| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0387/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/543 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/543
2025 02 19 2025/ШЦТ/543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2406 08211 0054 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Е mart худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг German outlet гутлын дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 30 дугаар байрны 44 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sayan пабын ариун цэврийн өрөөнд хохирогч Э.Хишигжаргалын гээгдүүлсэн Samsung S22 ultra загварын гар утсыг мэдсээр байж авч завшсаны улмаас 1,062,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Хишигжаргалын “Би 2025 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Sayan гэх нэртэй лоунжид ажилчидтайгаа хамт суухаар болж вип өрөөнд нь гадуур куртикээ тайлалгүй шууд
бие засах газар луу орсон. Тэгээд бие засах газрын угаалтуур дээр гадуур куртикээ тавихдаа халаасанд байсан гар утсаа анзаараагүй 00-н өрөөнөөс гарч буцаад вип өрөөнд ажилчид дээрээ очсон. Тэгээд 10-15 минутын дараа халаасандаа гар утсаа үзэхэд миний халаасанд гар утас байгаагүй. Тэгээд ойр орчимд гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд манай нөхөр хяналтын камерыг нь шүүхэд гаднаас орж ирсэн 2 залуу пиво захиалж ширээнд сууснаа ногоон куртиктэй туранхай 25-30 насны туранхай биетэй залуу нь 00 орсноо захилсан пивоо уулгүй шууд найзыгаа аваад тооцоогоо бэлнээр хийгээд яаруу сандруу гараад явсан ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн Samsung S22 ultra загварын гар утсаа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дэх тал/,
“Дамно” ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БЗ2-24-1978 дугаартай “Samsung S22 ultra загварын гар утас 1,062,500 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-19 дэх тал/,
Mobicom ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8160 дугаартай “... imei кодтай утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв ... 99495678 - Сүхбаатар Ганболд, МЮ94062835” гэсэн албан бичиг /хх-ийн 43-44 дэх тал/,
Samsung S22 ultra загварын гар утсыг *******оос хүлээн авч, хохирогч Э.Хишигжаргалд хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 48-50 дахь тал/,
Sayan пабын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53-54 дэх тал/,
*******ын сэжигтэн, ялллагдагчаар өгсөн “Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой найз Мөнхбаярын хамт Сансарт байх нэг пабд ороод 2 пивоны захилга өгчихөөд тухайн газрын ОО-н өрөөнд орсон чинь суултуур доор S22 ultra маркийн гар утас байхаар нь би шууд аваад нойлын өрөөнөөс гараад авсан пивоо уулгүй текэн дээр тооцоо хийгээд найзыгаа дагуулж гараад Сансарын Tseд орж байгаад харьж амарсан ... камерын бичлэгт би мөн байна. 99495678 миний дугаар. Би хэн нэгэн хаясан байна гэж бодоод оллоо гээд авсан. Гар утсыг өөрийн хэрэглээндээ ашиглаж байсан, 2024 оны 12 дугаар сард ломбардад тавьсан байж байгаад авч ирлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 27 дахь тал/,
Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sayan пабын ариун цэврийн өрөөнд хохирогч Э.Хишигжаргалын гээгдүүлсэн Samsung S22 ultra загварын гар утсыг мэдсээр байж авч завшсаны улмаас 1,062,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Э.Хишигжаргал, яллагдагч ******* нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, үүрэн телефоны операторын гар утсанд ашигласан дугаар, түүний эзэмшигчийн мэдээлэл лавлагаа, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь олон нийтийн газарт үйлчлүүлж байхдаа бусдын эзэмшлийн мартаж, хаяж гээгдүүлсэн гар утас болохыг мэдсээр байж авч, авсан даруй гарч явсан, дугаар хийх, ломбардад барьцаалах зэргээр ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдсон байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө болохыг лавтай сайн мэдсээр байж тухайн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэйгээр олж авсны дараа захиран зарцуулах сэдэл санаа төрж өөртөө завшсаны улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 /300 нэгж/ төгрөгөөс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шунахайн сэдэлтээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хишигжаргалд 1,062,500 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба өөрийн эзэмшлийн гар утсаа биет байдлаар буцаан авсан /хх-ийн 50 дахь тал/ нөхцөлөөр хохирол төлөгдсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч ******* саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар *******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 /ер/ хүртэл хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ