Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/61

 

 

 

 

 

 

      2021         01            12                                       2021/ДШМ/61                              

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

хохирогч С.А, Д.Бт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1866 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806 03423 2456 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт Бийн Б, 1958 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61 дүгээр гудамжны 850 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй /РД:......................../;

Сүхбаатарын районы шүүхийн 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгах, хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэлгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155.2- ын Б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 169 дүүгээр зүйлийн В-д зааснаар нутаг зааж суулгалгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

Зүүн-хараа хотын шүүхийн 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73-ын А-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 76- ын Б-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, өмнөх тогтоолоор эдлээгүй 1 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Барилгын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялын заримыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг хэмжээг 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 259 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Бтийн эзэмшлийн 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гоо сайхны бараа, нүдний шил, бохь, усны сав, сормуусны гель, хүүхдийн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.670.751 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингүн овогт Бавуугийн Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Быг урьд нь цагдан хорьсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 1.670.751 төгрөг гаргуулж хохирогч С.А, Д.Бт нарт олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Бт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Доржсүрэн овогтой Бт миний бие 2020/ШЦТ/1866 дугаар шийтгэх тогтоолтой хэргийн хохирогч бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хэргийн эзэн холбогдогч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж хорих ялаар шийтгэсэн нь хохирогч миний хүсэлтийг харгалзан үзэлгүй дан ганц яллах талыг барьж яллах шийдвэр гаргасанд харамсаж, гомдож байна. Миний бие нь мөрдөн байцаах шат болон прокурорын шатанд хохирлоо төлүүлэн авахыг удаа дараа илэрхийлж байна. Хохирогч миний хүсэлтийг хүлээн авч ажил болголгүй, давхар хохироож байгаад туйлын гомдолтой байна. Нэг иргэний эрхийг хангаж, мөн нэг хүний эрх чөлөөний асуудал шийдвэрлэж байж тогтоолд бичигдсэн хэргийн эд мөрийн баримт, цаг хугацааг илт худал, буруу ташаа бичиж тэмдэглэл үйлдсэнийг энд хэлэхийг хүслээ.

Б.Быг яллахдаа “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэж зүйлчилсэн нь үнэнд нийцэхгүй байна. Миний бие хэзээ ч машиндаа амьдардаггүй билээ. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны хоорондох энэ урт хугацаанд миний гомдлын дагуу мөрдөн шалгах, эрэн хайх ажиллагаа огт явуулаагүй, хэт цалгар хандсаар 2020 оны хүргэсэн явдалд мөрдөгч Энхцэцэг гэх албан хаагчийг хангалтгүй ажилласан гэж үзэж байна. 2020 он гарахад би өөрийн биеэр байн байн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү очиж хэргийн эзэн олдсон уу? юу болж байна? гэж ахин дахин шалгаасны эцэст аргагүй шахаанд орж эзэн холбогдогчийг хайж ажиллагаа нь удаашралтай явагдсан. Би олон удаа очиж, цаг хугацаа, зардал мөнгөөрөө давхар “маш их” хохироод байна. Тиймээс хөгшин хонины насгүй болсон өндөр настай хүнд төрийн хайр ивээлийг 1 удаа үзүүлж хүнлэг ёсны зарчмыг бодон хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж, миний хохирлыг төлөх боломжоор хангаж өгнө үү.” гэв.

 

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бтийн эзэмшлийн 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гоо сайхны бараа, нүдний шил, бохь, усны сав, сормуусны гель, хүүхдийн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.670.751 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулсан. Шүүгдэгч Б.Б нь хохирлыг төлөөгүй. Анхан шатны шүүх хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 1.670.751 төгрөгийг гаргуулж хохирогч С.А, Д.Бт нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Бтийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Бтийн эзэмшлийн 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гоо сайхны бараа, нүдний шил, бохь, усны сав, сормуусны гель, хүүхдийн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1.670.751 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Алтансоёмбын “...тээврийн хэрэгсэл дотроос үнэртэй ус, биеийн тос, нарны тос, хөлийн тос, үсний шампунь, үсний маск, крем, нарны шүршигч, үсний хөөс, гарын саван, эрэгтэй шампунь, сахлын хөөс, уруулын будаг, сормуусны гель, сормуусны будаг, нове эйж 50гр, гарын тос, эмэгтэйчүүдийн саван, биеийн гуужуулагч, шингэн саван, алоэтой тос, алоэ гуужуулагч, шүдний оо, нүдний тень, контур, сормуусны будаг, лак, улаан өнгийн үүргэвч, хар өнгийн гар цүнх, нүдний шил, цаг, усны сав, бохь зэрэг байсан...” /хх 37-38/,

хохирогч Д.Бтийн “...тээврийн хэрэгсэлд гоо сайхны бараа байсан, ...машинд ямар нэгэн эвдрэл үүсээгүй байсан...” /хх 40-41/,

шүүгдэгч Б.Бы “...уг тээврийн хэрэгслийн хаалгыг татаж үзэхэд жолоочийн ард талын хаалга онгорхой байсан. ...Тэгээд тэр 3 хайрцагтай зүйлийг авч яваад, ...Миний мэдэж байгаагаар шампунь, ангижруулагч шиг зүйл байсан...” /хх 73-74/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 3035 дугаартай

“...1. Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэгтийн илрүүлж бэхжүүлсэн “3, 5, 6, 9, 10, 12, 14, 17, 18, 19, 20, 22” дугаартай 12 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1, 2, 4, 7, 8, 11, 13, 15, 16, 21, 22” дугаартай 11 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн С.Алтансоёмбын баруун гарын алгаар, 14, 17, 20 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн Доржсүрэнгийн Бтийн баруун гарын дунд, зүүн гарын эрхий, ядам хуруунуудаар үүсгэгдсэн. “2” дугаартай 11137, 2505722, MN000110017479, MN003310003207 дугаараар бүртгэгдсэн Бавуугийн Бы баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн...” гэх дүгнэлт /хх. 53-63/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-20-337 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.46-49/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг авахын тулд хохирогчийн эд хөрөнгөө хамгаалан хадгалж байсан орон зайд нэвтэрч эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар зөв дүгнэсэн боловч шүүгдэгч Б.Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна.

Учир нь, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон байхыг,

мөн Агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Б.Быг “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Бт нь “...Миний бие хэзээ ч машиндаа амьдардаггүй. Б.Быг яллахдаа “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэж зүйлчилсэн нь үнэнд нийцэхгүй байна. ...хөгшин хонины насгүй болсон өндөр настай хүнд төрийн хайр ивээлийг 1 удаа үзүүлж хүнлэг ёсны зарчмыг бодон хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж, миний хохирлыг төлөх боломжоор хангаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэмт буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бы үйлдэл нотлогдон тогтоогдсон,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бы үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1866 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Д.Бтийн гаргасан Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэх давж заалдах гомдлын хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1866 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Чингүн овогт Бавуугийн Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. гэснийг

“Чингүн овогт Бавуугийн Быг “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Д.Бтийн хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ