Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Г*******ийн М******* /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Артойлбоовогт Э*******ын Д*******д /*******/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М******* хариуцагч Э.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2008 онд Э.Д*******тэй танилцан улмаар 2009 оны 03 дугаар сарын 13-нд гэрлэлтийн 381 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 03 дугаар сарын 28 ны өдөр хүү М.Э төрсөн. Бид зан байдал, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Миний хүү М. Э багаасаа миний эцэг эх дээр өсөж торниж байгаа.

Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.Эыг миний асрамжинд үлдээж, эх Э.Д*******гээс ямар нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү М.Эыг эцэг Г.Мөнхбямбын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М*******, хариуцагч Э.Д*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.М*******, хариуцагч Э.Д******* нар 2008 онд танилцан 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 381 тоот бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэгэж заасан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэлд “... гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харилцаа, үзэл бодол таарахгүй бие биедээ үл итгэн хэрүүл маргаантай амьдарч байсан ба 2015 оноос тусдаа амьдарсан. Гэрлэгчид бие, сэтгэл холдсон төдийгүй өргөдөл гаргагч өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон тул цаашид хамт амьдрах боломжгүй байна” гэж дурдсаныг тус тус үндэслэн зохигчийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хүү М.Э эцгийн асрамжид байдаг талаар талууд тайлбар гаргасан, хариуцагч нь хүүхдийг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тул хариуцагчаас тэтгэлэг гаргуулахгүй байхаар тогтов.

Хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хариуцагч Э.Д*******гийн эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч Г.М******* саад болох үндэслэлгүй.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй талаар дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн Г*******ийн М*******, Артойлбо овгийн Э*******ын Д******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Эийг эцэг Г.Мөнхбямбын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Г.М*******, хариуцагч Э.Д*******гийн дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Д*******гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ