| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0392/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/559 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/559
2025 02 21 2025/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
улсын яллагч Ж.Энхбат /томилолт/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2409 02429 0065 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........................ оршин суух хаягтай,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, .....................................
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг LUX шөнийн цэнгээний газарт хохирогч Ж.Бгийн толгойн тус газарт шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Бгийн “Миний бие 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ганц, хоёр пиво ууж байсан. Гэтэл найз дүү Отгонжаргал 2 пиво авч орж ирсэн. Бид хоёр лаазтай пиво ууж дуусгаад бааранд орохоор тохиролцож ........... lux баар луу орсон. Тэгээд бүжиглэж байтал хаах цаг болсон байсан. Сүүлийн ая явсан ба бүжиглэж байтал хойд талаас нэг үл таних охин үснээс зулгаасан. Би эргэж хараад яаж байгаа юм бэ гээд маргалдтал пивоны шил аваад миний толгойн орой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл баахан хүмүүс бид хоёрыг салгасан. Намайг зүгээр бүжиглэж байхад үл таних охин араас үснээс зулгаасан. Тэгээд маргаан эхэлсэн. Тухайн охин бид хоёроос өөр хүн маргаанд оролцоогүй. Тухайн эмэгтэй намайг пивоны шилээр толгойн орой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж байсан. Мөн газарт унасан байхад хэвлий рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дэх тал/,
Гэрч Т.Он “Миний бие 2024 оны 07 дугаар сарын 24-25 нд шилжих шөнө оюутан анхгийн эгч Болортуяатай хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Lux баар луу орсон. Тухайн бааранд ороод пиво захиалаад суусан ба Болортуяа эгч рүү очтол Болортуяа эгчийн толгойноос цус гарсан байсан. Би эгчээс яасан вэ гэж асуутал пивоны шилээр цохиулчихлаа гэж хэлээд баарнаас гарах хаалга руу явсан. Болортуяа эгч цагдаа дууд гэж хэлээд нэг охины араас хөөсөн. Нөгөө охин зугтахыг оролдсон ба дуудлага өгсөн учир үүдэн дээр цагдаагийн машин байж байсан. Тэгээд цагдаа нар нөгөө охиныг барьж аваад цагдаагийн машинтайгаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10025 дугаартай шинжээчийн “Ж.Бгийн биед зулайн хуйханд шарх, зүүн бугалга, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дэх тал/,
Шинжээч Д.Д-н “Тухайн гэмтлүүдийн зулайн хуйханд үүссэн шарх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн бугалга, зүүн гуя, өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дэх тал/,
Яллагдагч *******ийн “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******ийн биед халдсан гэх Ж.Бгийн зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар шилжүүлсэн талаарх албан бичиг /хх-ийн 75 дахь тал/,
Хохирогч Ж.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мэдүүлэг өгөх чадваргүй байсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14 дэх тал/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дахь тал/,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 47-52 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө .................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг LUX шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Ж.Бгийн толгойн тус газарт шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б, гэрч Т.Ол, шинжээч Д.Д, яллагдагч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хохирогч Ж.Б нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Олон нийтийн газарт биеэ зохистой авч яваагүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон, түүнээс эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэвэл зохино.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас тус гэмт хэрэг үйлэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэн, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчээс уг саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, урьд энэ төрлийн ийм аргаар үйлдэгдсэн гэмт хэрэгт 1 удаа торгох ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж бие биедээ халдсан, согтууруулах ундааны зүйлийн шил ашигласан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэвэл зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ..............******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Б нь хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ