| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 21.5.2., |
| Улсын яллагч | М |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ, улсын яллагч хяналтын прокурор Ө.Мөнхнавч, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч О.С /цахимаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ут холбогдох эрүүгийн 2319000480203 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт: У
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч М.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг “Их соён” буудлын гадаа цагдаагийн 2 алба хаагч Б.Бий биед халдаж гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хүлээн авч “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн орчим Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсныг тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.У зохих журмын дагуу шалгах, таслан зогсоох зорилгоор шаардлага тавихад тавьсан шаардлагыг эсэргүүцэх явцдаа тээврийн хэрэгслийн хаалганд хөлөө хавчуулан баруун хөлний шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий гэмтэл авсан ...өөрөөр хэлбэл Б.Бий биед учирсан гэмтэл нь ...М.Уын гэм буруугийн санаатай хэлбэрээр шууд учруулаагүй, Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих явцад учирсан...” үндэслэлээр бүртгэлийн 265 дугаартай ...гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/124 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсаныг Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/12 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгожээ.
Улсын Ерөнхий Прокурорын 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 240200262 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
улмаар Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар Прокурорын тогтоолоор “Гомдол гаргагч Б.Бийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хохирогчоор тогтоосон тогтоол үйлдээгүй буюу хохирогчоор тогтоогоогүй атлаа хохирогчийн эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” үндэслэлээр Б.Бээс хохирогчоор мэдүүлэг авсан 2022 оны 04 дүгээр сарын 03, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлгүүдийг хүчингүй болгожээ.
Түүнчлэн Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар Прокурорын тогтоолоор Б.Д нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч М.Утай бүлэглэж... Б.Бийг зөрчил гаргасан эсэхийг шалгахаар очиж улмаар тээврийн хэрэгслээс татаж буулгахдаа баруун шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлснийг ...Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Б.Д нь ...Б.Бий ...баруун шагайн хэсэгт гишгиж баруун шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Харин уг гэмт хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч М.Уын хохирогч Б.Бий мөрнөөс татсан үйлдэл, түүний улмаас Б.Бий биед баруун шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий гэмтэл учирсан гэж дүгнэх боломжгүй байх тул Дг бусадтай бүлэглэн Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй. ...Иймд Б.Дгийн холбогдсон гэмт хэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн, уг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж,
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолоор М.Уыг Б.Бий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгоор, хохирол хор уршиг учруулахуйц шууд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж тус тус шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж зохицуулсан.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон зүйлчилдэг.
Шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудад Б.Бий энэ хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгээс бусад мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан мэдүүлэг байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Тухайлбал: 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг түүнийг хохирогчоор тогтоогоогүй байхад хохирогчоор мэдүүлэг авсан, хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэрэгт хохирогчоор авсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж мэдүүлэг авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан.
Улсын Ерөнхий Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 240200262 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш хугацааны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулахыг хориглосон дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн ажиллагааны баримтыг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй юм.
Гэрч Б.Бий 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Д ирээд буугаад ир гээд куриткны захнаас татсан. Би жолооны хүрдэн дээр гараараа барьсан байхад гарнаас У бариад татсан. Тэгэхээр нь буух гээд хөлөө буулгаж байсан чинь хөл дээр Д гишгээд захнаас татаад буулгасан. У нь гадагш татаж унагаад миний гарыг өчсөн. Тэгээд хөл эвгүй болчихлоо босоод сууя гэсэн чинь Д нь дуугай бай гэсэн. ...Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ...өөрийн гараар өргөдлөө бичээд цагдаагийн газарт гомдол гаргасан. ...Хэд хоногийн дараа У залгасан. Ирж уулзаад юу хэрэгтэйг асууж мөнгө авсан. ...Тэгэхэд хотоос нэг байцаагч ирнэ санал гомдол хэлээд өгөөч гэсэн. Анх тэгэж хэлсэн. Тэгье гэсэн. Тэгээд байцаагч ирж мэдүүлэг авдаг өдрийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр У ирээд мэдүүлгээ жаахан өөрчлөхгүй бол болохгүй байна гэхээр нь юу гэж хэлэх бэ? гэхэд өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан гээд хэлээд өгчих гэсэн. Дараа нь мэдүүлгээ өөрчилж янз бүрийн хэрэгт ороод буруудах бол яах бэ? гэхэд ямар ч асуудал байхгүй наад хэрэг чинь хаагдчихна гэсэн. ...Та мөнгө өгсөн учраас гомдол саналгүй гэсэн юм уу? гэхэд ганц мөнгөнөөс болоогүй. Уыг өрөвдөөд байсан юм. Дарга нь наадахаа чи хариуц гээд байна гэсэн. Би дарга чинь уулзахгүй байж чи дунд нь яваад байх юм. Дарга бол намайг шахна шүү дээд гээд байсан...” гэж,
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...ер нь надад дээрх 7,000,000 төгрөгийг цувуулж өгсөн тэр үедээ надаас дээрх байдлаар гуйхаар нь би зөвшөөрсөн, тэрнээс биш мэдүүлгээ өөрчилж өгвөл тэдэн төгрөг өгье гэж яриагүй. Надад анхнаасаа 8 сая төгрөг өгнө гэж тохирсон тэгээд сүүлд 1 сая төгрөг дутуу байж байгаад 500,000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь цалин мөнгө буугаагүй энэ тэр гээд зовлон яриад байхаар нь би 500,000 төгрөгийг аваад бид хоёрын хоорондох тооцоо дууссан...” гэж, 2-р хх-208 гэх мэдүүлгээр шүүгчдэгч М.У нь түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж ятгасан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан.
Бусдын санаатай үйлдлийн улмаас Б.Бий биед хүндэвтэр хохирол учирсан болох, Б.Б нь худал мэдүүлэг өгсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй байхад түүнийг худал мэдүүлэг өгүүлсэн, өгүүлэхээр ятгасан гэж шүүгдэгч М.Уыг шууд буруутгах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч М.У нь Б.Бийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд 2 дахь хэсгийн 2.2-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заахаар зохицуулсан. Шүүгдэгч М.Уыг цагаатгасан тул түүнд улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар хохирлоо өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Ут холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.М.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Ут урьд авсан Монгол улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ