Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/62

 

 

 

 

 

 

   2021            01            12                                       2020/ДШМ/62                              

 

 

Л.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, 

шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал, Б.Батцэнгэл, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.От холбогдох эрүүгийн 2002 00167 1173 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Л-ийн О, 1967 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гутлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр, 1-0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Б.Бгийн хүү Б.Амартүвшинг “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж биет 2.500.000 төгрөг, өөрийн 5014314620 дугаарын данс болон иргэн Б.Янжиндуламын 5006145218, О.Баттөгсийн 5006479874, Ө.Ягааны 5720190777, А.Халиуны 5031693967, М.Тамирын 5030416315, Б.Аптанцэцэгийн 5076383147, С.Энхболорын 5024217910 дугаарын дансаар 39.671.300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42.171.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буянт овогт Лхаахүүгийн Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Оээс 31.221.300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.О миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 925 дугаар тоот шийтгэх тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 жил хорих ялаар шийтгүүлсэн. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар тогтвортой мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээж, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн.

Гэвч төлбөл зохих хохирол төлбөр болон миний аваагүй мөнгөн дүн нэмэгдэж, шүүх түүнийг бүхэлд нь шийдсэн байдалд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээр бодит хохирлыг тогтоолгох, зөрүүтэй мөнгөн дүнг залруулах тал дээр хүсэлт гаргаж байгаа минь хүлээж авна уу. Миний биеийн байдал маш муу байна. Бамбай булчирхайн өвчин, зүрх судасны өвчин, нойр булчирхайн өвчин гэх зэрэг хавсарсан олон өвчин зовиураас болоод биеийн байдал доройтож байна. Шүүгч, прокурор та бүхэн хэргийг үнэн зөв шийдвэрлэж, надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч Ж.Тэгшмандал би Л.Отэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон доорх гомдлыг гаргаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол

зохих байдал бүрэн тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан, прокурорын хяналт, анхан шатны шүүхээс гэм бурууг тогтоохдоо энэхүү нөхцөл байдлыг засаж залруулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

  1. Хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй Ганболд, Алтанцэцэг, Оюунчимэг гэх

нэр бүхий хүмүүсийн оролцоо, үйлдлийн талаар нарийвчлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зөрчигдсөн хууль ёсны шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.

  1. Шүүхээс хохирлын хэмжээг 42.171.300 төгрөг гэж яллах дүгнэлтэд дурдсанаар

шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Л.От холбогдох 3 хавтаст хэргийн 2-т хавсаргасан банкны хуулга болгоныг гүйлгээ тус бүрээр ялган уншихад зарим нэгийг нь ойлгох боломжгүй “тусгай мэдлэг” шаардагдахаар байна.

Зөвхөн хохирогч Б.Бгийн олон янзаар өөр өөрөөр нэхэмжилсэн үнийн дүнгээс багцаалсан хэлбэрээр бэлэн ба бэлэн бус, данс хооронд болон гүйлгээний утга агуулга бүрийг ялгаж дүгнэн санхүүгийн дүгнэлт гаргалгүй хэргийг шийдвэрлэх боломжгүй гэдэг нь гэрч Ягааны мэдүүлгийг үнэлэлгүй түүнд хохирол гаргаж байгаа үндэслэлгүй, хууль бусаар гарсан шийтгэх тогтоолоос харагдана.

            Иймд дээр дурдсан гурван үндэслэлийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүгдэгчийн төрсөн охин Баярцэцэгийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, Л.Оийн зээ хүү Итгэлтийн төрсний гэрчилгээний хуулбарыг давж заалдах шатны шүүхэд өгсөн. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргахгүй байх тул боломжтой бол зорчих эрхийг хязгаарлах ялаар хорих ялыг сольж өгнө үү гэснийг дамжуулж хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буцааж, цаашаа прокурорт буцааж хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн шүүгдэгч Л.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдолдоо: “...Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа би өөрийн үйлчлүүлэгч Л.Оийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаар “Шийтгэх тогтоол”-ыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Л.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ “Яллагдагч Л.О нь ...биет 2.500.000 төгрөг, Б.Янжиндулам, О.Баттөгс, Ө.Ягаан, А.Халиун, М.Тамир, Б.Алтанцэцэг, С.Энхболор нарын дансаар 39.671.300 төгрөг шилжүүлэн авч нийт 42.171.300 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэж тусгаж, шүүх яллах дүгнэлтийн энэ хэсгийг шийтгэх тогтоолдоо хуулбар бичиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 42.171.300 төгрөг гэж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэсэн заалтад нийцээгүй.

Хохирогч Б.Б нь 16.612.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж худал мэдүүлэг өгч нэхэмжилсэн ба хохирлын талаарх хүснэгтийг давж заалдах гомдолд дэлгэрэнгүй дурдсан. Эрхэм шүүгч нар сайн нягталж үзнэ үү.

Мөн хохирогч Б.Б нь “...2073 оны 06 дугаар сард хүнээр дамжуулан Л.От 2.500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Л.О нь би хохирогчоос бэлнээр мөнгө авч байгаагүй гэдэг. Бэлнээр мөнгө өгсөн гэх асуудал нь ганц хохирогчийн мэдүүлгээр бус мөнгийг дамжуулсан гэх хүнээр нотлогдох ёстой, гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн гэдэг хүнээр дамжуулсныг тогтоогоогүй, 2.500.000 төгрөгийг дамжуулан өгсөн гэх хүнийг гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй байгаа учир 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул хохирлоос хасаж тооцох ёстой.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тогтоосон 42.171.300 төгрөгөөс дансаар шилжүүлсэн гэх баримт байхгүй 16.612.000 төгрөг, бэлнээр хүнээр дамжуулан өгсөн гэх 2.500.000 төгрөгийг хасаж Л.Оийн гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол 23.059.300 төгрөг болно. /42.171.300-16.612.000-2.500.000 = 23.059.300/

Шийтгэх тогтоол хуульд нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” гэж заасан боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаар шийтгэх тогтоол хуулийн уг заалтад нийцээгүй байна.

Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь зэрэгцээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт уг хэрэгт огт хамааралгүй Д.Батчимэг, С.Гансүх гэх хүмүүсийн дансны хуулга болон гүйлгээний талаар бичиж дүгнэж шүүгдэгч Л.Оийн гэм буруу уг баримтаар нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсэн байна. Хохирогч Б.Б нь Ө.Ягаан гэдэг хүний дансаар мөнгө шилжүүлээгүй гэж мэдүүлсэн байхад шүүгдэгч Л.О нь хохирогчоос Ө.Ягааны дансаар дамжуулан мөнгө авсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шүүх яагаад үнэлээгүй талаар, няцаасан үгүйсгэл дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, 3.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл” зэргийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь шийтгэх тогтоол хуульд заасан агуулгын болон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар:

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч би хохирогчоос асуулт асуух үед шүүгч “ та нар асуултаа асууж бай ” гэж хэлээд танхимаас гараад явсан, үүний дараа улсын яллагч “талууд тооцоогоо нийлж” бай гэж хэлээд танхимаас мөн адил гарч яваад тус бүр 10 минут орчмын дараа шүүх хуралдааны танхимд орж ирсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүгч, улсын яллагч нар шүүх хуралдааны дундаас танхимыг орхин гарч байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, яллах чиг үүргийг хэрэгжүүлж буй улсын яллагч нар шүүх хуралдааны танхимд байхгүй байхад шүүгдэгч болон хохирогч талууд мэтгэлцэх нь ямар ч ач холбогдолгүй тул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг зогсоосон.

Шүүгдэгч Л.О нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно” гэж заасныг зөрчсөн байна.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуралдаанаар хохирлын хэр хэмжээг бүрэн бодитой тогтоож чадаагүй, шүүгдэгчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Л.Оийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдолд 8 удаагийн мөнгөн гүйлгээ нь нотлогдохгүй байна гэж үзсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хохирлын хэр хэмжээ бодитой тогтоогдоогүй гэж үзэж байна. Учруулсан гэх хохирлоос бараг 50 хувь нь хасагдахаар тооцоо гарсан байна. 8 удаагийн үйлдлийн хохирол хасагдахаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх он, сар, өдөрт өөрчлөлт орж байгаа.

Тухайлбал, 2017 онд 2 удаагийн үйлдэл байсан. Энэ нь байхгүй болж хасагдаж байна. Шийтгэх тогтоод 2013 оны 6 дугаар сараас эхлээд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэж байсан бол 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх үйлдэл, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх үйлдэл гээд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд өөрчлөлт орж байна. Тэгэхээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байдал харагдаж байдаг.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх үйлдлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2020 оны 189.800 төгрөгийн хохиролтой 3 удаагийн үйлдэл байдаг. Уг үйлдлүүд дээр эрүүгийн хариуцлагын асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Мөн шүүгдэгч Л.Оийн өөрийнх нь гаргасан давж заалдах гомдолд “гэм буруу дээрээ маргахгүй, өмгөөлөгчийнхөө хохирлын тооцоотой санал нэг байна” гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны өмнө 10.950.000 төгрөгийг хохирогчид төлсөн байдаг. Энэ нь нийт учруулсан хохирлынхоо 50 хувийг төлсөн харагдаж байдаг. Үүнийг харгалзаж үзэлгүй гэм буруугийн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байдаг. Шүүгдэгч Л.От хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийгээ яагаад, ямар учраас өмгөөлөөд байгааг нь ойлгохгүй байна. 2001 онд шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Мөн 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Удаа дараа залилангийн хэргээр ял шийтгүүлж байсан. Л.От миний хохирлыг төлөх сэтгэл байхгүй байна. Хэрэв төлөх сэтгэл байсан бол өнөөдөр 3 өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. 3 өмгөөлөгчийн хөлсийг өгөх чадалтай хүн яагаад миний хохирлыг төлж чадахгүй байна вэ. Би бүх хохирлоо төлүүлмээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын хэмжээг бодитойгоор тогтоогоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анх хохирогч Б.Бгийн мэдүүлгээр 53 сая төгрөгийн асуудал яригдсан байдаг. Хохирогчийн анх өгсөн мэдүүлэг дээр тоглолт хийж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн “та нар хоорондоо тохиролц” гээд шүүх хуралдаанаас шүүгч, прокурор гаргаад явсан гэдэг дээр тайлбар хэлье. Шүүгдэгч Л.О гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө эвлэрлийн гэрээ байгуулах талаар санал хэлсэн. Өөрөө эвлэрлийн гэрээг бичээд аваад ирсэн байсан. Өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа үүнийг сайн мэдэж байгаа. Энэ асуудлыг ярилцах гээд түр завсарлага авсан. Үлдэгдэл 31 сая төгрөгөө энэ хугацаанд төлнө гээд хугацаа зааж хэлсэн. Бидний зүгээс “үгүй, бид хохирол төлөхийг удаан хүлээсэн. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ” гэсэн. Гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө бид энэ асуудлаа ярилцсан байсан. Шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байсан бол анхан шатны шүүхэд урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж болох байсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирлоо төлнө гэдгээ илэрхийлж байсан. Гэм буруугийн хурал хийгээд хохирол төлбөрийг төлнө гээд 5 өдрийн завсарлага авсан атлаа хохирол төлбөрийг төлөлгүй орж ирсэн. Завсарлаад хурал үргэлжлэхэд шүүгдэгч Л.О өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас татгалзаж байна гэсэн. Уг хүсэлтийг нь анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Миний хувьд шүүн таслах ажиллагаанд саад учруулж буй үйлдэл мэт харагдсан. Шүүгдэгч Л.О өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас татгалзсан байхад өнөөдөр шүүх хуралдаанд орж байна. Шүүгдэгч Л.Оийн буцаагаад өөрийнхөө өмгөөлөгч О.Бэлгүүнзаяаг авч байна гэсэн бичиг нь байгаа юм уу. Өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол гаргах эрхтэй юу, үгүй юу гэдгийг ярих ёстой. Сая өөрөө хэлэхдээ “Л.Оийн зөвшөөрснөөр хуралд оролцож байна” гэж байна. Шүүгдэгч Л.О өмгөөлөгчөөрөө О.Бэлгүүнзаяаг авч байгаа бол энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх ёстой. Бичгээр илэрхийлсэн баримт нь байна уу. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Ганболд, Алтанцэцэг, Оюунчимэг гэх нэр бүхий хүмүүсийн оролцсон үйлдлийн талаар нарийвчлан шалгаагүй гэж байна. Эдгээр хүмүүсийн нэрийг ашиглаад, дансыг ашиглаад зохиомол байдлыг зориудаар бий болгоод хуурч мэхлээд мөнгийг авсан болохоо шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн арга нь байсан. Энэ байдал нь нотлогдсон. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг хөндөж тавьж байгааг ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Энэ үйлдэл үргэлжилсэн үйлдэл. Хамгийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн бодит үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас гаргасан давж заалдах гомдолд тайлбараа хэлье. Шүүгдэгч Л.О 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Амартүвшинг ОХУ-н Хууль сахиулах Их сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Бг төөрөгдөлд оруулж нийт 42.171.300 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэгдэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх Ц.Ганболдоос гэрчийн мэдүүлэг авсан. Ц.Ганболд мэдүүлэгтээ “..би Лхаахүүгийн О гэх хүнийг танихгүй, манай сургуульд тогоочоор ажиллаж байсан хүнээр дамжуулж Л.Оийг таньдаг болсон гэх зүйл байхгүй. Хууль сахиулах Их сургуульд ямар нэг шалгалтгүйгээр оруулж өгнө гэж Л.Оээс 5.500.000 төгрөгийг бэлнээр авсан тохиолдол байхгүй. Ямар нэгэн хүнээс мөнгө авч хүүхэд сургуульд оруулсан, оруулах гэж байсан тохиолдол байхгүй. Хууль сахиулахын Их сургуульд ажиллаж байхад захирал Чингисийн туслахаар ахлах ахлагч Хулан болон Ганхөлөг гэх хүмүүс ажиллаж байсан” гэсэн байдаг. Мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18/1205 дугаартай Мобиком компаниас ирүүлсэн албан тоотод 94120509, 95106208 дугаарын эзэмшигч Лхаахүүгийн О гэсэн байдаг. Уг албан тоот 1 дүгээр хавтас хэргийн 45 дугаар талд авагдсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ “дээрх дугаарууд миний дугаарууд юм, энэ дугааруудаас хохирогч Б.Бтай өөрийн дуу хоолойг өөрчилж Алтанцэцэг байна, О байна гэж ярьдаг байсан” гэсэн байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлыг нотолно гээд заасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон. 2013 оны 6 дугаар сараас, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Янжиндуламын, Баттөгсийн, Ягааны, Халиуны, Тамирын, Алтанцэцэгийн, Энхболорын дансаар нийт 39.671,300 төгрөгийг, 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар авч, нийт 42.171.300 төгрөгийг хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.От холбогдох хэргийг шүүхэд буцаан дараах үндэслэлүүдийг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.” гэж дүгнэжээ.

Гэвч Баянгол дүүргийн Прокурорын газраас Л.От холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хохирлын хэмжээ тодорхойгүй, хохирлыг тооцсон үндэслэлээ бичээгүй, ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгаа нь тодорхой бус байх бөгөөд яллагдагчаар татах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хөдөлбөргүй тогтоогоогүй, гэм буруугийн талаарх үндэслэлээ бичээгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалт, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдах шаардлага хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.О нь хохирогч Б.Бгаас нийт 42.171.300 төгрөгийг авсан ба үүнээс 2.500.000 төгрөгийг бэлнээр, 39.671.300 төгрөгийг Л.Оийн данс руу болон нэр бүхий 5 хүний дансаар дамжуулан залилж авсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн байх боловч хохирлын тооцоонд оруулан тооцсон гэх зарим мөнгөн дүн баримтаар тогтоогдохгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хохирогч Б.Б нь өөрийн данснаас мөнгө авсан байх боловч Л.Оийн дансанд орсон талаарх баримт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох бөгөөд дээр дурдсан зөрчилтэй холбогдуулан хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөргүй, шүүхийн шатанд уг зөрчлийг арилгах боломжтой байх тул шүүгдэгч Л.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нь “...Шүүх хуралдааны явцад шүүгч “та нар асуултаа асууж бай” гэж хэлээд танхимаас гараад явсан, үүний дараа улсын яллагч “талууд тооцоогоо нийлж” бай гэж хэлээд танхимаас мөн адил гарч, ...орж ирсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно” гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Л.Оийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан байх бөгөөд эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны үе шатанд шүүгдэгч Л.О нь өөрийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас татгалзан улмаар шинээр өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг анхан шатны шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын “өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт;”-ийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан байх боловч шүүгдэгч Л.От холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг талууд гаргаагүй, 

мөн хуулийн 35.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргавал түүнийг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, оролцогч нарт татгалзан гаргах эрхтэй болохыг анхан шатны шүүхээс тайлбарласан,

мөн хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан зэргийг үндэслэн дээр дурдсан хүсэлтийг анхан шатны шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Л.О нь өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас татгалзсан гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөө өөрөө сонгон авсан, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно” гэж заасны дагуу хэрэг Давж заалдах шатны шүүхэд хянагдах хүртэлх хугацаанд өөр өмгөөлөгч сонгох боломжтой байсан боловч өөр өмгөөлөгч сонгоогүй, татгалзсан гэх өмгөөлөгч шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууриас давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх хуралдааны явцад шүүгч болон прокурор нар нь шүүх хуралдааныг орхин гарсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт авагдсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэж заасныг зөрчсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн давж заалдах гомдлын энэ хэсгийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарын гаргасан “бодит хохирлыг тогтоолгох”, өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн “шүүх хуралдааны явцад шүүгч болон прокурор нар нь шүүх хуралдааныг орхин гарч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн “шүүгдэгчийн өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, хууль зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Тэгшмандал нарын бусад давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ