Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0007

 

 

 

 

 

 

 2019        02             25                                               07

 

 

                                                                               

ХБХСын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цолмонтуяа, С.Гантогтох, хариуцагч Ч.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Л.Баасанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ХБХСын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Т, Л.Бнарт холбогдох

81,265,745 /наян нэгэн сая хоёр зуун жаран таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ХБХС шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Чогсомжав овогтой Төмөрбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эхний 3 сар хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р багийн 31-р гудамж 01 тоотод байрлах 168м.кв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн 31-р гудамж 01 тоотод байрлах 420.5м.кв талбайтай     Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээлийн хугацаа хэтрээд 242 хонож байгаа, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 26,516,576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,052,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,496 төгрөг, нийт 30,732,665 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн зээлдэгч Чогсомжав овогтой Төмөрбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай шугамын зээлийн нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р багийн 04-р гудамж 14 тоотод байрлах 168м.кв талбайтай Ү-17230012754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн 04-р гудамж 14 тоотод байрлах 505 м.кв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ХӨА 32-54 улсын дугаартай Ланд-80 машин, контейнер 3ш, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээлийн хугацаа хэтрээд 257 хонож байгаа, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

... Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд:  Үндсэн зээлийн төлбөр 49,140,302 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,158,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,620 төгрөг, нийт 50,533,080 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

ХБХС нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Ч.Т, Л.Бнараас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ201642699514 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 50,533,080 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ201642834054 зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 30,732,665 төгрөг тус тус нэхэмжилж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхээс тус нэхэмжлэлүүдийг нэгтгэсэн учир хариуцагч нараас нийт 81,265,745 төгрөг нэхэмжилж байна. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох Хөвсгөл аймаг, Мөрөн сум 6-р баг 4-р гудамж 14 тоотод байрлах 168 мкв талбайтай Ү-1723002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 мкв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, 32-54 ХӨА улсын дугаартай Ланд-80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р баг 31-р гудамж 01 тоотод байрлах 168 мкв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420,5 мкв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Т, Л.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банкны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээл, зээлийн хүүний төлбөрт 4,052,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 163,496 төгрөг, нийт 4,216,089 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ... ХААН банкны нэхэмжлэлтэй 50,533,080 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн авсан зээлийн хүүний төлбөрт 1,158,099 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн 231,620 төгрөгийг, нийт 1,389,719 төгрөгийг тус тус төлөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Т  нэмэгдүүлсэн шаардлагын талаарх тайлбартаа: ... 2016 оны 8 дугаар сараас эхлэн ХААН банкнаас 2 удаа бизнесийн зээл авч үйл ажиллагаа явуулж байсан билээ. Үйл ажиллагааны явцад эрсдэл учирч зээлийг цаг хугацаанд нь авсан зээлээ төлөх боломжгүй болсон юм. ХБХСаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Миний бие тус банкнаас зээл авсан, эргүүлэн төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 2016 оны 8 дугаар сарын 04-нд зээлж авсан 50 сая төгрөгт оногдуулж байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би банктай байгуулсан гэрээний дагуу 50 сая төгрөгт оногдуулсан хүүг бүрэн төлсөн бөгөөд зөвхөн үндсэн мөнгөө графикийн дагуу төлөх ёстой байтал хүү, нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэмж тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

2.Миний эрхэлж байсан бизнес гэмт хэрэгт өртсөний улмаас 2018 оны 2 дугаар сарын 22-нд ХААН банкинд хандан зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргасан. Гэтэл банкны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр авсан зээлэнд мөн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна

3.ХААН банкны зүгээс нэхэмжилж байгаа 81,265,745 төгрөгөөс анх зээл олгохдоо шимтгэлд авсан мөнгөнд оногдуулсан хүү, бизнес маань гэмт хэргийн улмаас эрсдэлд орсон учраас банкинд хандан зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргаснаас хойш зээлүүдэд оногдуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна.

Шүүх хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч Ч.Т болон хариуцагч Л.Баасахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бидний тооцоогоор 73,584,991 төгрөг үлдсэн гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Модчин овогт Ч-н Т / /, Хэрээд овогт Л”ын Б / / нараас 79.872.967 /далан есөн мянга найман зуун далан хоёр мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБХСт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.392.778 /нэг сая гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймаг, Мөрөн сум 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 14 тоотод байрлах 168 мкв талбайтай Ү-1723002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 мкв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, 32-54 ХӨА улсын дугаартай Ланд-80 маркын машин, контейнер 3 ширхэг, Хөвсөл аймгийн Мөрөн сум 6 дугаар баг, 31-р гудамж 01 тоотод байрлах 168 мкв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420,5 мкв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 722.228 /долоон зуун хорин хоёр мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т, Л.Бнараас 557.315 / таван зуун тавин долоон мянга гурван зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБХСт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Т давж заалдах гомдолдоо: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 47 дугаар зүйлийн 47.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа учраас дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч байна. Үүнд: 

1.Хаан банкнаас зээл авсан төлөх нь үнэн боловч банкны зүгээс хэт нэг талыг барьсан гэрээг ашиглан надаар илүү мөнгө төлүүлэх гээд байгаа ба тус банкнаас нэхэмжилж байгаа зээлийн эргэн төлөлтийн бодит үнийн дүн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг тооцоолол нь миний тооцож байгаа үнийн дүнгээс зөрүүтэй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын тооцоо зөрж байгаагаас тусгай мэдлэг дутагдаж байгаа тул мэргэжлийн шинжээч томилуулах тооцоог дахин бодуулах хүсэлт гаргасан ч миний хүсэлтийг шүүх шийдвэрлэж өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

2.Шүүх нь үүссэн хэрэг, маргааны мөн чанарыг зөв тодорхойлж чадаагүй, миний гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтанд хамааруулан үнэлэлгүйгээр хэт нэг талыг барин Хаан банкны талд хэргийг шийдвэрлэлээ.

3.Анх авсан үндсэн зээлийн үнийн дүн 50 сая, дараагийн зээлийн үнийн дүн 40 сая төгрөг байсан бөгөөд үүнээс 0.9 сая төгрөгийг банк үндэслэлгүйгээр суутган авч өөртөө үлдээсэн атлаа тэр мөнгийг надаас дахин авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Миний бие шүүх хуралдааны явцад нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргатал түүнийг хүлээж аваагүй нь талууд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн зарчмыг зөрчсөн.

5.Хаан банкны зүгээс байгуулсан гэрээ нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй, байгуулсан гэрээ нь харилцан эрх тэгш байдлын үндсэн дээр хийгдээгүй гэж ойлгож байна.

6.Хаан банкинд хандан “40 сая төгрөгийн эргэн төлөх хүүг цаашид төлөх боломжгүй боллоо. Хүүг зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаад байхад банк давуу байдлаа ашиглан 2018 оны 1 дүгээр сарын 03-наас 2018 оны 9 дүгээр сарыг дуустал хүү, хүүгийн хүү тооцон миний эрх ашигт ноцтойгоор халдсан байхад шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой байсан.

7.Миний эрхэлж байсан бизнес надаас үл хамаарах шалтгаанаар буюу гэмт хэргийн улмаас эрсдэлд орж, тухайн хэрэг өнөөдөр ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг шүүх анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБХС нь зээлдэгч Ч.Т, Л.Бнараас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бизнесийн зориулалтаар авсан 40,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр 26,516,576 төгрөг, хүүгийн төлбөр 4,052,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,496 төгрөг, нийт 30,732,665 төгрөг,  2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бизнесийн зориулалтаар авсан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр 49,140,302 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,158,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,620 төгрөг, нийт 50,533,080 төгрөг тус тус нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг хүссэн байна.

Хариуцагч нар “банк зээл олгохдоо зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авсан, зээлийн гэрээ хэт нэг талыг барьсан, зээл төлөлтийн тооцоо зөрүүтэй, бидний бизнест эрсдэл учирсан тул суутгасан мөнгийг болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 79,872,967 төгрөг гаргуулж, ХБХСт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,392,778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч  нь хариуцагч нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бизнесийн зориулалтаар 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эхний 3 сар хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бизнесийн зориулалтаар 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай шугамын зээлийн нөхцөлтэйгөөр тус тус өгчээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүчин төгөлдөр гэрээний заалтыг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн үйл баримт нотлогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч  2 зээлийн гэрээгээр зээл олгохдоо нийт 900,000 төгрөг суутгаж, 89,100,000 төгрөгийн зээл олгож, гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүй учир өгөөгүй мөнгө, түүнд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь зээлийн тооцоолол, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөөгүй боловч өөрийн үндэслэлийг нотлох тооцоог нарийвчлан гаргаж өгөөгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  зээлийг “...зээлдэгчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хийсэн тооцоог үндэслэн, гэрээгээр тохирсон тэнцүү төлөх нөхцлөөр тооцож,  хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зээлдэгч нь 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 23,116,576 төгрөг, хүү 3,494144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,966.18 төгрөг, нийт 26,751,686.18 төгрөг,  

2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн хувьд анхан шатны шүүх ”...үндсэн зээл 859,698 төгрөг, зээлийн хүүд 15,782,221 төгрөг төлсөн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 48,640,302 төгрөг буюу 2 зээлийн гэрээгээр үндсэн зээл 71,756,878 төгрөг, зээлийн хүү 3,494,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,966.18 төгрөг, нийт 75,391,988 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн “зээл олгохдоо 1 хувийн шимтгэл тооцсон” тухай гомдлыг хүлээн авч,  “зээлийн гэрээ хэт нэг талыг барьсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Зохигч нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлд “...хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” гэж заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, сайн дураараа мөн хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гэрээ байгуулсан байх ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “сөрөг нэхэмжлэл,  шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт”-ийг шүүх хуульд заасан журмын  дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээнд хүү тогтоох, зээлийн хүүг зогсоох нь гэрээний оролцогчдын харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал бөгөөд шүүх энэ асуудалд оролцох, гэрээний  тохиролцоог өөрчлөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн “шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “79.872.967” гэснийг “75,391,988” гэж, “1.392.778” гэснийг “5,873,766” гэж,  3 дахь заалтын “557.315” гэснийг “534.910” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ч.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,558 /нэг зуун арван таван мянга таван зуун тавин найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

                   ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                     Б.СОСОРБАРАМ