Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 171/2017/0133/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Иргэний нэхэмжлэгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэгт Б*** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000270 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** тоотод оршин суух хаягтай Б*** .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн танил болох 21 настай ***тэй уулзаж түүний эмзэг байдлыг нь далимдуулан, ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дагуулан явж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Замын-Үүд боомтоор хил давуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод очиж биеэ үнэлэхэд нь зуучлан 1,020,000 /нэг сая хорин мянга/ төгрөгийн шан харамж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн “...*** “та *** бид хоёрыг Хятад руу гаргаад өгөөч, энд бид хоёр дэмий байж байхаар тэнд ажиллачихмаар байна. Та туслаад өгөөч” гэсэн. Би тэр хоёрт “хэрвээ та хоёрыг аваачиж хил гаргах юм бол надад нэг хүний 1.500 юань өгдөг юм аа” гэсэн. Тэгэхэд *** “за за зүгээрээ, аав ээждээ самранд явлаа гээд хэлсэн байгаа” гэхээр нь би “хэрвээ ээж, аав чинь мэдээд асуудал болвол би том асуудалд орно шүү дээ” гэхэд *** “зүгээрээ эгчээ тийм асуудал байхгүй, таныг ямар нэгэн асуудалд оруулахгүй” гэхэд нь “гадаад паспорт хэрэгтэй, гадаад паспорт байгаа юу?” гэхэд *** “надад гадаад паспорт байгаа, би 2-3 удаа Орос руу явж байсан” юм гэсэн. Харин *** надад гадаад паспорт байхгүй гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45, 97 дугаар хуудас/,
...шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би ***, *** хоёртой 85 дугаар бракад манай найз Анхаа гэх залуугийн найз Амараатай уулздаг гэдгээр нь таньдаг болсон. ***, *** хоёр надтай уулзаад “бид хоёрыг Урашаа Эрээн хот руу гаргаад өгөөч, би эцэг, эхдээ самарт явна” гэж хэлж гарч ирсэн, санаа зоволтгүй гэж надад хэлсэн. *** нь би хувцсаа найзындаа тавьсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***, *** хоёрт Урд Эрээн хотод ямар байдаг талаарх учир байдлыг хэлж, харилцан ярилцаад Урагшаа Эрээн хот руу явуулсан. Уг нь би өөрөө ***, *** хоёртой Эрээн хот руу хамт явах зорилготой байсан боловч миний гадаад паспорт дээр хүүхэд маань үзгээр эрээчиж, сараачсан байсан учраас гадаад паспорт ашиглах боломгүй шалтгаанаар явж чадаагүй. Тэгээд би Монголын хилээс буцсан. Харин *** Урагшаа Эрээн хот руу явсан. Би зуучилсан хөлсөнд 3,000 юань буюу 1,020,000 төгрөг авсан, ***ийн аавын нэхэмжилж буй 1,970,545 төгрөгийг төлнө, энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, буруу хэрэг хийснээ ойлгож ухаарч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Иргэний нэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай охин найзууд гэх Баярмаа, *** болон бусад нэрийг нь мэдэхгүй хэдэн охидуудтай нийлээд гадуур дотуур хонож өнжөөд яваад байдаг болсон. 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдийн хооронд гэрээсээ гараад хэл чимээгүй алга болсон. Манай эхнэрийн 99782041 гэсэн дугаартай утсанд 8613081598987 гэсэн дугаараас “би *** байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр гэртээ очино, санаа зоволтгүй” гэсэн мессэж ирсэн. Би танил Өвөрмөнгөл Орчлон гэх залууд энэ дугаарыг хэлээд олоод өг гэсэн чинь Орчлон 2-3 хоногийн дараа над руу яриад таны өгсөн дугаар БНХАУ-ын Эрээн хотод байна гэж хэлсэн. Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Эрээн хотод буусан. Буугаад Орчлон гэх залуутай уулзсан..., Орчлон орой нь намайг машинтай дагуулаад биеэ үнэлэгчдийг байж болох цагдаагийн хараанаас нууц байдалд орсон газруудыг зааж өгсөн, ...Би нэрийг нь сайн санахгүй байна. Хотынхоо захад байдаг биеэ үнэлдэг газар ***ийг байгаа гэдгийг мэдээд Орчлонгоор нөгөө утас руу нь залгуулж биеэ үнэлэгч авах гэж байгаа хүн болж дуудуулсан. Тэгсэн чинь удалгүй *** манай буудалд ганцаараа ирсэн ...Намайг Эрээнд очиж ***ийг барихад хүч хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй, нэлээд айдастай байгаа харагдсан ...Би нийт 1,970,545 төгрөг нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 8, 126-127, 146 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Батаа гэдэг хүнтэй уулзаад 3150 юань төлж охиноо болон охиныхоо бичиг баримтыг аваад Монголд ирсэн. Батаа гэх залуу хэлэхдээ эмэгтэйчүүдийг 1 удаад 4000 юанаар зардаг гэж хэлж байсан. Тэгээд ***ын талаар Батаа нь “надтай өмнөх хувийн тооцоо байгаа” гэсэн зүйл хэлж байсан. Халиун гэдэг нь Батаагийн эхнэр буюу Дарханд оршин суух эмэгтэй гэж байсан. Би урагшаа Эрээн хот руу явсан болон ирж очсон унааны зардал, охиноо хайхад машин хөлсөлсөн унааны мөнгө, буудалд байрласан зардалд нийт 1,970,545 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 9 цагийн үед хилээр гарах гэтэл *** эгчийн гадаад паспорт дээр нь хүүхэд нь сараачсан байна гээд гаргаагүй, ***г болохоор *** эгч “Замын-Үүдэд очоод таньдаг хүнээрээ гаргуулчихна, миний таньдаг хүн хил дээр байгаа” гэж байснаа тэр нь бүтэхгүй болсон уу яасан ***г ирсэн таксины барьцаанд үлдээсэн. Тэгээд миний гадаад паспорт зөрчилгүй болохоор би ганцаараа хилээр Уаз-469 машинаар гарсан. ... Эрээний зээл гэх газарт очоод Өвөрмонгол нэр нь Шөвгөөнөө Монгол нэр нь Батаа гэх ах тосож аваад “би чиний ажиллах буудлын эзэн байна. Чамайг авсны 1500 юанийг Учрал руу шилжүүлнэ” гэж байсан ба *** эгчтэй ярихад “би Эрээнд араас чинь очоод өгнө, чи надад 2200 юань зээлчих би наад Батаа гэх хүнээс чинь 2200 юанийг чинь авчихья” гэхээр нь би зөвшөөрсөн ...*** эгч намайг Замын-Үүдэд очихоос өмнө “чамайг би Эрээн рүү гаргаж өгвөл чамайг хүлээж авсан Лобо буюу буудлын эзэн чинь надад 1500 юань өгнө гэж хэлж байсан' гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 92 дугаар хуудас/,

Гэрч Г.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн “...Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Учралын гэрт тамхи татах гээд ороход зүс таних Орхоо, Ариука гэх 2 охин байсан. ...удалгүй манай гэрт Учрал орж ирэхээр нь “юу яриад байгаа юм бэ?” гэсэн чинь “энэ 2 охин урагшаа Хятад руу гаргаад өгөөч гээд байгаа юмаа ,2 охин гаргавал Монгол мөнгөөр 1,200,000 төгрөг өгдөг юм. Би өөрөө тэнд байсан” гэж байсан. Тэнд Монгол охидууд их биеэ үнэлдэг, найз нөхдөө энэ мэтээр уруу татаж ирдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “дэмий юм бишүү асуудалд орох юм биш үү, 2 хүүхдээ бодооч” гэсэн чинь “Байрны мөнгө 400,000 гаруй төгрөг, дэлгүүрт 150,000 төгрөг өгөх ёстой. Өрөнд ороод хэцүү байна” гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145 146 дугаар хуудас/,

Гэрч Г.***гийн мөрдөн байцаалтад өгсөн “...***ынг би сайн танихгүй *** л таньдаг. Би *** эгчтэй 2016 оны 10 дугаар сард уулзаж байсан юм. *** анх надад хэлэхдээ “БНХАУ-д биеэ үнэлдэг ажил байдаг гэнэ.  Хоёулаа хамт явъя гэдэг байсан. Тухайн үед би зөвшөөрдөггүй байсан юм. Мөнгөний хэрэг гараад ***т нэг удаа хэлэхэд “миний нэг эгч байгаа юм. Хоёулаа тэр эгчтэй уулзъя” гээд бид хоёр ***т эгчийн гэрт нь очсон. *** ***д хандан “Бид  хоёр энд дэмий байхаар Эрээн явмаар байна,  та тус болоод өгөөч” гэхэд *** эгч “ эгч нь бас тэнд байсан. Тэнд байсан таньдаг хүнээсээ асуугаад өгье, миний таньдаг найдвартай хүн байгаа та хоёр миний таньдаг хүн дээр очоод ажиллаж болно” гэсэн. *** эгч ***ийг хил гаргаад буцаж ирэхдээ их хэмжээний мөнгө барьсан ирсэн. Яг хэдэн төгрөг байсныг нь би тоолоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд боомтоор хил гарч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орж ирсэн талаарх лавлагаа /хх-ийн 38-р хуудас/

      Б.Нарангэрэлийн 5374302216 тоот данснаас ***ын 5009675990 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.020.000 /Нэг сая хорь/ төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,
       
       ***ын гэрч ***ийн биеийг үнэлэхэд зуучлах зорилгоор Замын-Үүд боомтоор хил гарахдаа ашигласан гэх Самсунг загварын гар утас болон түүний гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
       
       ***ийн  дугаартай гадаад паспортын хуулбар /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
        ***ын *** дугаарын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/

        ***ын *** дугаарын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургууд /паспортын 3, 4, 5, 8, 32 дугаар хуудсыг балаар сараачсан/ /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

        ***ын барьж явсан Самсунг ЖиТи-Эс5610 загварын хар саарал өнгийн, товчлуур бүхий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд ...”Миний хань гэж хадгалсан дугаараас -Ханиа мэдүүлгээ зөв өгөөрэй, хэргээ яасан ч битгий хүлээгээрэй за. Буцаагаад өөрсдийг нь бухаарай, намайг гаргаад өгөөч гэж гуйсан шүү дээ гэж хэлээрэй" гэсэн мессеж 2016.11.14 -ний өдрийн 16:13:47 цагт ирсэн байв. ...Миний хань гэж хадгалсан дугаар луу “яахын бэ миний хийсэн үйл лай юм чинь өөрөө даачихнаа. 2 хүүхдээ сайн харж байх ёстой шүү” гэсэн мессежийг бичсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

***, ***, Г.***, *** нарын сүүлийн 3 жил Монгол услын хилээр орсон, гарсан талаар лавлагаа /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

***ын гадаад паспорт, Самсунг маркийн товчлууртай гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, 

С.Хонгорзул, С.Тэлмүүн, С.Намуунзул нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 193 дугаар хуудас/,

***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь 21 настай ***ийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дагуулан явж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Замын-Үүд боомтоор хил давуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод очиж биеэ үнэлэхэд нь зуучлан 1,020,000 төгрөгийн шан харамж авсан болох нь гэрч ***, Г.***, Т.Солонго нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***ын мэдүүлэг, ***ийн Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа, шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч ***ыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *** нь “Би урагшаа Эрээн хот руу явсан болон ирж очсон унааны зардал, охиноо хайхад машин хөлсөлсөн унааны мөнгө, буудалд байрласан зардал зэрэг нийт 1,970,545 төгрөг нэхэмжилж байна” гэсэн тайлбар гаргасан ба *** нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, дээрхи хохирол нь ***ийг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргээс үүдэлтэй байх тул  шүүгдэгчээс 1,970,545 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***ад олгох нь зүйтэй байна. 

2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр төрсөн ***ын Хонгорзул, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төрсөн ***ын Намуунзул нарын 3 гурав хүртэлх насны 2 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож /хавтаст хэргийн 193 дугаар хуудас/ байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ***ын *** дугаартай паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Самсунг загварын гар утсыг шүүгдэгч ***д буцаан олгохоор шийдвэрлэсэн болон шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Б***ыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар Б*** 2 жил /хоёр жил/ 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 2 жил /хоёр/ 6 сарын /зургаа/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 1,970,545 /нэг сая есөн зуун далан мянга таван зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р х***д олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ***ын Е-серийн  дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Самсунг ЖиТи-Эс5610 загварын гар утсыг шүүгдэгч ***д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар шүүгдэгч ***д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг ***д сануулсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  

 


              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.ГЭРЭЛТ-ОД