Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 171/2017/0120/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000677 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, ***тоотод оршин суух, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, *** 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/6-11 тоотод оршин суух иргэн ***тэй өөрийн эзэмшлийн *** дугаар утаснаас “***байна Испани улсаас сая ирлээ яаралтай Монгол мөнгө хэрэг болоод байна” гэж хуурч мэхлэх аргаар 1,200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо *** тоотод оршин суух иргэн ***ой өөрийн эзэмшлийн “***” дугарын утаснаас “Найз Мори чинь байна надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэх аргаар 200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “***” гэсэн дугаар барьдаг байсан, нэг дугаар зохиогоод *** гэсэн дугаар хийгээд залгасан юм. Нэг залуу аваад би таньдаг хүн нь болоод ярьсан юм. Тэр хүн өөдөөс ***юм уу гэхээр нь би тиймээ гэсэн. Тэгсэн тэр хүн хэзээ ирсэн юм бэ? гээд асуухаар нь амыг нь дагуулаад яриад байсан. Тэгсэн тэр хүний андуураад ***гээд байсан хүн нь гадаадад байдаг гэж мэдээд би хэдэн урилгатай ирсэн чи урилга авах уу гэж асуусан чинь тэр хүн авахгүй гэсэн. Тэгэхээр нь би мөнгөний хэрэг байна гэсэн чинь надад байхгүй гэж хэлээд би энэ хүнээс асуу гээд надад нэг нэр хэлээд утсыг нь өгсөн. Би тэр нэрийг нь санахгүй байна. Тэр утас руу залгаад би ***байна. Ирчихсэн гэж ярьсан чинь хэзээ ирсэн юм бэ? гээд ярихаар нь бас амыг нь дагуулаад яриад байсан. Тэгээд хэсэг ярьж байгаад мөнгө байна уу? гэж асуусан чинь байхгүй гэж хэлээд дахиад нэг хүний нэг хүний нэрийг утастай нь өгсөн. Тэгэхээр нь би тэр дугаар руу нь яриад ***байна гэж хэлсэн чинь сайна уу хэзээ ирсэн юм бэ? гээд чиний хоолой яасан юм бэ? сонин байна гэхээр нь ханиад хүрээд хоолой өвдсөн гээд хэлээд бас амыг нь дагуулаад яриад байсан. Тэгсэн тэр эгч өөрийгөө Дарханд байна, Хүдэр явах гэж байна. Чи хүдэр орохгүй  юм уу гэхээр нь би орой очно надад Монгол мөнгө алга евро байна мөнгө хэрэгтэй байна, хүнд өгөх гэсэн юм 200,000 төгрөг өгөөч мөнгөө солиулаад өгье гэсэн чинь тэр эгч тэг тэг гэсэн. Тэгээд би дансаа явуулсан. Тэгээд удалгүй миний дансанд 1,200,000 төгрөг орсон. Тэгээд удалгүй тэр хүн над руу яриад андуурсан байна. Чи миний мөнгийг өг гээд ярихаар нь би за гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ “...С.***оос 200,000 төгрөг авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, ...***, О.*** нарыг өмнө танихгүй, эдгээр хүмүүсээс авсан мөнгийг би өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан, *** банкны 5092081792 данс миний данс, би дахин ийм алдаа гаргахгүй, хоригдсон хугацаандаа маш их ойлгож бодсон, эцэг эхээсээ уучлалт гуйж маш их ухаарсан. Намайг нэг удаа харж үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***гэсэн “***” дугаарын утас руу залгасан чинь хоолой нь арай биш өөр хүнийх шиг сонсогдохоор нь “чи ***мөн үү хоолой чинь арай биш байна” гэсэн чинь өөдөөс “би 2 хоногийн өмнө ирчихсэн хоолой өвдөөд ханиад хүрчихсэн байна” гэж надад хэлэхээр нь би ***мөн байна гэж бодоод ойр зуурын юм ярьсан. Надтай ярьж байгаад миний амыг дагуулж ярьсаар байгаад намайг Ерөөгийн уурхайд ажилладаг гэдгийг мэдсэн. Хэсэг ярьж байгаад надаас “мөнгө байна уу? найз нь гадаадаас найзтайгаа виз гаргахаар хамт ирсэн хүнээ урагшаа явуулах гээд мөнгө хэрэг болоод байна, би валютаа солиулж чадахгүй гэрээс гарч чадахгүй байна. Би гэрээсээ үдээс хойш гарна, гараад валютаа солиулаад эргүүлээд шилжүүлье” гээд “хамт Ерөөгийн уурхай явъя, намайг ирсэн гэж аав ээжид битгий хэлээрэй, аав ээжид гэнэтийн бэлэг баръя” гээд байхаар нь би хэлээгүй. Би ярьж байхдаа “чиний данс руу мөнгө шилжүүлэх үү?” гэсэн чинь “яахын бэ, би иргэний үнэмлэхээ орхичихсон гээд надад ***” гэсэн данс өгсөн. Тэгээд би ярьж дуусаад мөнгөө 14 цагийн орчим *** дугаарын данс руу интернет банкаар шилжүүлэх гэсэн чинь Билэгт овогтой ***э гэсэн хүний данс гарахаар нь би буцаж залгаад “***э гэсэн хүний данс мөн үү?” гэсэн чинь” айн, байж бай, би асуугаад буцаагаад залгая” гээд над руу удалгүй “мөн байна” гэхээр нь би тэр данс руу 1,200,000 төгрөг хийчихсэн юм. ...Мөнгө хүрэхгүй болохоор нь нөхрийнхөө данснаас өөрийн данс руу 80.000 төгрөг авч байгаад нийлүүлээд 1.200.000 төгрөг болгоод шилжүүлсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

Хохирогч О.***ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз АНУ-д амьдардаг юм. Нэрийг нь *** гэдэг, над руу залгаад “За төрсөн өдрөө сайхан тэмдэглэсэн үү? хаагуур тэмдэглэсэн бэ” гэж асуухаар нь тэр талаар нь ярьчихаад хэн бэ? гэсэн чинь “найз Море л байна ш дээ, найзынх нь хоолой өвдөөд халуураад байна” гэж надад хэлсэн. Тэгээд надтай ярьж байгаад “найз нь Монголоос явахдаа хүнээс 200,000 төгрөг зээлчихсэн байснаа мартчихаж, тэгсэн нөгөө хүний хүүхэд өвдөөд сая мөнгөө нэхэж байна, найз нь бэлэн мөнгөгүй байна, чи надад 200,000 төгрөг өнөөдөр шилжүүлээд өгөөч, маргааш үдээс хойш гадагш гараад шилжүүлээд өгье” гэж хэлсэн, би “чи ямар утсаар яриад байгаа юм бэ?” гэсэн чинь олон улсын интернет дугаараар гэж хэлэхээр нь итгээд шалгаж ч үзээгүй, үнэн л юм байх гэж бодсон. Тэгээд ярьж дуусчихаад интернет банкаар шилжүүлсэн юм. Би *** биш гэдгийг 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр надаас дахиад мөнгө асуухаар нь мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

Гэрч Ч.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд удалгүй эргэж залгаад хэн юм бэ? яасан бэ? гэсэн чинь өөдөөс сөөнгөдүү нэг сонин хоолойгоор би л байна ш дээ танихгүй байгаа юм уу? гэхээр нь би танихгүй байна аа би хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна нэрээ хэл гэсэн чинь надад чи яагаад намайг танихгүй байгаа юм бэ? гээд нэрээ хэлэхгүй байсан. Тэгээд би сонсоод байсан чинь манай Испанид байдаг ***гээд найзын хоолойтой ойролцоо сонсогдохоор нь би ***юм уу? гэсэн чинь тийм л байна ш дээ танихгүй байгаа юм уу? гэхээр нь би хэзээ ирсэн юм гэсэн чинь надад би Монголд ирээд удаагүй байна аа гэж хэлсэн. ...надаас мөнгө төгрөгний бололцоо байна уу гэж асуухаар нь тэр чинь хэцүү байна, би одоохондоо мөнгөгүй байна гэсэн чинь надад би гадаадаас хэдэн урилга авчирсан юм гэж хэлээд чи явахгүй юм уу? гэсэн тэгэхээр нь би үгүй ээ, би явахгүй ээ харин Туул, Баярхүү нар луу яриач тэд нар явж магадгүй гэсэн чинь Туулын утас нь хэд билээ гэхээр нь би 99052251 гээд ***ын дугаарыг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, 

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...13 цагийн орчим *** дугаарын утаснаас над руу залгаад үгийн зөрүүгүй за сайн уу? гэхээр нь би өө сайн сайн чи хэзээ ирэв гэхэд надад 2-3 хонож байна би Шведын хэдэн урилгатай ирчихсэн байна чи явах юм уу? гэхээр нь би ойрын 2-3 жилдээ гадаад явах ямар нэг сонирхол байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ярьж байхад хоолой нь арай өөр сонсогдоод байхаар нь би чиний наад хоолой чинь яачихсан юм гэсэн чинь надад ханиад хүрээд хоолой өвдөөд халуураад босч чадахгүй хэвтэж байна гэж надад хэлсэн тэгэхээр нь би чи тэгээд хэзээ буцах юм гэсэн чинь би одоо 7 хоноод буцах байх гэхээр нь тэгвэл явахаас чинь өмнө уулзалдая чи Мөнгөнчимэгтэй ярьсан уу? гэсэн чинь яриагүй ш дээ цаадах чинь ямар дугаар дээр байгаа юм гээд надаас асуухаар нь би нөгөө 99040253 дугаарын утсан дээрээ байгаа гэсэн чинь над руу залга гээд хэлчих гэхээр нь би утсаа салгаад Мөнгөнчимэг рүү залгаад танай ***гээд дотно найз чинь ирчихсэн байна гэсэн чинь Мөнгөнчимэг надад итгэхгүй чи юу яриад байгаа юм бэ? гэхээр нь би юу гэж чамд худлаа ярьдаг юм дөнгөж сая над руу яриад ирчихсэн тухайгаа хэлж байна гээд над руу *** дугаарын утаснаас залгасан юм гээд дугаарыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эхнэр миний хажууд Испани улсад байдаг өөрийн найз Гантуултай ярьж байна гээд нилээд удаан ярьж байгаад Гантуулд одоо 1,200,000 төгрөг хэрэгтэй байна надад байгаа нь 1,120,000 төгрөг байна, одоо 80,000 төгрөг дутаад байна гээд миний данснаас өөрийнхөө данс руу 80,000 төгрөг шилжүүлж авч байгаад Билэгт овогтой ***э гэсэн хүний данс руу интернэт банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн “***” банкны дансны хуулга /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

*** дугаарын утасны орсон гарсан дуудлагын лавлагаа /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,

*** “***” банкны депозит дансны хуулга /хавтас хэргийн 111-114 дүгээр хуудас/,

*** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-85, 135  дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/6-11 тоотод оршин суух иргэн ***тэй *** дугаарын утаснаас “***байна Испани улсаас сая ирлээ, яаралтай Монгол мөнгө хэрэг болоод байна” гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 1,200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо *** тоотод оршин суух иргэн ***ой өөрийн эзэмшлийн *** дугарын утаснаас “Найз Мори чинь байна надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж мөн худал хэлэн хуурч мэхлэх аргаар 200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч ***, О.***, гэрч Б.***, Б.***, Ч.*** нарын мэдүүлэг, ***ийн *** банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, *** *** банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.***ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч нийт 1,400,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***, О.*** нар “хохирол төлбөрийг барагдуулсан талаарх баримт” гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ШШГЕГазрын харъяа Хорих 407 дугаар ангид уг ялаа биеэр эдлэж, хорих ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан,  энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2-т заасан ялаас хөнгөн ял болох баривчлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн байх нь шүүгдэгчид хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэх гарцаагүй үндэслэл биш болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, шүүгдэгч *** 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. ***ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ***д эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сарын /таван сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Б.***эд оногдуулсан 5 сарын /таван сарын/ хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар *** цагдан хоригдсон 1 хоногийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлж  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч ***бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.***эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГЭРЭЛТ-ОД