| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004310010 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Эрүүл мэндийн төвийн гадаа 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 2024 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө 01 цагийн орчим Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг машинаас татаж буулган баруун талын чих рүү нь гараар цохиж газарт унаган, цээж болон баруун гар руу нь хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Оын “... А бид хоёр ажлын талаар ярьж байгаад тэр намайг чи анх орж ирсэн цагаасаа хойш хүмүүсийн ажлыг өмнөөс нь хийдэг, машинистын ажлыг хийдэг гэж хэлээд надтай маргалдаж намайг машины хойд талын суудал дээр сууж байхад хувцаснаас татаж буулгаад миний баруун талын чих рүү 2-3-н удаа гараараа цохиход би газар унасан. Тэгээд намайг татаж босгож ирээд зүүн талын нүд рүү 1 удаа цохиход би дахин газар унасан газар унасны дараа миний цээж рүү хөлөөрөө жийхэд миний баруун гар таарч өшиглүүлээд босож ирээд Аыг боль гар хугарчихлаа гэж хэлээд зугтаагаад явсан. Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун шуу хэсгээр хугарсан тул гиписдүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 хуудас),
Гэрч А.Эын “... Архи уугаад дуусаж байхад А О 2 хоорондоо маргалдаад байсан, би утсаар яриад юунаас болж муудалцсаныг мэдээгүй, А жолоочийн суудал дээрээс буугаад арын суудал дээр сууж байсан Оыг татаад буулгаад яв зайл гээд байсан би дундуур нь орж боль сал гэхэд О гар эвгүй болчихлоо гээд гараа дараад байсан...машинаас татаж буулгахдаа хувцаснаас нь 2-3 удаа зулгаагаад хүзүү нь улайсан байх, ...А Оыг машинаас буу гээд татаж чангаах үед би урд талын суудал дээр сууж байгаад бууж ирээд харахад О нь газар унасан байдалтай А нь дээрээс нь татаж босгож байгаа харагдсан тэгээд би та 2 боль юунаас болж муудаад байгаа юм гэхэд О нь босож ирээд гар эвгүй болчихжээ гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 хуудас),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/013 дугаартай шинжээчийн “Оын биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ....Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 хуудас),
Шүүгдэгч Аын “би Оыг чи шүлсээ битгий хаяад бай гараад бөөлж гэж хэлтэл буухгүй байхаар нь би бууж очоод машиныхаа хаалгыг гаднаас нь онгойлгоод Оыг цамцнаас нь татаад буулгах гэтэл О машинаас буухгүй гээд гар хөлөөрөө чагталчаад байсан. Тэгэхээр нь би Оын шилэн хүзүүн дээрээс нь татаж байгаад машинаас буулгасан. ... Тэгээд би Оыг согтсон байна машин тэргэнд бөөлжөөд байна одоо больцгооё явъя гэхэд О миний гар эвгүй болчихлоо гэсэн машинаас буулгах гээд л ноцолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О нь шүүгдэгч Ааас 1,500,000 төгрөгийг авсан, 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн авахаар тохиролцсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А нь хохирогч Оод 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Ааас 4,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд тэнцүү хуваан гаргуулж хохирогч Оод /РД: / олгосугай.
5.Шүүгдэгч Ат оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ