжтой байх тул өмнөх шийтгэх тогтоолд заасан ялыг нэмж нэгтгэхгүйгээр шийдвэрлэлээ.   

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.

Шүүгдэгч Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Банкны 3-6 тоотод оршин суудаг тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газраар буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эийг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эид оногдуулсан 6 / зургаа / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ