2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

  2025         02           21                                  2025/ШЦТ/557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баяэнзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2406 05963 0051 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт ...............оршин суух хаягтай боловч ................. 279а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө .............тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас найз эмэгтэй Б.Отэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 09 минутад ............... дугаараас “найз залуу намайг зодоод зугтаачихлаа” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дахь тал/,

Хохирогч Б.Оийн “2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхдаа Дтэй утсаар ярьж байгаад бид 2 уулзахаар болоод тухайн өдрийнхөө орой Дийн ажил дээр очоод бид 2 хамт сууж байгаад Сэнгүр нэршилтэй лаазтай пиво 3 ширхэг уусан ... Д Өвөрхангай аймаг руу төрсөн нутаг руугаа ганцаараа явна гээд байхаар нь би хамт явъя гээд бид 2 маргалдаж эхэлсэн удалгүй Д уурлаж миний хамар, ам хэсэг рүү 2 удаа гараараа цохиж байгаад намайг үлдээгээд гараад явчихаар нь би ардаас нь гарч байгаад газар унаад тохой болон хөлөө газарт цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

Шүүх шинжигээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10548 дугаартай “Б.Оийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зүүн тохой, ташаа, гуя, өвдөг, хөлийн 1 дүгээр хуруу, баруун өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд язарсан шарх тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дахьтал/,

Шинжээч С.Эийн “... хамар уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцралууд нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт тооцогдохгүй. Хамрын зөөлөн эдийн няцрал, уруулын салтсад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Яллагдагч *******ийн “Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн моносын 1-21 тоот ажил дээрээ сууж байтал Б.О над руу залган над дээр ирэх тухайгаа хэлсэн. Тухайн үед бид 2 үерхэдэг байсан тул би зөвшөөрөөд тэр 16 цагийн үед ирсэн. Тэр ирэхдээ 500 граммын сэнгүр гэх лаазтай хэдэн ширхэг пиво аваад ирсэн. Бид 2 тэр пивоноосоо ууж байгаад би нутаг руугаа авах талаараа түүнд хэлтэл хамт явна гээд харин би ганцаараа явна гээд маргалдаж эхэлсэн. Маргалдаж эхлээд би хацар хэсэгт нь 1 удаа алгадчихаад гараад ирсэн. Тэгтэл тэр ардаас гүйж гарч ирж байгаад газар уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой: 

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дахь тал/,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-59 дэх тал/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 62-66 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 719 дугаар шийтгэх /хх-ийн 55-60 дахь тал/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 18 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..............тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас найз эмэгтэй Б.Отэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О, шинжээч С.Э, яллагдагч ******* нарын мэдүүлэг, хүний эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч Б.О нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар давхар нотлогдсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.

Шүүгдэгч  ******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Б.О нь эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

           Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******ээс торгох ял оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

         Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчоос уучлалт гуйх, хохирол учирсан эсэхийг тодруулах арга хэмжээ аваагүй хандлага, урьд энэ төрлийн гэмт хэрэг буюу хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2 удаа торгох ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтуугаар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан

*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Н.Оюунбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О нь хохирол нэхэмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ