Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д,

Хохирогч А, түүний өмгөөлөгч С.Ши,

Шүүгдэгч З, түүний өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зт холбогдох эрүүгийн 2419000000339 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: З

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн болно.

  1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***од байрлах гэртээ Атай хэрүүл маргааны улмаас цээж хэсэгт нь зэвсгийн чанартай зүйл буюу ир үзүүртэй зүйлээр хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Аы “2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би харих гээд гэрээс нь гарахад З намайг гаргаж өгөх гээд дагаад гараад ирсэн. Хажууд зогсож байснаа гэнэт намайг хажуугаас хавирга руу 1 үзүүртэй юмаар дүрээд авсан. Тэгэхээр нь би “Яаж байна аа чи” гэхэд дахиад над руу далайсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 хуудас).

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02/416 дугаартай “Аы биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, зүүн шанаа бугалга, цээжний шарх, зүүн бугалганы цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 хуудас).

Гэрч Б.Бгийн “2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр... Г гэх А болон бид хоёрын таньдаг хүн А луу залгаад оёдлын машин янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Гийн гэрт нь очсон. Гэрт нь ороход Г болон түүний ах нь З гэх хүн байсан. Бид нар тоглоод юм уугаад сууж байгаад би согтоод доошоо толгойгоороо тонгойгоод сууж байтал А “Хоёулаа явъя. Би энэ настай хүнтэй муудалцаад яах вэ дээ гээд намайг түшээд дээшээ босгосон. Тэгээд би босоод иртэл Агийн ард талд нь босож ирээд юмаар хатгаад А орилоод хоёр гараа савлаад байсан. Би “Юу болоод байна аа” гэтэл Агийн цээж орчмоос нь цус урсаад байхаар нь би хүүгийнхээ гэрт нь авчирч өгчхөөд гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас),

Гэрч Б.Эы “...2024 оны 09 дүгээр сарын 04-ний орой ажлаа тараад 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад манай эхнэр залгаад “Аав хүнд хутгалуулчхаад хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай аавын цээж орчмоос их хэмжээний цус гоожиж байсан. Тэгтэл эмнэлгийн машин ирээд аавыг аваад явсан. Эмнэлэг явахдаа надад хандаж “Аав нь хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би ямар хүнийг нь асуухад “З. З” гэж хэлж байсан. Тэр үедээ болсон үйл явдлыг бол хэлж байсан. Мөн дээрээс нь согтолттой байсан. Би дахин тодруулж асуухад “Намайг үгээр идээд томроод байсан. Би өндөр настай хүнтэй маргалдаад яах вэ дээ гээд явах гэтэл намайг хутгалчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан....” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

Биемахбодийн гэмтэл гэдэг нь гадаад орчны хүчин зүйлийн нөлөөгөөр эд эрхтний анатомын бүрэн бүтэн байдал болон тэдний физологийн чиг үүргийн зөрчил алдагдал гэж ойлгож болно. Гэмтэл гэдэгт гадаад орчны хүчин зүйлийн үйлчлэлээр хүний эд, эрхтний бүтцийг өөрчилсөн, физилогийн болон сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмтэл, өвчин, эмгэг, байдлыг хамааруулна.

Шүүгдэгч З нь хохирогч Аыг ир үзүүртэй зүйлээр хатгасан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Аы мэдүүлэг, гэрч Б.Бгийн мэдүүлгээр тогтоогдож байхаас гадна хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02/416 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 Хохирогч Аы биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Зын ир үзүүртэй зүйлээр хэд хэдэн удаа хатгасан үйлдлийн улмаас учирсан буюу шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Зын үйлдэлд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Мөнхнасан нь шүүгдэгч Зыг “Гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан....” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан байна.

           Хохирогч А шүүгдэгч Заас цалингийн зөрүү 1,713,316 төгрөг, эмчилгээний зардал 4,572,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөг нийт 11,298,316 төгрөгийн хохирол учирснаас Заас төлсөн 1,246,000 төгрөгийг хасч тооцоод 10,052,316 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эрүүл мэнд, сэтгэцэд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

           505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,

           510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулсан.

           Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

           Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1393 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан хохирогч Аы сэтгэцэд хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болохыг тогтоожээ.

           Сэтгэцэд учирсан гэм хорын нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар тогтоогджээ.

           Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тогтоож, цалингийн зөрүүд 1,713,316 төгрөг нэхэмжилснээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгосон 246,672 төгрөгийг хасаж 1,466,644 төгрөгийг, баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 622,072 төгрөгийг нийт 5,382,116 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

           Дээрх хохирлоос шүүгдэгч Заас хохиролд төлсөн 1,246,000 төгрөгийг хасч тооцоод нийт 4,136,116 төгрөгийг гаргуулж, 7,162,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Зын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ад эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч З шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4,136,116 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Зыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн,

-хохирогчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хамгийн доод ял болох 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулах” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Зт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “…таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч З нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч З нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Зт 3 жил 5 сарын /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зт оногдуулсан 3/гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч нь хохирогч Ад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ

                                                         ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН

                                                         ШҮҮГЧ                             Д.НАРАНЦЭЦЭГ