Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0370

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0370

Улаанбаатар хот

 

“Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн захирал Б.Базарсад, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганбат нарын оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4-д заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа талаар дахин шинэ акт гаргах хүртэл мөн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газруудаа сайтар судлан үзэж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 08/01 дүгээр “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг дурджээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тоот шийдвэрийг илт үндэслэлгүй шийдвэр гэж үзэн, Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар баталсан 08/01, 8/02, 8/08 тогтоолууд бүгд бүхэлдээ холбоотой ба хүчин төгөлдөр тогтоол болохыг дараах баримтуудаар нотолж, шүүхээс зөвхөн 08/01 тогтоолыг түдгэлзүүлснийг үндэслэлгүй болохыг нотолж байна. Тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах, хамгаалалтын бүсүүдийг тогтоох нь тус тусын хуулиудаар тодорхойлогдсон байдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааныг хууль ёсны дагуу хийж дараах тогтоолуудыг баталсан ба одоо бүгд хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Үүнд : 1. 08/01 тогтоолоор тусгай хэрэгцээнд,

2. 8/02 тогтоолоор тусгай хамгаалалтад,

3. 8/08 тогтоолоор Байгаль түүх соёлын дурсгалт газруудыг гэх мэтээр тусгай хэрэгцээ, хамгаалалтад тус тус авсан.

Гэтэл шүүх зөвхөн 08/01 тусгай хэрэгцээнд авах тогтоолыг түдгэлзүүлсэн нь илт өрөөсгөл, асуудлыг нэг талаас өнгөц дүгнэж бусад бүх шийдвэр баримт нотолгоо тухайлбал 8/02 тогтоол зэргийг /хэрэгт авагдсан/ ул суурьтай нягтлан үзэж зохих ёсоор үнэлээгүй нь илт үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөл болсон гэж үзэж байна.

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны тусгай хэрэгцээнд авсан 08/01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын солбицол алдаатай, тохирохгүй байна гэжээ. Кадастрын хэлтсээс тогтоолын хавсралтаар батлагдсан булангийн цэгүүд нь зөрүүтэй байгааг залруулах тухай албан бичиг ирсэн эрх зүйн акт одоогоор алга байна. Иймээс 08/01 тоот тогтоолыг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Дээрх тогтоолууд хүчин төгөлдөр байгаа тул солбицлуудыг дахин аваад байх шаардлага байхгүй юм.

08/01 тогтоолын хоёрдугаар хавсралтын тухайд: Тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан үндэслэл зорилгыг тоо баримт, тодорхой бодит шалтгааныг заасан.

Тухайлбал. Хүний /түүний дотор уул уурхайн/ буруутай үйл ажиллагаанаас тухайн үед /2007/ бэлчээрийн 29 хувь нь цөлжилтөд өртсөн, мөн Төв азийн усны хагалбар шугам дээр оршдог Орхон,Онги, Таац зэрэг голуудын усны урсац, түвшин 30 хувиар багасч, 3 аймгийн 9 сумдаар дамжин урсаж очдог Улаан нуур бас Таацын цагаан нуур болон 160 гаруй нуур ширгэсэн байсан. Уянга суманд оршдог Өлт, Буянт гол, Цагаан гол, Нарийны гол, Ap өлтийн гол бүрэн мөсөн ширгэсэн байсан.

Энэ хавсралтад заасан бүх үндэслэл газар дээрээ бодит баримтаар нотлогдсон бөгөөд хууль ёсны тул түдгэлзүүлэх ямар ч үндэслэл байхгүй,

08/01 тогтоолын гуравдугаар хавсралтад: Тусгай хэрэгцээнд авсан газрын нэрийн жагсаалтад: Аймаг дундын отрын бэлчээр, хужир мараа бүхий газрууд, мал тууврын зам, Хадлангийн талбай, тариалангийн талбай, Түүхийн дурсгалт газрууд хөшөө дурсгалууд, байгалын дурсгалт газрууд, гол, булаг шанд рашаан ус, оршуулгын газрууд зам болон шугам сүлжээний газрууд, өвөлжөө хаваржаа, Сумын төвийн байршлын газар гэх мэт газрууд ерөнхий нэршлээрээ орсон байгаа. Газар зүйн хууль ёсны нэршлийн дагуу хийгдсэн.

Сум 3000- аад /гурван мянга/ өрхтэй, 10 000 /арван мянга/ хүнтэй, сумын төвтэй, бас оршуулгын газартай, 338 000 /гурван зуун гучин найман мянга/ гаруй малтай тул бэлчээр ус гол хэрэгцээтэй тул тусгай хэрэгцээнд авсан. Арвайхээр сум нь ундны усаа Онги голын ай сав гольдирлоос татаж авдаг. Энэ усны нөөц нь олон мянган жилд Онги голын усаар газрын судлуудаар тэжээгдэн бий болж, нөхөн сэргээгдэж ирсэн гүний усны эх үүсвэрээс хангагддагийг мэргэжлийн байгууллага судлан тогтоосон томоохон судалгаа байдаг.

2. Эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн тухайд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 08/01, 8/02, 8/08 тогтоолууд нь бүхэлдээ эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тухай 2008 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус суманд ирж бүх бичиг баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягталж нотлох баримтыг бүрдүүлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 350 дугаар шийдвэрийн 9 дүгээр хуудасны 13-31 дүгээр мөрт болон 10 дугаар хуудасны 1-14 мөрт “заасан хугацаанд шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн нь хөтөлбөргүй нотлогдож байна” гэж шүүх тогтоосон нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байна.

 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар тогтоолд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 109 дүгээр захирамжийг тус тус хүчин төгөлдөр үйлчилж байгааг нотолсон байгаа. Дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 08/01, 8/02, 8/08 зэрэг бүх тогтоолуудыг хуулийн хугацаанд нь:

  1. факсаар явуулсан   /Харилцаа Холбооны газрын комьютерийн төв сервис/,

2. Шуудангаар илгээсэн Засаг даргын Тамгын газрын 04/16 тоот албан бичиг,

 Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн биеэр очиж лавласан баримт. /2007 оны томилолтын хуудас/ Дээрх нотлох баримтуудыг   Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн болно. 

Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авч бүртгэгдсэн болох нь нотлогдсон байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан баримтаа хүргүүлэх, харин Ашигт малтмал, газрын тосны газар бүртгэх үүргийг хуулиар хүлээсэн.

Сумын Хурлын хувьд хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж хугацаанд нь шаардлага хангасан байдлаар хүргүүлснийг дээрх болон энэ хэрэгт авагдсан баримтууд бүрэн нотолж байгаа .

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 08/01, 8/02, 8/08 тогтоолуудыг албан ёсоор хүлээн авсан, мэдэж байснаа нотолж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны дугаар 07 дугаар шийдвэрийн 9 дүгээр хуудасны 10-14 дүгээр мөрт “Кадастрын алба 08/01 тогтоолын талаар “Чинтөгс” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 тоот бичгээр мэдэгсэн” гэжээ, Гэтэл 2007 оноос хойш манай Сумын Хурал, Засаг даргад албан ёсоор ийм утгатай албан бичиг нэг ч удаа ирж байсан нь одоогоор архивт алга.

Ашигт малтмалын газрын Кадастрын алба нь: Бүх албан тогтоолуудыг зохих журмыг дагуу бүртгэх нь хуулиар хүлээсэн үүрэг нь төдийгүй энэ бүртгэлийг хийхдээ хууль ёсны дагуу олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь тус сумын тусгай хэрэгцээ болон хамгаалалтад авсан газартай давхцаж байвал манай суманд албан ёсоор мэдэгдэх ёстой.

3. “Чинтөгс” ХХК нь 2011 оныг хүртэл суманд тусгай зөвшөөрлөө бүртгүүлээгүй явж ирсэн. Хайгуулын лиценз авахдаа ямар ч иргэн, аж ахуйн нэгж сумын Засаг даргын /Газрын тухай хуульд заасны дагуу/ өргөн мэдүүлсэн албан ёсны саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж тогтоол гаргах ёстой. Энэ тогтоолд солбицлыг заадаг, Гэтэл дээрх тогтоол гарсан баримт архивт огт байхгүй байна.

4. “Чинтөгс” XXK нь 2007 оноос хойш сумын иргэд, төрийн албан хаагчид хайгууль хийлгээгүй гэх агуулгатай тайлбар хийсэн огт үндэслэлгүй,

“Чинтөгс” ХХК-ын хайгуул хийх үйл ажиллагааг /ялангуяа 2012 оноос хойш/ хурлын болон бусад субьектээс 08/01 тогтоолоор зогсоож байсан эрх зүйн акт одоогоор байхгүй байна.

Асгат, Дархат, Бага өлт, Цэцэн, Даянгийн гол, горхи, булаг шандууд бүгд 300 болон 1000 метрээр хамгаалалтын бүс тогтоогдсон ба сумын Засаг даргын 2010 оны 109 дүгээр захирамжаар хамрагдсан.

5. Дээрх тогтоолуудын гаргах үндэслэлүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын хамгаалалтын бүсийг тогтоох...”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүд болно.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл Сумын Хурлын бүрэн эрхийн 18.1-д “...тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямарч асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гээд 18.1.2-ийн “к”-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрх олгосон зэрэг хууль эрхийн хүрээнд гаргасан шийдвэрүүд юм.

6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 370, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А-52 тоот тушаалаар батлагдсан удирдамжаар мэргэжлийн ажлын хэсгийн Уянга сумын нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс тогтоох тухай дүгнэлтээр Сумын Засаг даргын 2010 оны 109 дүгээр захирамжаар “Чинтөгс” ХХК-ийн  10335Х дугаар бүхий ашигт малтмалын талбай гэгч нь: тухайлбал энэ талбайн Онги, Баарайн гол болон Асгат, Дархат, Бага Өлт, Цэцэн .Даянгийн бүх горхи, булаг шанд нь хамгаалалтын бүсэд 300 болон 1000 метрээр хамрагдсан ба энэ бүх шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байна гэжээ.

Дээрх бүх баримт, нотолгоо үндэслэлүүдээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 08/01 болон 8/02, 8/08 тогтоолууд нь цогцоороо хууль ёсны тул, 08/01 тогтоолын үйлчилэлийг зогсоож, хүчингүй болгохоор дурдсан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд анх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”, 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, түүнчлэн дээд шатны албан тушаалтан хуульд заасан хугацаанд тухайн гомдлыг шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэсэн боловч тус шийдвэрийг нь зөвшөөрөхгүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй захиргааны актыг “хүчингүй болгуулах”, “хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг “хүчингүй болгуулах”, “хууль бус болохыг тогтоолгох”-ын алинаар нь тодорхойлсноос үл хамааран нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор, хэрэв нэхэмжлэл гаргагч хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчлагдсан байна.

Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэх зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2007 оны 01  дүгээр сарын 09-ний өдөр гарсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн боломжгүй гэж үзэв.

“Чинтөгс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 дугаар албан бичиг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2015 онд мэдсэн байна.

Гэтэл маргаан бүхий тогтоолыг “захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах”-аар хуульчилсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2016/ хуульд нийцээгүй, илт хууль бус гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцолгүй хүлээн авч, хэрэг үүсгэн маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж захиргааны актыг илт хууль бус эсхүл хүчингүй болгуулахаар шаардсанаас үл хамааран нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцож шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан, заавал биелүүлэх хуулиар тогтоосон шаардлагыг шүүх үзэмжээр хэрэглэж хэн нэгэн нэхэмжлэл гаргагчид давуу байдлыг бий болгох, эсхүл нэхэмжлэгчийн сонголтоор хэрэглэх боломжгүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсны дараа юуны түрүүнд маргаан бүхий захиргааны актууд гарсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох эсэхийг анхаарч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байхад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй” гэж үзэж захиргааны хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...  захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”, 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасантай тус тус нийцээгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар ... тодорхойлно” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох, захиргааны байгууллагаас тус хугацааг сэргээх журмыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд ...хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж шүүх хөөн хэлэлцэх хугацаа сэргээх журмыг тус тус заажээ.

Нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй захиргааны акт болон хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх талаар эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дугаартай “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР