Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0008

 

,

 

 

 

 

 

 

 

2019         02            25                                              08

 

 

ХАЗЗА-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч С.Өлзийням, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1714 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ХАЗЗАйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б, С.Өлзийням нарт холбогдох мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар төлүүлэхээр ногдуулсан 52,212,120 /тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ХАЗЗАшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 8-10 сард Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ХЗЗАтөрийн өмчит хувьцаат компанийн 2011-2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд тухайн шалгалтаар удирдах албан тушаалтан Н.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Ө, нярав Т.Чнар нь тухайн байгууллагыг удирдан ажиллаж байхдаа хууль, дүрэм, журамд заасан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас байгууллагад их хэмжээний дутагдал үүсгэж хохироосон болохыг тогтоож, буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар нийт 15 төрлийн актаар төлбөр ногдуулсан. Хариуцагч нарын эдгээр хууль бус үйлдлийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хариуцагч нар компанид учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч нар сайн дураар улсын байцаагчийн гаргасан актын төлбөрийг төлж барагдуулахгүй байна.

Иймд хариуцагч Н.Б, С.Ө нараас мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/429 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 5,000,000 төгрөг, 23-08-036/430 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 10,923,000 төгрөг, 23-08-036/431 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 6,391,000 төгрөг, 23-08-036/433 тоот актаар  төлүүлэхээр тогтоосон 6,000,000 төгрөг, нийт 33,695,000 /гучин гурван сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч Н.Бэс мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/435 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 7,043,000 төгрөг, хариуцагч С.Өаас 23-08-036/426  тоот актаар төлүүлэхээр тогтоосон 39,120 төгрөг, 23-08-036/428  тоот актаар төлүүлэхээр тогтоосон 594,000 төгрөг, 23-08-036/434 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 1,550,000 төгрөг, нийт 9,250,120 /есөн сая хоёр зуун тавин мянга нэг зуун хорь/ төгрөгийг, хариуцагч С.Ө, Т.Чнараас 23-08-036/427 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 2,224,000 /хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, дээрх 3 хариуцагчаас гаргуулбал зохих нийт төлбөр 52,212,120 /тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нийт 52,212,120 төгрөг нэхэмжилснээс 2 актын төлбөрийг хасаад 32,285,120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 420, 430, 431, 433, 435-р актаар тогтоосон гэх 35,357,000 төгрөгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна.

1.МХГ-ын 420-р актанд Гашууны гол компанитай холбоотой 5,0 сая төгрөгийг ашиглаагүй нь үнэн болох талаар 2015.6.29-нд Хөвсгөл аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтийн 10-рт “Энэ нь зардал хэтрүүлэхгүйн тулд дараа жилд шилжүүлсэн дансны бичилт байсан учир ашигласан үйлдэл харагдахгүй байна” гэсэн. Иймд дээрхи мөнгийг ашиглаагүй.

2.Акт 430-д Шинжээчийн дүгнэлтийн Хариулт №11-д “2012 оны эцэст 10,923,000 төгрөгийг авлага болгож тайланд тусгаад үүссэн авлагаа 2013 оны 1-р улиралд орлого авч дуусаагүй үйлдвэрлэл дансанд хааж бичсэн дансны бичилт байсан учир ашигласан үйлдэл гэж харагдахгүй байна” гэсэн дүгнэлт нь дээрх мөнгийг ашиглаагүй нь нотлогдож байна.

3.Актын 431-д “6,391,000 төгрөг ашигласан байж болох талтай” гэсэнд Алтандуулга ХХК-д 2011 онд 11,1 сая төгрөгийн техник түрээслэх гэрээ хийж 2011.05.23-нд гэрээ дүгнэсэн акт байх бөгөөд Алтандуулга ХХК нь 3,788,176 төгрөгийг шилжүүлж гэрээ дуусгавар болсон. Бид Алтандуулга ХХК-д 6,391,000 төгрөгийн ажил хийгээгүй учир санхүүжилт олгогдоогүй.

4.МХГ-ын 433-р Актын тайлбар: “Төрийн өмчийн хорооны 2011.11.24-ний өдрийн 531-р тогтоолоор Хөвсгөл-АЗЗАТӨХК-ний УБА98-78 форд экспедишн машиныг 6.0 сая төгрөгөөр зарах шийдвэр гарч иргэн Д.Бат-Аюуш 2012.05.15-н холбогдох дансанд 6.1 сая төгрөгийг шилжүүлсэн гэснийг мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлт №7-д хууль зөрчөөгүй” гэж тогтоосон.

5.МХГ-ын 435-р Актын тайлбар: “Б.Баттулгад бодогдсон цалинд 7,043,000 төгрөгийн акт тавигдсан боловч Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтээр Б.Баттулгад 2011-2013 онд Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан орон тоо гүйцэтгэх захирлын тушаалтайгаар цалингийн тооцооны хүснэгтээр бүгд 5,821,436 төгрөгийн цалин авсан байгаа нь хууль завшсан гэх үндэслэл алга” гэж дүгнэлтийн хариулт 16-д бичсэн.

Иймд аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Оюундаваагийн тавьсан Акт үндэслэл байхгүй, акт тавигдсан эзэд нь хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг шүүхэд шилжүүлсэн асуудалд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч С.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Уг 15 ширхэг актыг гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Чимэдцэрэн нь 2013 оны 12 сард аймгийн цагдаагийн байгууллагад 2 жилийн хугацаанд шалгуулж 2015 оны 11 сарын 25-ний өдөр тэдгээрт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан ба ингэхдээ Н.Б, С.Ө нарын хийсэн хэргээ хүлээж байна, хохирлыг барагдуулна гэсэн 2015 оны 11 сарын 24-ний өдрийн мэдүүлгээр нотлогдсон болгож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.

МХГ-аас акт тогтоосныг цагдаагийн байгууллага нь Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус комиссын шинжээчийн багаар дүгнүүлж, дүгнэлтээр дээрх төлбөр нь Н.Б, С.Ө нараар төлүүлэх төлбөр биш харин санхүүгийн зөрчил байна гэж үзэж, татварын өрийг Хөвсгөл АЗЗА ТӨХК төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм. ...Байгууллагын ажлын онцлогоос шалтгаалан тухай бүрийд нь санхүү, нягтлан бодох бүртгэлийг бүрдүүлэх боломжгүй байдаг ба учир нь уг байгууллага өнөөдөр зам засаад Хөвсгөлд, маргааш Монголын баруун, зүүн хязгаар, хот тосгон, суурин гээд аль хэрэгтэй газар, тендерийн үр дүнгээр болон төрөөс даалгасан ажлыг хийдэг бөгөөд энэ нь баримт дутуу бүрдэх, хугацаа хоцрох заримыг хөөцөлдөж байж бүрдүүлж авах зэрэг хүндрэл үүсгэдэг, үүнийг санхүүгийн, мэргэжлийн хяналтын байцаагч нар төдийлөн ойлгодоггүй, хүсдэггүй акт тавьдаг болно. Гэсэн хэдий ч дээрх акттай холбоотой ажил бүгд хийгдэж зохих байгууллага хийсэн ажлын үр дүнг хүлээн авч Улсын комисс хүлээн авсан акт гаргасан болно.

Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл-АЗЗА ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1714 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 10.961.500 /арван сая есөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хариуцагч С.Өаас 21.284.500 /хорин нэгэн сая хоёр зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.120 /гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 190.334 /нэг зуун ерэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч С.Өаас 264.372 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: ...Уг маргаантай хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаа гаргасан ба үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ХАЗЗА-нд тавьсан актын талаар өмнө буюу тус аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу аймгийн Цагдаагийн газар уг акттай холбоотой дүгнэлт нь санхүүгийн зөрчил гэж үзэж Эрүүгийн хэргийг /Н.Б, С.Ө нарт холбогдох/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тэдгээрийг уг актаар хариуцах төлбөр байхгүй, харин татварын өр төлбөр байгааг байгууллага төлөх ёстой гэсэн тогтоол гарсныг анхаарч үзээгүй, тэр байтугай уг шинжилгээний дүгнэлтийг  ямар ч тайлбар дүгнэлтгүйгээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгч байгууллага олон удаагийн шүүх хуралдаан, мэтгэлцээнээс хамаарч хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авсаар байтал, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө өөр шийдвэр гарган түүнийгээ зөвтгөөгүйгээс уг шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг ханаагүй тул гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь  “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компани” нь хариуцагч Н.Б, С.Ө, Т.Чнараас байгууллагад учруулсан хохирол 52,212,120 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32,285,120 төгрөг болгон багасгаж, Т.Чинболдыг хариуцагчаар татахаас татгалзсан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

ХЗЗАтөрийн өмчит хувьцаат компанийн 2011-2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар уг компанийн үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөнийг тогтоож, захирлаар ажиллаж байсан Н.Б, нягтлан бодогч  С.Ө нарт  “шатахууны үнэ төлүүлэх тухай”, “дутагдсан мөнгө төлүүлэх тухай”, “үндэслэлгүй хаасан авлага шалгуулах тухай”, “хөрөнгө төлүүлэх тухай” акт тавьжээ. Улсын байцаагчийн зарим актад төлбөрийг захирлаар ажиллаж байсан Н.Б, нягтлан бодогч С.Ө нараар төлүүлэхээр, зарим актад авлагын тооцоо, шатахууны тооцоог шалгуулах, ажлын гүйцэтгэл тооцооны баримт байвал дахин шалгуулж эс биелвэл хариуцагч нараар төлүүлэхээр заажээ.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй.

Хариуцагч нар нь улсын байцаагчийн актад дурдсан авлагын, шатахууны, ажлын гүйцэтгэлийн тооцоог дахин шалгуулсан баримтыг шүүхэд гаргаагүй, санхүүгийн зөрчил, дутагдал  өөрсдийн нь буруугаас болоогүйг нотлоогүй, актын талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй  байна.

Хариуцагч нар байгууллагад учруулсан хохирол өөрсдийн нь буруугаас болгоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд татгалзлаа баримтаар нотолж чадаагүй  тул  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь ХЗЗАтөрийн өмчит хувьцаат компанийн 2011-2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын явцад тус компанийн захирлаар ажиллаж байсан Н.Б, нягтлан бодогч С.Ө нарын татвараас зайлсхийсэн, санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэн явуулаагүй үйлдэлд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Уг тогтоолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолдоо дурдсан “...уг актаар хариуцах төлбөр байхгүй, харин татварын өр төлбөр байгааг байгууллага төлөх ёстой гэсэн тогтоол гарсан” гэх байдал тусгагдаагүй байна. Түүнчлэн ...яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог бөгөөд яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагч нарыг учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс  чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч С.Өын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,372 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Т.ГАНБАТ

                   ШҮҮГЧИД                               Н.БАЯРХҮҮ

                                                                   Б.СОСОРБАРАМ